Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00524

 

Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00863 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 162 дугаар магадлалтай,

Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй,

“Синопийк” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцлах, 144.233.300 төгрөг гаргуулах тухай үндсэн,

291.230.912 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Даваажаргал, өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Синопийк” ХХК-тай  2014 оны Б-201418 дугаартай орон  сууцны, 2014 оны Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээг тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м.кв талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 82.593.300 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, автомашин зогсоолын нийт үнийн дүнгийн 100 хувь болох 40.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Дээрх гэрээгээр “Синопийк” ХХК нь автомашины зогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, улмаар захиалагчид гэрээгээр тохиролцоогүй үүргийг буюу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Синопийк” ХХК-тай Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нийт үнийг төлж дуусгасан тохиолдолд автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх хууль бус шаардлагыг тавьж автомашины зогсоолыг хүлээлгэн өгөхгүй байна. Анх Ж.Даваажаргал нь уг байрыг авах хүсэл зорилготой байсан тул гэрээ байгуулсан. Гэтэл Ж.Даваажаргал 1 м.кв нь 3.100.000 төгрөгийн үнэтэй байрыг худалдаж авах төлбөрийн чадваргүй болсон. Мөн иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр автомашин зогсоолын 40.000.000 төгрөгийн гэрээний дагуу нийт 100 хувийн үнийг төлсөн байтал “Синопийк” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу үнийн дүнг 100 хувь төлж байж гараж өмчлөх эрхээ аваарай гэсэн саналыг тавьсан. Иймд гэрээг цуцалж,  орон сууц захиалах гэрээний дагуу өгсөн 82.593.300 төгрөг, мөн автомашины зогсоолын гэрээний дагуу төлсөн 40.000.000 төгрөг, нийт 122.593.300 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор өмчлөлөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаална. Иймд өмчлөх эрхээ шилжүүлж чадаагүй, хууль бус үйлдлээс болоод хохирол гэж үзээд “Синопийк” ХХК-иас 4.800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн гэрээний алдангид нийт 16.840.000 төгрөгийг “Синопийк” ХХК-иас шаардаж байгаа. Үндэслэл нь гэрээний 6.2-т зааснаар хоног тутамд 0.1% алданги бодогдоно гэсний дагуу гаргаж ирсэн тоо. Нийт 421 хоног буюу хувьсах коффицентоор үржүүлэх юм бол 16.840.000 төгрөг болж байгаа, мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 16 сар автомашины гараж түрээсэлсэн төлбөрийн хохиролд 4.800.000 төгрөг, мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан автомашины захиалгын гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар 0.1 хувийн алдангийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 421 хоногийг хувьсах коффицентоор 40.000 төгрөгөөр бодож нийт 16.840.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Даваажаргал нь “Синопийк” ХХК-аас байр, автомашины зогсоолыг захиалсан. Уг орон сууцыг тус компани нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн барьж дуусган 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. “Синопийк” ХХК нь гэрээнд заасан үүргүүдээ бүрэн биелүүлж, гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулсан. Харин нэхэмжлэгч Ж.Даваажаргал  гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн орон сууц захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж, үлдэгдэл төлбөр болох 192.717.700 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна.  “Туул ван” орон сууцны 1 мкв-ийн үнэ тухайн үед 3.100.000 төгрөг байсан ба талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан. Хоёр гэрээний 6.1 дүгээр заалтуудад “... гэрээ цуцлагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5.0%-тай тэнцэх торгуулийг А талд төлнө” гэж тохиролцсон. Мөн гэрээний 5.2 дугаар зүйлд зааснаар Б тал нь гэрээг дангаар цуцлах эрхгүй бөгөөд гэрээ цуцлагдах ямар үндэслэл байхгүй болно.  Нэхэмжлэгч авто зогсоолыг захиалагчид өгөөгүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Орон сууцыг авто зогсоолын хамт 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Авто зогсоолыг төлбөрөө бүрэн хийсэн захиалагч нар зогсоолоо авч ашиглаж байгаа ба Ж.Даваажаргал ч мөн адил өөрийн 34 тоот зогсоолоо авч ашиглаж байгаа болно. Тиймээс нэхэмжлээд байгаа 4.800.000 төгрөг, алданги 16.840.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ж.Даваажаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба тэрээр гэрээний үүргээ зөрчиж өнөөг хүртэл төлбөр болон алдангаа бүрэн төлөхгүй, мөн СӨХ, харуул хамгаалалт, халаалт, техникийн үйлчилгээний төлбөрүүдээ гэрээний 4-12 дугаар зүйлд заасны дагуу төлөлгүй компанийг давхар хохироож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Синопийк” ХХК нь Ж.Даваажаргалтай орон сууц болон автомашин зогсоолын захиалгын хүчин төгөлдөр гэрээг байгуулж 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, уг байрыг захиалагч нар ашиглах бүрэн боломж бүрдсэн. Гэтэл Ж.Даваажаргал нь орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтын дагуу 275.311.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй атал 30% буюу 82.593.300 төгрөгийг төлж, үлдэгдэл 70% буюу 192.717.700 төгрөгийг өнөөг хүртэл төлөлгүй захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж байна. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 22 сар буюу 660 хоногийн алданги 127.232.820 төгрөг болж байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй тул 192.717.700 төгрөгийн 50% болох 96.358.850 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байгаа. Мөн гэрээний 4.12 дугаар зүйлд заасны дагуу улсын комисс хүлээж авсан өдрөөс эхлэн СӨХ-ны мөнгө, халаалтын мөнгө, техник үйлчилгээний зардлуудыг захиалагч хариуцахаар үүрэг хүлээсэн. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 22 сарын СӨХ-ийн 1 сарын төлбөр 43.762 төгрөг байдаг, үүнийг 22 сараар үржүүлэхээр 1.232.764 төгрөг болж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын гаражийн төлбөрт 270.000 төгрөг нэхэмжилж байгаа. 1 сарын гаражийн төлбөр 15.000 төгрөг. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 16 сарын халаалтын мөнгө  651.598 төгрөг. Иймд нийт 291.230.912 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцогт сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Синопийк” ХХК-д орон сууц захиалах гэрээг цуцлах тухай үндэслэл бүхий хүсэлт, саналыг хууль, гэрээг үндэслэн 2014 оны 8 дугаар сараас тавьж, улмаар “Синопийк” ХХК нь хүлээж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шалтгаан бол “Синопийк” ХХК-ийн зүгээс эдийн засаг хямрсанаас болж мөнгө байхгүй, өгч чадахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэдэг тайлбар өгч байсантай холбоотой. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлдээ орон сууц захиалах гэрээний 6.2 дах хэсгийг баримталсан байна. 6.2 дахь хэсэг бол сөрөг нэхэмжлэл дээр байгаа шиг хоногоор хязгааргүй үржүүлэх боломж байдаггүй. Гэрээний 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд талуудын төлөх алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй байна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр 660 хоногоор үржүүлэх биш, үүний үнийн дүнгийн хязгаарлалт бол 6.4 дэх хэсэгт байгаа. Сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч тал гэрээний 6.1 биш 6.2 дэх хэсгийг үндэслэж байгаа юм байна. Гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэж байгаа л юм бол 6.4 дэх заалтыг зайлшгүй хэрэглэх ёстой болчхож байна. Яагаад гэвэл 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэхээр 6.2 дахь заалт орох ёстой гэсэн заалтыг зааж байна. 6.2 дахь заалтад заасан хувь хэмжээ бол гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэж зааж байна. Нийт 96.358.850 төгрөг бол нэгэнт гэрээн дээрээ ингээд заасан учраас ямар ч боломжгүй тоо. Хэргийн нөхцөл байдал дээр нэгэнт Ж.Даваажаргал төлөх боломжгүй болсон буюу хүсэлтээ удаа дараа уламжласныг нь харгалзаж үзээд гэрээний 6.1 дэх урьдчилсан нөхцөлийг хангасан буюу А талд төлөх нийт үнийн дүн буюу 275.311.000 төгрөгөөс төлсөн 82.593.300 төгрөгийг хасч түүнээс 5%-ийг тооцоод А талд торгуулийг төлж гэрээг цуцлах хүсэлт байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйл дээр худалдан авагчид шилжүүлснээр буюу үр шим худалдан авагчид шилжсэн үеэс буюу Ж.Даваажаргал “Синопийк” ХХК-иас байшингаа авч, тэндээ амьдарч үр шимийг нь хүртэж байж энэ халаалт болон үүнтэй холбогдсон бусад зардлуудыг төлөх үүрэг үүсэх ёстой болохоос биш тухайн байрыг ашиглаж, захиран зарцуулж, эзэмшихгүйгээр гадна талаас нь тухайн үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас нэгэнт үр шимийг хүртээгүй бол үүнтэй холбоотой гарч байгаа тодорхой зардлуудыг төлөх үндэслэлгүй. “Синопийк” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих, зайлшгүй буцааж өгөх ёстой мөнгийг өөрийн болгох, төлөхгүй хугацаа хожих зэрэг шалтгаантай байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг эдлээгүй учраас тухайн өмчлөлтэй холбоотой урсгал зардлуудыг төлнө гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00863 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй, “Синопийк” ХХК-д холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Г-201405 дугаар “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-г цуцлах, 144.233.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 192.717.700 төгрөг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98.513.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 879.120 төгрөг, хариуцагч “Синопийк” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1.392.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Синопийк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 221.834 төгрөгийг нөхөн гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар дансанд оруулах, нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 1.121.538 төгрөгийг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 162 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Синопийк” ХХК-иас 122.593.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даваажаргалд олгож, үлдэх 21.640.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар Ж.Даваажаргалаас 9.800.000 төгрөг гаргуулан “Синопийк” ХХК-д олгож, Ж.Даваажаргалаас 291.230.912 төгрөг гаргуулах тухай “Синопийк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Ж.Даваажаргалаас 1.121.538 төгрөг гаргуулан...” гэснийг “...171.750...” төгрөг гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 879.120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 162 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна.

1. Магадлалд “ ...Иргэний хуулийн 204, 225.1, 205.1, 232.6 дахь зааснаар хариуцагч “Синопийк” ХХК-иас 122 593 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж. Даваажаргалд олгож үлдэх 21 640 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Тухайлбал:

Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1-д заалтыг шүүх хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч “Синопийк” ХХК нь 2014 оны №Б-2014/18 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2014 оны Г-2014/05 дугаар Автомашины зогсоол захиалгын гэрээнд заасан үүргүүдээ бүрэн биелүүлж, чанарын шаардлага хангасан орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаандаа ашиглалтад оруулж, МУ-ын Иргэний хуулийн 350-р зүйлийн 350.1.1-д заасан үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1, 204.2-т заасны дагуу Талууд “Орон сууц захиалгын гэрээ”-ний 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт гэрээ цуцлах, татгалзах хугацааг харилцан тохиролцсон. Харин давж заалдах шатны шүүх ИХ-ийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэн гэрээний 5-р заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Талууд уг гэрээг хуулийн хүрээнд чөлөөт зарчимд үндэслэж өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан. Түүнээс бус аль нэг тал нь монопол эрх эдэлж, тулгах замаар гэрээг байгуулаагүй ба хоёр тал гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцож байгуулсан. Тиймээс гэрээний 5-р заалт нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй бөгөөд талуудад адилхан хамааралтай ба “гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах хугацааг тогтоосон” нь аль алиных нь эрх ашгийг хамгаалсан заалт юм.

2. Нийслэлийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээг Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь Хан-уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 17041 , Туул гол гудамжинд баригдаж буй орон сууцны 14 давхарт, 88.81 м кв талбай бүхий орон сууцыг “Нью ч классик” загвар бүхий өрөөний зохион байгуулалт, интерьер дизайнтайгаар захиалсан. Уг орон сууц нь “Нью классик” загвар, “Америк” загвар, “Шинэ загвар” гэсэн загваруудтай ба захиалагчийн санал болгосон тухайн загвараас шалтгаалж, өрөөний зохион байгуулалт, шалны материал, обой гэх мэт нь өөр өөр байдаг болно. Тиймээс энэхүү гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Магадлалд “Автозогсоолын өмчлөх эрхтэй холбогдох бичиг баримт болон эзэмших эрхийг хариуцагч шилжүүлээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Автозогсоолын төлбөрөө бүрэн хийсэн захиалагч нар зогсоолоо авч, ашиглаж байгаа ба нэхэмжлэгч ч мөн адил өөрийн 34 тоот зогсоолоо өнөөг хүртэл ашиглаж байгаа болно. Гаражийн хаалга нь чипээр онгойдог ба 34 тоот зогсоолын чип түлхүүрийг 2015 онд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн 51-р талд байгаа гаражтай айлуудын мэдээлэл” гэсэн хүснэгт бүхий баримтаар нотлогдог. Мөн “Туул ван” СӨХ-ийн харуул Д.Хүрэлсүх, “Синопийк” ХХК-ийн аж ахуйн туслах ажилчин Б.Отгонбаяр нар анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцож, уг зогсоолыг нэхэмжлэгч тал эзэмшиж байгаа талаар мэдүүлцгээсэн.

Мөн магадлалд “Талууд гэрээндээ алдангийг 5 хувь байхаар тохиролцсон нь хуульд нийцээгүй учир гэрээний энэ нөхцөл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэсэн нь үндэслэлгүй ба гэрээний 6.2-р зүйлд” “Б” тал нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг “А” талд төлнө” гэж заасан байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх “алдангийг 5% байхаар тохиролцсон” гэж үзэн гэрээний тухайн нөхцлийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна” гэсэн нь хууль бус байна. Тиймээс Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсгийг хэрэглэх ёсгүй юм.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх МУ-ын ИХШХШТ хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, хуульд заасан ямар нэг үндэслэл байхгүй байхад нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэлт хийж , гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг зохицуулсан хуулийн заалтуудыг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, улмаар хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 162 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Давж заалдах  шатны  шүүхийн  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

            Нэхэмжлэгч Ж.Даваажаргалын “...гэрээ цуцалж, 144.233.300 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Синопийк” ХХК эс зөвшөөрч гэрээний үүрэг болон бусад төлбөрт 291.230.912 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь 88.81 м.кв талбай бүхий орон сууцыг 275.311.000 төгрөгөөр, мөн 34 тоот зогсоол худалдан авахаар тохирсон, үүний дагуу орон сууцны төлбөрт 82.593.300 төгрөг, зогсоолын үнэ 40.000.000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

            Харин талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

            Гэрээнд заасан орон сууц 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад орсон байх ба нэхэмжлэгч нь ашиглалтад орохоос 1 сар 10 хоногийн өмнө орон сууцыг, харин ашиглалтад орсны дараа зогсоол худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй.

            Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь орон сууц, зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд худалдан авагч гэрээнээс татгалзах эрхтэй.

            Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахдаа гэрээнд заасан торгууль төлөхийг хүлээн зөвшөөрчээ.          

            Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлээс 122.593.300 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дах зохицуулалтад нийцжээ.

            Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 162 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1.121.538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ