Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00875

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр

         Дугаар 183/ШШ2019/00875

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

        Нэхэмжлэгч: О /РД:/ нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Б /РД:/-аас гэм хорын хохиролд 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөг гаргуулах,

        Хариуцагч: “Ж” ХХК /РД:/-иас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагч М.Бын өмгөөлөгч Д.Нямдорж, иргэдийн төлөөлөгч Ш.Буянням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 8 сараас “Ж ” ХХК-ийн захирал М.Бын санал болгосноор Баянзүрх дүүргийн тоот 55 м2 3 өрөө байрыг өөр байршлын 3 байрнаас сонгож, цалингаасаа суутгуулан 42,0 сая төгрөгөөр худалдан авахаар, 2,0 сая төгрөгийг компани төлөхөөр тохиролцон нүүж орсон. Би байнга хөдөө явж ажилладаг байсан ба 2011, 2013 онд нийт 18,0 сая төгрөгийг байрны үнэд төлж, гэрээг 2011 оны 11 сард өрмийн анги буусны дараа хийнэ гэсэн ч хойшлуулсан. 2013 онд компанийн өрмийн ажил зогссон ч М.Бын эхнэрийх нь “Эгшигт констракшн” компанид ажиллаж байсан. Би байрны мөнгөө хурдан төлж дуусгахын тулд хоол хүнсээ хэдхэн төгрөг гар дээрээ авч цалингийнхаа ихэнхийг байрны төлбөрт суутгуулж байсан. Гэтэл компанийн захирал гэрээгээ хийхгүй байхаар нь 2015 оны 8 сард гэрээгээ хийх, байрны төлбөр тооцоогоо дууусгах, цаашид тогтвортой ажиллах эсэх талаар ярилцахад байрыг эхнэрийнхээ ахад худалдсан, миний байранд суусан хугацаанд 11,0 сая төгрөгийг түрээсийн төлбөрт авсан гээд янз бүрээр дарамталсан. Байрны хаалгыг нугасаар нь салган авч, байхгүй үед гэрийн бүх зүйлийг компанийн хашаанд газарт буулган овоолсон байсан. Захирал М.Б нь шүүхээр яваад юу ч олж чадахгүй гээд 2015 оны 4 сарын 15-ны өдөр Г.Ганзоригийн нэр дээр өмчлөгдсөн 000406991 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний канондсон хуулбарыг өгсөн. Миний бие цалингаас суутгаж авсан 18,0 сая төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргасан ч М.Б төлөх үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд миний гэр бүлийг хуурч мэхлэн хэт шударга бус хандаж байна гэж үзэн гомдолтой байна. Би энэ компанид чин сэтгэлээсээ ажиллаж байр өгсөнд нь талархаж гэр бүлээ орхиод Шивээ Овоо, Сүхбаатар аймгийн Төмөртийн уурхай, Дорнод аймгийн Эрдэнэ-Цагаан суманд 2-3 сар ажиллахдаа санаа зовохгүй улам л хичээж ажиллаж баярлаж байсан. Энэ байрыг бусдад худалдахаас өмнө надад худалдаж авах давуу эрх байгаа. Байрны 48 гаруй хувийн төлбөрийг төлсөн. Иймд бусдад худалдан миний эрх ашгийг зөрчсөн тул Иргэний хуульд зааснаар орон сууцыг Г.Ганзоригт санал болгосон нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг М.Бад даалгаж, Г.Ганзоригтой байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 8 сард Говьсүмбэр аймгийн Шивээ Овоо суманд ажиллаж байхад М.Б нь дуудаж уулзан, чи ажлынхаа хөлснөөс суутгуулан байр авч болно гээд Сансар, Офицер, Ургах наран хороололд 3 байрнаас сонголт хий гээд офицерт буюу Баянзүрх дүүргийн тоот байрыг сонгоход М.Б нь энэ байрыг чамд 42,0 сая төгрөгөөр өгье, 2,0 сая төгрөгийг компани гаргана, үлдэгдэл 40,0 сая төгрөгийг цалингаас суутгана” гээд эхнэр Г.Анусүрэнгийн хамт байр үзүүлж, түлхүүрийг надад өгсөн. Би байрандаа эхнэр хүүхдээ оруулж үлдээгээд хөдөө ажил руугаа явсан бөгөөд байрны гэрээг өвөл өрмийн анги буухаар хотод ирж хийнэ гэж амаар ярьж тохиролцсон. Тухайн үед М.Б нь “чи хөдөө ажилласан цалингаасаа хэдэн төгрөг суутгуулахаа өөрөө мэд, би чамайг ажлаар таслахгүй, байрнаасаа хөөхгүй гэсэн. 2011 оны 12 сард өрмийн анги бууж, хотод ирээд гэрээгээ хийх гэхэд удаа дараа хойшлуулсаар байсан. Би байрны мөнгөө л суутгуулья гэж бодож, маш бага хэмжээний мөнгө гар дээрээ авч хэрэглэдэг байсан бөгөөд 2011 оноос хойш нийт 16,0 сая төгрөг суутгуулж, бэлнээр 2,0 сая төгрөг өгсөн. 2013 оны сүүлчээр өрмийн ажил зогсоод М.Б эхнэрийнхээ компани болох “Эгшигт консракшн” ХХК-д ажилла гэсний дагуу ажиллаж, хий гэсэн болгоныг хийсэн. Цалин мөнгөгүй ингэж байж болохгүй байна, өөр газар ажиллая гэхэд М.Б нь байраа чөлөөлөөд яв гэж дарамталсан. 2015 оны 7 сарын 27-ны өдөр М.Бын гэрт нь очиж эцсийн удаа гэрээгээ хийе эсвэл ажилгүй байлгахгүй гэсэн амлалтын талаар тохиролцохоор өөрийн дүү Ш.Пүрэвдуламын хамт очин бичлэг хийж ярилцсан. Энэ өдрөөс хойш намайг дарамтлан байрнаас гарахыг шаардсан бөгөөд 2015 оны 11 сарын 26-нд гэрт ирж наад байраа чөлөөл, энэ байр одоо Г.Ганзоригийнх болсон, чи шүүх цагдаагаараа яваад юу ч олж чадахгүй, энэ гэрчилгээг шүүхдээ үзүүлээрэй гээд 2015 оны 4 сарын 15-нд гэж огноолсон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар өгсөн. Би 18,0 сая төгрөг байранд төлснөө авч гарна гэхэд хадам аав нь 4,0 сая төгрөг бэлэн өгөөд үлдэх мөнгийг байрны түрээсэнд суутгасан гэсэн. Хаалгыг нугасаар нь салган авч явснаас хүүхэд маань өвдөж эмнэлэгт хэвтсэн хойгуур эвдэн орж гэр орны эд хогшлыг эхнэрийнхээ компанийн агуулахад газарт шидэж хураасан байсан. М.Б нь шүүхэд өгч байсан тайлбартаа өөрийн өмчлөлийн байрыг хүнд худалдсан гэсэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд өнөөдрийг хүртэл тайлбар гаргаагүй, улсын бүртгэлээс уг байртай холбоотой лавлагаа авах, битүүмжлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэсэн ч 5 сар гаруй хугацаа өнгөрч байгаад гомдолтой байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна. Байрны үнийг цааш нь төлөх үүрэг би хүлээсэн хэвээр байсан бөгөөд М.Б нь 5 жил байрныхаа хөлсийг төлүүлэн, компанийн гэх хүнд хүчир ажлаа үнэ хөлсгүйгээр хийлгэж, эцэст нь түрээсийнх гэж суутгаж авсан мөнгийг маань төлөөгүй, байраа бусдад бэлэглэсэн тухай надад мэдэгдээгүй, өнөөдөр Г.Ганзориг гэж хүний өмчлөлд шилжсэн зэргээс суутгаж авсан мөнгө учирсан хохирлоо гаргуулахыг хүсэж шаардлагаа өөрчилж байна. М.Б нь байраа надаас булааж авсан тул би төлсөн 18,0 сая төгрөгөөс 4,0 сая төгрөг бэлнээр авсан тул 14,0 сая төгрөг нэхэмжилнэ. 1,0 сая төгрөгийг СӨХ, дулааны мөнгөнд суутгаж авсан гэж байгаа ч 2011-2015 онд байр, дулаан, СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлж байсан. Эхнэр маань 2011, 2012 онд хүүхэд төрүүлж, хүүхдүүдээ харж байсан бөгөөд нялх хүүхдүүдээ аваад очих орон гэргүй болж, одоо Г.Одгэрэл гэгч айлын хашаа байшин удаан хугацаагаар түрээслэн амьдарч байна. Хэрэв энэ хүн намайг хуурч мэхлээгүй байсан бол орох оронгүй айлын хашаа байшин түрээслэж явахгүй байсан. Би гэрээ байгуулж, энэ айлд сар бүр 300,000 төгрөг төлж ирсэн бөгөөд түрээсийн төлбөр 4,5 сая төгрөг төлсөн. Энэ маргаанаас өмгөөлөгч авч, эдийн засгийн хувьд давхар хохирсон ба өмгөөлөгчид 3,5 сая төгрөг төлсөн.  Нялх хүүхдүүдээ аваад орон гэргүй маш хэцүү байсан бөгөөд сэтгэл санааны хямралд орж хохирсон тул хуурч мэхлэн залилсан сэтгэл санааны хохиролд 10,0 сая төгрөг, түрээсийн төлбөр 4,5 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,5 сая төгрөг, нийт 32,0 сая төгрөгийг М.Баас гаргуулна.  “Ж’’ ХХК нь нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг өгөхгүй байх тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Бын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б нь Уул уурхайн өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ’’Ж’’ ХХК-ийн захирал бөгөөд Ш.О нь тус компанид 2010 оны 10 сараас 2012 оны 9 сар хүртэлх хугацаанд өрмийн мастераар ажиллаж байсан. Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх үүднээс зарим ажилтанд уян хатан зээл олгох буюу ямар ч хүү шимтгэлгүйгээр зөвхөн үндсэн зээлээ л төлөх нөхцөлтэйгээр орон сууцаар хангаж ажилласны дагуу Ш.Отай Баянзүрх дүүргийн 8 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 байрны 6 тоот, 55 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 42,0 сая төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцон, үүнээс 2,0 сая төгрөгийг компани гаргаж 40,0 сая төгрөгийг түүний цалингаас суутгахаар болсон. Бид 2,0 сая төгрөгийг төлж үлдэх 40,0 сая төгрөгөөс түүний ажиллаж байсан 2011-2013 оны хооронд нийт 16,0 сая төгрөгийг суутгаж авсан. Манай компани 2012 оноос хойш уул уурхайн уналт, зах зээлийн хүнд байдалд орсны улмаас зогсонги байдалд орсон. Гэвч бид ажил олгогчийн үүргийн дагуу Ш.Оыг байнгын ажлын байраар хангах үүднээс “Эгшигт констракшн” ХХК-д үйлдвэрийн туслах ажилтан, Шувуун фабрикт шувууны байр барих гэх мэт ажлаар хангаж ирсэн. Гэтэл Ш.О нь 2015 оны 8 сард ажлаасаа гарах хүсэлт тавьж, тооцоо мөнгөө дуусгавар болгохыг хүссэн тул дээрх хэлэлцээрийг дуусгавар болгож, түүнээс суутгасан 16,0 сая төгрөгөөс байранд амьдарсан 48 сарын түрээсийн мөнгийг зах зээлийг үнээс илт доогуур сарын 230,000 төгрөгөөр тооцон 11,0 сая төгрөг суутгаж үлдэх 5,0 сая төгрөгийг эргүүлэн олгохыг мэдэгдэхэд тэр дээрх нөхцлийг зөвшөөрч бид дээрх орон сууцыг худалдан борлуулахаар болсон. 2015 оны 11 сарын 24-нд Ш.О гэрт очиж үлдэгдэл 4,0 сая төгрөг өгч, 1,0 сая төгрөгийг дулаан СӨХ-ны төлбөрт суутган хасалт хийж маргааш нь байрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон боловч байрнаасаа гарахгүй, би хохирч байна шүүхэд хандана гэсэн. М.Б нь маш олон удаа тайлбарлаж гарахыг гуйж шаардаж олон аргаар үзсэн боловч дийлдээгүй. Мөн 2015 оны 11 сарын 26-нд М.Б нь ах Г.Ганзориг түүний эхнэр Б.Нямханд өөрийн эхнэр Г.Анусүрэн нартай гэрт нь очиход Ш.О олон янзаар гүтгэн доромжилж би амиа хорлоно, М.Бад тохно гэж цаасны хутга гарган ирж амиа хорлохыг завдсан. Мөн гэрийн чинь гадаа очиж өөрийн амь насыг хохирооно гэж айлган сүрдүүлж сэтгэл санааны дарамтад оруулсан. Ингэхдээ чи ажлын байраар хангаагүй өдийд та нартай учраагүй бол би өөрийн гэсэн орон сууцтай болох байсан гэж элдвээр доромжилсон. Иймд Ш.О 14,0 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь огт үндэслэлгүй, М.Б нь Ш.Отай ямар ч  тооцоогүй төдийгүй зөвхөн хууль ёсны дагуу өөрийн өмчлөлийн байрыг суллан авсан гэжээ. 

 

Хариуцагч М.Бын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар эд хөрөнгөд ямар хохирол учраад гэм хор шаардаад байгаа хууль зүйн үндэслэлийг нь тодруулах шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д заасны дагуу хууль зүйн туслалцаа авах эрх нь гэм хор биш. Өмгөөллийн хөлс 3,5 сая төгрөгг нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Айлын хашаа байшин 4,5 сая төгрөгөөр түрээслэсэн нь байрнаас гарахдаа 4,0 сая төгрөг авчаад байрнаас гарсан үр дагвар нь тогтоодсон. Байрнаас гарахгүй ч байж болно. Тухайн үеийн Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тухайн хүний оршин сууж байгаа орон байранд хууль бусаар нэвтрэх нь хууль бус, эрүүгийн гэмт хэрэг гээд заасан. Иймд байрыг ямар шүүхийн шийдвэрээр, нотлох баримтаар М.Б орон байрыг хууль бусаар эзэмшилдээ аваад байгаа нь нотлогдохгүй. Энэ хүн байрнаас гараад тэр хашаа байшинг түрээслэхгүй байсан уу. 2015 оны 12 сард үнэ заагаагүй гэрээ байгуулаад дараа нь 2016 онд үнэ заасан гэрээ байгуулсан. Энэ 2 гэрээний ялгааг тайлбарлаж чаддаггүй. Нэхэмжлэлийг анх гаргахдаа хууль зүйн туслалцаа аваад гаргасан. Одоо ийм юм ярьж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр шүүх бүрэлдэхүүн анхаараарай гэж хүсч байна. Сэтгэл зүйн эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй сэтгэл зүйн психиатр гэдэг эмч хүн уг эмчилгээг хийдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэлТөгөлдөр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа төрийн бус байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгая гэсэн хүсэлт гаргаад хүсэлтийг татгалзасан. ТББ-ын дүрэмд гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгнө, сэтгэл зүйн аливаа асуудлын талаар зөвлөгөө өгөхгүй гэж тодорхой заасан. Хавтаст хэргийн 111 дүгээр хуудастай холбоотойгоор шүүх хуралдааны тэмдэглэлд 116 дугаар хуудсанд “Би энэ компанид өрмийн мастераар ажилласан юм” гэж илэрхийлж байсан. Өнөөдөр шүүхийн өмнө өмгөөлөгч нь М.Баас авна. Шүүгч Та энэ “Ж” ХХК-д ажиллаж байсан юм уу гэж асуухад хэргийн 118 дугаар хуудсанд “Ж” ХХК-д ажиллаад цалингаа нягтлан бодогчоос авдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр энэ гэм хор учруулах гээд байгаа үйл баримтыг хараад үзэхээр компанийн өрмийн мастер хийхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу өрөм хийхэд хуулийн этгээдэд уг тусгай зөвшөөрлийг олгодог. Ажиллаад байсан өрмийн машин нь компанийн хөрөнгө болохоос иргэн М.Бын хөрөнгө биш. Тухайн үед М.Б нь тухайн компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй байдаг гэж хэлсэн. Компани 2 хувьцаа эзэмшигчтэй, захирлаар нь М.Б ажиллаж байсан нь нотлогддог тул М.Б хариуцах ёсгүй. Тухайн үед “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар оролцсон болохоос иргэний хувиар оролцоогүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.О нь М.Б, “Ж” ХХК нарт холбогдуулан Г.Ганзоригт санал болгосон нөхцлөөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг М.Бад даалгах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ажлын хөлснөөс суутгуулсан төлбөрөөс 14,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг буюу нийт 32,000,000 төгрөгийг М.Баас гаргуулах, “Ж” ХХК-иас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулахаар тодорхойлсон байна.

 

 “Ж” ХХК-ийн захирал М.Б нь 2011 оны 8 дугаар сард Ш.Оыг ажиллуулж, хөлснөөс суутгуулан байр авахаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан ба талуудын тохиролцооноос үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллуулагч “Ж” ХХК нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар ажлыг хийж гүйцэтгэсний дараа хөлсийг төлөх, ажиллагч Ш.О нь ажлыг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр зохицуулжээ.

“Ж” ХХК-ийн захирал М.Б нь Баянзүрх дүүргийн тоот 55 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 42,000,000 төгрөгөөр худалдах, ажиллах хугацаанд нь ажлын хөлснөөс 40,000,000 төгрөгийг суутгаж, 2,000,000 төгрөгийг ажиллуулагч төлөхөөр тохиролцсон байна.

 

Ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр тохиролцсон талаар талууд тайлбар гаргаагүй, харин хөлснөөс 16,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт суутгасан үнийн дүнд маргахгүй, харин нэхэмжлэгч нь 2,00,000 төгрөгийг бэлнээр өгснийг хариуцагч зөвшөөрөхгүй байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т гэрээнд хугацаа тогтоогоогүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгохоор заасан ба нэхэмжлэгч нь 2011 оноос уг байранд сууж байгаад 2015 оны 8 дугаар сард нэхэмжлэгчээс өөр газар ажиллах санал гаргасныг хариуцагч нь зөвшөөрснөөр тэдгээрийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болжээ.

 

 Хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсноор зохигчийн тохиролцсон тохиролцоо мөн дуусгавар болсон гэж үзэхээр байна. Учир нь ажиллах хугацаанд нь орон сууцны төлбөрийг  Ш.О ажлын хөлснөөс суутгах боломжгүй, талууд гэрээгээ үргэлжлүүлэн өөр нөхцлийг тохиролцоогүй байна.

 

Иймд тухайн орон сууцыг худалдан авахаар цалингаас суутгуулсан мөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна. Харин М.Б нь “Ж” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хэлцэл хийсэн байх тул шаардлагыг хариуцах этгээд болох “Ж” ХХК-иас  14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, М.Бад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа 16,000,000 төгрөгийг суутгуулсан, 2,000,000 төгрөгийг бэлнээр өгснөөс 4,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэхээр байх бөгөөд харин 48 сарын түрээсийн мөнгийг сарын 230,000 төгрөгөөр тооцон 11,000,000 төгрөгийг суутгасан талаархи тайлбар нь үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Учир нь талууд дээрх орон сууцыг түрээслэхээр тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Тухайн зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад гэрээг бичгээр байгуулах, нотариатаар баталгаажуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагууд хангагдаагүйн зэрэгцээ хөлсөөр ажиллах гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг  худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тодорхойлсноор түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг гаргуулах  шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д  гэрээний 1 тал үүрэг зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзсан тохиолдолд, харин 227.4-т эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд шаардах эрхийг зохицуулжээ.

 

Тухайн тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээний тал болох “Ж” ХХК үүргээ зөрчсөн байдал тогтоогдохгүй, түүнчлэн орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байна.

 

Харин 2 тал тохиролцон хөлсөөр ажиллах гэрээгээ дуусгавар болгосныг хариуцагч нар гэрээгээ зөрчсөн үндэслэлээр Ш.О байр түрээсэлсний төлбөр болон өмгөөлөгчийн хөлсийг хариуцах үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

 Нэхэмжлэгчээс сэтгэл санааны гэм хорын хохиролд 10,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

 

 Гэвч тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу хариуцагчийн гэм буруу нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоогүй, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Сэтгэл зүйн байдлын тодорхойлолтыг эрх бүхий байгууллагаас гэм бурууг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд орон сууцны асуудлаас болж сэтгэл зүйн хэвийн байдал алдагдсанаар сэтгэл зүйчээс мэргэжлийн туслалцаа авсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах шаардлагаа нотолж чадахгүй байна. Түүнд хэзээ, хэд дугаартай дэвтэр нээгдсэн талаар баримтгүйгээс гадна энэ өдрийн хуралдаан дээр дэвтэр нээлгэж байгаагүй гэж тайлбарласан, нөгөөтэйгүүр хөлсөөр ажиллах гэрээний ажиллуулагч тал нь ажиллагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх үүргийг хүлээхгүй тул шаардлага үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид /227,950+130,000/ төлсөн 357,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн захирал Ц.Ганзоригт түүний шүүхэд мэдүүлсэн болон иргэний үнэмлэх дээрх хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, 1 хороолол, 22б байр, 28 тоот хаягаар удаа дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүйг, “Ж” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 хороо, 25 тоотод бүртгэлгүйг тус тус Засаг дарга тодорхойлсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч нь татгалзсан талаархи тайлбарыг баримтын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заажээ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэйг заасан ба “Ж” ХХК-ийн захирал нь хуульд заасан лавлах үүргээ биелүүлээгүй тул шүүх хуралдааны товыг хүргэгдсэн тооцож, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Тус шүүхийн Тамгын газраас иргэдийн төлөөлөгчөөр Ш.Буянням сонгогдон оролцож, хариуцагч талын няцаалтыг нэхэмжлэгч тал хууль зүйн талаас тайлбар гаргаж чадахгүй байгаа талаар дүгнэлтийг гаргалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК /РД:/-иас ажлын хөлснөөс суутгасан 14,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Бэсүд овогтой Шатарын От /РД:/ олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт зааснаар М.Баас түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг,  сэтгэл санааны гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах болон “Ж” ХХК-иас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.САРАНТУЯА

 

                        ШҮҮГЧИД                                          Д.МӨНХЦЭЦЭГ

                                                           

                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ