Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 442

 

Н.И-, Х.Б-, Ж.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүгдэгч Ж.А-ын өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х- болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 554 дүгээр магадлалтай, Н.И-, Ж.А-, Х.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөсвгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эх, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 28-1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Хатиган овогт Наранбаатарын И-,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, Моностой гудамж, 9-28 тоот хаягт бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 106 байрны 58 тоот хаягт түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Шермушийн хурман овогт Хавсаметын Бакытбек,

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Найдвар” клубын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 71 тоот хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Рапид харш” хороолол, 29 дүгээр байрны 5 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Жаргалсайханы А-.

“Найдвар” таеквондогийн клубийн захирал Ж.А- нь тус клубд хичээллэдэг 10 настай Х.Т-ыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтанд Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд бага насны Х.Т-ыг бэлтгэл, сургуулилт хийх явцад биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдал байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Т- нас барсан,

Н.И- нь тус таеквондогийн клубд дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ мөн Х.Т-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”, “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Т- нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Х.Б- нь тус таеквондогийн клубд туслах багшаар ажиллаж байх үедээ Н.И-тэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд, “Найдвар” клубд хичээллэдэг Х.Т-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Т- нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.А-ыг аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн,

Н.И-, Х.Б- нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.А-ыг 1 жил 6 сар хорих, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.И-г 2 жил хорих, Х.Б-ийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-д шүүгдэгч Ж.А- 22,278,402 төгрөг, Н.И- 8,000,000 төгрөг, Ж.Б- 2,000,000 төгрөг нийт 32,278,402 төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсныг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х- нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар прокуророос Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 7 дахь заалтын...Ж.А- холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан гомдолдоо ... “...Х.Б-ийн болгоомжгүй ямар үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон бэ гэдгийг шалгаж тогтоосон байх ёстой.

Учир нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь хохироосон байх нөхцөлийг заасан. Тэгвэл Б.Б-г талийгаачийг гүйж чадахгүй байхад нь чи гүйж чадна гэж дэм өгөн араас түлхэн дэмжиж гүйлгэсний улмаас талийгаач нас бараагүй харин шинжээчийн 34 дугаартай дүгнэлтэд ...биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барсан гэсэн байдаг. Энд Б- нь талийгаачийг цохиж зодоогүй, түүнийг хоцрох гээд байна тусалж дэмжээрэй гэж багш И-г хэлэхэд нь гараас нь хөтөлж тус дэм болсон, араас нь түлхэн дэм өгч байсан байдаг.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй зөвхөн багш И-н гуйлтаар талийгаачид тусалж гараас нь хөтөлж, араас нь дэм үзүүлсэн үйлдэл нь хууль бус шинжтэй бус харин ч талийгаачид тусалж байсан нь хохирол хор уршиг учруулаагүй байна.

Тэрээр талийгаачийг хариуцан ажиллаж байгаагүй бөгөөд зөвхөн тэр агшинд л И-х багшийн нь гуйлтаар түүнд тусалсан байдаг. Бакытбекийн тэрхэн зуур түүнд тусалсан үйлдэлд хор уршиг учраагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Бакытбекийн талийгаачид тусалсан дэмжсэн үйлдэл болон талийгаач зүрх нь чичирхийлж нас барсан хор уршигтай шалтгаант холбоогүй байна. Шүүх Бакытбекийн энэ үйлдэлд хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох өөрөөр хэлбэл талийгаачид тусалж дэм үзүүлж байгаа үйлдэл нь үхэлд хүргээгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайлбал /1хх-53-60, 91- 99, 93-97, 42-43, 71, 33-37,151-153, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдоно. Ийм учраас Б.Бакытбек болгоомжгүй бусдын амь насыг хохироосон гэм хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэх үндэстэй.

Б.Бакытбек нь И-тэй бүлэглэн талийгаачийн амь насыг хохироосон гэдэг тогтоогдоогүй байхад бүлэглэн гүйцэтгэсэн талийгаачийг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байдаг. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг санаатай нэгдэж 2 түүнээс олон хүн санаатай нэгдсэн үйлдэл бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан. Гэтэл Бакыбекийн хувьд санаатай нэгдсэн үйлдэл огт хийгээгүй харин ч И-н гуйлтаар талийгаачийг дээш гаргахад нь тусалж гараас нь хөтлөх, араас нь дэм үзүүлэх зэргээр дэмжсэн болох нь нотлогдсон байгаа юм.

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоож байж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт ч энэ шинж байгаа эсэхийг тогтоох ёстой байдаг. Тэгвэл Бакытбекийн хувьд ямар үйлдэл эс үйлдэхүй нь талийгаачийг үхэл хүргэсэн гэдэг нь тогтоогдоогүй байдаг.

Иймд хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг зарим хэсгийг хүчингүй болгох буюу шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байдал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюул шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчлан заажээ. Давж заалдах шүүх нь Ж.А-ыг цагаатгах шийдвэр гаргахдаа “..хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулахад амь хохирогчийн үхэлтэй Ж.А-ын түүний эхтэй хийсэн Хүүхэд харгалзан авч явах тухай хийсэн итгэмжлэлд заагдсан ямар нэгэн үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байдаг. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “ Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх..” гэмт хэргийн үндсэн шинжийг “..Бага насны хүүхэд ..амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд .. хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ, харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилж 15.2 дугаар зүйлийн 2.2-д энэ хэргийн улмаас хохирогч нас барсан хор уршиг учирсныг энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон тус тус хуульчилсан байна.

Бага насны амь хохирогч Х.Т-ыг бэлтгэл сургуулилт, тураах үйлчилгээ үзүүлэх итгэмжлэлийг түүний эхтэй цагаатгадсан этгээд К.Аринбаярын хийсэн итгэмжлэл хавтаст хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байдлаас үзэхэд амь хохирогч Х.Т-ын амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах, хамгаалах эрсдэл бүхий нөхцөл байдалд оруулахгүй байх талаар үүрэг хүлээж хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “ харилцан итгэлцлээр үүрэг хүлээсэн” байх шинжийг агуулж байна. Тусламж үзүүлээгүй гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч А.Ихбаярын “ уул руу гүйж байхад Т- бахардаж унасан..” /1хх 46-47\, насанд хүрээгүй гэрч Б.Бүрэнтогтохын “Т-аа амьсгаадаад байсан..” /1хх-50/, .. Насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний “ Т-аа агаа гүйж чадахгүй амьсгаадаад байсан. ...Т-ааг босгох гэхэд босохгүй байсан./1хх 52/, насанд хүрээгүй гэрч Г.Пүрэвжавын “...Усанд яваад ир гэсэн би усанд гүйгээд ирэхэд багш Т-ааг машинаараа ирж авсан..” Гэрч Батбилэгийн “ А- багш Б багш хоёр хамгийн наад талын шовгорт оруулаад орон дээр хэвтүүлээд орхисон .”  /1хх56-57/, Гэрч С.Хажидмаагийн “ явж очтол ажилчдын шовгорт оруулаад Т- гэдэг хүүхдийг хэвтүүлсэн байсан ба би харахад нас барсан байдалтай харагдахад судсыг нь барьж үзэхэд бие нь хөрөөд зүрх нь зогссон байсан “ зэрэг нотлох баримтууд нь Ж.А-ыг бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд тусламж үзүүлэлгүй “хамгийн захын шовгорт оруулаад орон дээр орхисон..” зэрэг гэмт хэргийн үйл баримтыг нотолж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй байх “ гэсэн шинж бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “Бие нь хөрсөн” байсан гэж мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлгээс үзэхэд тодорхой хугацааны дараа биеийн хөрөлт, хөшилт зэрэг үхлийн шинж тэмдгүүд илэрдэг ба амь хохирогчийг “шовгорт орон дээр орхисон”-оос хойш бие нь хөрөх хүртэлх хугацаанд Ж.А- ямар нэгэн үйлдэл хэрэгжүүлээгүй нь дээрх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энгийн утгаар нь тайлбарлахад мөлхөх “амьсгаадаад босч чадахгүй” гаднаас нь харахад амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орох нөхцөл байдал илт мэдэгдэж байхад зохих байгууллагад хүргэх, тусламж үзүүлэхгүйгээр “шовгорт оруулж орон дээр орхисон” нь С.Т-ын амь нас хохироход хүргэсэн гэж үзэх үндэстэй гэж үзэж байна.

Тухайн хэргийг зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн хүлээсэн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чухам аль үйлдэл нь хохирогчийн амь насыг хохирооход хүргэснийг зайлшгүй тогтоох хууль зүйн ойлголтыг үгүйсгэхгүй боловч шүүгдэгч Н.И- шүүгдэгч Х.Б нар нь бага насны амь хохирогчийг бэлтгэлжилтийн стандартад заагаагүй гүйлгэж модоор цохих зэрэг үйлдлээрээ түүнийг “ зүрх чичирхийлэлд оруулсан” үхэлд хүргэсэн үйлдэлдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлээр, Ж.А- нь амь нас хохирч болох нөхцөл байдал илтэд бий болсон нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй /орон дээр орхих зэргээр/ эс үйлдэхүйн улмаас бага насны Х.Т- нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэм буруугийн хэлбэрийн хувьд Ж.А- нь амь нас хохироох хор уршгийг хүсээгүй боловч тусламж үзүүлэхгүй байх өөрийн эс үйлдэхүйгээрээ хор уршгийг учруулсан буюу гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Гантөмөр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хуралдаанд Х.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Харин давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч миний бие “гэм буруугүйгээр хор уршиг учруулсан” гэх байр сууриар гомдол бичсэн. Миний бие хяналтын журмаар гомдол гаргасан хэдий ч үйлчлүүлэгчээрээ хуулийн хугацаанд гарын үсэг зуруулж амжаагүй. Энэ хэрэг бол хөнгөн гэмт хэрэг бөгөөд эрүүгийн хариуцлага буруутай этгээдийн үйлдэлд тохирсон байх ёстой. Миний үйлчлүүлэгч хорих ялын тавин хувийг нь эдэлсэн бөгөөд үлдэх ялыг тэнсэх боломжтой юм. Өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэрэв түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх бүрэн боломжтой. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоогоогүй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.А-ын өмгөөлөгч Г.Баяржаргал хэлсэн саналдаа “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч нь Х.Б-, Н.И- нарын үйлдлээс шалтгаалж зүрх чичирхийлэх эмгэгт нэрвэгдэж нас барсан болох нь тогтоогдсон. Тухайн үед зүрхэнд цахилгаан цохиулах тохиолдолд л амь насыг аврах боломжтой, бусад үйлдэл ямар ч үр дүнгүй болохыг шинжээч эмч тогтоосон байдаг. Миний үйлчлүүлэгч тухайн цаг хугацаанд өөрийн боломж бололцоогоор хохирогчид тусламж үзүүлсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хүүхэд харгалзан авч явах” тухай  итгэмжлэлээр “Найдвар” таеквондогийн клубийн захирал Ж.А- нь Х.Т-ыг түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, асран хамгаалах үүргийг бүрэн авсан гэж ойлгож байна. Шүүгдэгч нар нь талийгаачийн зүрхийг чичирхийлэх байдалд хүргэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон буюу хүүхдийн жинг хасахаар уул өөд гүйлгэх, хоол өгөхгүй байсан зэрэг үйл баримт бий. Амь хохирогчийн зүрх чичирхийлж нас барсан хэдий ч шинжээчийн дүгнэлтээр өөр бусад гэмтлүүд тогтоогдсон. Анхан шатны шүүх Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцсон нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасны дагуу Ж.А- нь хүүхдийг хариуцах үүргийг бүрэн хүлээж авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.И-, Ж.А-, Х.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.И- нь “Найдвар” таеквондогийн клубд дасгалжуулагч, харин Х.Б- нь туслах багшаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд Т-чдын бэлтгэл, сургуулилтыг хариуцан хийлгэх үедээ 10 настай Х.Т-ын эрүүл мэнд, бие бялдрын онцлогийг харгалзан үзэлгүй хайхрамжгүй хандаж, түүнийг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж, албадан гүйлгэсний улмаас Х.Т- нь биеийн хэт ачаалал авч зүрх нь чичирхийлэн нас барж, хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Н.И-, Х.Б- нарт холбогдох хэргийн хувьд нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.И-, Х.Б- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Н.И-, Х.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин “Найдвар” таеквондогийн клубийн захирлын хувьд Ж.А-ын хүлээсэн үүрэг, тус клубд хичээллэж байсан бага насны хүүхдийн амь нас хохирсон асуудалд түүний гэм буруутай үйлдэл, оролцоо байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж, улмаар прокурорын яллах дүгнэлтээр түүнийг аюултай байдалд тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас бага насны хохирогч нас барсан гэж хууль зүйн буруу дүгнэлт хийн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.  

Ж.А- нь таеквондогийн клубийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн сахиулж байсан, энэ хүрээнд чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ явуулах нийтлэг шаардлага, эрүүл мэндийн технологи, тэдгээрт холбогдох Монгол улсын стандартыг баримталж ажиллаж байсан эсэх, энэ талаар хүлээсэн үүргийн биелэлтийн шинж чанар нь бага насны хүүхэд нас барсан үйл баримттай шалтгаант холбоотой эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосны эцэст, түүний үйлдэл, эс үйлдэхүйн шинжид хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзлээ.    

Иймд Ж.А-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоол, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний цагаатгаж шийдвэрлэсэн магадлалын Ж.А-т холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгон, түүнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан прокурорт шилжүүлж, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 554 дүгээр магадлалын Ж.А-т холбогдох заалтуудыг хүчингүй болгон, Ж.А-т холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлан прокурорт шилжүүлж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН