Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/02165

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК - ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Г.Гэ ,

            Хариуцагч: А.Га нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 245.332.031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, Ч.Өлзийсайхан, хариуцагч Г.Гэын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэнгэл, түүний өмгөөлөгч М.Одбаяр, хариуцагч А.Гаын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                                                                               

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Гэ, А.Га нар манай ББСБ-тай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр В17042402 тоот Зээлийн гэрээ, С17042402 тоот Зээлийн барьцааны гэрээ, С17042402-01 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг нэг сарын 4.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Гэын эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэгт байрлах 000624472 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, бага шар хоолой доод төгөл, 5 дугаар хэсэг гудамж, 12/7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204083467 дугаартай, 000523657 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 216 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн Г.Гэ, А.Га нарын хамтран өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, Зв байр, 3 дугаар давхарын хэсэгт байрлах 181.9 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаартай, 000523657 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан. Энэ хугацаанд зээлдэгч нар 2017 оны 5 дугаар сарын 25-нд нэг удаа 9.444.000 төгрөг төлснөөс хойш  огт төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. Түүнчлэн анх зээлийг авахдаа эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор авсан ч зээлийг зориулалтаар ашиглаагүй байдаг. Зэлэдэгч нар хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 8 дугаар сарын 01-нээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг нэхэмжилж байгаа. Манай зүгээс зээлийг шаардаж шүүхэд хандахад хаягтаа байхгүй үндэслэлээр эрэн сурвалжилсан. Цагдаагийн байгууллагаас хаягийг тогтоох үед зээлдэгч нарт гэрээг цуцлах тухай амаар мэдэгдэхэд өөрсдөө дэмжиж, хүүг зогсоолгох тухай ярьж байсан.

Иймд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үндсэн зээл 145.733.348 төгрөг, Зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу төлөх ёстой хүүний төлбөрт 95.431.788 төгрөг, Зээлийн гэрээний 3.1.4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүнд 4.166.895 төгрөг, нийт 245.332.031 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагч Г.Гэ, А.Га нараас гаргуулж өгнө үү. Мөн  С17042402 тоот,  С17042402-01 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.7-д зээлийн үйлчилгээний шимтгэл нийт зээлийн 0,5 хувь байхаар тохиролцсон, тус байгууллага өөрийн дотоод журмаар үйлчилгээний шимтгэлийг тооцож авахаар заасан байдаг тул зээлийг олгохдоо шимтгэл 645.000 төгрөгийг хасч, үлдэх 149.355.000 төгрөгийг олгосон. Ингэж олгохдоо зээлийн эхлээд өөрийнх нв хүсэлтийн дагуу 21.000.000 төгрөг, дараа нь үлдэх мөнгийг шилжүүлсэн. Мөн гэрээнд сарын хүү 4,6 хувь байхаар, харин эргэн төлөлтийн хуваарьт сарын 4,6 хувь, 3,6 хувь байхаар график хийсэн нь хэрэв зээлдэгч хугацаандаа зээлээ төлбөл хүүг багаар буюу 3,6 хувиар тооцохоор хөнгөлөлттэй тооцсон дүн. Гэтэл зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй тул хөнгөлөлттэй хувиар бус гэрээний дагуу үндсэн 4,6 хувиар хүүг тооцон нэхэмжилж байгаа.  Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд Иргэний хуульд заасны дагуу 20 хүртэл хувиар тооцон авахаар гэрээний 2.1.5-д тусгасан. Үүнийг иргэд сайн ойлгодоггүй учраас 3.1.4-т сарын 0,92 хувь гэж бичсэн. Энэ нь жилээр тооцоод үзвэл 11,04 хувь болж байгаа. Бид нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бус харин 11,04 хувиар тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Гэ, А.Га нарын “И ББСБ”-тай байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн В17042402 тоот зээлийн гэрээний хүү ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш буюу илт хохиролтойгоор тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагуудын 2017 оны санхүүгийн тайланд дурдсанаар “2017 оны жилийн эцсийн байдлаар зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй нийт 482 ББСБ байгаа ба олгосон зээлийн дээд хүү нь 10 хувь, доод хүү нь 1.16 хувь, жигнэсэн дундаж хүү 3.37 хувь байна.” гэсэн. Гэтэл урт хугацааны зээлийн гэрээнд зах зээлд байхгүй өндөр хүү болох нэг сарын 4.6 хувийн хүү тогтоосон нь хариуцагч нарын тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан зах зээлийн дундаж хүүний хэмжээнээс хэт өндөр, нэг талд ашигтай, өөртөө илт давуу байдал бий болгосон байх тул зээлийн гэрээний хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй. Гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 150.000.000 төгрөгний зээл олгох байсан ч хариуцагчид 21.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 24-нд, 2017 оны 4 дүгээр сарын 26-нд 128.355.000 төгрөг, нийт 149.355.000 төгрөгийг олгосон байдаг. Үйлчилгээний шимтгэл авсан гэж байгаа ч энэ тухай баримтгүй тул зээлийг бүрэн олгоогүй. Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгад сарын хүүг 4,6 хувь, 3,6 хувь гэж, нэмэгдүүлсэн хүү 0,9 хувь гэж тусгасан нь ойлгомжгүй, зөрчилдөөнтэй. 

Нэхэмжлэгчийн шаардаж буй хугацааны үндсэн зээл, хүү буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн нийт төлөлтийг тооцож үзэхэд 85.282.677 төгрөг үндсэн хүүгийн нийт төлбөр 84.006.229 төгрөг, нийт 169.288.906 төгрөг гарч байна. Үүнээс хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 9.440.000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 145.733.348 төгрөг, төлөх ёстой хүүний төлбөрт 95.431.788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.166.895 төгрөг, нийт 245,332,031 төгрөгийг шаардаж байгаа нь бодит байдалд нийцээгүй, зээлийн тооцоолуур алдаатай гэдгийг илэрхийлж байна. Мөн “И” ББСБ-ын цахим сайтад байрлах зээлийн тооцоолуурын программ болон талуудын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан тооцоо зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хүүг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь Г.Гэ, А.Га нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245.332.031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 “И ББСБ” ХХК нь Г.Гэтай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч 150.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 4,6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр В17042402 тоот зээлийн гэрээг байгуулжээ. Мөн Г.Гэ, А.Га нартай дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тэдгээрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3в тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 мкв талбай бүхий хөрөнгө, Г.Гэын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 мкв газар, Г.Гэын өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, дээрх хаягт байрлах 216 мкв талбай бүхий хувийн сууцнаас хангуулахаар С17042402, С17042402-01 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулжээ. /хх 11-18/

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд А.Га гарын үсэг зураагүй, харин барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч А.Гаоос зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч зээлийн хөрөнгөнөөс 149.355.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж, нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийн хөрөнгөнөөс шимтгэлд 650.000 төгрөг тооцон хасч, үлдэх хэсгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.7-д зээлийн үйлчилгээний шимтгэл зээлийн хэмжээний 0,5 хувь байхаар тусгасан байх боловч дээрх шимтгэлийг ямар журам зааврыг үндэслэн авсан, шимтгэлд 650.000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн гэх баримтыг ирүүлээгүй тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр зээлдэгчид 149.355.000 төгрөгийг олгосон гэж үзнэ.

Энэ хугацаанд зээлдэгчээс 9.444.000 төгрөг төлсөн, 2017 оны 5 дугаар сарын 25-наас хойш эргэн төлөлт хийгээгүй гэдэгт зохигчид маргаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.12-т зээлдэгч гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор, гэрээний 10.2.2-т гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заасан байх тул урт хугацааны гэрээг хугацаанаас өмнө цуцласанг буруутгах боломжгүй.

Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон, түүнчлэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу  тооцвол гэрээг цуцлах өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч үндсэн зээл 149.355.000 төгрөг, хүү 60.912.594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 11,04 хувиар тооцон нэхэмжилсэн тул уг хэмжээгээр тооцов/  1.263.130 төгрөг нийт 211.530.724 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс төлсөн 9.444.000  төгрөг хасч үлдэх 202.090.724 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн  Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Гэаас 202.090.724 /хоёр зуун хоёр сая ерэн мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43.241.307 төгрөг болон хариуцагч А.Гаоос зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г.Гэ, А.Га нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006199 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамжны 3в тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 181,9 мкв талбай бүхий хөрөнгө, Г.Гэын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг 12-7 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 мкв газар, Г.Гэын өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-2204083467 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой 5 хэсэг, 12/7 тоотод байрлах 216 мкв талбай бүхий хувийн сууцнаас тус тус хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.454.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гэаас 1.238.603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ