| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 187/2019/0509/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 164
Ж.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Ж.Дд холбогдох 1932001610186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаагаас хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 450 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 546 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авагдсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, Сэчин овогт Ж.Д.
Ж.Д нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, хүнсний захын орчимд иргэн С.Цэндсүрэнгийн “Самсунг галакси Эс-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 120.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийг буруу хэрэглэсэн, хууль нийцээгүй байна гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Улсын яллагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байдаг. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасан байна. Үүний дагуу анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ж.Дын гар утас хулгайлах үйлдэл нь тэр гар утсыг Цэндсүрэнгийн халаасанд ил байсныг харснаар үүссэн гэж үзэхээр байна. Гар утас хулгайлсан үйлдэл тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирол хүрээгүй тул хэргийг цагаатгах үндэслэл бүхий байна. Давж заалдах шатны шүүх яллах талыг барьж хэргийг шийдсэн байна. Мөн Ж.Дын хувийн байдлын хувьд өмнө нь олон удаа шийтгүүлж байсан. Гэхдээ 1932001610186 тоот хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой. Хэрэгт авагдаагүй нотлох баримтыг дурдаж хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүний эрхийг зөрчиж байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Тухайн үед Ж.Д нь хуучин Эрүүгийн хуулиар бол булаалтын хэрэг гарсан болох нь хохирогч болон таксины жолоочийн мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Ж.Дын үйлдлийг хулгайн хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ж.Дын “танихгүй ахын өмднийх нь арын халаасанд утас харагдахаар нь араас нь очиж сэмээрхэн аваад зугтаасан” гэх мэдүүлэг бий. Мөн шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг бүрэн хянав.
Прокуророос Ж.Дыг согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд, хүнсний захын орчим тухайн үед согтуу байсан С.Цэндсүрэнгийн өмдний халааснаас түүний 120.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-5 “ загварын гар утсыг хүч хэрэглэн авч дээрэмдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, “шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Ж.Дд холбогдох Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн үйлдсэн “хулгайлах” гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хуульд заасан хэмжээнд хүрэхгүй байгааг дурдсан байна.
Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан магадлаад “... мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн” гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нь таксинд суух гэж байсан хохирогч С.Цэндсүрэнгийн өмдний халаасанд байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үед таксины жолооч Д.Сэргэлэн мэдэж хохирогчид мэдэгдсэн үйл баримт хэргийн оролцогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд илчлэгдсэн хулгайн гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүсэл зориг бүрэн хангагдаж, бусдын эд зүйлийг хууль бус, нууц далд аргаар өөрийн бүрэн эзэмшилд оруулснаар хулгайн гэмт хэрэг төгссөнд тооцогдох ба тухайн үйлдлийг мэдсэн этгээд таслан зогсоосон, илчилж мэдэгдсэн явдал нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл болохгүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож хэргийг хянан шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хүчингүй болгуулах тухай цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналт, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасч, хязгаарлах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байж болох, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГТ
Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР