Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 821

 

 

 

 

 

 

 

зГАДЛАЛ

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох 1805003460318 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Б-ын Б, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ........... оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 739 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД: ...../;

 

Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 17 тоотод, хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Б.Ч зүүн суган тус газар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш ов Б.Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, футболк, ноосон цамц тус бүр нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Ч эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

            Шүүгдэгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1257 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлт учир дутагдалтай байна. Миний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нь шүүхэд шинжээч эмчийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч шинжээч эмчийг оролцуулалгүй намайг ялласан. Шүүх хуралд шинжээч эмчийг зайлшгүй оролцуулах хүсэлтэй байна.

2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хохирогчийг хутгалсан гээд цагдаа нар намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь гэртээ очиход хаалга эвдэрсэн, гэрийг минь цэвэрлэж, миний цус болсон түрийвч, дотор нь байсан 400.000 төгрөг, цагаан өнгийн ipad /mini/, бас хэрэглэхээр бэлтгэж байсан хар тамхи зэрэг нь алга болсон байсан. Би дуудлагаар ирсэн цагдаа нарыг эд мөрийн баримтаар хурааж авсан юм байх гэж бодсон. Байцаагчаас асуухад тийм зүйл хураагдаагүй гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр намайг цагдан хорих тогтоол дээр гэрч Б манай хаалгыг эвдэж орсноо хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм учраас гэрч нар миний эд зүйлийг хулгайлж, эд мөрийн баримт болох, хэрэг болж байх үеийн бичлэгтэй ipad /mini/-г авсан гэж үзэж байгаа. Мөн хар тамхи бас авсан байсан. Ийм учраас гэрч Бийг шүүх хуралд суулгах хүсэлтэй байсан. ...Манай гэрийн хаалгыг эвдэж орсон гэдгийг цагдаагийн байгууллагаас надад анхааруулж, мэдэгдээгүйн улмаас дахин манай гэрээс 100.000 төгрөг хулгайлсан. Гэрч Б, Х, Х нар нь өөрсдийн гэмт үйлдлээ халхлахын тулд  хохирогч руу юмаа чихэж, хохирогчийг буруутан болгохыг завдсан. ...” гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийн эрхийг хязгаарлан, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн хуралд шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шинжээчийг дуудсан боловч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, мөн иргэдийн төлөөлөгчгүй шүүх хуралдааныг хийсэн. \2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл\ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 07\3634 тоот “шинжээч эмч Б.Ганзориг өвчтэй” гэх албан бичиг ирүүлсэн байдаг.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Ганзориг Дорнод аймагт томилолтоор ажиллаж байгаа гэх шалтгаанаар ирээгүй бөгөөд шинжээч эмчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шинжээч ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ...” гэснийг ноцтой зөрчсөн. Учир нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэрч нар худал мэдүүлэг өгсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцүүлэхээр шилжүүлсэн.

Шинжээч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж чадахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн байхад шинжээчийг оролцуулалгүй шүүх шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдлыг нотлон тогтоож чадаагүй.

Мөн шүүх гэрч нарыг албадан ирүүлэх захирамж гаргасан атлаа түүнийгээ хэрэгжүүлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоохгүй бусдын ялангуяа шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин шүүх хурлыг явуулсан. Тиймээс уг тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх Б.Б-г гэм буруутай гэж үзэхдээ гэрч нарын өөрсдийнх нь ярьсан худал мэдүүлгийг үндэслэл болгосон.

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1257 дугаартай дүгнэлт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 189\385 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэл болгосон. Уг журмын 3.1.11-т “...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх. Үүнд эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, агаар \пневмоторакс\ хуралдах зэрэг шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна...” гэж заасан байдаг. Гэтэл хохирогч Б.Ч-ын өвчний түүх, ЭХО болон шинжилгээний хариу бичлэгт агаар, пневмоторакс үгүй, мэс ажилбар хийгдээгүй гэсэн \хх-115\ тэмдэглэгээ байдаг. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн гэж үзэхээр байгаа тул шинжээч эмчийг байлцуулан шүүх хуралдааныг явуулах саналыг гаргасан.

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох хүмүүсийн нэрсийг баталгаажуулсан байдаг. 1 дугаартай Ж.Тогтохмэнд оролцохоор сонгогдож, нөөцөд 6 дугаартай А.Баасансүрэн, 28 дугаартай Ж.Лхагвасүрэн нар сонгогдсон байдаг. Гэтэл шүүх хуралд Үзмээ гэдэг хүн оролцон, хууль зөрчсөн байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон эрүүл мэндийн шалтгаанаа тодорхойлсон хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байхад түүнийг чамд нэг өмгөөлөгч байхад болно гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасныг зөрчин шүүх хуралдааныг хийсэн нь шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Б.Чын зүүн суган тус газар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. ..." гэжээ. Үүнийг шүүгдэгч Б.Б болон өмгөөлөгч миний бие анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ эрүүгийн хэрэгт анхнаас нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр нь ажиллаж ирсэн тул хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсан, прокурорын байгууллага хэрэгт хяналт тавих үүргээ биелүүлж чадсан эсэхийг хангалттай сайн нотлож чадна гэж үзэж байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллага анх мөрдөн шалгаж эхэлсэн үеэс сэжигтэн Б.Б-гийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж байсан бөгөөд прокурор, шүүхийн байгууллага ч гэсэн түүний болон өмгөөлөгч миний эрхийг дараах байдлаар зөрчиж байсныг тодорхой баримттайгаар дурдах нь зүйтэй. Үүнд:

Сэжигтэн Б.Б-гийн анх цагдаагийн байгууллагад өмгөөлөгч Б.Цолмон намайг байлцуулан, өгч байсан тайлбар нь хавтаст хэргээс алга болсон байсан. ...Уг алга болсон тайлбарыг цагдаагийн ямар албан тушаалтан, ямар зорилгоор, санаатай санамсаргүй ямар байдлаар устгаж, алга болгосныг одоо болтол бид мэдээгүй байна. Б.Б нь уг тайлбартаа “Би хохирогч Б.Ч-ыг санаатайгаар хутгалж гэмтээгээгүй. Харин тэр залуу хар тамхи татчихсан, мансуурчихсан үедээ манай гэрт орж ирээд над руу элдвээр дайрч, давшилж байснаа шууд намайг зодоод эхэлсэн. Тэгээд Ч нь хутга шүүрч авсан бөгөөд ... би түүний хутга барьсан гартай нь ноцолдож ... хутгыг Б.Чаас холдуулж, булааж авах үед Б.Ч нь миний гартаа барьсан хутгатай ноцолдож байгаад гэнэт ёолоод явчихсан. ...” гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь хохирогч гэх Б.Ч-ын мэдүүлэгтэй тохирдог бөгөөд хохирогч нь Цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ /хх-39-41/ “... намайг гэрт нь ороход Б.Б нурууны ар хэсэгтээ хутга хавчуулсан байсан. ...Би Б-гийн биеэс уг хутгыг өөрийн гараар авч, гал тогооны хэсгийн ширээний доод хэсэгт байсан будаа агшаагч дотор нуух маягтай хийсэн. ...” гэж мэдүүлсэн. Эндээс дүгнэлт хийхэд Б, хохирогч Ч нарыг хооронд тухайн хутгыг булаацалдах, харилцан бие биеэсээ авах гэсэн үйлдлүүд хийгдэж байсан болох нь тэдний мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 Б.Б-гийн анхны тайлбартаа өгч байсан "...Ч-ын гэрт анх орж ирэхдээ хар тамхи буюу өвс мэт зүйлийг ундааны саванд хийчихсэн орж ирээд уг зүйлээ гаргаж ирж, бидний нүдэн дээр татаж, улмаар мансуурч байсан. Цагдаа нар орж ирэх сургаар тэрээр татаж байсан өвс шиг юмаа цонхоор гадагш гаргаж шидсэн...” гэх асуудлыг шалгаагүй, ... үзлэг хийгээгүй. Мөн уг гэмт хэргийн гэрч нар гэх Х, Х, Б нар гэмт хэргийн талаарх мэдүүлгээ эхлээд тогтвортой, нэг янзын мэдүүлэг өгч байснаа мөрдөн шалгах ажиллагааны төгсгөлийн шатанд гэнэт янз, янзын өөр, өөр мэдүүлэг өгч эхэлсэн. ...Гэтэл тэдэнд хуулийн хариуцлага тооцоогүйгээр үл барам, тэдний сүүлд өгч эхэлсэн худал мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэж тооцон хэргийг прокурорт шилжүүлсэн, ... прокурор Эрдэнэбаяр нь ч энэ асуудалд огт анхаарал тавилгүй, худал мэдүүлэг өгсөн Х, Х, Б нарын хүмүүст ямар ч хуулийн хариуцлага тооцолгүйгээр хэргийг шууд шүүх рүү шилжүүлсэн.

 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрдэнэбаяр гэгч нь прокурорын хяналтыг маш муу тавьж, мөрдөн шалгах ажиллагааг туйлын дутуу дулимаг явуулсан учир гомдол гаргаж хэрэгт хяналт тавих үүргийг Оюунжаргал прокурорт шилжүүлснээс биш холбогдох хуулийг зөрчсөн хяналтын прокурор Эрдэнэбаяр гэдэг хүнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй, ...прокурор Эрдэнэбаяр ... хоригдож байсан Б.Б-д “Чи Ч-ыг хар тамхи татаж байсан, мансуурч байх үедээ чамайг зодсон гэх мэт олон юм яриад хэрэггүй. Зүгээр л Ч-ыг хутгалсан гэдгээ хэлээд л хэргээ хүлээчих” гэх мэтээр ятгаж байсан байдаг.

 Хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан. Гэвч шүүх  өмгөөлөгч миний гаргасан "уг хуулийн 6.13, 6.14, 6.15 дахь хэсгүүдэд заасны дагуу хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү" гэсэн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар гомдол хүсэлтийг шийдвэрлэхээр болсон. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие нь өвчний учир оролцох боломжгүй болсон хүсэлтээ, "Эмнэлгийн магадлагаа"-ны хамт шүүхэд хүргүүлсэн боловч өмгөөлөгч намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь шүүгдэгч Б.Бгийн болон түүний өмгөөлөгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Учир нь: Ю.Сэвлэгмаа өмгөөлөгчийн хувьд хэрэг прокурорын шатнаас шүүхийн шатанд шилжих үеэс л өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн өмгөөлөгч юм.

   Энэ хэргийн гэрч Х, Х, Б нарын хүмүүс нь зөвхөн худал мэдүүлэг өгөөд зогсоогүй өмгөөлөгч намайг ор үндэсгүй гүтгэж "Б.Цолмон өмгөөлөгч Б.Б-гийн гэрт хүрч ирж бид нартай уулзаад, улмаар эдгээр хүмүүсийг худал мэдүүлэг өгөхийг ятгасан учраас бид цагдаагийн байгууллага дээр очиж, худал мэдүүлэг өгсөн юм" хэмээн өмгөөлөгч миний ажил хэргийн нэр хүндэд туйлын бүдүүлгээр халдаж, өөрсдийн зүгээс хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгснийхөө бурууг өмгөөлөгч надад тохохыг оролдсон. Мөн түүнчлэн эдгээр гэрч нар нь хэрэг явдал болсон өдрийн орой сэжигтэн, хохирогч Б.Б-гийн гэрт нууцаар ирж, түүний гэрийн хаалгыг эвдэж ороод, хохирогч гэх Ч-ын татсан хар тамхитай холбоотой нотлох баримтуудыг устгасан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

 ...Энэ хэргийн шүүгдэгч Б.Б нь тухайн хэрэг гарсан өдөр хохирогч гэх Ч-д зодуулж, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Энэ нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд Ч нь энэ үйлдэл дээр шалгагдаж, харин Б.Б  хохирогчоор татагдаж, байцаалт мэдүүлэг өгч байсан. Гэтэл хэргийг мөрдөн шалгаж байсан, мөрдөгч Эрдэнэчулуун нь Ч-ын дээрх үйлдлийг хууль бусаар хэрэгсэхгүй болгох санал явуулж, хяналтын прокурор Эрдэнэбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Ийнхүү хэрэгсэхгүй болгосныг өмгөөлөгч миний бие болон хохирогч Б.Б нь огт мэдээгүй бөгөөд ... энэ тухай гомдлоо Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор н.Энхтуяа болон Улсын ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнуудад гаргаж байсан боловч хэрэг шүүх рүү шилжсэн гэдэг үндэслэлээр гомдлыг маань хэрэгсэхгүй болгож байсан.

Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах ажиллагаагаа дууссаны дараа өмгөөлөгч намайг хэргийг уншин танилцах боломжоор хангах ёстой бөгөөд энэ эрхийг маань мөн л зөрчиж байсан. ...Хэргийн материалтай танилцах гэхэд тухайн хэрэг нь үдэгдэж, хавтаслагдаагүй, огт хуудасны дугаар тавигдаагүй байсан. Би мөрдөгчид энэ тухай хэлэхэд “тэгвэл та прокурор дээр хэргээ унш, би өнөөдөр л хэргээ явуулах ёстой” хэмээн муйхарлан зүтгэж байсан.

 Ийнхүү анхан шатны шүүх нь өмгөөлөгч намайг шүүх хуралдаанд огт оролцуулаагүй мөртлөө шүүхээс гарсан "Шийтгэх тогтоол"-ын хуулбарыг надад гардуулан өгөхгүй олон хоног болсон. ...2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр шүүх дээр очиж, шүүгч Ц.Дайрийжавын туслах Алтанзул уулзаж, ...2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр шийтгэх тогтоолын хуулбарыг гаргаж өгсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсгүүд, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хэлээд байгаа зодуулсан, хулгай хийсэн, хар тамхи хэрэглэсэн гэдэг зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Уг хэрэг  2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гарсан, түүнээс хойш үндсэн хэргээсээ илүү шүүгдэгчийн дээрх яриад байгаа асуудлыг илүүтэй шалгасан байгаа. Б-гийн хохирогч Ч-ыг хутгалсан үйл тодорхой. Шинжээчийн дүгнэлтээр Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан. Үүнийг мөрдөн байцаалтын явцад шалгаад хуучин тав тогтсон, зулгаралт байсныг тогтоосон. Хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан гэж яриад байна. Энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэтэл өмгөөлөгч тогтоолыг үзсэн гэж гүтгэх байдал гаргаж байна. Тухайн үед шүүгдэгч хохирогчоор тогтоогдсон. Хар тамхи хэрэглэсэн гэдэг асуудлыг шалгахад огт тогтоогдоогүй. Энэ талаар хангалттай ажиллагаа хийсэн. Өмгөөлөгч надад хэргийн материал танилцуулаагүй гэж хэлж байна. Өмгөөлөгч хөлсөө авч, үйлчилгээ үзүүлж байгаа. Прокурорын шатанд өмгөөлөгчтэй утсаар ярихад хэргийн материалтай танилцмаар байна гэж нэг ч удаа ирээгүй. Өмгөөлөгчийн завыг харж хэргийн материал танилцуулна гэсэн зүйл байхгүй. Өмгөөлөгч нь шүүхийн шатанд ч хэргийн материалтай танилцах эрхтэй. Өмгөөлөгч Б.Цолмонгийн хувьд “...намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй. ...” гэж хэлж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдаад, яллагдагчийг шүүхэд шилжүүлээд, шүүх хуралдааны тов зарласан. Шүүх хуралдааны тов зарлахдаа, ихэнхдээ өмгөөлөгч нарын зав, цагийг харж, тэдгээрийн эрх ашигт нийцүүлж шүүх хуралдааныг товлодог. Хоёр өмгөөлөгчийг байлцуулж байгаад хэдийд шүүх хуралдаан зарлах боломжтой байна гэж асууж байгаад шүүх хуралдаан зарласан. Гэтэл эхний шүүх хуралдаанд нэг өмгөөлөгч нь “би Эрдэнэтэд хуралтай” гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Цолмон эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Энэ нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулж байна гэж үзэн прокурорын зүгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон. Ю.Сэвлэгмаа өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийн талаар урьдчилсан хэлэлцүүлэгт ярьж байсан. Миний хувьд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Шүүх хуралдаанд Ю.Сэвлэгмаа өмгөөлөгч нэг удаа ирээгүй. Тэр үед шинжээч ирсэн байсан. Дараагийн шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр оролцуулах гэрч болон шинжээч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж чадаагүй. Бүх оролцогч нарыг бүрэн бүрдүүлж байж шүүх хуралдаан явуулах нь хүндрэлтэй тул шүүх хуралдааныг явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 17 тоотод, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, Б.Чын зүүн суган тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-12/, эд мөрийн баримтаар 32.2 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон футболк, ноосон цамц зэргийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-17/, хохирогч Б.Ч-ын “...2018 оны 1 дүгээр сарын 6-ны оройн 22 цагийн орчим Б-гийнд очсон. ...Б “чи одоо яв, бид дөрөв хононо” гэхээр нь би 00-ийн өрөөнөөс гараад “Б хөөе наад архи дарсаа зогсоо” гэж хэлэхэд тэрээр хутга барин дайрахаар нь хөөе, хөөе гэж хэлэн хоёр гараараа хамгаалах маягтай дээш өргөсөн чинь миний зүүн суган доогуур, хавирга хэсэг руу хутгаараа 2-3 удаа дохих үйлдэл хийж байснаа шууд хутгалаад, хутгаа сугалж аваад барьсан чигээрээ гэрээс гарч зугтсан. ...” гэх мэдүүлэг /1хх-34-38/,

гэрч Б.Б-ийн “... Х гэнэт хашгирахаар нь би 00-ийн өрөөнөөс гараад ирсэн чинь Ч орны хажууд зүүн талын хавирга хэсгээ даран, бөхийсөн байдалтай байсан. Тэгтэл Х, “...Б Чыг хутгалчихаад хутгатайгаа гараад явчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-75-78/,

гэрч У.Хгийн “...Б Ч-ыг хутгалсан. ...” гэх мэдүүлэг /1хх-65-69/,

гэрч Н.Хын “...түжигнэх чимээ гараад “ааа” гэх орилох дуу гарахаар нь би 00-ийн өрөөнөөс гүйгээд гарахад буйдан дээр Ч баруун гараараа зүүн талын хавирга хэсгээ дарсан, дарсан газар нь цус болсон байхаар нь буюу болсон бэ гэхэд  Б намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-54-56/,

гэрч Б.Б “...дуудлагын дагуу очиход нэг залуу 00-ийн өрөөнд доошоо тонгойсон байсан. ...Юу болсон талаар асуухад надтай зөрөөд биеийн тамирын хослолтой шат руу уруудаж байсан залууг заагаад /Б/ энэ намайг хутгалсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-48-50/,

гэрч Б.Н “...дуудлагаар очиход...нэг охин 1 давхраас дээш дагуулж орсон, цэнхэр өнгийн биеийн тамирын хувцастай залууг заагаад “энэ Чыг хутгалчихаад гараад явсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-51-52/,

 “...Б.Ч-ын биед, цээжний зүүн талд суганы урд шугамаар 4-өөс 5 дугаар хавирга орчим цээжний хөндийг нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан...” талаарх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1257 дугаартай дүгнэлт /1хх-90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл  оногдуулсан  нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б-гийн “...манай гэрээс эд зүйл хулгайд алдагдсан асуудлыг шалгаагүй...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “...шинжээч эмчийг хуралд оролцуулаагүй, ...худал мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг үнэлсэн, ...сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулаагүй...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгийн “...хохирогч Б.Ч-ын Б.Б-гийн гэрт хар тамхи авч орж татсан, мөн Б.Б-д хөнгөн гэмтэл учруулсан гэх асуудлуудыг шалгаагүй, ...миний анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, ...хэргийн материал танилцуулаагүй...” гэсэн агуулга бүхий гомдлуудын тухайд:

 

Б.Б-гийн гэрээс бэлэн мөнгө алдагдсан гэх асуудлыг тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн талаар прокурорын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан байна./хх1-243/

 

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 53 дугаар шүүхийн тогтоолоор өмгөөлөгч, шинжээч эмч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд “...шүүгдэгч хоёр өмгөөлөгчтэй бөгөөд тэдгээрийн санал хүсэлтийг харгалзан хуралдааны тов тогтоосоор байхад шүүх хурал давхардсан, өвчтэй гэх шалтгаанаар ээлжлэн ирэхгүй байгаа нь шүүн таслах ажиллагаанд саад учруулж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах шалтгааныг бий болгож байна. ...Нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах болон Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлж оролцох эрхийг хориглосон, хязгаарласан явдал болохгүй...”, “...мөрдөн байцаалтын явцад гэрч, шинжээчийн гаргасан мэдүүлэг, тайлбарыг шинжлэн судлах замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой...” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн үндэслэлийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Хохирогч Б.Ч-ыг Б.Б-гийн гэрт хар тамхи авч орж татсан, мөн Б.Б-д хөнгөн гэмтэл учруулсан гэх асуудлыг хавтас хэрэгт хангалттай шалгасан байх бөгөөд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Б.Б-д холбогдох хэрэгт дөрвөн удаа гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Б, У.Х, Н.Х нарыг болсон байдлыг огт болоогүй гэж, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн, харсан, мэдсэн зүйлээ огт хэлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэд тухайн өдөр шүүгдэгч Б.Б-гийн гэрт Б.Ч хутгалуулсан гэдэг үйл баримтыг огт болоогүй, бид хараагүй гэж мэдүүлээгүй бөгөөд гэрч нар нь сүүлд өгсөн мэдүүлгээрээ болсон асуудлыг илүү тодорхой болгож мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон нь “...хэрэг үдэгдээгүй, дугаарлаагүй...” гэх шалтгаанаар хэргийн материалтай танилцахаас татгалзсан хүсэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолоор хангахаас татгалзсан байх бөгөөд өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байгаад хэн нэгнийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/119 тушаалаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталж, 1 дугаартай Ж.Тогтохмэнд, нөөцөд 6 дугаартай А.Баасансүрэн, 28 дугаартай Ж.Лхагвасүрэн нар сонгогдсон байхад шүүх хуралдаанд Н.Үзмээг иргэдийн төлөөлөгчөөр оролцуулсан нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2-т заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Энэ хуулийн 9.3 дахь хэсэгт заасан  иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс мөн хэсэгт заасны дагуу нэг иргэдийн төлөөлөгчийг  оруулна” гэж заасантай нийцэхгүй байгаа ч Н.Үзмээд хууль сануулж, эрх, үүрэг танилцуулан, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан байгааг хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн  Б.Б-д холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хийж, шийтгэх тогтоолд гурван шүүгч гарын үсэг зурсан атлаа, хурлын тэмдэглэлд нэг шүүгч дангаар орсон мэтээр бичсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Г.Багахүүг оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд тусгасан атлаа, захирамжинд иргэдийн төлөөлөгчийн нэр байхгүй байгаа зэрэг техникийн шинжтэй алдаанууд гаргасныг анхааруулан тэмдэглэж байна. Эдгээр зөрчлүүд нь шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэв. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 555 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                            Л.ДАРЬСҮРЭН