Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 33

 

Л.Э холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Л.Э түүнийг өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлоор, Л.Э холбогдох 1816000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж аавын хамт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг Цагаан хайрхан гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЙ91080218 регистрийн дугаартай, Урианхай овогт Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаан хайрхан багийн Сайрын ганга гэх газарт Х.Б зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Урианхай овогт Л.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Л.Э нь цагдан хоригдоогүй, ялтан нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Л.Э нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн шатнаас эхлээд шүүхийн шат хүртэл хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж хохирогчид эмчилгээний зардал 500.000 төгрөг өгсөн. Мөн шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны дараа хохирогчтой уулзаж уучлалт гуйсан байгаа. Одоо хохирогч, Л.Э нарын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Урьд өмнөх шигээ  харилцаатай байгаа. Л.Э нь өндөр настай аав ээж хоёрын хамт хөдөө мал маллаж амьдардаг. Сар бүрийн өрхийн тогтмол цалин орлого гэж байхгүй. Мал маллаж малынхаа үр шимээр амьдралаа авч явдаг хүн юм. Аав нь архаг бурцилиоз өвчинтэй асаргаанд байдаг. Өвчин нь хүндэрээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан боловч 2 нүд нь хараагүй болсон гэсэн оноштой ирсэн. Л.Э нь аав ээж хоёрыгоо асарч малаа хариулж айл орон гэрийг авч явдаг ганц хүн нь юм. Тиймээс шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг доод хэмжээгээр нь оногдуулж, хугацааг нь  боломжтой хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

Шүүгдэгч Л.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Хохирлыг нь барагдуулсан. Торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: 2018 оны 10 сарын 24-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Л.Э холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэхдээ эрүүгийн хариуцлагын талаар 900 000 төгрөгөөр торгох ялын санал оруулахаар  тохиролцож гарын үсэг зурж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ч өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, ялын саналын талаар маргаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Цагаанхайрхан багийн Сайрын ганга гэдэг газар Х.Б нүүр, дээд уруул, шанаа хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын язрал, зүүн чих, баруун шанаа, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулжээ.   

Энэ үйл баримт нь хохирогч Х.Бадамзулын: “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хонио хариулж явахдаа Л.Э хонь өөрийнх нь хоньтой нийлэх гээд байхаар нь хонийг нь цааш хөөхөд Л.Энхжил ирээд Х.Б “Муужгайны боожгой минь үхсэндээ хонь хөөгөөд байгаа юм бэ? Наад хонио аваад зайл” гэж хэлж, Х.Б хариуд нь “Өөрөө зайл. Эцэг эхийнхээ толгой дээр гарсан шээс” гэж хэлж маргалдахад Л.Энхжил нь Х.Бадамзулыг заамдан авч, нүүрэнд нь атгасан гараараа 3 удаа цохиж, хавсарч унагаасан” тухай мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Х.Х: “2018 оны 10 дугаар сарын 09-ний 18 цагийн үед Х.Б хувцас нь цус болчихсон, орж ирээд уйлаад байсан бөгөөд юу болсон талаар асуухад нь “Л.Э зодуулчихлаа” гэж хэлж байсан тухай мэдүүлэг,

Гэрч Г.З: “2018 оны 10 дугаар сарын 09-ний 20 цагийн үед Х.Б хүнд зодууллаа гэсэн дуудлагын дагуу очиход айж сандарсан, дээд уруулын дотор талд бага зэрэг язарч хавдсан байсан бөгөөд эмнэлэгтээ авч ирж их эмч Д.Б хамтарч үзлэг хийсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Д.Б: “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр багийн эмч Золзаяагийн авч ирсэн Х.Б биед үзлэг хийхэд баруун талын шанаа хавдсан, дээд уруул язралттай, бага зэргийн цус хуралттай, тархи бага зэргийн доргилттой байсан” тухай мэдүүлэг, 

Шинжээч Д.Д 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн: “Х.Б биед тархины доргилт, дээд уруул язрал, зүүн чих, баруун шанаа, баруун хацар, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хохирогчийг заамдаж гараараа цохих, хөлөөрөө хавсарч унагах зэрэг санаатай, гэм буруутай үйлдлээр түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгч Л.Э үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Э тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Э эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгож шүүгдэгчид ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүхээс Л.Э оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Ш.БАТТОГТОХ

                                        ШҮҮГЧИД                           Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                                Ч.ЭНХТӨР