Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 120

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Гэрч Ч.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Л холбогдох эрүүгийн 1819001810094 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ц, Ц хоёр алдсан үхрээ олсон гээд цагдаад хэлээд өргөдлөө буцаагаад авчих гэсэн учраас ийм зүйл хийсэн. 02 дугаар сараас энэ хугацаанд 6 сарын хугацаа өнгөрч байна. У алдсан үхрийн зурагаа аваад ир гэхээр нь аваачиж өгсөн гэв,

 

Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Энэ 2 үхрээ алдаад Батсүх, У хоёрт мэдүүлж мэдүүлэг өгсөн. Маргааш нь Утай хэргийн газар очоод зураг авахуулчихаад байж байтал Ц яриад Төгсжаргалыг аваад явчихлаа, үхрээ олчихлоо гээд хэлээд өгөөч гэж хэлсэн. Багийн засаг даргатайгаа ярихад тэгээд хэлчихгүй гэхээр нь болох юм уу, хэрэг хийснээрээ яваач гэхэд тэд нар дандаа бөгс ухаж байдаг юм, бид нарт үхэр ч байхгүй гэхээр нь арван хэдэн жил багийн засаг дарга хийж байсан хүн болохоор нь мэдэж байгаа юм байх гэж бодсон. У үхрийн зураг аваад ир гэхээр нь Ц рүү яриад зураг аваад ир гэж байна гэхэд за яадаг юм төстэй үхрийн зураг аваачаад өгчихгүй гэхээр нь нэгнийх нь эх нь байсан болохоор төстөй үхрийн зураг аваад Батсүхэд үзүүлсэн. У Алтанширээд байсан болохоор өөрийн унаагаар яваад утсан дээрээ авсан зургаа үзүүлсэн. Цагдаа нь өөрөө авч яваад угаалгаж авсан. Тэгээд хэрэг хаагдчихлаа гэж байтал Батсүх яриад та хоёр хүрээд ир гэсэн. Очиход та хоёр худлаа ярьсан байна гээд Лыг аймаг руу битүүнд авч яваад шинийн нэгэнд ирсэн. Дараа нь дахин байцаалт авахад нь та нар үүнийгээ тайлбарлаж өгөхгүй яасан юм, ойлгоогүй гээд бүгдийг нь үнэнээр нь хэлсэн. Дараа нь дахин Даваацэрэн байцаалт авсан. Цагдаатай тохирсон гээд байхаар нь болдог юм байх гэж хэлсэн гэв.

 

Шүүгдэгч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надруу Ц залгаад би танай 1 тооны үхрийг хулгайлаад нядалсан гэдгээ хэлээд үхрээ хулгайд алдаагүй олчихсон гээд хэлчих тэгээд өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Тэгээд надад хоёр үхрийн 3.600.000 төгрөг өгсөн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч М.Ут өөрийнхөө үхэрнүүдээс сонгож байгаад ижил төстэй үхрийн зураг дарж угаалгаад хэсгийн төлөөлөгч М.Ут аваачиж өгсөн...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Хадна ус гэх газар манай хоёр алдагдсан үхэр байна, олчихлоо өргөдлөө хаалгамаар байна гэж худал мэдүүлсэн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л үхрээ олчихлоо гээд алдсан үхэртэйгээ ижил зүсмийн үхрийн зураг авч ирж өгсөн юм. Тэгээд материалыг татгалзаж хаагаад байтал Ц болон Л гэх хүмүүс нь гэмт хэргийг нуун далдалсан талаар мэдээлэл орж ирэхээр нь малын хэсгийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Наранбаатарт танилцуулан дахин хэрэг нээн шалгаж ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нь орой ...96357373 дугаар утсаар ярихдаа алдсан үхрээ олсон гээд хэлчих гэхээр нь би болох юм уу, алдсан хоёр үхрийн зураг цагдаа аваад ир гэж хэлсэн чинь болно цагдаад олсон гээд хэлчих өөр үхрийн зураг аваад харуулчих гэж хэлэхээр нь би болох юм байх гэж бодоод л харуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би Ттай утсаар л ярьсан. Манай дүү Ц 2 үхрийн өртөг болох 3.600.000 төгрөг хийсэн гэсэн. Би санаатайгаар гэмт хэрэг нуун дарагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Мөнхчимэгийн Хаан банкны 5.............. дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.600.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Цаас 2 үхрийн өртөг мөнгөө бүрэн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/

шүүгдэгчийн  2018 оны 02 дугаар сарын 10 ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 2 ширхэг гэрэл зураг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Лт холбогдуулан гэрчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэсэн үйлдлүүдийг шүүх хянан үзээд дараах байдлаар дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ц, Ц хоёр алдсан үхрээ олсон гээд цагдаад хэлээд өргөдлөө буцаагаад авчих гэсэн учраас ийм зүйл хийсэн. 02 дугаар сараас энэ хугацаанд 6 сарын хугацаа өнгөрч байна. У алдсан үхрийн зурагаа аваад ир гэхээр нь аваачиж өгсөн гэв, Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:. У үхрийн зураг аваад ир гэхээр нь Ц рүү яриад зураг аваад ир гэж байна гэхэд за яадаг юм төстэй үхрийн зураг аваачаад өгчихгүй гэхээр нь нэгнийх нь эх нь байсан болохоор төстөй үхрийн зураг аваад Батсүхэд үзүүлсэн. гэв, Шүүгдэгч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надруу Ц залгаад би танай 1 тооны үхрийг хулгайлаад нядалсан гэдгээ хэлээд үхрээ хулгайд алдаагүй олчихсон гээд хэлчих тэгээд өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Тэгээд надад хоёр үхрийн 3.600.000 төгрөг өгсөн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч М.Ут өөрийнхөө үхэрнүүдээс сонгож байгаад ижил төстэй үхрийн зураг дарж угаалгаад хэсгийн төлөөлөгч М.Ут аваачиж өгсөн...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Хадна ус гэх газар манай хоёр алдагдсан үхэр байна, олчихлоо өргөдлөө хаалгамаар байна гэж худал мэдүүлсэн болно...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л үхрээ олчихлоо гээд алдсан үхэртэйгээ ижил зүсмийн үхрийн зураг авч ирж өгсөн юм. Тэгээд материалыг татгалзаж хаагаад байтал Ц болон Л гэх хүмүүс нь гэмт хэргийг нуун далдалсан талаар мэдээлэл орж ирэхээр нь малын хэсгийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Наранбаатарт танилцуулан дахин хэрэг нээн шалгаж ажилласан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нь орой ...96357373 дугаар утсаар ярихдаа алдсан үхрээ олсон гээд хэлчих гэхээр нь би болох юм уу, алдсан хоёр үхрийн зураг цагдаа аваад ир гэж хэлсэн чинь болно цагдаад олсон гээд хэлчих өөр үхрийн зураг аваад харуулчих гэж хэлэхээр нь би болох юм байх гэж бодоод л харуулсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би Ттай утсаар л ярьсан. Манай дүү Ц 2 үхрийн өртөг болох 3.600.000 төгрөг хийсэн гэсэн. Би санаатайгаар гэмт хэрэг нуун дарагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Мөнхчимэгийн Хаан банкны 5364015643 дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3.600.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Цаас 2 үхрийн өртөг мөнгөө бүрэн авсан...” гэсэн мэдүүлэг , зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Лт холбогдуулан гэрчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.Лын 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.Цад холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2 ширхэг гэрэл зураг угаалгаж хэрэгт хавсаргасан үйлдлийг шүүхээс хэрэгт авагдсан байдлаар хянан үзээд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах эрх бүхий этгээд биш байхад уг баримтыг мөрдөгч нь мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэхжүүлж аваагүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байдлаар хэрэгт цуглуулаагүй. Прокурорын зүгээс нотлох баримтаар тооцуулах тухай эрхийн акт гаргаагүй байна. 

 

Иймд шүүгдэгчийг нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж , хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид өгсөн гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй ба шүүгдэгчийн алдсан үхрээ олсон байдлаар 2 үхрийн зургийг хэрэгт авагдсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгөхдөө мэдүүлэгтээ тусгаж хавсаргасан баримт гэж үзлээ .

 

Улсын яллагчаас шүүгдэгчид холбогдсон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн үйл баримтын дүгнэлтийг үндэслэн түүнд холбогдуулсан зүйлчлэлийг өөрчилж нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид өгсөн гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б овогт Ц.Л-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Лт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ , тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Лт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Ц.Л-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс тоолсугай. 

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь 800000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД