Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2015/0811/З |
Дугаар | 26 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 26
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч С.Оюунгэрэл нарын шүүх бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б, иргэдийн төлөөлөгч Э.Ш нарыг оролцуулан хийж,
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөл,
Нэхэмжлэлийн шаардлага: "М" ХХК”-д олгосон 2015 оны 122 дугаар Архитектур Төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлын шийдвэрийн "М" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 8003/0001 нэгж талбарын дугаартай 525 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон билээ. Улмаар өөрсдийн эзэмшлийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, барилга барихаар хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга
2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 122 дугаар Архитектур Төлөвлөлтийн даалгаврыг баталсан юм. Ингээд уг Архитектур Төлөвлөлтийн даалгаврын дагуу Барилга байгууламжийн зургаа боловсруулан, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авахаар байгаа болно.
Гэтэл дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноос ердөө ганцхан сарын буюу 2015 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн “Газар барилгажилтын зөвлөл”-ийн Нийслэлийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02/1420 тоот албан бичгээр мэдэгдсэн. Уг албан бичигт “Иргэдээс барилга барихыг эсэргүүцсэн санал ирсэн" тул болгох үндэслэл болсон хэмээн дурдсан нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэл гүй юм.
Газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд хот байгуулалтын баримт тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд 12.8-д “Барилга байгууламжийн зураг хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасны дагуу компанид олгосон 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар нь дээрх нийцэж байгаа болно. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”- Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл байхад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтална. Архитектур төлөвлөлтийн даалгаварт дараахь зүйлийг тусгана гээд Байршил тогтоосон газарт барих барилгын зориулалт, хүчин чадлыг тухайн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот тосгоны нутаг дэвсгэрийн уялдуулан зааж, барилгажих талбайн болон зам, талбай, ногоон байгууламжийн эзлэх хувь, барилгын давхрын тоог тогтооно”,
З.З-д “Хүрээлэн байгаа байгалийн тогтоц, хийсэн тохижилт, зам, талбай, ногоон байгууламжийг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх ажил болон инженерийн бэлтгэл арга заана” гэж тус тус заасныг баримтлан холбогдох асуудлыг тусгасан даалгаврыг гүйцэтгэсэн. Тиймээс хуульд зааснаас өөр шаардлагыг нэмж тавих, улмаар түүнийгээ үндэслэн нийцэж буй архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож буй нь үндэслэлгүй.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичигт “Иргэдээс ирүүлснийг үндэслэн хүчингүй болгосон” хэмээн бодит байдалд нийцэхгүй, хэт өрөөсгөл үндэслэсэн байдаг. Учир нь “иргэдийн санал” гэх зүйл нь нэг удирдлага, захиралтай байгууллагуудын бизнесийн сонирхлын үүднээс эдгээр байгууллага болон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны засаг дарга Т.Т нарын зориудаар зохион байгуулсан ажил юм.
Өөрөөр хэлбэл, иргэдээс ирүүлсэн гэх санал нь бодитой биш бөгөөд хотын ерөнхий хэсэгчилсэн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга нь барилгын ойр орших орон сууцны оршин суугч, өмчлөгчдийн эрх, хууль ёсны сонирхолыг ямар нэгэн байдлаар хөндөж, зөрчсөн зүйл байхгүй болно.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг дарга уг газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар бусдад шийдвэрлэх боломжтой тул манай компанид эзэмшүүлсэн байтал Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын үндэслэлгүй шийдвэрийн улмаас өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу бодитоор эзэмших эрхийг хязгаарлаж байна.
Улмаар энэхүү асуудалтай холбогдуулан бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 15/259 тоот албан бичгээр Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын дарга , 2015 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 15/276 тоот албан бичгээр Нийслэлийн хотын дарга Э.Б*******д тус тус гомдол гаргасан боловч Засаг даргаас ямар нэгэн хариу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан журмын дагуу ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд "М" ХХК-д олгосон 2015 оны 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийн "М" ХХК-д хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 1. "М" ХХК-д олгосон 2015 оны 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, 2. Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийн "М"
ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 8003/0001 гэсэн талбарын дугаартай 525 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээ орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Зориулалтын дагуу газраа ашиглахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Улаанбаатар хотын ерөнхий архитекторт гаргасан хүсэлтийг 2014 оноос хойш гаргаад анх 16 давхар барилга барихыг хүссэн гэтэл энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна яагаад гэвэл барилгын стандарт, нормд нийцэхгүй байна гэсэн хариу өгсөн. Сүүлд нь 14, 13 гэж багасгасаар байгаад хамгийн сүүлд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байдаг.
Үүний дагуу схем зургийг боловсруулахаар ажиллаж байх үед 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн газар барилгын зөвлөлийн хурлаар архитектурын даалгаврыг хүчингүй болгосон тухай албан тоотыг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2020 гэсэн албан тоотоор анх мэдэгдсэн. Албан тооттой холбогдуулан дээд шатны албан тушаалтанд гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй. Хүчингүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй гэж үзэж байна. Тухайлбал: Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, мөн Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламж, зураг төсөл боловсруулах зөвшилцөх дүрэмд заасан магадлалуудын дүрэмд заасан шаардлагуудыг хангаж байхад энэ дүрэмд зааснаас өөр үндэслэлээр хүчингүй болгосон. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг мөн адил хангаж байсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга болон Нийслэлийн засаг даргад хоёуланд нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд 2015 оны 122 дугаартай архитектурын даалгаврыг хүчингүй болгосон тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр болон Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн "М" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий архитектор О.О******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ..."М" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт 525 м.кв газрыг эзэмших эрхтэй
болсон. Тус компани нь уг газар дээрээ 13 давхар үйлчилгээтэй барилга барих хүсэлтийг 2014 оны 2 дугаар сард гаргаж байсан ба барилга барих хүсэлтийг судлан Хот байгуулалтын хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалт, ... заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын орон сууцны барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын хэмжээ, 1.7-д заасан орон сууцны хотхон, хорооллын нутаг дэвсгэрийн өөрчлөлтөд шаардагдах авто машины ил зогсоол болон дулаан зогсоолын ....... тус тус хангагдахгүй гэсэн үндэслэлээр 13 давхар барилга барих боломжгүйг тус компанид албан бичгээр мэдэгдсэн.
Тус компани 2014 оны 12 дугаар сард эзэмшил газар дээрээ 12 давхар барилга барих хүсэлт ирүүлсэн ба тухайн компанийн эзэмшиж буй газар дээр дээрх дурьдсан өндөр барилга барих боломжгүй болохыг мэдэгдсэн байна.
“"М" ХХК-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б*******д хандан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг хүргүүлсэн нь манай байгууллагад цохогдон ирсэн. Уг албан бичигт компани эзэмшил газар дээрээ 9 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барих эрхтэй байгааг уламжилсан байсан. Ирүүлсэн хүсэлтийг Газар, барилгажилтын Зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, 9 давхар барилга барих асуудлыг дэмжсэн ба тухайн байршилд барилга барихыг эсэргүүцсэн гомдол санал ньшийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж шийдвэрлэсэн. Хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Уг даалгаврын 9 дүгээр заалтад гаргасан орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөн эскиз зураг батлуулах...” гэж заасан.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд "М" ХХК-ийн эзэмшил газрын ойр хавьд байрлах 15, 45, 47, 48, 53а, 68 дугаар байрны оршин суугчид, хорооны Засаг дарга, барилга барихаар төлөвлөсөн барилгыг эсэргүүцсэн гомдол, саналыг ирүүлсэн. Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1уг асуудлыг хэлэлцүүлсэн. Тус хурлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гомдол, албан бичгүүд, оршин суугчдын эс зөвшөөрсөн саналууд, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж
ажиллана” гэж заасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах харилцааг зохицуулсан.
"М" ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгавраар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас "М" ХХК-д олгосон 2015 оны 122 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон үйл ажиллагаа нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн болно. Уг даалгаврыг хүчингүй болгосноор компанийн газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчөөгүй бөгөөд тухайн компанийн эзэмшлийн газар дээр холбогдох норм дүрмийн дагуу орчны барилга байгууламж, орон зайн зохиомжтой уялдуулан нам давхрын барилга барих боломжтой юм. Гэхдээ барилга барих асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийвэл зохих үйл ажиллагааг хийж шийдвэрлэнэ.
Дээр дурьдсан тайлбараар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "М" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 340 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 8003/0001 гэсэн талбарын дугаартай 525 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээ орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Тус компанийн 13 давхар үйлчилгээний байгууллагыг барих хүсэлтийг 2014 оны 2 дугаар сард өгсөн байдаг. Уг хүсэлтийг судалж үзэхэд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Барилгажих талбай нь тухай газрын 70 хувиас илүүгүй байна, Барилгын норм дүрмийн 4 дүгээр хүснэгтийн 1.6-д Орон сууц, олон нийтийн барилга хоорондын зай хэмжээг 1.7-д заасан орон сууцны хотхон хорооллын нутаг дэвсгэрт шаардагдах барилга хоорондын авто машины ил зогсоол, болон дулаан зогсоолын шаардлагыг хангагдахгүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгосон. 2014 оны 12 дугаар сард дахин 12 давхар барилгыг барих хүсэлт ирүүлэхэд уг газар өндөр барилга барих боломжгүй гэж мэдэгдсэн.
"М" ХХК нь Нийслэлийн Засаг даргад 2015 оны 2 дугаар сарын 24-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт тус компани 9 давхар барилга барих хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийг Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлээд 9 давхар барилга барих хүсэлтийг нь дэмжсэн ба тухайн барилга барих зөвшөөрлийг эсэргүүцсэн иргэдийн санал ирвэл шийдвэрийг хүчингүй болгох тухай заасан. Хурлын шийдвэрийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Уг даалгаврын 9 дэх заалтад гомдол гаргасан тухайн орчны газар эзэмшигч болон орон сууц өмчлөгч нартай зөвшилцөж схем зургаа гаргахыг заасан. Тухайн эзэмшил газрын ойр байрлах 15, 45, 47, 53а, 68 дугаар байрны оршин суугчид, мөн хорооны Засаг дарга, “Агуу хүүхдүүд” төрийн бус байгууллага, “М*******” ХХК-аас "М" ХХК-ын барих гэж буй барилгыг эсэргүүцсэн гомдол гарсан. Уг гомдолд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийдвэр, гомдол гаргасан 15, 45, 47, 53а, 68 дугаар байрны оршин суугчид, мөн хорооны Засаг дарга, гомдол, эсэргүүцлийг үндэслэн Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 6 дугаар хурлаар шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. "М" ХХК нь Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлээд 9 давхар барилга барих зөвшөөрөл олгохдоо тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, Газар барилгажилтын зөвлөлийн шийдвэр нь захиргааны акт биш тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч компани нь “"М" ХХК-д олгосон 2015 оны 122 дугаар Архитектур Төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлын шийдвэрийн "М" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Газар, барилгажилтийн зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар "М" ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хойд талд үйлчилгээтэй 9 давхар барилга барих хүсэлтийг шийдвэрлэж 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон байна.
Мөн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга болон ойр орчмын 61 иргэний эсэргүүцсэн гомдол,ирүүлсэн нэхэмжлэгч байгууллагын барилга барихыг эсэргүүцсэн хүсэлтийг хэлэлцэж "М" ХХК-д олгосон 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг “иргэдийн эсэргүүцэл гарсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох эсэх асуудлыг Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Ерөнхий архитектороос зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулах тухайд бие даасан захиргааны акт гаргадаггүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хүчингүй тэмдэг дарсан нь зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулсан шийдвэр мөн” хэмээн тайлбарлаж байна.
Хот байгуулалтын тухай хуулиар тодорхойлсны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/ нь “хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгч” байхаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “орон нутгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулж, Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг өдөр тутмын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” нь Улаанбаатар хотын ерөнхий архитекторын бүрэн эрхэд хамаарахаар байна.
Түүнчлэн Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т “барилгын байршлын бүдүүвч зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба боловсруулж ерөнхий архитектор зөвшөөрсөн байна” гэж заасан болон “Газар барилгажилтын зөвлөлийн дүрэм” -ийн нэг дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу Газар барилгажилтын зөвлөл нь ерөнхий архитекторын шийдвэрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байхаар зохицуулснаас үзвэл Газар барилгажилтын хурлын болон ерөнхий архитекторын шийдвэр нь харилцан уялдаатай байх ба тус зөвлөлийн хурлын болон ерөнхий архитекторын шийдвэр нь нэхэмжлэгчид олгосон байсан 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноороо нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй буюу Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Барилга байгууламж, зураг төсөл боловсруулах зөвшилцөх дүрэмд зааснаас өөр үндэслэлээр хүчингүй болгосон, түүнчлэн Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг мөн адил хангаж байхад нэгэнт олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгч байгууллага нь Архитектур төлөвлөлтийн даалгавраар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, баригдах барилга нь барилгын норм, дүрмийг зөрчиж байсан тул 122 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.
Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зураг төсөл боловсруулахад архитектур төлөвлөлтийн даалгаврыг баримтлах”-аар, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зураг төслийг боловсруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа ... эх загвар зураг (эскиз) боловсруулж барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар хянуулах”-аар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д “Архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг боловсруулахад хот байгуулалтын мэдээллийн сан дахь дэвсгэр зурагт үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх”-ээр тус тус зохицуулснаас үзвэл, барилгын эх зураг/эскиз/ боловсруулах, батлуулах үйл ажиллагаа нь архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноос хойш хийгдэх ажиллагаа байна.
"М" ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9-д “хот төлөвлөлтийн онцгой нөхцөл”-ийг “...гомдол гаргасан орчны газар эзэмшигч болон оршин суугчидтай зөвшилцөн эскиз зураг батлуулах” гэж тодорхойлжээ.
Дээрхээс үзвэл, хариуцагч нь "М" ХХК-д батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавраар “эскиз зургийг зөвшилцөн батлуулах” нөхцөл тавьсан атлаа “122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар барилга барихыг эсэргүүцсэн санал ирвэл шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлтэйгээр олгогдсон. Иргэдийн эсэргүүцсэн санал ирсэн учраас хүчингүй болгосон” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар хуралдаанаас “...иргэдийн баталгаажсан санал ирвэл хүчингүй болгох”-ийг тэмдэглэсэн хэдий ч уг хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэх үед тухайн байршилд барилга барихыг эсэргүүцсэн саналууд ирсэн байсан нь уг хуралдааны тэмдэглэлд “Агуу хүүхдүүд цэцэрлэг, болон М******* ХХК-аас 6 удаа гомдол ирсэн” гэж бичигдсэн болон саналын хуудаснуудад огноог “2015-02-13” гэж бичсэнээр нотлогдож байна.
Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр албан бичигт “...байрнуудад 173 өрх, 632 хүн амьдардаг” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн ба Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар хуралдааны тэмдэглэлд “61 иргэний эсэргүүцсэн санал ирсэн” гэж тэмдэглэгдсэн боловч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаас баталгаажуулж ирүүлсэн гэх саналын хуудаснуудын олонхи нь иргэний үнэмлэхний хуулбар хавсаргаагүй, нэг хүний саналын хуудсыг 2-3 удаа хуулбарлаж давхардуулан өгсөн, иргэний үнэмлэхний хаягжилттай талыг хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байжээ.
Дүгнэн үзвэл, маргаан бүхий шийдвэрийн үндэслэл болсон дээрх нөхцөл байдлууд нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам””-ын 4 дүгээр зүйлийн 4.11-т заасан “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцох” шаардлагыг хангахгүй байх төдийгүй Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 06 хуралдаанаар хэлэлцсэн саналуудыг 08 дугаар хуралдаанаар дахин хэлэлцэж маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байжээ.
Иймд нэхэмжлэлийн “өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу бодитоор эзэмших эрхийг хязгаарлаж байна” гэсэн үндэслэлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэсэн хэдий ч,
- маргаан бүхий барилга барих талбай нь хүн амын нягтаршил ихтэй, орон сууцны хорооллын дундах талбайд хамаарч байгаа нь хэрэгт авагдсан газрын үзлэгийн фото зураг , нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...иргэд яг эсэргүүцээд байгаа зүйл байхгүй, ойр орчмын орон сууцнуудад нийт 279 өрх байгаа. Гэтэл 23 өрх саналаа өгсөн байдаг” гэж тайлбарлаж байна,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Энэ бүс нь нам давхрын барилгажилтын бүс учраас өндөр барилга барих боломжгүй” гэж тайлбарлаж байна,
- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзвэл тухайн байршилд барилга барихыг дэмжихгүй байгаа гэж үзэхээр байна,
- түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/1420 тоот албан бичигт “Тус барилгын анхан шатны эскиз зураг төслийг боловсруулахдаа архитектур, төлөвлөлтийн даалгаваргүйгээр, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30-01-04-ийн 2.10, 2.11, 2.14, 4.2, 6.30, Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт 31-01-10-ийн 1.5, 1.6, 1.7 дугаар заалтуудыг зөрчсөн”-ийг дурьджээ,
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “барилгын норм, дүрмийг зөрчсөн нь маргаан бүхий шийдвэрийг гаргах нэг үндэслэл болсон” гэж тайлбарлаж байх хэдий ч холбогдох норм, дүрмийн орон сууцны хорооллын ногоон бүс, нарны тусгал, хүн амын нягтрал, цэцэрлэгжүүлэх талбай, граж, ил зогсоол нь төлөвлөлтийн шаардлага/дээрх 02/1420 тоот албан бичигт дурьдсан/ зэргийг зөрчиж байгаа эсэхийг хариуцагчаас шалгаж тогтоосонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүх хуралдаанд “эскиз зураг батлагдаагүй тул барилга хоорондын зайг тодорхой хэлж мэдэхгүй” гэж зөрүүтэйгээр тайлбарлаж байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчид олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаж буй барилга нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм 30-01-04-ийн 2.10, 2.11, 2.14, 4.2, 6.30, Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт 31-01-10-ийн 1.5, 1.6, 1.7 дугаар заалтуудыг зөрчсөн эсэх болон “нам давхрын барилгажилтын бүс”-эд хамаарах эсэхийг шалган тогтоож, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан “...иргэдийн оролцоотой төлөвлөх” шаардлагыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлсний дараа маргаан бүхий шийдвэрийг гаргах шаардлагатай байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "М" ХХК-д олгосон 122 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах барилгын тухайд хариуцагч нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэгт заасны дагуу ойр орчмын оршин суугч, өмчлөгчийн санал авах, саналын дүнг нэгтгэх, үнэлэх, дүгнэх ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч "М" ХХК-аас эзэмшил газраа зориулалтын дагуу бодитоор эзэмших эрхийг хангаж дахин шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж 122 дугаартай Архитектур Төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ний “Хүчингүй” шийдвэр болон Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлын шийдвэрийн "М" ХХК-д холбогдох хэсгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Газар барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 8 дугаар хурлын шийдвэрийн "М" ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “хүчингүй” шийдвэрийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, орчны иргэдийн оролцоо болон нэхэмжлэгч "М" ХХК-ийг эзэмшил газраа зориулалтын дагуу бодитоор эзэмших эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөлөөс захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Газар барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 8 дугаар хурлын шийдвэрийн "М" ХХК-д холбогдох хэсэг, ерөнхий архитектурын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “хүчингүй” шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ