Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 10

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох

Гуравдагч этгээд: “У*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, өмгөөлөгч Э.Б*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд “У*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, өмгөөлөгч Д.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, өмгөөлөгч Э.Б******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт буюу тус сумын 2 дугаар баг, “Шархайн хөндий” нэртэй газарт 3000 га хэмжээтэй үр тариа тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр 15 жилийн хугацаатай эзэмшдэг билээ. 

2016 оны 05 дугаар сарын дунд үед Алтанбулаг сумын Засаг дарга танай газар дээр тусгай зөвшөөрөл өгсөн байж магадгүй гэж мэдэгдсэн. Энэ талаар лавлагаа авахаар 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 16/05 тоот хүсэлт тавьсан бөгөөд Ашигт малтмалын газраас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6/3551 тоот албан бичигт “... 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-020286 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байна...” гэсэн хариу өгсөн. 

Газар эзэмших эрхийг зөрчсөн дээрх нөхцөл байдлыг арилгуулахаар 2016 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Ашигт малтмалын газарт гомдол гаргасан боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй, хугацаа сунгасан талаар ч мэдэгдээгүй. 

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн “У*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-020286 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон нь “А*******” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байна. 

“А*******” ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн газар дээр үр тариа, тэжээлийн ургамал тарьж ургуулахаар 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Марс-Арвай” ХХК-тай “Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “У*******” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Алтанбулан нэртэй 15925.89 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NЕ-027234 дугаарт бүртгүүлсэн байна.

Тус компанийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан

баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, хүсэлтэд дурьдсан талбайд зураг зүйн шүүлт хийж үзэхэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн энэ талаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1105 дугаар албан бичгээр санал авахаар Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Төв аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 01/368 дугаар албан бичгээр хуульд нийцсэн санал өгөөгүй. Тодруулбал Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг хавсарган Кадастрын хэлтэс ирүүлсэн байна.

Хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолыг үндэслэн Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр “У*******” ХХК-д хайгуулын ХV-020286 дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд “У*******” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, өмгөөлөгч Д.Д******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани байгуулагдсанаасаа хойш гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тус компани нь Төрийн байгууллагаас тогтоосон журмын дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Хайгуулын Тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаар авч бүртгүүлсэн ба улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуулийн дагуу өргөдлөө гаргасан.

Биднийг өргөдөл гаргах үед тус талбай нь хоосон, ямар нэгэн давхцал байгаагүй учир тэдгээрийг магадлан сайн шалгасныхаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмалын газар тухайн асуудлаар орон нутагт мэдээлж, ажиллагаа хийсэн байх.

Ашигт Малтмалын Тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу манай компанийн хүсэлт гаргасан талбайн талаар Төв аймгаас болон тус аймгийн Алтанбулаг сумаас ямар нэгэн хариу, санал ирүүлээгүй учраас манай компанид Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарч улмаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ХV-020286 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл газар ашиглах эрхтэй 15925.89 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 

Ийнхүү тусгай зөвшөөрөл авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “А*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “А*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах ” гэж тодруулж тодорхойлсон болно.

Хариуцагчаас “Төв аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авсан даруй 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 01/368 дугаар албан тоотоор Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн, хуульд нийцсэн санал өгөөгүй” гэж маргаж байгаа. 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Анх Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар “А*******” ХХК-д тус сумын 2 дугаар багийн нутагт Шархайн хөндийд үр тариалах зориулалтаар 3000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн 000297721 дүгээр гэрчилгээ  олгож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ  байгуулжээ. 

 “А*******” ХХК болон Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын хооронд дээрх газрыг эзэмших талаар маргаан гарсан байх ба Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар  шийдвэрээр “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон  байна.

Иймээс нэхэмжлэгч “А*******” ХХК-д Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт орших Шархайн хөндий нэртэй газарт үр тариалах зориулалтаар 3000 га газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмших буй дээрх газартай давхцуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрээр “У*******” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Алтанбулан нэртэй 15925.89 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна. 

2. “У*******” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Алтанбулан нэртэй 15925.89 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн цахим дугаар олгох системд бүртгүүлж, 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-027234 дүгээрт бүртгэгдсэн байна.

Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр  тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020286 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь уг тогтоолын өргөдлөөр олгох талбайд хамаарч байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “У*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж буй талбайн солбилцлын цэгүүдэд магадлал хийж, уг талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай болон бусад тусгай зөвшөөрлүүдтэй давхцалтай эсэхийг нягтлан, шалгаж хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжтой гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан шаардлагын дагуу аймгийн Засаг даргаас санал авахаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/1105 дугаар  албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэнийг Төв аймгийн Засаг дарга мөн оны 02 дугаар сарын 17-ны өдөр  хүлээн авсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын даргын, 30 дугаар зүйлийн 30.1.13-т “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж аймаг, нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тус тус тодорхойлсон. 

Хуулийн дээрх заалтуудын дагуу Төв аймгийн Засаг дарга нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/368 дугаар  албан бичигт Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 09-ний өдрийн 04/12 дугаар  албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны  10 дугаар тэмдэглэл, мөн 03 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаар  “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалтуудын дагуу уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” тухай өргөдөлд өгөх саналыг тус тус хавсарган хүргүүлсэнийг Ашигт малтмалын газар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын гол агуулга, зохицуулалт бол төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тухайн талбай нь бусдын хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалтай эсэхийг нягтлан шалган, “дэмжих эсхүл дэмжихгүй” талаар санал буюу хариуг аймгийн Засаг дарга бичгээр илэрхийлэх асуудлыг зохицуулсан гэж үзэхээр байна.  

Гэтэл хариуцагч нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн, хуульд нийцсэн “санал” өгөөгүй гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.5, 19.6 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар  шийдвэрээр “У*******” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Алтанбулан нэртэй 15925.89 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн талбай байрших Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 04/12 дугаар албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 205 дугаартай өргөдөлд өгөх санал зэрэг нь эрхий бүхий төрийн захиргааны байгууллагад “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” тухай саналыг бичгээр илэрхийлсэн үйлдэл гэж үзэхээр байхад хариуцагчаас хуульд нийцсэн санал өгөөгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. 

Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 9-д “... 19.4-т заасан “...хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө” гэж тайлбарлажээ.   

Харин Төв аймгийн Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1105 дугаар мэдэгдлийг хүлээн авсан атлаа хуульд заасан хугацааг 5 хоногоор хэтрүүлж, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/368 дугаар албан бичгээр хариуг (санал) хүргүүлсэн буруутай байна.  

Гэхдээ төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар эцэслэн шийдвэр гараагүй, өргөдлийн бүртгэлийн NE-027234 дүгээр бүртгэгдсэн “У*******” ХХК-ийн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газар нь Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй” тухай хариуг хүлээн авсан атлаа уг саналыг харгалзан үзэлгүйгээр 14 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Кадастрын хэлтсийн дарга 273 дугаар шийдвэр гарган, “У*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн захиргааны байгууллагын энэхүү шийдвэр нь хууль бус байна. 

Учир нь төрийн захиргааны байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоогүй, зохих байгууллагад хариуг өгөхдөө хугацаа алдсан, шуурхай бус байдалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд төрийн байгууллагын хууль зөрчсөн үйлдлийн улмаас хуулийн дагуу газар эзэмшигч “А*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөн, хохирох ёсгүй юм.

Гуравдагч этгээд “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020286  тоот тусгай зөвшөөрөлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Алтанбулан нэртэй 15925.89 га талбайтай “А*******” ХХК-ийн эзэмшиж буй 3000 га газрын 2180,30 га талбай хэсэгчлэн давхцалтай болох нь хариуцагчаас ирүүлсэн ашигт малтмалын кадастрын тойм зургаар  нотлогдож байна. Энэхүү хэсэгчлэн давхцалтай 2180,30 га талбайн хэмжээний талаар талууд маргаагүй болно.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай хэсэгчлэн давхцуулан “У*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хуулийн дагуу түрүүлж газар эзэмших эрх үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгож, “А******* ХХК”-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 273 дугаар шийдвэрийн “У*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 15925.89 га талбайгаас “А*******” ХХК-ийн эзэмшиж буй газрын 2180,30 га талбайтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЦЭЦЭГМАА