Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 165

 

 

Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолтой, Ц.С-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1870 онд төрсөн, 1932 оны байдлаар 62 настай байсан, эрэгтэй, дөтгөөр зэргийн тайж Ц.С нь “Улс төрийн эсэргүү хортой цуурхал үг тараасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйлээр 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Ц.С-ыг улс төрийн хэрэгт холбогдуулан 1 удаа байцааж, мөн нүүрэлдүүлж байцаасан мэдүүлгүүдийн зөрүүг гаргалгүйгээр Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр таслан шийтгэсэн 104 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйлээр 1 жил хорьж хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.  Б.Авирмэдийн    мэдүүлэг,    Ц.С-ыг    Эрэндаваатай    нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж, нотолж тогтоосон баримт хэрэгт байхгүй.

2.  Энэ хэргийн улмаас тухайн нийгэмд учирсан хор хохирол, гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоосон баримт хавтаст хэрэг байхгүй.

3.  Б.Авирмэдийн     мэдүүлэг,     Эрэндаваатай     нүүрэлдүүлэн     байцаасан мэдүүлгүүдийн худал болохыг батална гэж Ц.С өөрөө няцаан мэдүүлсэн.

4.  Ц.С-ыг зөвхөн үнэн эсэх нь тодорхой бус 2 хүний мэдүүлэгт үндэслэн, хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэж улс төрийн хилс хэрэгт холбогдуулан шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт байгаа баримтуудаас дүгнэвэл Ц.С-ыг тайж, феодал гэдгээр нь шалтаглан, хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэх хэргийг бүрэн нягтлан шалгаж тогтоолгүйгээр өөрийг нь нэг удаа байцаасан болон үнэн эсэх нь тодорхой бус 2 хүний мэдүүлэгт үндэслэн улс төрийн хэрэгт холбогдуулан Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр таслан шийтгэсэн 104 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 49 дүгээр зүйлээр 1 жил хорьж хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр таслан шийтгэсэн 104 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-д холбогдох 5260 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, ЦС-ыг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хамжлага бүхий дөтгөөр зэргийн тайж Ц.С-ыг “... ард олныг багагүй дарлан зовоож явсан. Сүүлийн үед улс төрийн эсэргүү хортой цуурхал үг тараан явсан” гэсэн үндэслэлээр Дотоодыг хамгаалах газрын Дорнод аймаг дахь хэлтсээс 5260 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн дайчлан баривчилж, мөн аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор “... Шүүх цаазын бичгийн 31 дүгээр зүйлийн зохих ангийг баримтлан хүндэтгэвээс зохивч анх удаагийн хэрэг болох тул мөн бичгийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 3 дахийг журамлан бага хөнгөтгөж, тусгай ангийн 49 дүгээр зүйлийг баримтлан 1 жил хорьж” шийтгэжээ.

Ц.С-ыг дайчлан баривчилсан ордер, нэгжсэн акт болон гэрч Авирмэд, Эрэндаваа нарын мэдүүлэг зэргээр “... Санжил нь ядуу дунд ардуудыг өөрийн хамжлага болгон дарлаж явснаа эдүгээ хүртэл баримтлан ардын хувьсгалт засаг төрийг удахгүй мөхнө, хуучин засаг мандваас Ванчин богд ирнэ хэмээн хувьсгалт засгийг эсэргүүцэн тэмцэж” улс төрийн эсэргүү хортой цуурхал үг тараасан хэмээн ялын төлөвлөгөө үйлдсэн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд “Улс төр ба Ардын хувьсгалд зөрчин тэмцэхийн тулд аливаа худал хуурмаг буюу учруудыг урьдаар хянаж мэдээгүй агаад олонд тарааж, үймээн цохион гаргах ба засаг захиргааны газруудыг итгэмжгүй болохыг хичээх” гэж заасан байх бөгөөд Ц.С-ыг “... тайж, феодол гэдгээр нь шалтаглан хувьсгалын эсэргүү цуурхал тараасан гэх хэрэгт хилсээр шийтгэгдсэн” гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

            Энэ нь Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”-д хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Ц.С-д Шүүх цаазын бичгийн 49 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн Дорнод аймгийн Шүүн таслах газрын тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахаар шийдвэрлэлээ.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэсэн үндэслэлээр Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэлт бичсэн боловч шүүх хуралдааны явцад мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор санал тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймгийн Шүүн таслах газрын 1938 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэсэн үндэслэлээр Ц.С-д холбогдох 5260 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.С-г цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР