Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0611

 

Ц.И нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, Ц.И нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.1, 105.2.4-д заасныг баримтлан  Ц.И, Д.Б, Б.И нарын “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д “...нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөв дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн. Учир нь ямар ч хууль зөрчөөгүй төрийн албанд ажиллаж байсан 60 гаруй хүнийг хууль бусаар ажлаас халж, эдгээр ажлаас халагдсан 7 иргэнийг шүүх Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын хууль бус шийдвэрээр ажлаас халагдсаныг тогтоосон байхад Ерөнхий сайд болон шүүх тэгш бусаар хандаж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага бол Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д оногдуулж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-д даалгаж өгнө үү гэсэн. Харин нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана” гэж заасныг огт баримтлалгүй, эрх мэдлээ ашиглаж түүнд хөнгөн шийтгэл оногдуулсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгтэл шүүх Г.Б-ын гаргасан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй, учир нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.2-д зааснаар “хаалттай сануулах” шийтгэл ногдуулсаар байхад шүүх Монгол Улсын Ерөнхий сайдыг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д тодорхой заасан байтал Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын гаргасан зөрчлийн хэр хэмжээг тодорхойлохгүйгээр шууд хаалттай сануулах шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 “Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдсон дараах нөхцөл байдлыг харгалзана”, 106.1.1 “зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар”, 106.1.2 “санаатай үйлдсэн эсэх”, 106.1.3 “давтан үйлдсэн эсэх”, 106.1.4 “ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй” гэж заасныг зөрчсөн. Нэгдүгээрт-Зөрчлөөс үүдсэн үр дагавар. Бидний нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт хохирол дурьдсан явдал нь шүүхийн үндэслэл хэсэгт тусгасан шиг нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхээ эдлэж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-аас хохирол гаргуулах явдал нь энэ хэрэгт огт хамаагүй бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын хууль бус үйлдлийн улмаас өнөөдөр төрд ийм хэмжээний хохирол учирсан байна гэдэг нь өөрөө ямар шийтгэл ногдуулах вэ гэдэгт харгалзан үзэх нэг гол шалтгаан үндэслэл болдог учраас хохирлын талаар нэхэмжлэлдээ дурьдсан билээ. Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын хууль бус шийдвэрийн улмаас нийт 78 сая төгрөгийн бодит хохирлыг төрд учруулсан. Ажлаас хууль бусаар халагдсан хүмүүсийн амьдралын чанар муудаж, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайлбал, 2017 оны 3 дугаар сарын 07-нд 11-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Г.Б-ын хууль бус захирамжаар ажлаасаа халагдсан Б.П шийдвэрийг сонсмогцоо харвалт өгч тархины хүнд мэс засалд орсон одоо биеийн байдал тааруу гэх мэт. Хоёрдугаарт-Санаатай үйлдсэн эсэх. Энэ олон хүнийг хууль бусаар ажлаас халах тухайгаа Г.Б нь Засаг даргын ажилд томилогдмогц иргэдтэй хийсэн хурал цуглаан дээр ил тод ярьж санаатайгаар хийсэн. Засаг даргын Тамгын газар нь хууль зүйн хэлтэстэй. Иймд хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй үл тоосон санаатай үйлдэл гэж үзэх юм. Гуравдугаарт-Давтан үйлдсэн эсэх. Хууль бус шийдвэрээ 7 удаа давтсан. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон Д.А-ийг 2 сарын дараа дахин ажлаас хууль бусаар халсан. Ц.И-ийг ажилд нь томилох захирамж гаргаад 3 хоногийн дараа хүчингүй болгосон. Дөрөвдүгээрт-Ажил, мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон Б.П, В.Н, Б.И нарыг ажилд нь томилохгүй шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр 2-3 сар болж байна. Ийм нөхцөл байдал үүссэн байхад сануулах нь зөв гэж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан шийдвэр гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зөрчил гаргасан албан тушаалтанд шийтгэл ногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарын Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээс үзвэл “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шийтгэл ногдуулах арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийтгэл ногдуулахыг даалгах”-ыг хүсчээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-д зааснаар “хаалттай сануулах” шийтгэл ногдуулсантай холбогдуулан нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж  “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан “нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах” шийтгэл ногдуулахыг даалгах”-ыг хүссэн байна.

Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нийтийн эрх зүйн хүрээнд шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн захиргааны акт гарган, энэ нь хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны зөрчлийн шинж байдлыг харгалзан хариуцлага ногдуулах нь “хуулийн өмнө эрх тэгш байх” эрх зүйт төрийн суурь зарчимтай холбоотой бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдээс тухайн албан тушаалтны гаргасан зөрчилд тохироогүй шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргахдаа уг хөнгөн шийтгэл ногдуулсан гэх захиргааны акттай уялдуулан шаардлагаа тодорхойлох учиртай.

Түүнчлэн, тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шийтгэлийн хэлбэрүүдээс сонгон хэрэглэх эрхтэй бөгөөд харин захиргааны хэргийн шүүх ямар шийтгэл ногдуулах эсэхийг тодорхойлох бус, гагцхүү гэм буруутай албан тушаалтны гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан эсэхийг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьдач нөхцлүүд болох зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж шийтгэл ногдуулсан эсэхэд холбогдох нотлох баримтыг үндэслэж эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар албан тушаалтны гаргасан зөрчилд тохироогүй шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлдээ төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсаны улмаас улсад их хэмжээний хохирол учирсан талаар дурдсан нь зөрчлийн шинж байдлыг тодорхойлох нөхцөл байдалд хамаарахаар байхад хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай адилтгаж дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Зүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шийтгэл ногдуулахад харгалзан үзэх урьдач нөхцлүүд хэрхэн хангагдсан талаар /зөвхөн нэхэмжлэгч нарт хамааралтай/ холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгсөний дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд  Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамж төрийн болон албаны нууцад хамаарахгүйг анхаарвал зохино.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нараас өөр этгээдүүдийн эрх ашиг зөрчигдсөн гэх агуулгаар гаргасан гомдлын хэсэг үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0589 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                               

 

 

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ     

                      ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН