Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00212

 

“Ө ” ХХН-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 182/ШШ2018/02375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ө ” ХХН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХК-д холбогдох,

 

Ажлын хөлс 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  М ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Ж ХХК-аас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386 149 885 төгрөг гаргуулах иргэний хэрэгт өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. Ө ХХН нь гэрээ байгуулагдсанаас эхлэн 2016 оны 05 дугаар сар хүртэл М ХК-ийн удирдах болон техникийн албаны хүмүүстэй уулзаж, хэргийн талаар санал солилцож, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, Х газраас лавлагаа авах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Үйлчилгээний ямар нэг хөлс аваагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын хөлсөө авах тохиролцоотой байсан. Гэтэл гэрээт ажил дуусаагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компаниас гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол хийсэн ажлын хөлсөө тооцож авахаар албан бичгээр мэдэгдэж өөрсдийн хийсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тайлбар, цагийн тооцоог дэлгэрэнгүй гаргаж хүргүүлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэг адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэг адил үйлчилнэ гэж заасан байна. Гэтэл тус компани гэрээ цуцласнаар хуулийн нөхөрлөлийн өмнө нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж бодохгүй байна. Тиймээс гэрээний дагуу авсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээнийхээ хөлсийг тус компани төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй мөн зүйлийн 2 дахь хэсэгт дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар эгүүлж өгөх боломжгүй гэсэн тохиолдлыг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний өмнөх гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж тооцсон ч тус компани өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байна. Иймд М ХК-аас 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт:  Ө ” ХХН-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 139 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр М ХК нь Ж ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 06, 07 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах, Ө ХХН нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, гэрээнд заасны дагуу хөлс авахаар тохиролцсон. Тус гэрээний 2.1-д энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон. 2.2-т үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ажлын хөлсийг тооцож, Худалдаа хөгжлийн банк дахь Ө ХХН-ийн 499223466 дугаартай төгрөгийн дансанд даруй шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Дээрх дурдсан маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00471 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхой илэрхийлсэн албан ёсны байр суурийг хүлээн аваагүй, хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй М ХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болж мөн шүүхийн 101/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 732 811.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүй, гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн учир үйлчлүүлэгч нь гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. М ХК нь Инсто лекс ХХН-ийг өмгөөлөгчөөр авахаар гэрээ байгуулсан үндэслэл нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн мэргэшсэн өмгөөллөөр хамгаалуулах зорилготой байсан. Гэтэл өмгөөлөгч нь тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс болж хэрэг маргаан өдий хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирч байна. Хэрэв Ө ХХН нь энэ маргааныг хуулийн хугацаанд шийдэрлүүлэх боломж байгаа гэж гэрээ байгуулан нэхэмжлэл гаргаж байнгын харилцагч Ж ХХК-тай өөр байдлаар бизнесийн журмаар тохиролцон асуудлыг шийдвэрлэж өнөөдөр нэг том харилцагчаа алдаагүй байх байсан. Харин ч буруу зөвлөгөө өгч шүүхэд нэхэмжлэл гарган харилцагчаа алдах, бизнесийн зах зээлд нэр хүндгүй болох асуудал үүссэн учир гэрээгээ цуцалсан. Түүнчлэн ажлын хөлс нэхэмжлэхдээ 100 цагийн ажил хийсэн, нэг цагийн хөлс нь 100 000 төгрөг гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 100 цаг гэж тооцсон нь бодит бус хэн нэгэн этгээд зохиож гаргасан мэт хэлбэрийн төдий байгаа бөгөөд талууд нэг цагийн ажлын хөлсийг 100 000 төгрөг байх талаар огт тохироогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХК-д холбогдуулан 11 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө ХХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрийн давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 100 цаг ажилласан гэж үзэх боломжгүй байна. мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болно” гэсэн нь хууль болон бодит нөхцөл байдалд үл нийцнэ. Тодруулбал: нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, түүнийг батлах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. “М” ХК-ийн дурдсан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь яг ямар байдлаар, ямар нотлох баримтын үндсэн дээр гэрээнд заасан үүргээ зөрчсөн талаар гэрээ цуцлах тухай албан мэдэгдэл болон шүүхэд ирүүлсэн гомдол, тайлбараас огт харагдахгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-т төрийн байгууллага, албан тушаалтанд зүй бусаар нөлөөлөх, эсхүл хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчиж хүссэн үр дүндээ хүрч чадах мэт илэрхийлэх, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-т “үйлчлүүлэгчдээ хэрэг  маргааныг өөрт нь ашигтайгаар шийдвэрлүүлэх үүрэг, амлалт, баталгаа өгөхгүй байна” гэж тус тус заасан байдаг. Хууль болон гэрээнд заасан ёсоор үйлчилгээ үзүүлж, хууль, шударга ёс, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хуульд үл харшлах хэлбэрээр хариуцагч “М” ХК-ийг гэрээгээ цуцлах хүртэл тууштай хамгаалан ирсэн. Тодруулбал, талууд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан өмгөөллийн “Инсто лекс” ХХН нь хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлж байсан. Хэдийгээр гэрээнд заасны дагуу хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдмэгц үйлчилгээний хөлсийг авахаар тохиролцсон боловч гэрээ үргэлжилж байхад хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хариуцагчаас гэрээгээ цуцласан нь гэрээг дүгнэж ажлын хөлсийг тооцох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хууль зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлсэн. Энэ нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Гэрээ байгуулагдснаас хойш Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд орох хүртэл нэлээдгүй их процессын болон техникийн ажиллагаа хийгддэг гэдгийг шүүх анхаарлдаа авна уу. Аливаа хэрэг маргааныг аль талд нь шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэтэл 2 удаагийн шүүх хуралдаанд оролцож, өөрсдийн цаг зав хөдөлмөрөө зарцуулж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хууль үл харшлах хэлбэрээр хамгаалан ирснийх нь төлөө өмгөөлөгчийн ажлыг үнэгүйдүүлж байгаа нь хууль шударга ёсонд үл нийцнэ. Иймээс анхан шатны шүүхийн шийдэврийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ө ” ХХН хариуцагч “М” ХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “М” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс хэрэг маргаан одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирсан, 100 цагийн ажлын хөлс төлөхгүй гэж маргажээ. /хх26/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ө ” ХХН нь “Ж” ХХК-ийн сүлжээнээс “М” ХК-ийн улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 06 дугаар сараас 7 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч “М” ХК хөлс төлөх үүрэг хүлээсэн байх ба гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байх, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр болмогц ажлын хөлсийг тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх7/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хариуцагч “М” ХК-ийн удирдах  болон техникийн албаны ажилчидтай уулзах, маргааны талаар нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, төрийн эрх бүхий байгууллага болох Х газраас албан бичиг, лавлагаа авах, шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох, мөн шүүх хуралдаанд бэлтгэж тайлбар, давж заалдах гомдол бичих зэргээр эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ нийт 100 цаг зарцуулсан, 11 000 000 төгрөгийн ажил үүргийг хийж гүйцэтгэсэн гэж ажлын жагсаалтыг гаргаж өгсөн нь хэргийн 16-18 дугаар талд авагдсан байна.

Түүнчлэн “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 514 972 341 төгрөг гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0168 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 884 дүгээр магадлал ирүүлсэн нь хэргийн 94-110 дугаар талд авагдсан байх ба нэхэмжлэгч “Ө ” ХХН-ийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцжээ.

Нэхэмжлэгч тухайн маргаантай асуудлаар хариуцагч байгууллагын удирдлага, холбогдох хүмүүстэй уулзах, баримтуудыг уншиж судлах, нэхэмжлэлийн төслийг боловсруулах, нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд хүргүүлэх, хүсэлт гаргах, анхан шатны шүүх хуралдаанд оролцох, давж заалдах гомдлыг гаргаж, шүүх хуралдаанд оролцсон зэрэг ажлуудыг хийсэн талаар талууд маргаагүй, харин гэрээний 4.6,  4.7-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн зарцуулсан гэх цаг хугацаа нь бодитой эсэх талаар маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ө ” ХХН-ийн өмгөөлөгч Б.Э-аас гадна хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцжээ.

Хууль зүйн туслалцааны гэрээний  4.6-д өмгөөлөгч нь хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй үйлчлүүлэгчид мэдэгдэх, 4.7-д өгсөн зөвлөгөө, боловсруулсан гэрээ, бусад баримт бичгийг хуульд нийцүүлж үйлдээгүйгээс үүсч болох хариуцлагыг хүлээнэ гэжээ. Ажиллагч нь дээрх тохиолдол буюу тодорхой нөхцөл байдал бий болсон тохиолдолд хариуцагч байгууллагын удирдлагад танилцуулах үүрэг хүлээснээс хариуцагчийн тайлбарласнаар хэргийн үйл явцыг тайлагнахаар тодорхой үүрэг хүлээгээгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь хэргийн явц, үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс нь юу болох, энэ нь хэргийн аль шатанд үүссэн, ямар бичиг баримтыг хуульд нийцүүлэн боловсруулаагүй нь хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлсөн зэргийн талаар тодорхой тайлбарлаж, холбогдох баримтуудыг ирүүлээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт “ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлсөө шаардах эрхээ алдана” гэж заасан боловч ажиллагчийн хувьд уг эрхээ алдсаныг нотлох баримтгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгэж байсан тул энэ хугацааны хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Зохигчид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгчийн гүйцэтгэх ажлыг нэг бүрчлэн зааж үнэлээгүй, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил тутамд зарцуулсан цагийг тухай бүрт нь баталгаажуулсан баримтгүй байх боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал болон зохигчдын тайлбар,ажлын хөлсийг 5 000 000 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаа зэргийг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн 182/ШШ2018/02375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХК-аас 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө ” ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг нэхэмжлэгч “Ө ” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-аас 94 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ө ” ХХН-д олгосугай” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ

 

                                            ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                                                                      А.МӨНХЗУЛ