Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/01461

 

2019 оны 06 сарын 24 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01461

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, ... тоотод оршин суух Ү.Н-ийн  нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот хаягт байрлах “К” ХХК -д холбогдох,

 

 

 

Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 12 689 388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ү.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.17-ны өдрийн 1708 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.9.19-ний өдрийн 2030 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2019.02.14 өдрийн 202 дугаар тогтоолоор Ү.Н г “К” ХХК-ийн зөөлөн оёдлын үйлдвэр хариуцсан тооцоологч инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 625 542 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн билээ. Дээрх шүүхийн шийдвэрээр ажлаас халсан өдөр буюу 2018.4.12-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртлэх 3 сар 2 хоногийн цалин хөлс болох 3 625 542 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 сар 18 хоногийн цалин болох 10 556 730 төгрөг, 18 хоногийн цалин 959 688 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын олговор 1 172 970 төгрөг, нийт 12 689 388 төгрөгийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.7.17-ны өдрийн 1708 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ү.Нг 1 сарын 1 172 970 төгрөгийн цалинтай, өдрийн 53 316 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг тогтоосон болно. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 12 689 388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 437 086 төгрөг болон мөн хугацаан дахь ээлжийн амралтын олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгах гэх мэтээр тодорхойлжээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь үндсэндээ урьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүх шатны шүүхээс хянан шийдвэрлэж байх хугацааны цалин хөлс, олговроор тодорхойлогдсон байх ба өөрөөр хэлбэл хариуцагчаас эцсийн шатны шүүхийн шийдвэрийг гардан авч биелүүлэх боломжгүйгээр нэхэмжлэгч тал урьд шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэрийг гардаж авангуутаа дахин шинээр шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болох хүртлэх хугацааны нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хэзээ ч дуусашгүй, биелүүлэх боломжгүй шинжийг агуулж байгаа бөгөөд хэрэг маргааныг бүх шатны шүүхээс хянан шийдвэрлэгдмэгц дахин мөн хугацааны цалин хөлс, олговрыг нэхэмжлэх гэх мэтээр үргэлжилж болох юм.

 

Хууль зүйн агуулгаар нь авч үзвэл ИХШХШТХуулийн 65.1.6 дугаар зүйлд заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулжээ. Энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гагцхүү ажлаас халсан, түүнийг нь хариуцагч зөвшөөрөлгүй шүүхэд хандсан, бүх шатны шүүхээс энэхүү үйл баримтыг хянан шийдвэрлэсэн гэсэн гагцхүү ганц баримт  тогтоогдсон байх ба талуудын хооронд дахин ажилд эгүүлэн авах, цалин хөлс, олговор тооцох гэх мэт дахин харилцаа шийдвэрийг гардан авмагц, дахин нэхэмжлэл гаргасан/ нэхэмжлэгчээс нэг зүйл үйл баримтыг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Угтаа нэг үйл баримтын талаар бүх шатны шүүхээс хянан шийдвэрлэснийг дахин хэлэлцүүлэхээр нэхэмжлэл гаргажээ гэж ойлгогдож байна.

 

Цаг хугацааны хувьд авч үзвэл урьд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс 2018.7.17-ны өдөр 1708 тоот шийдвэрээр шийдвэрлэснийг 2018.9.19-ний өдөр давж заалдах шатны шүүхээс 430 тоот магадлалаар, 2019.02.14-ний өдөр хяналтын шатны шүүхээс 202 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэснийг талууд 2019 оны 3 сард гардан авсан байна. Энэ хугацаанаас хойш даруй хэд хоногийн дараа нэхэмжлэгч дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжийг хариуцагч талд олгоогүйгээс гадна мөн нэхэмжлэгчийн зүгээс урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох талаар ямар ч алхам хийгээгүй болно. Гагцхүү тодорхой мөнгөн дүнг үл тасрах, үргэлжилсэн хэлбэрээр хариуцагчаас гаргуулж байх санааг агуулсан гэж үзэхэд хүргэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

          

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ү.Н нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор нийт 12 689 388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

 

            Нэхэмжлэгч нь “...анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 9 сар 18 хоногийн цалин болох 10 556 730 төгрөг, 18 хоногийн цалин 959 688 төгрөг, 2018 оны ээлжийн амралтын олговор 1 172 970 төгрөг, нийт 12 689 388 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэж тайлбарладаг.

 

 

 

Хариуцагч нь “...нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч дээр ирж ажилдаа орох талаар ямар ч  хүсэлт гаргаагүй, шууд гүйцэтгэх хуудас бичүүлж авсан, ажилдаа тодорхой шалтгааны улмаас эргэн орж ажиллахгүй хүсэлтээ байгууллагад өгсөн манай байгууллагад орж ажиллах хүсэл зорилгогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргадаг.

 

 

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн  36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай жил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

 

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2030 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ү.Нг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллага нь Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн  Ү.Нг ажлын байраар хангаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй буруутай байх тул түүний ажилгүй байсан дээрх хугацааны цалинг төлөх үндэслэлтэй байна.

 

 

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ү.Н шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажилдаа орохоор ажлын байрандаа очоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас шууд бичүүлж авч байгаа үйлдэл, ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд  ажилдаа орох боломжгүй хүсэлтийг ажил олгогчид  өгч байгаа үйлдлийг шүүх зөвтгөх үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг 2018.07.17-2019.02.17-ны өдрөөр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ./х.х 14 тал/

 

 

 

Ажлаас чөлөөлөгдсөн бол ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэй бөгөөд олговороос олговор тооцох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ү.Н ажилгүй байсан хугацааны олговор шаардаж байгаа тул ээлжийн амралтын олговрыг давхардуулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул ээлжийн амралтын олговорт 1 172 970  төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

            Иймд нэхэмжлэгч Ү.Нгийн ажилгүй байсан хугацааны ажлын 6 сар 10 хоног /2018 оны 07-р сарын 17- ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын -17-ны өдөр хүртэлх/-ийн  урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт   7 570 980 / 1 172 970 /1 сар/ х 6 сар = 7 037 820, 53 316 x 10 хоног= 533 160 / төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 118 408 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

 

 

    Иймд “К” ХХК-нд нэхэмжлэгч Ү.Нгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

                                  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

 

 

 

                       ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 570 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 118 408 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Ү.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “К” ХХК-нд даалгасугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 218 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 136 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ