Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 553

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Ц.П 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өргөө-71 барилгын орчимд Т.Уын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 800.000 төгрөг төлсөн гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч Т.У мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр найзынхаа хамтаар гэр рүүгээ харих гээд Өргөө 71 барилгын доогуур гарч явтал үл таних хүн хойноос та нар барилга руу юм шидлээ гээд орилсон. Тэгэхээр нь би тэр хүмүүс дээр очоод бид нар юм шидээгүй ээ, та нар хүн андуураад байна гэхэд уг барилгаас хүмүүс хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр тэр хүмүүстэй маргалдахад тэд нар уг барилгаас гарч ирээд нэг залуу нь манай найзыг барьж аваад боосон бөгөөд өөр нэг нь намайг заамдсан. Энэ үед миний толгой халуу оргиод юм урсах шиг болохоор нь үзтэл толгой хагарч цус гарсан байсан. Тэгэхээр нь би та нар миний толгойг хагалчихлаа ш дээ гэхэд тэр залуус тоохгүй буцаад барилга руу орчихоор нь цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажил тараад Утай ганц хоёр пиво уусан. Тэгээд орой 23 цагийн орчим вокзалаас такси барих гээд Өргөө 71 барилгын хажуугаар алхаад явж байтал араас баахан хүмүүс юм шидлээ хогоо ав гээд орилоод байхаар нь У бид хоёр очоод бид хоёрт барьсан юм байхгүй зүгээр явж байхад чинь гэж хэлтэл уг барилгын хашаанаас 2-3 залуу гарч ирээд юу юугүй нэг нь намайг араас боож, өөр нэг эрэгтэй хүн Утай зууралдаад доош унагах гээд ноцолдоод байсан...У дээр очтол түүний толгойноос цус гарчихсан байхаар нь би  тэр залууст та нар хүний толгой хагалсан байна ш дээ ямар хаашаа юм бэ гэтэл огт тоогоогүй. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Энхбаатар мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 24-ний орой барилга дээр бетон авч байгаад гараад иртэл үл таних хоёр залуу “та нар юу юм бэ” гээд пиджактай залуу нь гар утсаараа бичлэг хийгээд хамт байсан залуу орилоод байсан...тэр хоёр над руу зэрэг дайрахаар нь би маргалдаад зогсож байтал Ц ах гарч ирээд нэг залуутай нь зууралдаад цааш гарахад тэр залуу нь толгой хагалчихлаа гээд орилж байснаа цагдаа дуудсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6834 дугаартай: Т.Уын биед зулайн хуйханд шарх, хүзүүнд цус хуралт, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Ц.П мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 24-ний орой 23 цаг нилээд өнгөрч байхад ажилчиддаа хоол хүргэж өгчихөөд ажилчин маань хоолоо идэх үед нь би помпны ар талд зогсож байсан. Гэтэл үл таних хоёр залуу барилгын хажуугаар гарч явснаа ууж байсан ундааны саваа шидчихээр нь би тэр тэр залууст “хогоо аваач ээ” гэсэн шаардлагыг хэлсэн. Гэтэл тэр залуусын  нэг нь гар утасны камераар бичлэг хийгээд “та нар юу юм бэ” гэж орилоод байхаар нь би төвөг гэж бодоод орхисон. Тэгээд нэг харахад манай уг барилга дээр байсан ажилчид нөгөө хоёр залууг яв гээд түлхэж харагдахаар нь нэг залууг нь яваач ээ гээд араас нь татаад цааш түлхтэл хашаа мөргөсөн, тархи нь хагарсан бололтой толгойноос нь цус гарчихсан байсан. /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Пийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 37/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 38/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.П 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өргөө 71 барилгын орчимд Т.Уын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Уын”...нэг нь намайг заамдсан бөгөөд энэ үед миний толгой халуу оргиод юм урсах шиг болохоор нь үзтэл толгой хагарч цус гарсан байсан...”/хх-ийн 10/, гэрч С.Мөнхбаярын”...У дээр очтол түүний толгойноос цус гарчихсан байсан...” /хх-ийн 12/, гэрч Ц.Энхбаатарын”...Ц ах гарч ирээд нэг залуутай нь зууралдаад цааш гарахад тэр залуу нь толгой хагалчихлаа гээд орилж байсан...” /хх-ийн 14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6834 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Ц.Пийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” нэг залууг нь яваач ээ гээд араас нь татаад цааш түлхтэл хашаа мөргөсөн, тархи нь хагарсан бололтой толгойноос нь цус гарчихсан байсан” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохиролын төлбөрт 800.000 төгрөг авсан, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Ц.Пт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.