Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01110

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/01110

 

 

Ш.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00875 дугаар шийдвэртэй, Ш.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Женерал даймонд дрийлинг ХХК болон М.Б нарт холбогдох, хариуцагч М.Баас гэм хорын хохиролд 32 000 000 төгрөг, хариуцагч Женерал даймонд дриллинг ХХК-аас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 8 сард Говьсүмбэр аймгийн Шивээ Овоо суманд ажиллаж байхад М.Б нь дуудаж уулзан, чи ажлынхаа хөлснөөс суутгуулан байр авч болно гээд Сансар, Офицер, Ургах наран хороололд 3 байрнаас сонголт хий гээд офицерт буюу Баянзүрх дүүргийн 8 хороо, 105 байрны 6 тоот байрыг сонгоход М.Б нь энэ байрыг чамд 42 000 000 төгрөгөөр өгье, 2 000 000 төгрөгийг компани гаргана, үлдэгдэл 40 000 000 төгрөгийг цалингаас суутгана гээд эхнэр Г.Анусүрэнгийн хамт байр үзүүлж, түлхүүрийг надад өгсөн. Би байрандаа эхнэр хүүхдээ оруулж үлдээгээд хөдөө ажил руугаа явсан бөгөөд байрны гэрээг өвөл өрмийн анги буухаар хотод ирж хийнэ гэж амаар ярьж тохиролцсон. Тухайн үед М.Б нь чи хөдөө ажилласан цалингаасаа хэдэн төгрөг суутгуулахаа өөрөө мэд, би чамайг ажлаар таслахгүй, байрнаасаа хөөхгүй гэсэн. 2011 оны 12 сард өрмийн анги бууж, хотод ирээд гэрээгээ хийх гэхэд удаа дараа хойшлуулсаар байсан. Би байрны мөнгөө л суутгуулья гэж бодож, маш бага хэмжээний мөнгө гар дээрээ авч хэрэглэдэг байсан бөгөөд 2011 оноос хойш нийт 16 000 000 төгрөг суутгуулж, бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн. 2013 оны сүүлчээр өрмийн ажил зогсоод М.Б эхнэрийнхээ компани болох Эгшигт консракшн ХХК-д ажилла гэсний дагуу ажиллаж, хий гэсэн болгоныг хийсэн. Цалин мөнгөгүй ингэж байж болохгүй байна, өөр газар ажиллая гэхэд М.Б нь байраа чөлөөлөөд яв гэж дарамталсан. 2015 оны 7 сарын 27-ны өдөр М.Бын гэрт нь очиж эцсийн удаа гэрээгээ хийе эсвэл ажилгүй байлгахгүй гэсэн амлалтын талаар тохиролцохоор өөрийн дүү Ш.Пүрэвдуламын хамт очин бичлэг хийж ярилцсан. Энэ өдрөөс хойш намайг дарамтлан байрнаас гарахыг шаардсан бөгөөд 2015 оны 11 сарын 26-ны өдөр гэрт ирж наад байраа чөлөөл, энэ байр одоо Г.Ганзоригийнх болсон, чи шүүх цагдаагаараа яваад юу ч олж чадахгүй, энэ гэрчилгээг шүүхдээ үзүүлээрэй гээд 2015 оны 4 сарын 15-ны өдөр гэж огноолсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар өгсөн. Би 18 000 000 төгрөг байранд төлснөө авч гарна гэхэд хадам аав нь 4 000 000 төгрөг бэлэн өгөөд үлдэх мөнгийг байрны түрээсэнд суутгасан гэсэн. Хаалгыг нугасаар нь салган авч явснаас хүүхэд маань өвдөж эмнэлэгт хэвтсэн хойгуур эвдэн орж гэр орны эд хогшлыг эхнэрийнхээ компанийн агуулахад газарт шидэж хураасан байсан. М.Б нь шүүхэд өгч байсан тайлбартаа өөрийн өмчлөлийн байрыг хүнд худалдсан гэсэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд өнөөдрийг хүртэл тайлбар гаргаагүй, улсын бүртгэлээс уг байртай холбоотой лавлагаа авах, битүүмжлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн ч 5 сар гаруй хугацаа өнгөрч байгаад гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Байрны үнийг цааш нь төлөх үүрэг би хүлээсэн хэвээр байсан бөгөөд М.Б нь 5 жил байрныхаа хөлсийг төлүүлэн, компанийн гэх хүнд хүчир ажлаа үнэ хөлсгүйгээр хийлгэж, эцэст нь түрээсийнх гэж суутгаж авсан мөнгийг маань төлөөгүй, байраа бусдад бэлэглэсэн тухай надад мэдэгдээгүй, өнөөдөр Г.Ганзориг гэж хүний өмчлөлд шилжсэн зэргээс суутгаж авсан мөнгө учирсан хохирлоо гаргуулахыг хүсэж шаардлагаа өөрчилж байна. М.Б нь байраа надаас булааж авсан тул би төлсөн 18 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг бэлнээр авсан тул 14 000 000 төгрөг нэхэмжилнэ. 1 000 000 төгрөгийг СӨХ, дулааны мөнгөнд суутгаж авсан гэж байгаа ч 2011-2015 онд байр, дулаан, СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Эхнэр маань 2011, 2012 онд хүүхэд төрүүлж, хүүхдүүдээ харж байсан бөгөөд нялх хүүхдүүдээ аваад очих орон гэргүй болж, одоо Г.Одгэрэл гэгч айлын хашаа байшин удаан хугацаагаар түрээслэн амьдарч байна. Хэрэв энэ хүн намайг хуурч мэхлээгүй байсан бол орох оронгүй айлын хашаа байшин түрээсэлж явахгүй байсан. Би гэрээ байгуулж, энэ айлд сар бүр 300 000 төгрөг төлж ирсэн бөгөөд түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг төлсөн. Энэ маргаанаас өмгөөлөгч авч, эдийн засгийн хувьд давхар хохирсон ба өмгөөлөгчид 3 500 000 төгрөг төлсөн. Нялх хүүхдүүдээ аваад орон гэргүй маш хэцүү байсан бөгөөд сэтгэл санааны хямралд орж хохирсон тул хуурч мэхлэн залилсан сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 500 000 төгрөг, нийт 32 000 000 төгрөгийг М.Баас гаргуулна. Женерал даймонд дриллинг ХХК нь нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Бын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б нь Уул уурхайн өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Женерал даймонд дриллинг ХХК-ийн захирал бөгөөд Ш.О нь тус компанид 2010 оны 10 сараас 2012 оны 9 сар хүртэлх хугацаанд өрмийн мастераар ажиллаж байсан. Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс зарим ажилтанд уян хатан зээл олгох буюу ямар ч хүү шимтгэлгүйгээр зөвхөн үндсэн зээлээ л төлөх нөхцөлтэйгээр орон сууцаар хангаж ажилласны дагуу Ш.Отай Баянзүрх дүүргийн 8 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байрны 6 тоот, 55 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 42 000 000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцон, үүнээс 2 000 000 төгрөгийг компани гаргаж 40 000 000 төгрөгийг түүний цалингаас суутгахаар болсон. Бид 2 000 000 төгрөгийг төлж үлдэх 40 000 000 төгрөгөөс түүний ажиллаж байсан 2011-2013 оны хооронд нийт 16 000 000 төгрөгийг суутгаж авсан. Манай компани 2012 оноос хойш уул уурхайн уналт, зах зээлийн хүнд байдалд орсны улмаас зогсонги байдалд орсон. Гэвч бид ажил олгогчийн үүргийн дагуу Ш.Оыг байнгын ажлын байраар хангах үүднээс Эгшигт констракшн ХХК-д үйлдвэрийн туслах ажилтан, Шувуун фабрикт шувууны байр барих гэх мэт ажлаар хангаж ирсэн. Гэтэл Ш.О нь 2015 оны 8 сард ажлаасаа гарах хүсэлт тавьж, тооцоо мөнгөө дуусгавар болгохыг хүссэн тул дээрх хэлэлцээрийг дуусгавар болгож, түүнээс суутгасан 16 000 000 төгрөгөөс байранд амьдарсан 48 сарын түрээсийн мөнгийг зах зээлийг үнээс илт доогуур сарын 230 000 төгрөгөөр тооцон 11 000 000 төгрөг суутгаж үлдэх 5 000 000 төгрөгийг эргүүлэн олгохыг мэдэгдэхэд тэр дээрх нөхцөлийг зөвшөөрч бид дээрх орон сууцыг худалдан борлуулахаар болсон. 2015 оны 11 сарын 24-ний өдөр Ш.Оын гэрт очиж үлдэгдэл 4 000 000 төгрөг өгч, 1 000 000 төгрөгийг дулаан СӨХ-ны төлбөрт суутган хасалт хийж маргааш нь байрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон боловч байрнаасаа гарахгүй, би хохирч байна шүүхэд хандана гэсэн. М.Б нь маш олон удаа тайлбарлаж гарахыг гуйж шаардаж олон аргаар үзсэн боловч дийлдээгүй. Мөн 2015 оны 11 сарын 26-нд М.Б нь ах Г.Ганзориг түүний эхнэр Б.Нямханд өөрийн эхнэр Г.Анусүрэн нартай гэрт нь очиход Ш.О олон янзаар гүтгэн доромжилж би амиа хорлоно, М.Бад тохно гэж цаасны хутга гарган ирж амиа хорлохыг завдсан. Мөн гэрийн чинь гадаа очиж өөрийн амь насыг хохирооно гэж айлган сүрдүүлж сэтгэл санааны дарамтад оруулсан. Ингэхдээ чи ажлын байраар хангаагүй өдийд та нартай учраагүй бол би өөрийн гэсэн орон сууцтай болох байсан гэж элдвээр доромжилсон. Иймд Ш.Оын 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь огт үндэслэлгүй, М.Б нь Ш.Отай ямар ч тооцоогүй төдийгүй зөвхөн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлийн байрыг суллан авсан гэжээ.

 

Хариуцагч М.Бын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар эд хөрөнгөд ямар хохирол учраад гэм хор шаардаад байгаа хууль зүйн үндэслэлийг нь тодруулах шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасны дагуу хууль зүйн туслалцаа авах эрх нь гэм хор биш. Өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Айлын хашаа байшин 4 500 000 төгрөгөөр түрээслэсэн нь байрнаас гарахдаа 4 000 000 төгрөг аваад байрнаас гарсан үр дагвар нь тогтоодсон. Байрнаас гарахгүй ч байж болно. Тухайн үеийн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайн хүний оршин сууж байгаа орон байранд хууль бусаар нэвтрэх нь хууль бус, эрүүгийн гэмт хэрэг гээд заасан. Иймд байрыг ямар шүүхийн шийдвэрээр, нотлох баримтаар М.Б орон байрыг хууль бусаар эзэмшилдээ аваад байгаа нь нотлогдохгүй. Энэ хүн байрнаас гараад тэр хашаа байшинг түрээслэхгүй байсан уу. 2015 оны 12 сард үнэ заагаагүй гэрээ байгуулаад дараа нь 2016 онд үнэ заасан гэрээ байгуулсан. Энэ 2 гэрээний ялгааг тайлбарлаж чаддаггүй. Нэхэмжлэлийг анх гаргахдаа хууль зүйн туслалцаа аваад гаргасан. Одоо ийм юм ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр шүүх бүрэлдэхүүн анхаараарай гэж хүсч байна. Сэтгэл зүйн эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй сэтгэл зүйн психиатр гэдэг эмч хүн уг эмчилгээг хийдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэлТөгөлдөр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа төрийн бус байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгая гэсэн хүсэлт гаргаад хүсэлтийг татгалзасан. ТББ-ын дүрэмд гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгнө, сэтгэл зүйн аливаа асуудлын талаар зөвлөгөө өгөхгүй гэж тодорхой заасан. Хавтаст хэргийн 111 дүгээр хуудастай холбоотойгоор шүүх хуралдааны тэмдэглэлд 116 дугаар хуудсанд Би энэ компанид өрмийн мастераар ажилласан юм гэж илэрхийлж байсан. Өнөөдөр шүүхийн өмнө өмгөөлөгч нь М.Баас авна. Шүүгч Та энэ Женерал даймонд дриллинг ХХК-д ажиллаж байсан юм уу гэж асуухад хэргийн 118 дугаар хуудсанд Женерал даймонд дриллинг ХХК-д ажиллаад цалингаа нягтлан бодогчоос авдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ гэм хор учруулах гээд байгаа үйл баримтыг хараад үзэхээр компанийн өрмийн мастер хийхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу өрөм хийхэд хуулийн этгээдэд уг тусгай зөвшөөрлийг олгодог. Ажиллаад байсан өрмийн машин нь компанийн хөрөнгө болохоос иргэн М.Бын хөрөнгө биш. Тухайн үед М.Б нь тухайн компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байдаг гэж хэлсэн. Компани 2 хувьцаа эзэмшигчтэй, захирлаар нь М.Б ажиллаж байсан нь нотлогддог тул М.Б хариуцах ёсгүй. Тухайн үед Женерал даймонд дриллинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар оролцсон болохоос иргэний хувиар оролцоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Женерал даймонд дриллинг ХХКас ажлын хөлснөөс суутгасан 14 000 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ш.От олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт зааснаар М.Баас түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 500 000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах болон Женерал даймонд дриллинг ХХК-аас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч Женерал даймонд дриллинг ХХК-иас тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр шударга бус болсон гэж үзэн гомдолтой байна. Энэ хэргийн хариуцагч нар 2016 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангалттай хугацаагаар хойшлуулах арга хэмжээ авсны эцэст иргэн М.Бад холбогдох хэргийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосноо шүүх хуралдаанаар шийдвэрлэх өдөр танилцуулсан нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтгүй байсан, хавтаст хэргийн 125 дугаар хуудаснаас хойш хариуцагчийн шүүхэд гаргасан гаргаагүй шалтгаан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон. Иргэн Төгөлдөр гэгч нь М.Быг төлөөлж, өмгөөлөгч Нямдорж гэгч "Женерал даймонд дриллинг" ХХК-ийг өмгөөлнө гэх зэргээр ээлж дараалан хурал хойшлогдсоор 3 жил гаруй хугацааны дараа шүүх бүрэлдэхүүн илтэд нэг талыг барьсан, хууль буруу тайлбарласан, үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж гомдол гаргаж байна. Ш.О нь 2011 оны 8 сард Говьсүмбэр аймгийн Шивээ Овоо суманд ажиллаж байхад М.Б нь дуудаж уулзан, чи ажлынхаа хөлснөөс суутгуулан байр авч болно гээд Сансар, Офицер, Ургах наран хороололд 3 байрнаас сонголт хий гэж хэлж, компанидаа ажиллуулсны хөлсөө ч өгөлгүйгээр зээлээр байр худалдаж авах санал тавьсан. М.Б нь " энэ байрыг чамд 42 000 000 төгрөгөөр бодож өгье, 2 000 000 төгрөгийг компани гаргана, үлдэгдэл 40 000 000 төгрөгийг цалингаас чинь суутгана, энэ миний өмчлөлийн байр " гэж хэлээд эхнэр Г.Анусүрэнгийн хамт байраа үзүүлж, түлхүүрээ надад хүлээлгэн өгсөн бөгөөд дараа нь байраа буцааж авахдаа хадам ээж Нарантуяагийнх нь байр болж таарсан. М.Б нь байрыг зээлээр аваад мөнгийг төл гээд байрандаа биднийг оруулж суулган 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд байрны талаар гэрээ байгуулаагүй. мөн ажилд авсан, халсан тушаал байхгүй гэсэн одоо компанийг авсан гэх Ганзоригийн шүүхэд гаргасан тайлбар байгаагийн гадна шүүхэд нэгч удаа ирж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад М.Б нь компаниа өөр хүний нэр дээр шилжүүлсэн. М.Б нь байрыг дээрэмдэж луйвардаж авсныхаа дараа чи шүүхээр яваарай, яагаад ч надаас юм олж авч чадахгүй гэсэн нь үнэн болсон. Гэтэл анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний дагуу Ш.Оыг ажиллуулж, хөлснөөс суутгуулан ... тохиролцсон болох нь гэх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт биш гэж үзнэ. "Женерал даймонд дриллинг" ХХК-ийг шүүх дуудаж чадаагүй, удаа дараагийн нэхэмжлэгчийн хүсэлт, урт хугацааны эцэст ганц тайлбар гэж өгсөн, шүүхийн шийдвэрт компанийн захирал Ц.Ганзориг удаа дараагийн шүүхийн дуудлагад ирээгүй хаягтаа байдаггүй,"Женерал даймонд дриллинг ХХК нь Хан-Уул дүүрэг, 112-р хороо, 25 тоотод бүртгэлгүйг Засаг дарга тодорхойлсон гэх бөгөөд санаатайгаар байдаггүй, үйл ажиллагаа явуулдаг эсэх нь ч тодорхой бус, аж ахуйн нэгжийн гэрчилгээг ч гаргаж өгөөгүй компанид холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь бичсэн шийдвэрээс нь тодорхой байна. Түүнчлэн, шүүх зээлээр худалдан авах гэрээний талаар буруу дүгнэж, хуулийн заалтыг буруу тайлбарлаж байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулахад тухайн эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх үүргийг заасан, үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр тохиролцдог гэрээ бөгөөд гэрээг бичгээр байгуулж, гэрээнд заах нөхцөлийг тусгах тухай заагаад энэ журмыг зөрчсөн бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсан гэж үзэхээр заасан тодорхой заалт бүхий юм. Иргэн Ш.Оыг хөлсөөр ажиллуулах гэрээ байхгүй ч байраа түүнд худалдахаар тохирсон гэдгийг шүүх дүгнэсэнгүй. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийг гаргуулахыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч яагаад өгөөгүй гэдгээ нотлохгүй байхад шүүх бүрэлдэхүүн хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх үүрэггүй гэх нь санаатайгаар хууль гуйвуулж шийдвэрлэж буй хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Хариуцагч компанийн талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан заалтын үндэслэлийг нь ч ойлгомжгүй байна. Түүнчлэн, Ш.От учирсан хохирлыг үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэлээс хасч тооцохыг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэргийн хариуцагч М.Баас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 32 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

Ш.О нь М.Б, Женерал даймонд дриллинг ХХК нарт холбогдуулан Г.Ганзоригт санал болгосон нөхцөлөөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг М.Бад даалгах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ажлын хөлснөөс суутгуулсан төлбөрөөс 14 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн төлбөр 4 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 500 000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг буюу нийт 32 000 000 төгрөгийг М.Баас гаргуулах, Женерал даймонд дриллинг ХХК-аас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 46-47, 50-52, 136-137 дугаар тал/

Шүүх хариуцагч нарын хэн алинаас ямар үндэслэлээр юу шаардаж байгаа болох буюу шаардлага, түүний эрх зүйн үндэслэл тодорхой бус байхад түүнийг тодруулалгүй, хөлсөөр ажиллах гэрээний маргаан үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэнтэй ямар хэлцэл байгуулж, хэнээс ямар хэмжээний цалин хөлс авахаар тохиролцож хэдий хугацаанд хаана ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан үйл баримтыг тодруулаагүй тохиолдолд зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлж хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэхгүй юм.

 

Хэдийгээр нэхэмжлэгч шаардлага, түүний үндэслэл тайлбарыг өөрөө нотлох үүрэгтэй боловч шүүх талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн болох, хуулийн ямар зохицуулалтыг хэрэглэх эсэхийг дүгнэх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Тухайлбал, зохигчдын тайлбарт дурдсанаар Баянзүрх дүүргийн 8 хороо, 105 байрны 6 тоот 55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 42 000 000 төгрөгөөр худалдах, ажиллах хугацаанд нь ажлын хөлснөөс 40 000 000 төгрөгийг суутгаж, 2 000 000 төгрөгийг ажиллуулагч төлөхөөр тохиролцсон гэх боловч хэн орон сууцны төлбөрт тооцож, цалин хөлснөөс мөнгө суутгасан нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Женерал даймонд дрийлинг ХХК-аас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай шаардлагатай холбогдуулан тухайн байгууллагад хэзээнээс хэдийг хүртэлх хугацаанд, ямар хэмжээний цалин хөлстэй ажиллаж байсан үйл баримт тодорхой байх нь хэрэгт ач холбогдолтой. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулж, дүгнэлт хийж, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР