Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01473

 

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01473

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Г-эд холбогдох,

Нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдэд нийт 48,300,138 төгрөг, 3 сарын олох байсан орлого 7,200,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 11,200,000 төгрөг, эмчилгээний зардал 420,000 төгрөг, хүү Б.Э-н цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500,000 төгрөг, охин Б.ЭН-ын цэцэрлэгийн 1 жилийн урьдчилсан төлбөр 3,600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, охин Б.Э-, Б.Э- нарын Ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115,000 төгрөг, 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246,700 төгрөг, нийт 73,582,038 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдэд нийт 48,300,138 төгрөг,

1.2. 3 сарын олох байсан орлого 7,200,000 төгрөг,

1.3. Сэтгэл санааны хохиролд 11,200,000 төгрөг,

1.4. Эмчилгээний зардал 420,000 төгрөг,

1.5. Хүү Б.Э-н цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500,000 төгрөг,

1.6. Охин Б.ЭН-ын цэцэрлэгийн 1 жилийн урьдчилсан төлбөр 3,600,000 төгрөг,

1.7. Өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг,

1.8. Охин Б.Э-, Б.Э- нарын Ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115,000 төгрөг,

1.8. 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246,700 төгрөг, нийт 73,582,038 төгрөгийг гаргуулна.

Нөхөр Г.буБ-г нас барах үед том охин Б.Э- маань 13 нас 6 сартай байсан одоо 15 нас 3 сартай, дунд охин Б.Э- 11 нас 1 сартай байсан одоо 12 нас 11 сартай, хүү Б.Э- 4 нас 11 сар байсан одоо 6 нас 9 сартай, бага охин Б.ЭН- 9 сар байсан одоо 2 нас 7 сартай. Нөхөр Г.Б- сарын 800,000 төгрөгийн цалинтай байсан. Гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тооцон гаргавал 800,000 төгрөгийг 6 ам бүлд хуваахад нэг хүнд 133,333 төгрөг ногдох бөгөөд 800,000 төгрөгөөс нөхөр Г.Б- болон өөрт ногдох хэсэг 266,666 төгрөгийг хасахад нас барагчийн сарын цалин хөлсний дундаж орлого нь 533,334 төгрөг болж байна. Уг 533,334 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэрт тогтоосон 300,000 төгрөгийг хасвал 233,334 төгрөг үлдэж байна. Хохирогчийн 4 хүүхдүүд сар бүр 233,334 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т заасан хугацаанд авах эрхтэй. Г.Б-г нас барахад бага хүүхэд Б.ЭН- нь 9 сартай байсан ба түүнийг 18 нас хүртэл хугацаагаар тооцоход 207 сар болж байна. /207x233,334=48,300,138 төгрөг болох юм/

Нэхэмжлэгч нь 2015 оноос хойш Санрай салонд гэрээгээр гоо сайханчаар /сормуусны үйлчилгээ хийж/ ажилладаг. Нөхөр Г.Б-г 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барснаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 15- ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ар гэрийн гачигдалтай байдал болон сэтгэл санааны хямралаас болж ажлаа хийж чадаагүй эдийн засгийн хувьд хохирсон. Хэрвээ ийм уй гашуу тохиолдоогүй бол ажлаа хэвийн хийх байсан.

Г.Б- сард 800,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг,төлбөртэй мэдээ, нэвтрүүлэг хийж ар гэрээ тэжээх байсан. Эдийн засгийн болоод сэтгэл санааны маш их хохирол учирсан. Нөхөр маань сард 800,000 төгрөгийн орлоготой байсан учир нэхэмжлэл гаргах хүртэл 14 сарын хугацааны цалин 11,200,000 төгрөгөөр тооцож сэтгэл санааны хохирол шаардаж байна.

Авто ослын хэргээс хойш шөнө нойр хүрэхгүй, унтахгүй, үс халцарч унасан. Цаашдаа ганцаараа 4 хүүхдээ өсгөхөд үнэхээр хүнд, яаж амьдрахаа ч мэдэхгүй сэтгэл санаа тогтворгүй байгаа тул Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ-д хандан 2020 оны 09 дүгээр сарын 03, 21-ний өдрүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсан. Цаашид хамрагдах шаардлагатай тул 6 удаагийн эмчилгээний төлбөр 420,000 төгрөг гаргуулна.

Нөхрөө өнгөрснөөс хойш нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажил хийж чадахгүй, нэмэлт цалин хөлс орлогогүй болсон тул 4 хүүхдээ хоолгүй хонуулах өдрүүд ч байгаа. Цэцэрлэг сургууль орж 4 хүүхдийн хичээл, цэцэрлэгийн бэлтгэлийг хангах мөнгөгүй маш их хүндрэлтэй байна. Бага охин Б.ЭН- аавыгаа нас барах үед 9 сартай, хүү Б.Э- 5 настай байсан. Тухайн үед хүү гэрийн ойрхон Дүүрэнжаргал цэцэрлэгт сарын 250,000 төгрөгийн төлбөртэй явдаг байсан ба цаашид төлөх мөнгөгүй, ковид гарсан тул явуулж чадаагүй.

Бага охин Б.ЭН-ыг Дүүрэнжаргал цэцэрлэгт явуулах шаардлагатай байх тул Д.Г-ээс урьдчилан 1 жилийн төлбөр 3,600,000 гаргуулна.

Том охин Б.Э-, дунд охин Б.Э-, хүү Б.Э- нарын хичээл өдөр орж байгаа тул би өөрийн биеэр бага охин Б.ЭН-ыг дагуулж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, авч байна. Нөхөр маань өнгөрөх үед бага хүү маань 5 настай байсан тулд цэцэрлэгт 2 сар гаран яваад ковидтой холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Тийм учир тухайн үед явсан 2 сарын цэцэрлэгийн төлбөр 500,000 төгрөг, Одоогоор миний хувьд ажил хийх ямар ч боломжгүй, 1 дүгээр ангийн хүүхэдтэй мөн 2 ой гарантай хүүхэдтэй байгаа. 2 ой гарантай хүүхдийг маань улсын цэцэрлэгт авахгүй байсан учир хувийн цэцэрлэгт хамруулж байгаа учир тус цэцэрлэгийн төлбөр 360,000 төгрөг гаргуулна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Отгонтуяатай гэрээ байгуулж өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалгуулж ажиллуулсан боловч өмгөөлөгчийн хөлсийг гаргаж өгөөгүй. Энэ хэрэг үйлдэгдээгүй, нөхөр маань нас бараагүй байсан бол миний бие нь өмгөөлөгчид зардал гаргах шаардлагагүй байсан.

Мөн 2021 оны 05 сард том охин Б.Э-, дунд охин Б.Э- нар нь 6 сард ковид өвчнөөр өвчилж эм тариаг авсан 115,200 төгрөг гаргуулна.

Нөхөр Г.Б-тэй 2008 онд албан ёсны гэр бүл болж 4 хүүхдийн ээж, аав болсон. Нөхөр маань Т\/-4 телевизэд сэтгүүлч, мэдээний албаны даргаар ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр томилолтоор Өмнөговь аймаг руу ажлаар явж байгаад буцах замдаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Нөхөр Г.Б- нас барснаас хойш Монгол улсад ковидын асуудал улам хүндэрч улсын хэмжээнд 4 удаа хатуу хөл хорио тогтоож, ажил хийх боломжгүй, 4 хүүхдээ тэжээхэд үнэхээр хүндрэлтэй, мөнгө төгрөгийн бололцоогүй, сэтгэл санааны маш их хохиролтой байна.

Одоо би 2007 онд төрсөн 14 настай том охин Б.Э-, 2009 онд төрсөн 12 настай дунд охин Б.Э-, 2015 онд төрсөн 6 настай хүү Б.Э-, 2019 төрсөн 2 настай бага охин Б.ЭН- нарын хамт тавуулаа амьдарч байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Г-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Г-ийг гэм буруутайд тооцож 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн боловч Д.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн уучлалаар хорих ангиас суллагдсан.

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын үндэслэл:

Хариуцагч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр оршуулгатай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр төлж дуусгасан.

Гоо сайханы үйлчилгээ нэг удаагийн төлбөр 80,000 төгрөг, 3 сарын хугацаанд олох байсан орлого 7,200,000 төгрөгийг олж чадаагүйд Д.Г-ийн зүгээс ямар нэгэн хохирол учруулаагүй. Салонд гэрээгээр гоо сайханч, сормуус хийдэг байсан гэж байгаа боловч өмнө эрүүгийн хэрэг дээр яг энэ нотлох баримтуудыг үндэслээд мөнгө авчихсан, энэ нь эрүүгийн хэргийг 39-р талд авагдаж, үнэлэгдсэн. Сарнай салоны үйлчилгээ эрхлэх хугацаа нь дуусчихсан.

Мөн 11,200,000 төгрөгийг сэтгэл санааны хохирол төлбөртэй мэдээ, нэвтрүүлэг хийсэн бол мэтээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Сэтгэл зүйн эрүүл мэндийн оношилгоо эмчилгээ хийлгэсэн гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 140,000 төгрөгөөр төлөгдсөн.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага 5, 6 нь агуулгын хувьд нэг байх бөгөөд дэлхий нийтэд цар тахал өвчний улмаас хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжгүй байх бөгөөд 5,000,000 төгрөг, 1 жилийн хугацааны Дүүрэнжаргалтай цэцэрлэгт явуулах шаардлагтай урьдчилсан 1 жилийн төлбөр 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагууд нь хохирол биш.

Дүүрэнжаргал цэцэрлэгийн тодорхойлолтоос суралцаж байсан нь үнэн бөгөөд цар тахалтай хамааралтайгаар үйл ажиллагаа нь зогссон гэх бичгийг ирүүлсэн. Цэцэрлэгийн төлбөр болох 3,600,000 төгрөгийг урьдчилж гаргуулъя гэж байгаач Монголд хүүхдийн цэцэрлэг нь үнэгүй байдаг.

Мөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолд Г.Г-ын өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шийвэрлэсэн. Нэхэмжлэл 73,582,038 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл төлүүлэх нь зүйтэй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-ээс 38,758,153 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,823,885 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар уг нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 351,890 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Г.Б- нь ТВ-4 телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан гэдэг нь тогтоогдоогүй. Нийгмийн Даатталын тухай хуулиар талийгаач Г.Б- нь нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлдөггүй байсан атал 800,000 төгрөгийн цалинтай гэж тогтоогдсон нь үндэслэлгүй. Г.Б- нь ТВ-4 телевизэд сэтгүүлчээр ажиллаж байсан гэхийг нотлох Хөдөлмөрийн гэрээ байхгүй. Г.Б- нь Хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй. Т.Алтаншагай гэгчтэй иргэд хоорондын харилцаатай байсан төлбөрийг үндэслэж 800,000 төгрөгийн цалинтай гэсэн нь үндэслэлгүй юм.

5.1. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 10-р сарын 21-нд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Б.Э- 5 жил 7 сар 3,908,311 төгрөг, Б.Э- 8 жил 2 сар-5,716,634 төгрөг, Б.Э- хүү 14 жил 1 сар 9,858,277 төгрөг, Б.ЭН- охин 17 жил 3 сар 12,074,931 төгрөг, нийт 31,588,153 төгрөг гаргасан нь үндэслэлгүй. Шүүхэд хандаагүй үеэс тооцсон нь илтэд зөрүүтэй тооцоо юм. Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1, 5.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн улсын хэмжээнд мөрдөгдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 цагт 2,500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тогтоож өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Г.Г-ын нэхэмжлэл гаргасан үеэс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үе хүртэл тооцоход дараах зөрүүтэй тооцоо гарч байна. Үүнд:

Б.Э- охин 2007 оны 01-р сарын 04-ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргахад 14 нас 9 сартай байсан бол анхан шатны шүүхийн шийдвэр гарахад 15 нас 4 сартай,

Б.Э- охин 2009 оны 04-р сарын 20-ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргахад 12 нас 6 сартай байсан бол анхан шатны шүүхийн шийдвэр гарахад 13 нас 1 сартай,

Б.Э- хүү 2015 оны 07-р сарын 29-ний өдөр төрсөн, нэхэмжлэл гаргахад 6 нас 3 сартай байсан бол анхан шатны шүүхийн шийдвэр гарахад 6 нас 10 сартай,

Б.ЭН- охин 2019 оны 09-р сарын 06-ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргахад 2 нас 1 сартай байсан бол анхан шатны шүүхийн шийдвэр гарахад 2 нас 8 сартай гэж үзнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөс хүүхдүүдэд олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээ 300,000 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд дурдсаны дагуу хасвал 120.000 төгрөг болох бөгөөд 4 хүүхдэд хуваахад хүүхэд тус бүрд 1 сарын 30,000 төгрөг оногдохоор тооцогдож байна.

Б.Э- 18 нас хүртэл 2 жил 8 сар*30,000 төгрөг=960,000 төгрөг

Б.Э- 18 нас хүртэл 5 жил 11 сар*30,000 төгрөг=2,130,000 төгрөг

Б.Э- 18 нас хүртэл 11 жил 2 сар*30,000 төгрөг=4,020,000 төгрөг

Б.ЭН- 16 нас хүртэл 13 жил 3 сар*30,000 төгрөг=4,770,000 төгрөг буюу нийт 11,880,000 төгрөг гарах байтал 19,708,153 төгрөгийг илүү зөрүүтэй тооцож гаргасныг хасаж өгнө үү.

5.2. 7,200,000 төгрөгийн хувьд Санрай салонд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс салоны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон боловч 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр үйл ажиллагаа явуулах эрх дууссан байгаа тул 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө болсон авто осолтой холбогдохгүй. Нэхэмжлэгч нь Санрай салонд үйл ажиллагаа явуулж байсан бол олох байсан орлого гэж нэхэмжилсэн боловч нотлогдоогүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Хүн амын орлогын албан татварын шимтгэл төлсөн баримт байхгүй атал шүүх нь үндэслэлгүйгээр 7,200,000 төгрөгийг гаргуулахаар тооцсон. Иймд 26,908,153 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач Г.Б- нь ТВ-4 ажиллаж байсан нь хэрэгт авагдсан ТВ-4 телевизийн захирал Т.Алтаншагайн гэрчийн мэдүүлэг, ТВ-4 телевизийн тодорхойлолтоор, цалин авч байсан болох нь талийгаач Г.Б-гийн эзэмшлийн Төрийн банк ХХК-ийн дансны хуулга, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Мөн тухайн үед томилолтоор явж байхдаа хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас болж нас барсан болох нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдэд сар бүрийн нөхөн төлбөрүүдийг үндэслэлтэй зөв гаргасан. Г.Г- Санрай салонд ажилддаг нь тус салоноос ирүүлсэн тодорхойлолтоор нотлогддог. Ажиллах хугацаанд ямар хэмжээний орлого олдог байсан нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэлтэй зөв үнэлж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж шударга шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянасан болно.

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Д.Г-эд холбогдуулан гэм хорын хохиролд

1.1.Нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдэд нийт 48,300,138 төгрөг,

1.2.  3 сарын олох байсан орлого 7,200,000 төгрөг,

1.3.  Сэтгэл санааны хохиролд 11,200,000 төгрөг,

1.4.  Эмчилгээний зардал 420,000 төгрөг,

1.5.  Хүү Б.Э-н цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500,000 төгрөг,

1.6.  Охин Б.ЭН-ын цэцэрлэгийн 1 жилийн урьдчилсан төлбөр 3,600,000 төгрөг,

1.7.  Өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг,

1.8.  Охин Б.Э-, Б.Э- нарын Ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115,000 төгрөг,

1.9.  3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246,700 төгрөг, нийт 73,582,038 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

1. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

1.а. Хариуцагч Д.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 02 цаг 16 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Кувейтын ам салдаг уулзвараас зүүн хойш Хаан банкны амралтын газрын харалдаа замд Тоуоtа Land Cruiser 200 маркийн 88-14 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч 52 настай Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 35 настай Г.Б-, 34 настай Д.Дөлгөөн нарын амь насыг хохироосон, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ 02 дугаар 08-2021/ШТ/98 шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх13/

 

1.б. Уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Г.Г-ын нөхөр Г.Б- нас барсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, нас барсны гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон. /хх6, 13/

1.в. Хэрэгт авагдсан төрсний гэрчилгээгээр нас барагч Г.Б- нь

Б-гийн Э- 2007 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр төрсөн,

Б-гийн Э- 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн,

Б-гийн Э- 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн,

Б-гийн ЭН- 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 3-15 настай 4 хүүхэдтэй болох болох нь тогтоогджээ. /хх9, 10, 11, 12/

1.г. Нийгмийн даатгалын байгууллагаас хүүхдүүдэд сар бүр 300,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр төлдөг болох нь уг дэвтэр, зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх9, 10, 11, 12, 28/

1.д. Нэхэмжлэгч Г.Г- насанд хүрээгүй дээрх хүүхдүүдийн эх бөгөөд хууль ёсны асран хамгаалагч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй.

1.е. Анхан шатны шүүхээс нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4 хүүхдэд нийт 48,300,138 төгрөгөөс 31,588,153 төгрөг гаргуулж үлдэх хэсгийг, сэтгэл санааны хохирол 11,200,000 төгрөг, эмчилгээний зардал 420,000 төгрөг, хүү Б.Э-н цэцэрлэгийн 2 сарын төлбөр 500,000 төгрөг, охин Б.ЭН-ын цэцэрлэгийн 1 жилийн урьдчилсан төлбөр 3,600,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, охин Б.Э-, Б.Э- нарын Ковид өвчнөөр өвчилж эм тариа авсны төлбөр 115,000 төгрөг, 3 хүүхдийн хичээлийн хэрэгслийн зардал 246,700 төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. Иймд энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

2. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

2.а. Хариуцагч нь нас барагчийн авч байсан цалин болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нас барсан өдрөөс тооцох нь буруу, шүүхийн шийдвэр гарах өдрөөс тооцох ёстой гэж, мөн Г.Б- хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтгүй, хөдөлмөрийн гэрээгүй, цалин хөлс нь нотлогдохгүй байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөс цалин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох ёстой гэж маргаж байна.

2.б. Хэргийн баримтаас үзэхэд Г.Б- сард 800,000 төгрөгийн сарын цалин хөлстэй ажиллаж байсныг ажил олгогч нь тодорхойлсон, ТВ-4 телевизийн ажил байдлын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нас барагчийн цалин хөлсийг сарын 800,000 төгрөгөөр нас барсан өдрөөс тооцон 31,588,153 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн байна.

2.в. Хохирогч нас барсан тохиолдолд түүний өвлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээс хохирлыг шаардах эрхтэй.

Г.Б- 2020 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө нас барснаар түүний хүүхдүүд тэжээгчээ алдаж, хуулийн дагуу шаардах эрх үүссэн бөгөөд уг үеэс хохирлыг тооцох юм. Гэвч нэхэмжлэгч нь 31,588,153 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм.

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлөх боловч хариуцагч нь уг төлбөрийг нийтэд нь төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд уг асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүй орхив.

2.г. Нэхэмжлэгч нь Нөхөр Г.Б-г 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нас барснаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд ар гэрийн гачигдалтай байсан, сэтгэл санааны хямралаас болж ажлаа хийж чадаагүй эдийн засгийн хувьд хохирсон. Хэрвээ ийм уй гашуу тохиолдоогүй бол ажлаа хэвийн хийх байсан гэж олох байсан орлого 7,200,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Санрай салонд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс салоны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон боловч 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйл ажиллагаа явуулах эрх дууссан, нэхэмжлэлийн шаардлага авто осолтой шалтгаант холбоогүй, олох байсан орлогоо нотлоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хүн амын орлогын албан татварын шимтгэл төлсөн баримтгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотлох ёстой бөгөөд 3 сарын 7,200,000 төгрөгийн орлого олдог байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6.2.-т хохирлыг арилгах арга гэдэгт гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулахаар тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь нөхөр Г.Б-г нас барснаас хойш 3 сарын хугацаанд ар гэрийн гачигдалтайн улмаас хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй байсан нь хариуцагчийн учруулсан гэм хортой шалтгаант холбоотой байна. Иймд түүний олох байсан орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон 1,260,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3. Мөн иргэдийн төлөөлөгчийн ...хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл төлүүлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг харгалзан үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 31,588,153 төгрөг + 1,260,000 төгрөг, нийт 32,848,153 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс үлдэх 40,733,885 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 182/ШШ2022/01645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-ээс 32,848,153 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,733,885 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...351,890 гэснийг ...322,191 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,491 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД