Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/01980

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “О” ХХК-д холбогдох,

 

213.138.493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, нарийн бичгийн дарга Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” ХХК-ийн захирал Х.М нь Ө аймгийн Б-ийн нүүрсний уурхайд 2014 оны 2 ширхэг шинэ Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендерт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шалгарсан ба эдгээр тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос авчраад, санхүүжилтээ аваад даруй мөнгийг эргүүлж өгнө гэхээр нь зөвшөөрч Х.М-ын санал болгосон “Ж” ББСБ-тай, “Т” ХХК нь 1330000057 тоот зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн .......... дугаартай конторын зориулалттай барилгаа барьцаалж, 150.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. Үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын үүдэд гааль татварын мөнгө дутсан гэхэд нь бэлнээр 20.000.000 төгрөгийг, мөн дансаар 5.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр буюу 10.000.000 төгрөгийг тус тус Х.М руу шилжүүлж өгсөн. Гэтэл түүнээс хойш тохиролцсон хугацаа болоход мөнгөө эргүүлж төлөлгүй, удаа дараа шалтаг шалтгаан тоочиж явсаар 2017 оны 02 дугаар сард оруулж ирсэн тээврийн хэрэгслүүдээ “Алтан нохой” авто ломбардад барьцаалж зээл авсан болохыг мэдсэн. Ийнхүү 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Т” ХХК болон “О” ХХК-ийн хоорондын өр авлагын тооцоо хийж “О” ХХК-иас “Т” ХХК-д нийт 186.500.000 төгрөгийг төлөх тухай акт үйлдсэн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “О” ХХК-ийн барьцаанд тавьсан нэг ширхэг дугуйт ачигч машиныг 130.000.000 төгрөгөөр үнэлж, 60.000.000 төгрөгийн барьцааны төлбөрийг төлж тус авто ломбардаас чөлөөлж авсан. Үүнээс хойш Х.М нь холбогдох боломжгүй ор сураггүй алга болсон тул энэ хугацаанд “Ж” ББСБ-аас авсан үндсэн зээлээ төлж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууц болон бенз маркийн тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээс маш доогуур худалдан борлуулсан, мөн 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй ковш машиныг 130.000.000 төгрөгөөр үнэлж авсан зэрэг бодит алдагдал хохирлоо тооцоход 72.080.000 төгрөг гарсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Т” ХХК-ийг барилгын тендерт оруулж өгнө гэж тендерийн баталгаа гэж 9.600.000 төгрөг шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөөгүй. Иймд хариуцагч “О” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 198.180.000 төгрөг, мөн “А“ ББСБ-ын 2017 оны 4, 5 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 8.160.000 төгрөг, иргэн Б.Баас 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн 100.000.000 төгрөгийн 5, 6-р сарын хүүгийн төлбөр 4.000.000 төгрөг, Голомт банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ1105123340 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөр 2.268.493 төгрөг, зээлийн шимтгэл 250.000 төгрөг, зээлийн материал бүрдүүлэлтийн зардал болох нийт 280.000 төгрөг, нийт 213.138.493 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

 

           Хариуцагчийн төлөөлөгч Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Хариуцагч “О” ХХК нь 2016 оны 9 дүгээр сард Ө аймгийн “Б” ХК-иас зарласан хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тухай тендерт оролцож, шалгарснаар талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин 2 ширхэгийг нийлүүлэх тухай №ӨВ-БТ-2016/04 тоот гэрээ байгуулагдсан болно. Нийлүүлэгч нь “Nort benz” маркийн 25 тоннын хүнд даацын 2 ширхэг өөрөө буулгагч автомашиныг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, гэрээний нийт үнэ 220.000.000 төгрөг байхаар гэрээнд заасан. Дээрх “Б” ХК-д хүнд даацын өөрөө буулгагч автомашин 2 ширхэгийг нийлүүлэх ажлын хүрээнд танил Г.Ч-той хамтран ажиллах, олсон ашгаа хуваах талаар хамтран тохиролцож, санхүүжилт хийлгэх, БНХАУ руу хамт явж хүнд даацын өөрөө буулгагч авто машинуудыг оруулж ирэн, нийлүүлэхээр болсон. Бид барааг 180.000.000-200.000.000 төгрөгийн орчимд багтаан авчирч 220.000.000 төгрөгийн нийлүүлэлт хийн, гарсан ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Г.Ч-той хамтдаа 2016 оны 10 дугаар сард БНХАУ руу явж 2 ширхэг  хүнд даацын авто машиныг “О” ХХК-ийн нэр дээр оруулж ирэн, захиалагч талд гэрээний дагуу хүлээлгэн өгөх гэтэл уг тээврийн хэрэгслүүдийг 2010 онд үйлдвэрлэгдсэн хуучин авто машинуудад капитал засвар хийгдсэн учир чанарын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар захиалагч ”Б” ХК нь хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү бидний хамтын ажиллагаа нь Хятад талд хууртагдсанаас болж бүтэлгүйтэн алдагдал хүлээсэн. Бидний зүгээс Хятад талын автомашин зарсан хүмүүстэй  холбогдож хэдэн сар хөөцөлдөж явсны эцэст 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1 ширхэг ковш автомашиныг оруулж ирсэн. Нэхэмжлэгч Г.Ч нь “О” ХХК-д хүнд даацын автомашин нийлүүлэх үйл ажиллагаанд зориулан 189.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Бидний хамтран хийсэн бизнес ашиггүй болж, эрсдэл хүлээсэн. Хариуцагч“О” ХХК-ийн зүгээс Г.Ч-ийн хүлээсэн алдагдлыг аль болох шийдвэрлэхээр хичээж ирсэн. Нийт 56.550.000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн. Хариуцагч “О” ХХК-ийн БНХАУ-аас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулж ирсэн, 2014 онд үйлдвэрлэгдсэн, 140.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг ковш автомашинаа 130.000.000 төгрөгт тооцон Г.Ч-т өгөхдөө (Г.Ч-ийн “Алтан нохой” ломбарданд төлөх ёстой байсан 60.000.000 төгрөгийг төлж зээлнээс чөлөөлөн, нэхэмжлэгч Г.Ч-ийн хүслийн дагуу түүнд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 70.000.000 төгрөг)-т тооцсон. О ХХК нь Г.Ч-т бэлнээр 56.550.000 төгрөг, 70.000.000 төгрөг, нийт 126.550.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд 213.138.493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

              Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК-д холбогдох, 213.138.493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            “Т” ХХК нь 189.600.000 төгрөгийн /хөрөнгө оруулалт/ хураамжийг төлж, “О” ХХК нь тендерт шалгарсны дагуу 2 ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг БНХАУ-аас худалдан авч, “Б” ХК-д нийлүүлж, олсон ашгийг хувааж авахаар амаар тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

            Уг гэрээний дагуу “Т” ХХК нь 189.600.000 төгрөгийн /хөрөнгө оруулалт/ хураамжийг төлсөн, “О” ХХК нь тендерт шалгарсны дагуу 2 ширхэг өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг БНХАУ-аас худалдан авч, нийлүүлсэн боловч тендерийн шаардлага хангаагүйн улмаас “Б” ХК-иас хүлээн авахаас татгалзсанаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4-т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон нь талуудын тайлбар, “Т” ХХК болон “О” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар нотлогджээ.

 

Дээрх үйл баримтаар гэрээний талуудын хэн аль нь “...ашиг олохгүй нь тодорхой болсон, хамтын зорилгод хүрэх боломжгүй болсон” гэж үзэн, хамтын үйл ажиллагаагаа явуулахаа зогсоож, нэхэмжлэгч “Т” ХХК-д 189.600.000 төгрөгийн /хөрөнгө оруулалт/ хураамж төлсөнийг, мөн өгч, авалцсан төлбөр тооцоог /учирсан хохирол/ зэргийг нийлж, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэн, 186.500.000 төгрөгийг буцаан олгохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4, 219 дүгээр зүйлийн 219.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-иас 186.500.000 төгрөгийг шаардах эрхтэй хэдий боловч “Тооцоо нийлсэн акт” үйлдсэнээс хойш буюу “... Г.Ч-ийн 1 ширхэг ковш автомашиныг 130.000.000 төгрөгт тооцон, уг автомашин нь Алтан нохой авто ломбардад 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг “Т” ХХК-иас төлж, 70.000.000 төгрөгийг тооцооноос хасахаар тохиролцсон”-ны дагуу 189.600.000 төгрөгөөс 70.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 119.600.000 төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн “...гэрээнээс учирсан хохиролд А ББСБ-аас авсан зээлийн хүү 8.160.000 төгрөг, Б.Б-аас авсан зээлийн хүү 4.000.000 төгрөг, Голомт банкнаас авсан зээлийн хүү 2.268.493 төгрөг, шимтгэл 250.000 төгрөг, зээлийн материал бүрдүүлэлтийн зардал 280.000 төгрөг, 100.000.000 төгрөгийн үнэ бүхий ковшийг 130.000.000 төгрөгөөр тооцож хохирсон, зээл төлөхийн тулд Бенз маркийн автомашин, орон сууцаа зах зээлийн үнээс доогуур худалдаж хохирсон, тендерийн баталгаа гэж шилжүүлсэн 9.600.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “О” ХХК-иас 119.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93.538.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4-т заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-иас 119.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93.538.493 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Т” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1.148.950 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 232.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 755.950  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.