Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01571

 

 

      2022               08              22                                             210/ШШ2022/01571

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02558 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б" ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 858 дугаартай магадлалаар “Б’’ ХХК-аас 658,135,438 төгрөгийг гаргуулж Ч Х Б ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "Б’’ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2201055253 дугаарт бүртгэлтэй зоорийн давхрын 6462 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 837,938,500 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч зөвшөөрөх боломжгүй. Дээрх үнэлгээг хийхэд миний саналыг тусгаагүй ижил төрлийн эд хөрөнгө одоогийн зах зээлээр энэхүү үнийн дүнгээс 50 хувиас дээш үнэлгээтэй байна. Орчин үеийн ханшаар үнэлгээг тогтоогоогүй ердийн боломжит хугацаанд дуудлага худалдаа зарлаагүй. Хамгийн гол нь мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад мэдэгдэж тухайн өдөр дуудлага худалдаа явагдсан нь нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна. "Мөнх-Оргил трейд’’ ХХК-ийн үнэлгээ зах зээлийн ханштай нийцээгүй учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Улаанбаатар хотын барилгын хийцээс хамаарч төмөр бетон хийцтэй бол “А” угсармал төмөр бетон бол “Б” үнэлгээтэй гэж заасан байдаг. Манай барилгын хувьд төмөр бетон арктай буюу “А” үнэлгээнд багтаж байгаа. “Мөнх-Оргил трейд"’ ХХК-ийн үнэлгээн дээр өртгийн агуулгын үнэлгээ, зах зээлийн агуулгын үнэлгээ гэж 2 агуулгын үнэлгээ хийсэн байдаг. Яг агуулгын үнэлгээний дүнг гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээг харж гаргасан байдаг. Энэ нь учир дутагдалтай, яг бодит үнэлгээг өртгийн хандлагын үнэлгээгээр гарна. Зах зээлийн хандлагын үнэлгээг сонгосон талаар дүгнэлтдээ тусгаагүй. Өртгийн хандлагын үнэлгээ орсон байр гэж харж гаргадаг. Тиймээс үнэлгээг хууль бус гэж үзэж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу маргааны зүйл болох зоорийн давхрын 642 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт заасны дагуу эд хөрөнгийг хураах үйл ажиллагаа явуулсан. Албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2,700,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ч Х Б ХХК хүлээн зөвшөөрөөгүй. Ч Х Б ХХК хүлээн зөвшөөрөхгүй гээд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шинжээч томилуулах тухай тогтоолоор "Мөнх-Оргил трейд’’ ХХК-ийг томилж, 837,938,500 төгрөгөөр үнэлсэн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд “Б’’ ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55. 7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг гардаж авснаас хойш энэхүү зүйл заалтад заасны дагуу нэхэмжлэлээ хожуу гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу бусад харьцуулсан үнэлгээ болон баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 837,938,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч дуудлага худалдааны өмнө мэдэгдсэн гэж хэлж байна. Мөн үнэлгээний саналд миний санал тусгагдаагүй гэж “Б’’ ХХК-ийн төлөөлөгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч 2,700,000,000 төгрөгөөр өөрөө үнэ тогтоосон. Хариуцагч тухайн эд хөрөнгийг битүүмжлээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Санаатайгаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа. Бид хамт очиж үзэхэд үйлчилгээний зориулалттай гэж байгаа боловч хүн байхын аргагүй, ус тогтдог үйлчилгээний гэж хэлэхийн эцэсгүй газар байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ижил төрлийн газруудаас илүү доогуур үнэлсэн байна гэж тайлбарлаж байна. Шинжээч тусгай мэргэжлийн хүн бөгөөд үүрэг хариуцлага хүлээсэн, чанар байдал бүх зүйлд тохируулан дүгнэлт гаргадаг. Тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 837,938,500 төгрөгийн 70 хувиар албадан дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй. 70 хувийн үнэлгээнд хүрэхгүй барилга байгаа тул нэхэмжлэлийг дэмжихгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Мөнх-Оргил трейд” ХХК-н үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт зэрэг ойлгомжгүй үйл баримтыг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: НШШГГ нь шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 202505531 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүсгэсэн. “Б” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан маргааны зүйл болох Улсын эрхийн бүртгэлтэй Ү-200201055253 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилсэн. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-122/6590 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2,700,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Чингис хаан” банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/82 дугаартай шинжээч томилуулах тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд’’ ХХК-ийг томилж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг хүлээлцээд, 837,950,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 837,950,500 төгрөгөөр хэт өндөр үнэлсэн бөгөөд бие даан борлуулах боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч байгууллага үнэлгээ гаргаж, шинжээчийн төлбөрийг төлдөггүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргаж ажилд саад учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаангүй. Харин шинжээчийн тогтоосон үнэлгээг хуульд нийцсэн эсэх талаар маргасан байна.

НШШГГ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураах, дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох зэрэг ажиллагааг тус тус явуулсан. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Шинжээч Мөнх-Оргил трейд” ХХК эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын болон жишиг үнийн аргыг ашигласан байна. Тодруулбал, зах зээлийн хандлагын үнийн аргыг ашиглан 3 үл хөдлөх эд хөрөнгийн дундаж үнийг харьцуулан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороолол, 27 дугаар хороо, 39 дүгээр байрны зоорийн давхрын үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 837,938,500 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг буруу баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулав.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “117.1” гэснийг “177.1” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “7.1.1 дэх хэсэгт” гэснийг “7.1.2-т” гэж тус тус өөрчилж, “хуулийн” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

                ШҮҮГЧИД                            С.ЭНХБАЯР

                                                                        Д.БЯМБАСҮРЭН