Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/38

 

2019            04             24                                           2019/ДШМ/38

 

Ц.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолтой,  шүүгдэгч Ц.Лт холбогдох, эрүүгийн 1819001810094 дугаартай, 1 хавтас, 197 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19...... оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Д суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ....... сумын ....... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц-ын Л /РД:ЕГ73020211/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ц-ын Л-г нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Лт холбогдох холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ц.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж, улсын орлогод оруулахаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтоолыг эс зөвшөөрч байна. Ц.Лын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ: ...нотлох баримт хуурач болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй гэж үзээд хоёр үхэр алдагдсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Л нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулах эрхтэй байна. Түүний хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зураг нь хуурамч бөгөөд түүнийг хууль сахиулагчид гаргаж өгсөн ба нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн материалд авагдсан гэрч Ч.Б /хх-36/, гэрч Ц.Л нарын мэдүүлгээс харахад: Алдагдсан 2 тооны үхрийн эзэн буюу хохирогч нь Ч.Б байдаг ба тухайн хэргийн гомдол мэдээллийн дагуу шалгаад, хэргийн газрын үзлэгийг мөрдөгч Батсүх хийсэн хэрнээ хохирогч Ч.Б-наас мэдүүлэг аваагүй, мөн хэргийн газрын үзлэг хийсэн даруйдаа Лын сэжиглэж байсан Т, Ц нараас уг хэргийн талаар асууж тодруулж, эзэн холбогдогчийг нь тогтоосноор хохирогчид хохирлын мөнгө 2018-02-08-ны өдөр шилжүүлэгдсэн байгаа зэргээс харахад ч Ц.Л худал мэдүүлэг өгөхөөс өмнө эзэн холбогдогч тодорхой байсан байхад хэргийг Ц.Лын мэдүүлэгт үндэслэж хааж байгаа нь үндэслэлгүй болжээ гэж үзэж байна.

Ц.Лаас 2018-02-10-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулан мэдүүлэг авсан боловч уг мэдүүлэгтээ:...Л нь алдагдсан 2 үхрээ олсон гэж худал хэлсэн, цагдаа Ууганбаяр үхрийнхээ зургийг аваад ир гэж хэлсэн гэх мэдүүлгээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд мөрдөгчийн эрхийг зааж өгсөн ба тухайн зүйлийн 2.5-д ...мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах эрхтэйг заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэж заажээ. Үүнээс харахад ч мөрдөгч Лын мэдүүлгийг өөрөө шалгаж үзэж, бэхжүүлж цуглуулахаар байна. Харин хуульд гэрч нь нотлох баримт гаргаж өгөх эрхгүй байгаа ба гэрчээс мөрдөгч үхрийн зургийг шаардаж авч хэрэгт хавсаргасан нь хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу уг 2 үхрийн зургийг эд мөрийн баримтаар хэрэгт тооцоогүй хавсаргасан нь мөрдөгч хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж нотлох баримт гэж үзсэн нь тодорхойгүй байгаа юм. Хэрэгт авагдсан 2 үхрийн зураг нь Лын худал хэлсэн мэдүүлэгтээ өгсөн байдал харагдаж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг байхаар хуульд заажээ. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны бэхжүүлэн авсан гэрэл зураг л нотлох баримт болохоор байтал хууль зөрчсөн шаардлагаар гэрэл зураг гаргаж өгч байгаа нь нотлох баримтаар тооцогдохгүй байхаар ба нотлох  баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго ч байгаагүй нь тодорхой харагдаж байна.

Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэдэг нь нотолгоог зохиомлоор бий болгох, агуулгыг нь гуйвуулж, гажуудуулсан, эдгээрийг хуурамчаар хийх, зохиомлоор хийхийг хэлж байгаа. Бодит байгаа үхрийнхээ зургийг аваачиж өгснөөрөө нотлох баримтыг зохиомлоор бий болгосон гэж үзэхгүй. Л өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгээ өгсөн байгаа. Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс оролцож хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна. Иймд Ц.Лт холбогдох Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Л давж заалдсан гомдолдоо: Шүүхээс 3 500 000 төгрөгөөр торгож ял оногдуулсанд гомдолтой байна. Би Дорноговь аймгийн Д суманд эхнэр хүүхдийн хамт хэдэн малаа хариулж амьдардаг, өөр орлогогүй хүн. 2 хүүхэд оюутан сургуульд сурдаг. Хуулийн байгууллагад худал хэлсэндээ буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хууль мэдэхгүйн улмаас манай багийн дарга Д.Ц цагдаатай тохирчихсон, үхрийн эздэд мөнгийг нь өгчихсөн, алдсан малаа олсон гээд хэлчих гээд гуйгаад ятгаад байхаар нь малын бэлчээр ус нэг, айл саахалт тэгээд ч би алдсан 3 үхрээ эрж яваад 1 бух амьд, нөгөө 2-ыг нь алаад гэдэс сэвс орхисон газраас нь мөрдсөөр байшинтай худагт махаа хийснийг мэдээд цагдаа Батсүхийг дагуулан худгийн эзэн Төгсжаргалыг аваачиж уулзуулсан. Төгсжаргал хулгайлснаа хүлээгээд аймаг явсан. Т-ын ах Ц аймгаас манай эхнэр Т-тай утсаар ярьж дүү маань шоронд орох гээд байна, урьд хулгай хийгээд тэнсэн ялтай байгаа, би танай үхрийг төлье, цагдаатай тохирсон, үхрээ олсон гээд хэлчих гээд гуйгаад байсан ба манайх үхрээ алдсан, хулгайлсан хүнийг нь би өөрөө олж өгснийг цагдаа нар мэдэж байгаа болохоор хууль мэдэхгүйн улмаас ятгалганд автаж үгэнд нь итгээд худал мэдүүлэг өгсөн нь миний буруу. Миний бодлоор хулгайг нь илрүүлсэнд надад өширхсөн Ц намайг хууль мэдэхгүй болохоор ятгаад ял үүрүүлж байна.  Бас ах дүү Засаг даргын хамаатан садан, хотод махны лангуутай, хулгайн машинтай жолоочтой, сүлжээтэй хулгайч нь өнөөдөр зүгээр явж байхад хэдэн малаа дагаад амьдрах гэж, оюутны төлбөр төлөх, үр хүүхдээ сургууль соёлтой болгох гэж ядаж яваа намайг заавал яллах, өндөр торгууль оноох бүтэн жил ял шийтгэлээр айлгаж дарамтлах нь намайг цаашид амьдрах, хууль ёс, төр засагт итгэхэд хэцүү болгож байна. Худал мэдүүлэг өгснөөр надад ямар ч ашиггүй, зөвхөн хүний ятгалганд орсон, нутгийн хүнд сайхан сэтгэлийн үүднээс тусалж байна гэж бодсон, бас энэ хулгайчдыг хулгай хийгээд яваад шоронд ордоггүй болохоор тохироод болдог юм байна гэж бодсон. Миний ойлгосноор бол би 2 үхрийн зураг төлөөлөгч Ууганбаяр аваад ир гэхээр нь Ц даргад хэлснээр ойролцоо зүсний 2 үхрийн зураг аваачиж өгсөн нь өөрийн эсрэг гол нотлох баримт болсон байх. Уул нь төлөөлөгч Ууганбаяр өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх ёстой байх. Миний хүсэлтийг харгалзан үзэж ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогч биш учраас гомдол мэдээлэл гаргах эрхгүй гэж байна. Энэ хэрэг нь Улсын Дээд шүүхээр хянагдаад ирсэн. Анх прокурорын зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйл, 21.2 дугаар зүйлүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж байсан. Анхны шүүх хуралдаан дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүхээс юу гэж дүгнэсэн бэ гэхээр гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээж авах ажиллагаа нь өөрөө хэрэг бүртгэлтийн шатанд үүсч байгаа. Аливаа иргэн, хуулийн этгээд би эд зүйлээ алдчихлаа гэж байгаа тохиолдолд давхар хавсаргаж байгаа эд зүйл нь бас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл миний эрх ашиг зөрчигдөөд байна гэж үзэж байгаа бол хохирогчтой адил хэмжээнд авч үзнэ гэж Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Лт нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх эрх нь байгаа гэдгээр үнэлэгдэж байгаа. Лын гаргаж өгсөн гэрэл зураг нь хуурамч гэдгийг нотлоогүй гэж байна. Хулгайд алдагдсан үхэр нь аль хэдийнээ нядлагдсан үхэр байгаа. Л өөр 2 үхрийн зураг авчирч өгч байгаа энэ үйлдэл чинь өөрөө хуурамч зураг, хуурамч нотлох баримтыг авчирч өгөөд байгаа явдал биш юм уу. Байхгүй болчихсон үхрийг байгаа мэтээр авчирч өгч байгаа нь хуурамч нотлох баримт гэж үзэж байна. Хэрэв үхрээ алдаагүй бол үхэрнийхээ зургийг аваад ир гэж мөрдөгч хэлсэн байдаг. Л би үхрээ алдаагүй гэсэн худал мэдүүлгийг өгөөд, худал мэдүүлгээ нотлохын тулд давхар нотлох баримт авчирч өгч байгаа нь үнэхээр Л худал мэдүүлэг өгч байна, худал нотлох баримтыг гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Лт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал байхгүй учраас оролцогчдын гаргасан гомдлууд нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулна. Түүнд оногдуулсан 3500000 төгрөгийн торгох ял нь өөрийнх нь үйлдэлд тохирсон гэж үзэж байгаа. Тийм учраас ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

            Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, шүүгдэгч Ц.Л нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн тэдний гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

2018 оны 02 дугаар сарын 06-нд шүүгдэгч Ц.Л Дорноговь аймгийн Д сумын 1 дүгээр багийн нутагт байх өөрийнх нь үхэрт байсан Ч.Б, Ж.Ч нарын нэрний 2 тооны үхэр хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, гэрчээр мэдүүлэг өгсний дараа буюу мөн сарын 10-нд бусдын ятгалгаар 2 үхрээ олсон гэж худал мэдүүлэг өгч, өөр 2 үхрийн гэрэл зургийг авч Д сумын хэсгийн төлөөлөгчид аваачиж өгсний улмаас 2 үхэр хулгайлагдсан гэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан үйлдэл бий болсон болох нь гэрч М.Ууганбаяр, Ч.Тамир, Д.Цэрэнчимэд, Ч.Баярсайхан нарын мэдүүлгүүд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 5/16 тоот тогтоол зэргээр тус тус тогтоогдсон ба гэмт хэргийг шүүгдэгч Ц.Л нь сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ хүлээн мэдүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулсан ба түүний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Лыг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-т заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил,  гэмт хэрэг 2018 оны 02 дугаар сарын 10-нд үйлдэгдэж 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1, 21.2-т заасан гэмт хэргүүд нь  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба эдгээр гэмт хэргийн үндсэн шинж нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл байх юм.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 2 үхэр хулгайлсан гэх гэмт хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 15-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол /хх-28/ гарсан,  мөн оны 06 дугаар сарын 19-нд уг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх 32-33/ гарсан нь хулгайн гэмт хэргийг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, хугацаа алдагдуулснаараа Ц.Лын үйлдэл нь энэ хэрэгт шалтгаант холбоотой болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1-д заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн хүн нь заавал гэмт хэргийн хохирогч буюу хэргийн оролцогч байсан байхыг шаардахгүй ба хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, устгасан, хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид өгсөн ямар ч хүн байж болохоор хуулинд заагдсан байна.

Шүүгдэгч Ц.Лын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус өгсөн  “багийн дарга Цэрэнчимэдийн гуйлтаар 2 үхрийг олсон гэж хэсгийн төлөөлөгчид хэлсэн, хэсгийн төлөөлөгч зургийг нь аваад ир гэхээр нь өөрийнхөө үхэрнээс сонгож байгаад ижил төстэй 2 үхрийн зургийг дарж угаалгаад хэсгийн төлөөлөгч М.Ууганбаярт аваачиж өгсөн” гэх агуулга бүхий  үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй ба уг мэдүүлэг нь хэргийн бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т заасан журмаар  авагдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

“Хуурамч нотлох баримт үйлдэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1-т заасан гэмт хэрэгт “нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 2700-10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах”-аар заасан эрүүгийн хариуцлагаас анхан шатны шүүх шүүгдэгчид 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500.000 төгрөгөөр торгох ялыг сонгож оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзлаа гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болж байгаа, энэ гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нөхцөл байдлуудад үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Шүүгдэгчийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шүүгдэгчийн гэм буруутай  1 удаагийн үйлдэл нь  2 гэмт хэргийн шинжийг агуулсан ба худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон, түүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тэнсэх боломжтой бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... хоёр ... гэмт хэргийг санаатай үйлдсэн ... “ гэснийг зөрчихгүй гэж үзэв.

Ингэхдээ шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, мөн тэрээр гэмт хэргийг согтуугаар үйлдээгүйг болон түүний хувийн бусад байдлыг харгалзан шүүгдэгчид шүүхээс үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хуульд зааснаар тогтоож бичээгүй  буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бүтэц нь дээрх хуульд нийцээгүйг магадлалд тэмдэглэж шийтгэх тогтоолд залруулга хийх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эдгээр үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1.1, 1.3,  39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6-д тус тус зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсэн гэх үндэслэлүүд болж байна.

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс гаргасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох, харин шүүгдэгч Ц.Лын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдол нь үндэслэлтэй байх тул хангах нь зүйтэй гэж үзлээ.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дүгээр зүйл 1, 1.1, 1.3,  39.6 дугаар зүйүлийн 1, 1.1, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/61 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Цэнджавын Лыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг,

 “Шүүгдэгч Цэнджавын Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргасан өгсөн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

3 дугаар заалтын “Шүүгдэгч Ц.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Лын нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилж,

4, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, 

4 дүгээр заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.Лт тэнссэн 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.“ гэж,

            5 дугаар заалтад “Шүүгдэгч Ц.Л нь тэнссэн нэг жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.” гэж тус тус нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Лын давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС