Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02401

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/02401

 

 

 

И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Г, А.Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 245 332 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгэээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд,

Хариуцагч Г.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэл,

Хариуцагч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, А.Г нар манай ББСБ-тай 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В17042402 тоот Зээлийн гэрээ, С17042402 тоот Зээлийн барьцааны гэрээ, С17042402-01 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг нэг сарын 4.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Гын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэгт байрлах 000624472 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, бага шар хоолой доод төгөл, 5 дугаар хэсэг гудамж, 12/7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, 000523657 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 216 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Г.Г, А.Г нарын хамтран өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, Зв байр, 3 дугаар давхрын хэсэгт байрлах 181.9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаартай, 000523657 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн барьцааны гэрээний дагуу тус тус барьцаалуулсан. Энэ хугацаанд зээлдэгч нар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа 9 444 000 төгрөг төлснөөс хойш огт төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Түүнчлэн, анх зээлийг авахдаа эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор авсан ч зээлийг зориулалтаар ашиглаагүй. Зээлдэгч нар хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг нэхэмжилж байна. Манай зүгээс зээлийг шаардаж шүүхэд хандахад хаягтаа байхгүй үндэслэлээр эрэн сурвалжилсан. Цагдаагийн байгууллагаас хаягийг тогтоох үед зээлдэгч нарт гэрээг цуцлах тухай амаар мэдэгдэхэд өөрсдөө дэмжиж, хүүг зогсоолгох тухай ярьж байсан. Иймд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үндсэн зээл 145 733 348 төгрөг, хүү 95 431 788 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 166 895 төгрөг, нийт 245 332 031 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагч Г.Г, А.Г нараас гаргуулж өгнө үү. Мөн С17042402 тоот, С17042402-01 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.7-д зээлийн үйлчилгээний шимтгэл нийт зээлийн 0,5 хувь байхаар тохиролцсон, тус байгууллага өөрийн дотоод журмаар үйлчилгээний шимтгэлийг тооцож авахаар заасан байдаг тул зээлийг олгохдоо шимтгэл 645 000 төгрөгийг хасч, үлдэх 149 355 000 төгрөгийг олгосон. Ингэж олгохдоо зээлийн эхлээд өөрийнх нь хүсэлтийн дагуу 21 000 000 төгрөг, дараа нь үлдэх мөнгийг шилжүүлсэн. Мөн гэрээнд сарын хүү 4,6 хувь байхаар, харин эргэн төлөлтийн хуваарьт сарын 4,6 хувь, 3,6 хувь байхаар график хийсэн нь хэрэв зээлдэгч хугацаандаа зээлээ төлбөл хүүг багаар буюу 3,6 хувиар тооцохоор хөнгөлөлттэй тооцсон дүн. Гэтэл зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тул хөнгөлөлттэй хувиар бус гэрээний дагуу үндсэн 4,6 хувиар хүүг тооцон нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд Иргэний хуульд заасны дагуу 20 хүртэл хувиар тооцон авахаар гэрээний 2.1.5-д тусгасан. Үүнийг иргэд сайн ойлгодоггүй учраас 3.1.4-т сарын 0,92 хувь гэж бичсэн. Энэ нь жилээр тооцоод үзвэл 11,04 хувь болж байгаа. Бид нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бус харин 11,04 хувиар тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г, А.Г нарын И ББСБ ХХК-тай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн В17042402 тоот зээлийн гэрээний хүү ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш буюу илт хохиролтойгоор тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайланд дурдсанаар 2017 оны жилийн эцсийн байдлаар зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 482 ББСБ байгаа ба олгосон зээлийн дээд хүү нь 10 хувь, доод хүү нь 1,16 хувь, жигнэсэн дундаж хүү 3,37 хувь байна гэсэн. Гэтэл урт хугацааны зээлийн гэрээнд зах зээлд байхгүй өндөр хүү болох нэг сарын 4,6 хувийн хүү тогтоосон нь хариуцагч нарын тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зах зээлийн дундаж хүүний хэмжээнээс хэт өндөр, нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгосон байх тул зээлийн гэрээний хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй. Гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 150 000 000 төгрөгний зээл олгох байсан ч хариуцагчид 21 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр, 26-ны өдөр 128 355 000 төгрөг, нийт 149 355 000 төгрөгийг олгосон. Үйлчилгээний шимтгэл авсан гэж байгаа ч энэ тухай баримтгүй тул зээлийг бүрэн олгоогүй. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгад сарын хүүг 4,6 хувь, 3,6 хувь гэж, нэмэгдүүлсэн хүү 0,9 хувь гэж тусгасан нь ойлгомжгүй, зөрчилдөөнтэй.

Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацааны үндсэн зээл, хүү буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн нийт төлөлтийг тооцож үзэхэд 85 282 677 төгрөг үндсэн хүүгийн нийт төлбөр 84 006 229 төгрөг, нийт 169 288 906төгрөг гарч байна. Үүнээс хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9 440 000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 145 733 348 төгрөг, төлөх ёстой хүүний төлбөрт 95 431 788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 166 895 төгрөг, нийт 245 332 031 төгрөгийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцээгүй, зээлийн тооцоолуур алдаатай гэдгийг илэрхийлж байна. Мөн И ББСБ ХХК-ийн цахим сайтад байрлах зээлийн тооцоолуурын программ болон талуудын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан тооцоо зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Гаас 202 090 724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43 241 307 төгрөг болон хариуцагч А.Гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г.Г, А.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3в тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 мкв талбай бүхий хөрөнгө, Г.Гын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, Г.Гын өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг, 12/7 тоотод байрлах 216 м.кв талбай бүхий хувийн сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 454 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас 1 238 603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй талаар дурдсан байдаг. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 9 440 000 төгрөгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу үндсэн төлбөрөөс 4 266 652 төгрөгийг хасч, хүүг хугацаандаа төлөлт хийсэн тул урамшуулалт 3.6 хувиар тооцож үндсэн хүүнээс 5 173 348 төгрөгийг хасч тооцсон ба уг хугацаанаас хойш 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 145 733 348 төгрөг, зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу төлөх ёстой хүүний төлбөрт 95 431 788 төгрөг, зээлийн гэрээний 3.1.4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүд 4 166 895,47 төгрөг, нийт 245 332 031,47 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болно. Уг бодолтыг Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу тооцоолсон байтал шүүгч үндсэн зээл 149 355 000 төгрөг, хүүнд 60 912 594 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 263 130 төгрөг, нийт 211 530 724 төгрөг төлөхөөр тооцож, үүнээс 9 444 000 төгрөгийг хасч 202 090 724 төгрөгийг гаргуулахаар заасан нь шүүх буруу бодсон гэж үзэж байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зээлийн гэрээний хуудас бүрт хамтран зээлдэгчээр А.Г гарын үсэг зурсан байтал А.Гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. А.Г нь зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсныг үнэлээгүй нь нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс А.Г нь уг зээлийн гэрээнд хамтран зээл авсан этгээд мөн байх тул түүнийг хариуцагчаас хасч шийдвэрлэх үндэсгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү гэж Иргэний хууль болон зээлдүүлэгч, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээл ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор зээлийн гэрээнд заасан хүүг гэж заасан. Гэтэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй байх талаар хуульд зохицуулсан байхад хуульд заасан хэлбэрэээс өөр нөхцөл зааж нэмэгдүүлсэн хүү шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Нэмэгдүүлсэн хүү нь талууд хоорондын байгуулсан гэрээний үүргийг биелэлтийг баталгаажуулах зорилготой байдаг хариуцлагын буюу торгуулийн шинжтэй байдлаар гэрээнд тусгадаг. Талууд нэгэнт гэрээндээ зохицуулахаар оруулж өгсний хувьд, мөн энэ нь гэрээний салшгүй хэсэг болохын хувьд, үүргээ гүйцэтгээгүй талдаа үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэх, тэгснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжтой болох зэргээр илүү хариуцлагажуулж өгч байгаа тул хуулийн шаардлага байдаг. Тиймдээ ч талууд гэрээний 10.2-т гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдлуудыг тоочсон ба эдгээр нөхцөлүүдээр уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хувьд гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар гэрээтэй холбоотой аливаа шаардлага, талууд хоорондын харилцаа нь ямагт бичгээр явагдах буюу аливаа үйл ажиллагаа нь зээлдүүлэгч талаас мэдэгдэл хүргүүлэхээр зохицуулсан. Мөн Иргэний хуульд гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой харилцааг, гэрээг цуцалж буй тул заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ нь 2017 он 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан тул зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн зүгээс зээлийн зөрчил үүссэн болох талаар, мөн зээлийн нэмэгдүүлсэн хүү тооцох талаарх мэдэгдлийг зээлдэгч Г.Гт хүргүүлэх бөгөөд ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар гэрээгээр харилцан тохиролцсон.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.12-т зээлдэгч гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор, гэрээний 10.2.2-т гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заасан байх тул урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцалсныг буруутгах боломжгүй гэсэн нь шүүхээс дээрх гэрээний заалтад дүгнэлт хийгээгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс Г.Гт зөрчил үүссэн талаарх мэдэгдэл хүргүүлээгүй, энэ үүргээ биелүүлсэн эсэхээ нотлоогүй.

Бодит байдалд зээлдүүлэгч талаас гэрээг цуцлах талаар ямар ч мэдэгдлийг зээлдэгч талд аман болон бичгийн аливаа хэлбэрээр илэрхийлж байгаагүйг талуудын анхан шатны шүүх хурлын үеэр өөрсдийн тайлбараар хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон зээлдүүлэгч талын гаргаж өгсөн нотлох баримт, хэрэг хэлэлцэж байх үеийн тайлбар зэргээр нэмэгдүүлсэн хүүг авах тухай нотлогддоггүй, мөн уг нотлогдохгүй байгаагаа үгүйсгэж чадаагүй нь хэрэг хэлэлцэж байх үеийн тэмдэглэлд давхар тусгагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрх үүссэн эсэх талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ирүүлээгүй, мөн тэр талаарх тодорхой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байтал шүүх нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүд 1 263 130 төгрөг гаргуулах гэснийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Г.Г, А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 332 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийн гэрээний хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Г.Г, А.Г нар нь И ББСБ ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр В17042402 дугаар зээлийн гэрээ байгуулж, сарын 4.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 150 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд тэдгээрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3в тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 м.кв талбай бүхий хөрөнгө, Г.Гын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, Г.Гын өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах 216 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хэргийн 11-16 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Г.Г, А.Г нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу нийт 9 440 000 төгрөг төлсөн ба 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн талаар зохигч маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.7-д зээлийн үйлчилгээний шимтгэл зээлийн хэмжээний 0,5 хувь байхаар тусгасан байх боловч дээрх шимтгэлийг ямар журам зааврыг үндэслэн авсан, шимтгэлд 650 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн гэх баримтыг ирүүлээгүй тул шүүх зээлийн хэмжээг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн буюу зээлдэгч нарт шилжүүлсэн 149 355 000 төгрөгийн хэмжээгээр тооцсон талаар дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийг хариуцагч нар зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цуцласныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч гэрээг цуцлах талаар зээлдэчид бичгээр мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй хэдий ч зээлийн гэрээний үүргийг хариуцагч зөрчсөнөөс хойш 1 жил 2 сарын дараа зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, уг хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч нарын үндсэн зээлд тооцон төлсөн 4 113 265 төгрөгийг 149 355 000 төгрөгөөс хасч үндсэн зээлд 145 241 735 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 15 сар 7 хоногийн хүү 101 775 706 төгрөг, нийт 247 017 441 /145 241 735 + 101 775 706/ төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэг үүссэн байна. Гэтэл шүүх хариуцагч нараас гаргуулах зээлийн хүү 60 912 594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 263 130 төгрөг гэж тооцсон үндэслэл нь тодорхойгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч нар нь гарын үсэг зурсан байхад шүүх хариуцагч А.Г гарын үсэг зураагүй гэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Хариуцагч Г.Г, А.Г нар нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Нэхэмжлэгч зээлийн мөнгийг хариуцагч Г.Гт шилжүүлсэн байгаа нь хариуцагч А.Г төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх буюу хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндсэн зээл 145 733 348 төгрөг, зээлийн хүү 95 431 788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 166 895 төгрөг, нийт 245 332 031 төгрөг гэж тодорхойлон хариуцагч нараас шаардсан тул уг хэмжээний төлбөрийг хариуцагч Г.Г, А.Г нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээнд сарын хүүгийн хэмжээг 4.6 хувь, зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд хүүгийн 1 хувийн хөнгөлөлт эдлүүлэх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 0.92 хувь буюу үндсэн хүүгийн 20 хувь байхаар тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул талууд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г, А.Г нараас 245 332 031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын хариуцагч Г.Гаас 1 238 603 төгрөгийг гаргуулж, гэснийг хариуцагч Г.Г, А.Г нараас 1 384 610 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 384 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР