Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох 1816000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ММ000000 регистрийн дугаартай, У овогтой Л Э

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багийн Сайрын ганга гэх газарт Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, дээд уруулын язрал, зүүн чих, баруун шанаа, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багийн Сайрын ганга гэх газарт Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, дээд уруулын язрал, зүүн чих, баруун шанаа, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр бид хоёр хоёулаа хонинд явж байсан. Манай хонь тэдний хоньтой нийлэх гээд байсан учир би хониныхоо ард байж байгаад очсон. Тэгээд Б-тай уулзаад муужгайны боожгой минь яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ? гэж хэлэхэд өөрөө малаа авсангүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би морин дээрээ мордоод явах гэтэл миний араас хэл амаар доромжлоод шороо цацаад байхаар нь би уурандаа мориноосоо буугаад нүүрэн тус газар нь хоёр цохиж хавсарч унагаад харахад хамраас нь цус гарсан байсан. Тэгээд гэртээ очиж цусаа цэвэрлэ гэж хэлээд салаад явсан... Шанаанд нь хоёр удаа цохиод хавсарч унагасан... Би хонины бэлчээрээс болж муудалцсан. Би жоохон түргэн ууртай, тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би 2-3 удаа цохисон... 500.000 төгрөг төлсөн... ” гэсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б-ын “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр намайг хонь хариулаад явж байхад Э-ийн хонь манай малтай нийлэх гээд байхаар нь малыг нь хөөсөн чинь Э араас ирээд муужгайны боожгой минь үхсэндээ хонь хөөгөөд байгаа юм гэсэн. Би тэгэхээр нь өөрөө хонио авахгүй яасан юм гэж хэлсэн. Э миний өмнөөс хонио аваад зайл гэсэн. Наад хаваржаа чинь манай садангийн хаваржаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрөө зайл эцэг, эхийнхээ толгой дээр гарсан шээс гэж хэлсэн. Э мориноос бууж ирээд чи юу гээд байгаа юм гэж заамдаж аваад толгойн хэсэг рүү гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгээд намайг хавсарч унагаасан. Дээд уруулын хэсэгт 2 удаа цохисон, баруун шанаанд 1 удаа цохисон, цус их гарсан. Тэгээд би морио хөтлөөд яваад өгсөн. Э миний араас хэрүүл хийгээд байсан. Чамайг аавд хэлнэ гэсэн чинь аавтай чинь хамт ална гэсэн. Тэгэхээр нь би чамайг цагдаад хэлнэ гэсэн чинь цагдаагаас чинь айхгүй мухарын шээснүүд гээд байсан. Тэгээд би морио унаад хонио туугаад гэр рүүгээ явсан... ” гэсэн мэдүүлэг /хх9-11-рт/,

Насанд хүрээгүй гэрч Х-ын: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний орой би гэртээ ганцаараа байсан. 6 цаг болж байхад хувцас нь цус болчихсон орж ирээд уйлаад байсан. Тэгээд яасан юм гээд асуусан чинь Э-д зодуулчихлаа гэсэн. Тэгээд би Б эгчийг хэвт гэж хэлсэн. Нүүрэн хэсэг нь цус болсон байсан. Юунаас болж та 2 зодолдож байгаа юм бэ гэж асуусан чинь Э хонио авахгүй байсан юм. Тэгэхээр нь мал руу нь чулуу шидээд хөөсөн. Тэрнээс болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх13-14/

Гэрч З-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд байх манай эмнэлгийн жижүүр сувилагч над руу залгаж хэлсэн. Тэгээд би хажуу айлын ах М-ийн машинаар Б-ын эгч Д-ийн хамт явсан. Очиход Б нь айж сандарсан байдалтай толгой өвдөөд байна гэсэн зовиуртай байсан. Биеийн байдлыг үзэхэд дунд зэрэг, даралт 120/90-тэй, пульс 98, амьсгал нь минутад 18 удаа, биеийн халуун 36,8, хэсэг газрын үзлэгээр тархи доргилттой, дээд уруулын дотор талд бага зэргийн язарч хавдсан байсан. Тайвшируулж өвчин намдаахаар цитрамон 500 мг-аар уулгаж эмнэлэгтээ авч ирж их эмч Б-ийн хамт хамтарсан үзлэг хийсэн. Биеийн байдлыг тогтворжуулахаар өвчин намдаах эм анальгин, димедрол, хийсэн, зүрхний  үйл ажиллагааг дэмжихээр ребоксин судсаар хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх18-19-рт/

Гэрч Б-ийн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Цагаан хайрхан багийн эмч З эмнэлэгт авч ирсэн. Эмнэлэгт ирэхэд Б нь айж сандарсан байдалтай толгой өвдөөд байна гэсэн зовиуртай ирсэн... Б-ын биед баруун талын шанаа хавдсан, дээд уруул язралттай, бага зэргийн цус хуралттай, тархи бага зэргийн доргилттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх20-21-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/х Д-н 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай “...1. Иргэн Б-ын биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн Б-ын биед тархины доргилт, дээд уруулын язрал, зүүн чих, баруун шанаа, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх27-28-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б-ын мэдүүлэг хх9-11-рт, насанд хүрээгүй гэрч Х-ын мэдүүлэг хх12-15-рт, гэрч З-ийн мэдүүлэг хх18-19-рт, гэрч Б-ийн мэдүүлэг хх20-21-рт, Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт хх27-28-рт, яллагдагч Э-ийн мэдүүлэг хх31-33-рт, хохирогч Б-ын цагдаагийн газарт гаргасан хүсэлт хх62-рт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хэмээн үнэлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э нь хохирогч Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй ба аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э нь Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь прокурорын гаргасан санал буюу 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр тогтох ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тусгайлсан санал гаргаагүй тул шүүхээс шүүгдэгч Э-д торгох ял  оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон сайн дураараар хохирогчтой эвлэрсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар тусгайлсан санал гаргаагүй тул шүүхээс тогтох ялыг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Л-ийн Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг ялтан Э мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Э нь цагдан хоригдоогүй, ялтан нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.МӨНХТУЯА