Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00863

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2016/00863

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Авзага овогт, Жанчивын Даваажаргалын нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, төгөл хус, 11-22 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЕ73102901 /

 

            Хариуцагч: “Синопийк” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж, 29-3 дугаар байр, Туул ван апартментад байрлах, регистрийн дугаар 5527368, улсын бүртгэлийн гэрчилгээ 9019059080 /

 

Гэрээ цуцлах, 144.233.300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэл, бусад төлбөрт 291.230.912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, гэрч Д.Хүрэлсүх, гэрч Б.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Даваажаргал нь “Синопийк” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээ тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м.кв талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 82.593.300 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, автомашин зогсоолын нийт үнийн дүнгийн 100 хувь болох 40.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Синопийк”  ХХК-д төлсөн. Дээрх гэрээгээр “Синопийк” ХХК нь автомашины зогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд автомашины зогсоолыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, улмаар захиалагчид гэрээгээр тохиролцоогүй үүргийг буюу 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Синопийк” ХХК-тай Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээний нийт үнийг төлж дуусгасан тохиолдолд автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх хууль бус шаардлагыг тавьж автомашины зогсоолыг хүлээлгэн өгөхгүй байна. Анх Ж.Даваажаргал нь уг байрыг авах хүсэл зоригтой байсан. Тийм ч учраас “Синопийк” ХХК-тай гэрээ байгуулсан. Харамсалтай нь гэрээний үнийг төлж байх явцад иргэн Ж.Даваажаргалын хувьд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Энэ нь Ж.Даваажаргал нь 1 м.кв нь 3.100.000 төгрөгийн үнэтэй байрыг худалдаж авах төлбөрийн чадваргүй болсон. Мөн иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр автомашин зогсоолын 40.000.000 төгрөгийн гэрээний дагуу нийт 100 хувийн үнийг төлсөн байтал “Синопийк” ХХК-иас 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу үнийн дүнг 100 хувь төлж байж гараж өмчлөх эрхээ аваарай гэсэн саналыг тавьсан. Ингээд нэг талаас эдийн засгийн боломжгүй, нөгөө талаасаа хүмүүсийн хоорондын үл ойлголцох шалтгаан гарч Ж.Даваажаргал үүн дээр үндэслээд ерөнхийдөө байрыг худалдаж авах боломжгүй юм байна гээд гэрээгээ цуцлаж гэрээнд заасан хувийг нь өгье гэхэд “Синопийк” ХХК нь саналыг хүлээж авч байна. Гэхдээ мөнгийг одоо өгөх боломжгүй буюу жилийн дараа өгье. Одоо эдийн засаг хямарсан байгаа учраас байр зарагдахгүй, компани мөнгөгүй тул таны мөнгийг барагдуулж чадахгүй, та жил хүлээчих гэсэн. Ж.Даваажаргал нь орон сууц захиалах гэрээний 6.1-т заасан 5%-тай тэнцэх торгуулийг нь төлөөд үлдсэн мөнгөө авъя. Мөн гараж өгөхгүй байгаа юм чинь автомашин зогсоолын гэрээний 6.1-т заасан 10%-ийг нь үлдээгээд үлдсэн мөнгөө авъя гэсэн. “Синопийк” ХХК нь тухайн үед бас л жилийн дараа өгнө бусдаар мөнгө өгөх ямар ч боломжгүй байна гэсэн. Тэгээд шүүхэд хандсан байдаг. Шүүхээс гэрээг цуцлах буюу орон сууц захиалах гэрээний дагуу өгсөн 82.593.300 төгрөг, мөн автомашины зогсоолын гэрээний дагуу төлсөн 40.000.000 төгрөг, нийт 122.593.300 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн автомашины зогсоолын 100%-ийн үнийг төлөөд авсан гэж ойлготол өмчлөх эрхээ шилжүүлэхгүй байснаас болоод иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрөөс хойш өмчилж, эзэмшиж, захиран зарцуулж чадаагүй учраас хохирол үүссэн. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд Ж.Даваажаргалд өмчлөх эрх байсан эсэх талаар тайлбарлана. Өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор өмчлөлөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаална. Өөрөөр хэлбэл өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх нь Ж.Даваажаргалд байхгүй байсан буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх Ж.Даваажаргалд шилжээгүй байна. Ингэхээр Ж.Даваажаргал автомашин зогсоолын гэрээг цуцлах буюу нийт 40.000.000 төгрөгөө буцааж авах эсвэл тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ “Синопийк” ХХК гүйцэтгээгүй буюу өнөөдрийг хүртэл Ж.Даваажаргал нь гараж түрээслэж байсан 1 сарын 300.000 төгрөг гэж тооцвол 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс автомашин зогсоолын түрээсийн гэрээ байгуулж 4.800.000 төгрөгөөр нийт 16 сарын хугацаанд түрээслэсэн. Иймд өмчлөх эрхээ шилжүүлж чадаагүй, хууль бус үйлдлээс болоод хохирол гэж үзээд “Синопийк” ХХК-иас 4.800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн гэрээний алдангид нийт 16.840.000 төгрөгийг “Синопийк” ХХК-иас шаардаж байгаа. Үндэслэл нь гэрээний 6.2-т зааснаар хоног тутамд 0.1% алданги бодогдоно гэсний дагуу гаргаж ирсэн тоо. Нийт 421 хоног буюу хувьсах коффицентоор үржүүлэх юм бол 16.840.000 төгрөг болж байгаа, мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 16 сар  автомашины гараж түрээслэсэн төлбөрийн хохиролд 4.800.000 төгрөг, мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан автомашины захиалгын гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар 0.1 хувийн алдангийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 421 хоногийг хувьсах коффицентоор 40.000 төгрөгөөр бодож нийт 16.840.000 төгрөг гаргуулах гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Даваажаргал нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Синопийк” ХХК-тай № Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн № Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээ тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м2 талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож захиалсан. Уг орон сууцыг тус компани нь батлагдсан зураг төслийн дагуу  барилгын норм ба дүрэм, чанар, стандартад нийцүүлэн барьж дуусган 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст  хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. “Синопийк” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ж.Даваажаргалтай байгуулсан № Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн № Г-2014 5 дугаар автомашины зогсоолын гэрээнд заасан үүргүүдээ бүрэн биелүүлж, гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг ашиглалтанд оруулсан. Харин нэхэмжлэгч Ж.Даваажаргал нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж, үлдэгдэл төлбөр болох 192.717.700 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу захиалагч нь улсын комиссын дүгнэлтийн дараа төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой атал 10 гаруй сар өнгөрчихөөд байхад төлбөрөө төлөлгүй гэрээгээ зөрчиж байна. Ж.Даваажаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зах зээлийн үнээс хэт дээгүүр үнээр орон сууц худалдан авах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №Б-2014 18 дугаар орон сууц захиалгын гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 82.593.300 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа  нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. “Туул ван” орон сууцны 1 мкв-ийн үнэ тухайн үед 3.100.000 төгрөг байсан ба талууд гэрээний нөхцлийг харилцан тохиролцон хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн цуцлах” санал тавьжээ. Хоёр гэрээний 6.1 дүгээр заалтуудад “... гэрээ цуцлагдсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5.0%-тай тэнцэх торгуулийг А талд төлнө” гэж тохиролцсон. Мөн гэрээний 5.2 дугаар зүйлд зааснаар Б тал нь гэрээг дангаар цуцлах эрхгүй бөгөөд гэрээ цуцлагдах ямар үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэгч авто зогсоолыг захиалагчид өгөөгүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Орон сууцыг авто зогсоолын хамт 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан. Авто зогсоолыг төлбөрөө бүрэн хийсэн захиалагч нар зогсоолоо авч ашиглаж байгаа ба Ж.Даваажаргал ч мөн адил өөрийн 34 тоот зогсоолоо авч ашиглаж байгаа болно. Тиймээс нэхэмжлээд байгаа 4.800.000 төгрөг, алданги 16.840.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ж.Даваажаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба тэрээр гэрээний үүргээ зөрчиж өнөөг хүртэл төлбөр болон алдангиа бүрэн төлөхгүй, мөн СӨХ, харуул хамгаалалт, халаалт, техникийн үйлчилгээний төлбөрүүдээ гэрээний 4-12 дугаар зүйлд заасны дагуу төлөлгүй компанийг давхар хохироож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Синопийк” ХХК нь Ж.Даваажаргалтай орон сууц болон автомашин зогсоолын захиалгын хүчин төгөлдөр гэрээг байгуулж 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, уг байрыг захиалагч нар ашиглах бүрэн боломж бүрдсэн. Гэтэл Ж.Даваажаргал нь орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх заалтын дагуу 275.311.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй атал 30% буюу 82.593.300 төгрөгийг төлж, үлдэгдэл 70% буюу 192.717.700 төгрөгийг өнөөг хүртэл төлөлгүй захиалгын гэрээний 2.3, 4.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж байна. Гэрээний 2.3 дугаар зүйлд заасны дагуу захиалагч улсын комиссын дүгнэлт гарсаны дараа төлбөрөө бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл 1 жил, 10 сар өнгөрчихөөд байхад төлбөрөө төлөөгүй байна. Уг гэрээний 6.2-т төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх алдангийг төлөхөөр заасан. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 22 сар буюу 660 хоногийн алданги 127.232.820 төгрөг болж байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй тул 192.717.700 төгрөгийн 50% болох 96.358.850 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилж байгаа. Мөн гэрээний 4.12 дугаар зүйлд заасны дагуу улсын комисс хүлээж авсан өдрөөс эхлэн СӨХ-ны мөнгө, халаалтын мөнгө, техник үйлчилгээний зардлуудыг захиалагч хариуцахаар үүрэг хүлээсэн. Иймд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 22 сарын СӨХ-ийн 1 сарын төлбөр 43.762 төгрөг байдаг, үүнийг 22 сараар үржүүлэхээр 1.232.764 төгрөг болж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын гаражийн төлбөрт 270.000 төгрөг нэхэмжилж байгаа. 1 сарын гаражийн төлбөр 15.000 төгрөг. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016  оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 16 сарын халаалтын мөнгө болох 651.598 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Нийт 291.230.912 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцогт сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Даваажаргал нь удаа дараа “Синопийк” ХХК-д орон сууц захиалах гэрээг цуцлах тухай үндэслэл бүхий хүсэлт, саналыг хууль, гэрээг үндэслэн 2014 оны 8 дугаар сараас тавьж, улмаар “Синопийк” ХХК нь хүлээж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл маргаантай байгаа шалтгаан бол “Синопийк” ХХК-ийн зүгээс эдийн засаг хямрсанаас болж мөнгө байхгүй, өгч чадахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэдэг тайлбар өгч байсантай холбоотой. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлдээ орон сууц захиалах гэрээний 6.2 дах хэсгийг баримталсан байна. 6.2 дахь хэсэг бол сөрөг нэхэмжлэл дээр байгаа шиг хоногоор хязгааргүй үржүүлэх боломж байдаггүй. Гэрээний 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд талуудын төлөх алдангийн дээд хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй байна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр 660 хоногоор үржүүлэх биш, үүний үнийн дүнгийн хязгаарлалт бол 6.4 дэх хэсэгт байгаа. Манайх “Синопийк” ХХК-д гэрээний 6.1-т заасны дагуу санал буюу Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй эсвэл Б талын хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд Б талын А талд төлөх нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх торгуулийг А талд төлнө гэж байгаа. “Синопийк” ХХК-д Ж.Даваажаргал төлье гэсэн үндэслэлээ орон сууц захиалах гэрээний 6.1 болон мөн автомашины зогсоолын захиалгын гэрээний 6.1 дэх хэсгийг үндэслээд 5%-иа өгье, үлдсэн мөнгөө буцаагаад авъя гэсэн санал тавьсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч тал гэрээний 6.1 биш 6.2 дэх хэсгийг үндэслэж байгаа юм байна. Гэрээний 6.2 дахь заалтыг үндэслэж байгаа л юм бол 6.4 дэх заалтыг зайлшгүй хэрэглэх ёстой болчихож байна. Яагаад гэвэл 6.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэхээр 6.2 дахь заалт орох ёстой гэсэн заалтыг зааж байна. 6.2 дахь заалтад заасан хувь хэмжээ бол гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэж зааж байна. Нийт 96.358.850 төгрөг бол нэгэнт гэрээн дээрээ ингээд заасан учраас ямар ч боломжгүй тоо. Тэгэхээр манай талаас гэрээний 6.1 дах заалтыг баримталж байгаа. 6.1 болон 6.4 дэх заалтууд харахад ижил юм шиг мөртлөө нэгнийх нь эрхийг дээрдүүлж, нөгөөгийнх нь эрхийг дордуулсан. 6.1 дээр А талд төлөх нийт үнийн дүнгийн гэхээр бага тоо, 6.4 дээр гэрээний үнийн дүнгийн гэхээр их тоо гарч байна. Хэргийн нөхцөл байдал дээр нэгэнт Ж.Даваажаргал төлөх боломжгүй болсон буюу хүсэлтээ удаа дараа уламжласныг нь харгалзаж үзээд гэрээний 6.1 дэх урьдчилсан нөхцөлийг хангасан буюу А талд төлөх нийт үнийн дүн буюу 275.311.000 төгрөгөөс төлсөн 82.593.300 төгрөгийг хасч түүнээс 5%-ийг тооцоод А талд торгуулийг төлж гэрээг цуцлах хүсэлт байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйл дээр худалдан авагчид шилжүүлснээр буюу үр шим худалдан авагчид шилжсэн үеэс буюу Ж.Даваажаргал “Синопийк” ХХК-иас байшингаа авч, тэндээ амьдарч үр шимийг нь хүртэж байж энэ халаалт болон үүнтэй холбогдсон бусад зардлуудыг төлөх үүрэг үүсэх ёстой болохоос биш тухайн байрыг ашиглаж, захиран зарцуулж, эзэмшихгүйгээр гадна талаас нь тухайн үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас нэгэнт үр шимийг хүртээгүй бол үүнтэй холбоотой гарч байгаа тодорхой зардлуудыг төлөх үндэслэлгүй. “Синопийк” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргаж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих, зайлшгүй буцааж өгөх ёстой мөнгийг өөрийн болгох, төлөхгүй хугацаа хожих зэрэг шалтгаантай байна. Дээрээс нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийг эдлээгүй учраас тухайн өмчлөлтэй холбоотой урсгал зардлуудыг төлнө гэдэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй, “Синопийк” ХХК-д холбогдох, гэрээ цуцлах, 144.233.300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Синопийк” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэл, бусад төлбөрт 291.230.912 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Даваажаргалын “...2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаартай орон сууцны захиалгын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Г-201405 дугаартай автомашины зогсоолын захиалгын гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 гэх хаягт баригдаж буй орон сууцны барилгаас 88.81 м.кв талбай бүхий 240 тоот орон сууц, тус байрны автомашины зогсоолоос 34 тоот автомашины зогсоолыг авахаар тохиролцож, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 82.593.300 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, автомашин зогсоолын нийт үнийн дүнгийн 100 хувь болох 40.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Синопийк”  ХХК-д төлсөн. Дээрх гэрээгээр “Синопийк” ХХК нь автомашины зогсоолыг 2014 оны 4 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хүлээлгэн өгөөгүй, мөн уг орон сууц, автозогсоол нь хэт өндөр үнэтэй, түүнчлэн би үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй тул дээрх хоёр гэрээг цуцлаж, орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн 82.593.300 төгрөг, автомашины зогсоолын гэрээний дагуу төлсөн 40.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 16 сар автомашин зогсоол түрээслэсэн  4.800.000 төгрөг, гэрээний 6.2-т зааснаар 421 хонгийн алданги 16.840.000 төгрөг, нийт 144.233.300 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Синопийк” ХХК хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...орон сууц захиалгын гэрээний 70 хувийн үлдэгдэл төлбөр 192.717.700 төгрөг, алданги 96.358.850 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1.232.764 төгрөг, гаражийн төлбөрт 270.000 төгрөг, халаалтын төлбөр 651.598 төгрөг, нийт 291.230.912 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд мэтгэлцжээ.

 

1. “Синопийк” ХХК, Ж.Даваажаргал нар 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Синопийк” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байр, 240 тоот, Ньюклассик загварын 88.81 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч Ж.Даваажаргал нь орон сууцны 1 м.кв-ийг 3.100.000 төгрөгөөр тооцож, нийт 275.311.000 төгрөгийн 10 хувь болох 27.531.100 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 20 хувь болох 55.062.200 төгрөгийг орон сууцыг ашиглалт хүлээн авсан Улсын комиссын дүгнэлт гарсны дараа төлөх, үлдэх 70 хувь болох 192.717.700 төгрөгийг орон сууцны түлхүүр хүлээж авахад төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй болно.

 

Мөн гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Синопийк” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байр, 240 тоот, Ньюклассик загварын 88.81 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад оруулсан, захиалагч Ж.Даваажаргал нь орон сууцны төлбөрт нийт 275.311.000 төгрөг төлөхөөс 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10 хувь болох 27.531.100 төгрөг, орон сууцыг ашиглалт хүлээн авсан Улсын комиссын дүгнэлт гарсны дараа 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20 хувь болох 55.062.200 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, Орон сууц захиалгын гэрээ, “Синопийк” ХХК-д төлбөр төлсөн талаарх 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орлогын ордер тасалбар, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Барилгы байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2014/461 дүгээр акт зэргээр нотлогджээ.

 

Дээрх үйл баримтаар ажил гүйцэтгэгч “Синопийк” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлсэн” болох нь тогтоогдож байх бөгөөд захиалагч Ж.Даваажаргал нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т “гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах үүргээ биелүүлээгүй” болох нь тогтоогджээ.

 

Иймд 1.1. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэсэн байх тул захиалагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Даваажаргалын  “...уг орон сууц зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй, түүнчлэн би үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй” гэх үндэслэлээр уг гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Даваажаргал 1 м.кв-ыг 3.100.000 төгрөгөөр тооцож, нийт 275.311.000 төгрөгөөр уг орон сууцыг захиалан бариулах хүсэл зоригийг илэрхийлж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн “2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар Орон сууц захиалгын гэрээ”-г цуцлах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

1.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээ цуцлагдаагүй тул 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу захиалагчаас ажлын хөлсөнд ажил гүйцэтгэгчид төлсөн орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 82.593.300 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

1.3. Харин захиалагч Ж.Даваажаргал нь ажил гүйцэтгэгч “Синопийк” ХХК-д талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 29 дүгээр байр, 240 тоот, 88.81 м.кв талбай бүхий орон сууцны ажлын хөлсөнд нийт 275.311.000 төгрөг төлөхөөөс 82.593.300 төгрөг төлснийг хасаж тооцон 192.717.700 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 192.717.700 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Синопийк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

“Орон сууц захиалгын гэрээ”-д “үлдэх ажлын хөлс 70 хувь буюу 192.717.700 төгрөгийг түлхүүр хүлээж авахад төлнө” гэж заасан байх бөгөөд уг гэрээнд “түлхүүр хүлээлгэн өгөх, авах хугацааг тодорхой заагаагүй байх тул ажил гүйцэтгэгч “Синопийк” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “гэрээнд заасан хугацааг хэдний өдрөөс хэтрүүлснийг тодорхойлох боломжгүй” байх тул гэрээний 6.2-т заасан алдангийг захиалагч Ж.Даваажаргалаас шаардах эрхээ алдсан байх тул алдангид 96.358.850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээний хугацааг хэдний өдрөөс хэтрүүлсэнийг тодорхойлох боломжгүй байна.

 

Мөн хариуцагч “Синопийк” ХХК-ийн “...СӨХ-ны төлбөр 1.232.764 төгрөг, гаражийн төлбөр 270.000 төгрөг, халаалтын төлбөр 651.598 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь хариуцагч тал уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй этгээд эсэхийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг мөн шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

2. “Синопийк” ХХК, Ж.Даваажаргал нар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Г-201405 дугаар “Автомашины зогсоол захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Синопийк” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр орон сууцны доор В1 зоорийн давхарт байрлах 34 тоот, автозогсоолыг 40.000.000 төгрөгөөр Ж.Даваажаргалд нийлүүлэхээр тохиролцжээ.

 

Талуудын тайлбараар “...2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Автомашины зогсоол захиалгын гэрээ’ байгуулах үед автозогсооол ашиглалтад орсон байсан, Ж.Даваажаргал автозогсоолын үнэ 40.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ‘Синопийк ХХК-д төлсөн талаар маргаагүй тул талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр орон сууцны доор В1 зоорийн давхарт байрлах 34 тоот автозогсоолsu “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ж.Даваажаргал “... “Синопийк” ХХК-иас автозогсоолыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй” гэсэн тайлбар, хариуцагч “Синопийк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг “...Ж.Даваажаргал нь автозогсоолын төлбөрийг бүрэн төлсөн тул өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа, өмчлөх эрхийг нь шилжүүлэхэд бэлэн гэрээнд зааснаар манайд хандаагүй” гэсэн тайлбар гаргадаг бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Даваажаргалыг уг автозогсоолыг хүлээн аваагүй, ашиглаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-т зааснаар худалдан авагч буюу Ж.Даваажаргал худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн байх бөгөөд автозогсоол худалдах-худалдан авах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулснаас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд автозогсоолыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгөх талаар худалдагч “Синопийк” ХХК-д хандаж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх үйл баримтаар худалдагч “Синопийк” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн талаар холбогдох баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар худалдан авагч Ж.Даваажаргал нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-ээс татгалзах, эрхгүй тул нэхэмжлэгчийн  “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-г цуцлах, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар автозогсоолын төлбөр 40.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн “...гэрээнээс учирсан хохирол болох автозогсоолыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс Буянтөгс ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, ХД-58 дугаар бүхий 2 давхар барилгын автомашины зогсоолыг түрээслэсэн 4.800.000 төгрөг гаргуулах, алдангид 16.840.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй юм.

 

Өөрөөр хэлбэл худалдагч “Синопийк” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-д заасан үүргээ зөрчсөн болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч Ж.Даваажаргал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс учирсан хохирол, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхгүй болно.

 

Дээр дурдсанаар “Синопийк” ХХК-д холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар “Орон сууцны захиалгын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Г-201405 дугаар “Автомашины зогсоолын захиалгын гэрээ”-г цуцлах, орон сууц захиалсан ажлын хөлс 82.593.300 төгрөг, автозогсоол худалдан авсан төлбөр 40.000.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 4.800.000 төгрөг, алданги 16.840.000 төгрөг, нийт 144.233.300 төгрөг гаргуулах тухай Ж.Даваажаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас орон сууц захиалгын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 192.717.700 төгрөг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох алданги 96.358.850 төгрөг, СӨХ-ны төлбөр 1.232.764 төгрөг, гаражийн төлбөр 270.000 төгрөг, халаалтын төлбөр 651.598 төгрөг, нийт 98.513.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Даваажаргалын нэхэмжлэлтэй, “Синопийк” ХХК-д холбогдох, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б-201418 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Г-201405 дугаар “Автомашины зогсоол захиалгын гэрээ”-г цуцлах, 144.233.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 192.717.700 төгрөг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98.513.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 879.120 төгрөг, хариуцагч “Синопийк” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1.392.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Синопийк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 221.834 төгрөгийг нөхөн гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар дансанд оруулах, нэхэмжлэгч Ж.Даваажаргалаас 1.121.538 төгрөгийг гаргуулан хариуцагч “Синопийк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД