Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01980

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01980

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01980 дугаар шийдвэртэй, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О ХХК-д холбогдох, 213 138 493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинзориг, өмгөөлөгч С.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очирт хилэнц ХХК-ийн захирал Х.Мөнхзул нь Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд 2014 оны 2 ширхэг шинэ Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шалгарсан ба эдгээр тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос авчраад, санхүүжилтээ аваад даруй мөнгийг эргүүлж өгнө гэхээр нь зөвшөөрч Х.Мөнхзулын санал болгосон Жи Би Си Си ББСБ-тай Т ХХК нь 1330000057 тоот зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204059678 дугаартай конторын зориулалттай барилгаа барьцаалж, 150 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын үүдэд гааль татварын мөнгө дутсан гэхэд нь бэлнээр 20 000 000 төгрөгийг, мөн дансаар 5 000 000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр буюу 10 000 000 төгрөгийг тус тус Х.Мөнхзул руу шилжүүлж өгсөн. Гэтэл түүнээс хойш тохиролцсон хугацаа болоход мөнгөө эргүүлж төлөлгүй, удаа дараа шалтаг шалтгаан тоочиж явсаар 2017 оны 02 дугаар сард оруулж ирсэн тээврийн хэрэгслүүдээ Алтан нохой авто ломбардад барьцаалж зээл авсан болохыг мэдсэн. Ийнхүү 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Т ХХК болон Очирт хилэнц ХХК-ийн хоорондын өр авлагын тооцоо хийж Очирт хилэнц ХХК-иас Т ХХК-д нийт 186 500 000 төгрөгийг төлөх тухай акт үйлдсэн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Очирт хилэнц ХХК-ийн барьцаанд тавьсан нэг ширхэг дугуйт ачигч машиныг 130 000 000 төгрөгөөр үнэлж, 60 000 000 төгрөгийн барьцааны төлбөрийг төлж тус авто ломбардаас чөлөөлж авсан. Үүнээс хойш Х.Мөнхзул нь холбогдох боломжгүй ор сураггүй алга болсон тул энэ хугацаанд Жи Би Си Си ББСБ-аас авсан үндсэн зээлээ төлж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон бенз маркийн тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээс маш доогуур худалдан борлуулсан, мөн 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй ковш машиныг 130 000 000 төгрөгөөр үнэлж авсан зэрэг бодит алдагдал хохирлоо тооцоход 72 080 000 төгрөг гарсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийг барилгын тендерт оруулж өгнө гэж тендерийн баталгаа гэж 9 600 000 төгрөг шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй. Иймд хариуцагч Очирт хилэнц ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 198 180 000 төгрөг, мөн Алаг уул ган ББСБ-ын 2017 оны 4, 5 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 8 160 000 төгрөг, иргэн Б.Баяраас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 100 000 000 төгрөгийн 5, 6 дугаар сарын хүүгийн төлбөр 4 000 000 төгрөг, Голомт банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ1105123340 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөр 2.268.493 төгрөг, зээлийн шимтгэл 250 000 төгрөг, зээлийн материал бүрдүүлэлтийн зардал болох нийт 280 000 төгрөг, нийт 213 138 493 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Очирт хилэнц ХХК нь 2016 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймгийн Баянтээг ХК-иас зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тухай тендерт оролцож, шалгарснаар талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хүнд даацын өөрөө буулгагч автомашин 2 ширхэгийг нийлүүлэх тухай №ӨВ-БТ-2016/04 тоот гэрээ байгуулагдсан болно. Нийлүүлэгч нь Nort benz маркийн 25 тоннын хүнд даацын 2 ширхэг өөрөө буулгагч автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, гэрээний нийт үнэ 220 000 000 төгрөг байхаар гэрээнд заасан. Дээрх Баянтээг ХК-д хүнд даацын өөрөө буулгагч автомашин 2 ширхэгийг нийлүүлэх ажлын хүрээнд танил Г.Чинзоригтой хамтран ажиллах, олсон ашгаа хуваах талаар хамтран тохиролцож, санхүүжилт хийлгэх, БНХАУ руу хамт явж хүнд даацын өөрөө буулгагч авто машинуудыг оруулж ирэн, нийлүүлэхээр болсон. Бид барааг 180 000 000-200 000 000 төгрөгийн орчимд багтаан авчирч 220 000 000 төгрөгийн нийлүүлэлт хийн, гарсан ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Г.Чинзоригтой хамтдаа 2016 оны 10 дугаар сард БНХАУ руу явж 2 ширхэг хүнд даацын авто машиныг Очирт хилэнц ХХК-ийн нэр дээр оруулж ирэн, захиалагч талд гэрээний дагуу хүлээлгэн өгөх гэтэл уг тээврийн хэрэгслүүдийг 2010 онд үйлдвэрлэгдсэн хуучин авто машинуудад капитал засвар хийгдсэн учир чанарын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар захиалагч Баянтээг ХК нь хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү бидний хамтын ажиллагаа нь Хятад талд хууртагдсанаас болж бүтэлгүйтэн алдагдал хүлээсэн. Бидний зүгээс Хятад талын автомашин зарсан хүмүүстэй холбогдож хэдэн сар хөөцөлдөж явсны эцэст 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1 ширхэг ковш автомашиныг оруулж ирсэн. Нэхэмжлэгч Г.Чинзориг нь Очирт хилэнц ХХК-д хүнд даацын автомашин нийлүүлэх үйл ажиллагаанд зориулан 189 600 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Бидний хамтран хийсэн бизнес ашиггүй болж, эрсдэл хүлээсэн. ХариуцагчОчирт хилэнц ХХК-ийн зүгээс Г.Чинзоригийн хүлээсэн алдагдлыг аль болох шийдвэрлэхээр хичээж ирсэн. Нийт 56 550 000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн. Хариуцагч Очирт хилэнц ХХК-ийн БНХАУ-аас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулж ирсэн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 140 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг ковш автомашинаа 130 000 000 төгрөгт тооцон Г.Чинзоригт өгөхдөө (Г.Чинзоригийн Алтан нохой ломбарданд төлөх ёстой байсан 60 000 000 төгрөгийг төлж зээлнээс чөлөөлөн, нэхэмжлэгч Г.Чинзоригийн хүслийн дагуу түүнд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 70 000 000 төгрөг)-т тооцсон. Очирт хилэнц ХХК нь Г.Чинзоригт бэлнээр 56 550 000 төгрөг, 70 000 000 төгрөг, нийт 126 550 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд 213 138 493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4-т заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 119 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93 538 493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1 148 950 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 232 742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 755 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 01980 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4 дэх заалтуудыг баримтлан "О" ХХК-иас 119 600 000 төгрөгийг гаргуулан "Т" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт : " нэхэмжлэгч " Т " ХХК болон хариуцагч " Очирт хилэнц" ХХК-ны хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 189 600 000 төгрөгийн хураамжийг төлсөн. Талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нь талуудын тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдсон гэж дүгнэсэн ."Тооцоо нийлсэн актаар" Очир хилэнцт" ХХК-нь 189 600 000 төгрөгийг" Т" ХХК-д төлөх ёстой байснаас " Очир хилэнцт " ХХК нь 130 000 000 төгрөгийн үнэ бүхий нэг ширхэг ковшийг " Алтан нохой " авто ломбардад тавьж 60 000 000 төгрөг авсан байсныг" Т " ХХК-ний захирал Д.Чинзориг төлж, ковшийг барьцаанаас суллаж авсан ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 130 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг ковшийг " Т " ХХК-ний захирал Д.Чинзориг төлж, ковшийг авсан ба үлдэх 70 000 000 төгрөгийг 189 600 000 төгрөгний тооцооноос хасахаар тохиролцсоны дагуу " Очир хилэнцт " ХХК нь 119 600 000 төгрөгийг хариуцагчид төлөх тооцоо үлдсэн. Анхан шатны шүүх хариуцагч " Очир Хилэнцт " ХХК-ний захирал Х.Мөнхзул нь өөрийн Хаан банкны 5121010754 дугаар данснаас Д.Чинзоригийн Хаан банкны 5076398198 дугаар данс руу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 600 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 9 700 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 4 250 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 205 000 төгрөг нийт 56 755 000 төгрөг шилжүүлсэн тухай нотлох баримт шүүхэд гаргаж өгсөөр байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан " шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ " гэсэн хуулийн зарчимыг баримтлаагүй, нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр 119 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дансаар шилжүүлсэн 56 755 000 төгрөгийг 119 600 000 төгрөгөөс хасахад 62 845 000 төгрөг болж байгаа ба " Очир Хилэнцт " ХХК нь одоо " Т " ХХК-д 62 845 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 56 755 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан анх гэрээнээс учирсан хохиролд 198 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14 958 493 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 213 138 493 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-3, 42-43, 90-93 дугаар тал/

 

Хариуцагч Очирт хилэнц ХХК нь 2016 оны 9 дүгээр сард Өвөрхангай аймгийн Баянтээг ХК-иас зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тухай тендерт оролцож, шалгарснаар тус компанитай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хүнд даацын өөрөө буулгагч автомашин 2 ширхэгийг нийлүүлэх тухай №ӨВ-БТ-2016/04 тоот гэрээ байгуулж, Nort benz маркийн 25 тоннын хүнд даацын 2 ширхэг өөрөө буулгагч автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 220 000 000 төгрөгөөр нийлүүлэх тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Т ХХК-иас дээрх гэрээнд заасан тээврийн хэрэгслийг авчирах санхүүжилтыг гаргуулж, улмаар олсон ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Иймээс зохигчдын хоронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан, Хамтран ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Жи Би Си Си ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг, 42 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204059678 дугаартай конторын зориулалттай барилгаа барьцаалсан байх ба хариуцагч О ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр автомашины урьдчилгаа гэрээ хийх гэж 10 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барааны үнэ гэж 140 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаалийн татвар гэж 20 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барааны үнэ гэж 5 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хэргийн 11-15, 19-20 дугаар тал/

 

Хариуцагч О ХХК нь 2 ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг БНХАУ-аас худалдан авч, нийлүүлсэн боловч тендерийн шаардлага хангаагүйн улмаас Баянтээг ХК-иас хүлээн авахаас татгалзсанаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4-т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх баримт, талуудын тайлбараар хариуцагч тендерийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл авчирсантай холбоотойгоор талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, дуусгавар болгосон үйл баримтын талаар зохигч маргаагүй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний дагуу гарсан зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй.

 

Талууд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан барааг нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд 186 500 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна./хэргийн 23 дугаар тал/

 

Улмаар тооцоо нийлсэнээс хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Алтан нохой авто ломбардаас дугуйт техник ковош 1 ширхэгийг хариуцагч тал хүлээн авч, 70 000 000 төгрөгийг Х.Мөнхзулын тооцооноос хасч тооцсон талаар зохигчийн төлөөлөгч нар бичгийн баримт үйлдсэн байх бөгөөд мөн өдөр дансаар шилжүүлсэн 10 000 000 төгрөг нь уг төлбөрөөс тусдаа болохыг хариуцагч тал нотлож чадаагүй байна. /хэргийн 106 дугаар тал/

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй байхад шүүх үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсноос учирсан хохирлыг арилгуулахаар шаардах буюу дуусгавар болоогүй гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтласан нь буруу болжээ.

 

Мөн шүүхээс тооцоо нийлсэн актад бичигдсэн үлдэгдэл төлбөр 186 500 000 төгрөгөөс сүүлд төлсөн 70 000 000 төгрөгийг хасахдаа 189 600 000 төгрөг гэж буруу бичиж, хариуцагчаас 119 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг давж заалдах шатны шүүхэээс залруулж, үлдэх 116 500 000 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч хохиролд Алаг уул ган ББСБ -аас авсан зээлийн хүү 8 160 000 төгрөг, Б.Баяраас авсан зээлийн хүү 4 000 000 төгрөг, Голомт банкнаас авсан зээлийн хүү 2 268 493 төгрөг, шимтгэл 250 000 төгрөг, зээлийн материал бүрдүүлэлтийн зардал 280 000 төгрөг, 100 000 000 төгрөгийн үнэ бүхий ковшийг 130 000 000 төгрөгөөр тооцож хохирсон, зээл төлөхийн тулд Бенз маркийн автомашин, орон сууцаа зах зээлийн үнээс доогуур худалдаж хохирсон, тендерийн баталгаа гэж шилжүүлсэн 9 600 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б.Баяртай байгуулсан зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Алаг уул ган ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Г.Чинзоригийн өмчлөлийн Ү-2204082570 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Арвижих-Эстимент ХХК-ийн орон сууцны үнэлгээг гаргасан тодорхойлолт, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар дээрх үйл баримт тогтоогдож байх боловч, энэ нь хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. /хэргийн 50-54, 57-77 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын буруугаас буюу хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01980 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 467.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 116 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96 638 493 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтын 755 950 төгрөг гэснийг 641 142 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 725 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР