Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01580

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01580

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01261 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,463,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбарын агуулга:

1.1.         Зээл 18,987 ам.доллар,

1.2.         2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 2,340 ам.доллар,

нийт 21,328 ам.доллар буюу 60,739,083 төгрөг /Монгол банкны ханшаар 1 ам.доллар 2 847,99 төгрөг/,

1.3.         5000957565 дугаартай овердрафтын зээлийн гэрээгээр зээл 5,721,500 төгрөг

1.4.         Хүү 1,003,117 төгрөг, нийт 6,724,617 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 67,463,700 төгрөг гаргуулна.

Л.Г- нь Х- ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5000949000 дугаартай Овердрафтын гэрээ байгуулан 20,000 ам.долларыг, жилийн 28 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 5000957565 дугаартай Овердрафтын гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар тус тус авсан.

Банк нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5000957565 тоот харилцах дансанд эрх нээж гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлсэн.

Зээлдэгч нь 5000949000 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг, 5000957565 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг тус тус төлөөгүй. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр овердрафтын гэрээний хугацаа дууссан.

Зээлийг хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал тайлбарын агуулга:

 

Дээрх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу овердрафтын зээлийн гэрээний эрхийг нээж, зээл олгох эрхийг нэхэмжлээд 1 хонож байхад 300 ам.долларын хүү бодогдсон. 1 хоногт 300 ам.долларын хүү бодох ямар ч боломжгүй.

Мөн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу зээл аваад нэг хоногийн дараа 800 ам.долларын эргэн төлөлт, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,000 ам.долларын эргэн төлөлт хийсэн. Зээл авснаас хойш 3 сарын дараа нийт 6,000 ам.долларын төлж, зээлийн үлдэгдэл 15,197,152 ам.доллар болсон.

Үүнээс хойш хариуцагч үндсэн зээлээс гадна нэмэлтээр зээл аваагүй байхад 18,987,000 ам.доллар нэхэмжилсэн нь бодитой биш тооцоолол байна.

15,197,152 ам.долларын үндсэн үлдэгдэлтэй болсноос хойш хүүг үндсэн зээлд тооцож, хүүнээс хүү тооцож, олгоогүй мөнгөө зээл гэж бичиж үүнээсээ хүү тооцсон нь үндэслэлгүй.

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 3,332 ам.долларыг үндсэн төлбөрөөс хасаагүй, хүүгээс хассан нь хуульд нийцээгүй.Тэгэхээр 3,332 ам.долларыг 15,197,152 ам.доллараас хасахаар 10,765,152 ам.доллар үлдэж байгааг хүлээн зөвшөөрч төлнө.

Тухайн үеийн ханшаар тооцохоор 33,500,000 төгрөгийг нэхэмжлэх ёстой.

Мөн 2 дахь гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хийхээр зээлийн үлдэгдэл 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 4,984,143 төгрөг болсон. Гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан, үүнээс хойш 2,557,194 төгрөгийн төлөлт хийсэн тул уг дүнг үндсэн зээлээс хасах ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Г-аас 52,883,396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,580,304 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс нийлмэл хүү гэх хууль зөрчсөн гэрээний нөхцөлийг баримтлан зээлдэгчийн зүгээс хүлээн аваагүй мөнгийг үндсэн зээлд оруулан тооцсон буюу хүү гэж хуримтлагдсан төлбөрийг үндсэн зээлд оруулан тооцож шийдвэрээ гаргасныг эс зөвшөөрч байна.

Тооцогдсон хүүг үндсэн зээл мэтээр тооцож, зээлдэгчийн авч ашиглаагүй зээлийг ашигласан мэтээр тооцоолол хийсний улмаас 16,956,446 төгрөгөөр үндэслэлгүй өсгөж шийдвэрлэсэн.

20,000 ам.долларын зээл авсан өдрөөс хойш 6,000 ам.долларын төлөлт хийсэн. Төлөлт хийсэн өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 15,197 ам.доллар болсон.

Гэрээний хугацаа дууссанаас хойш 3,332 ам.доллар төлсөн нь үндсэн зээлээс хасагдвал 10,765 ам.долларын зээл үлдэх учиртай.

Гэтэл нийлмэл хүү гэх нэрийдлээр тооцож 17,900 ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Зээл нэмж аваагүй байхад үндсэн зээлийн хэмжээ нь тооцогдсон хүүнийхээ дүнгээр өссөн байх боломжгүй.

10,000,000 төгрөгийн зээлийн хувьд 5,000,000 төгрөг төлж, 4,984,143 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш 2,557,194 төгрөг төлсөн. Үүнийг хасаж тооцвол 2,426,949 төгрөгийн үлдэгдэл байна.

Нийлмэл хүү гэх нэрийдлээр зээлдэгч олгогдоогүй, зээлдэгчийн ашиглаагүй мөнгөн хөрөнгийг ашигласан мэтээр тооцож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүүнээс хүү тооцохыг хуулиар хориглосон байдаг.

Нийлмэл хүүний талаарх гэрээний зохицуулалт нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд заасан гэрээний стандарт нөхцөл байх ба Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Иймд гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус юм.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

2018 оны Монгол банкны журамд иргэнд нийлмэл хүүгээр зээл олгохыг хориглоно гэж заасан. Хариуцагчийн гомдолд 21,000 ам.долларын зээлээс үндсэн төлбөрөө хасаад 10,765 ам.доллар үлдсэн гэж бодоход жилийн 18 хувиар тооцоход 3 жилийн ашигласан төлбөр 5,813 ам.доллар буюу нийт төлбөр 16,578 ам.доллар байна. Уг үнийг тухайн үеийн долларын ханшаар төгрөгт шилжүүлбэл 47,000,000 төгрөг юм. Хариуцагч талаас бүх төлбөрөөс хугацаа нь дууссан тул хасаж, үлдэгдэл 2,426,000 төгрөг үлдсэн гэж тайлбарладаг. Уг төлбөрөөс 24 хувийн хүү тооцвол 3 жилийн хүү 1,700,000 төгрөг, нийт үндсэн төлбөр 4,174,000 төгрөг буюу хариуцагч талын төлбөрийг зээлийн үлдэгдлээс ашигласан хугацаагаар нь гэрээнд тохирсон хүүгээр, нийлмэл аргачлалаар бус үндсэн төлбөрийг хасаж тооцоход 51,300,000 төгрөг гардаг. Нийлмэл хүүний хувьд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ Монгол банкны журмаар аргачлалыг боддог. Нийлмэл хүүгээр бус энгийн аргаар тооцоолоход 51,300,000 төгрөг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

1. Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Л.Г-т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,463,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2.а. Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Л.Г-тай 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр овердрафтын буюу банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд зээлдэгч өөрийн харилцах дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээ хийж, тухайн дансанд хийсэн орлогоор эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн эрхийн гэрээ байгуулагдаж, Л.Г-т 5000949000 тоот гэрээгээр 20,000 ам.долларыг 1 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 5000957565 тоот гэрээгээр 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй тус тус зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх13, 16/

 

2.б. Мөн банк нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5000957565 тоот харилцах дансанд эрх нээж гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлсэн. /хх10/

 

2.в. Зээлдэгч нь 5000949000 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг, 5000957565 дугаартай овердрафтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашигласан мөнгөн дүнгийн хүүг тус тус төлөөгүй үйл баримт тогтоогдсон, талууд дээрх үйл баримтын хувьд маргаангүй. /хх9/

 

Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх гэрээнүүдийн 1.3 дахь заалтаар хүүг нийлмэл аргаар бодох буюу зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцохоор, 1.4 дэх заалтаар зээлдэгч зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд банк зээлийн үлдэгдэлд хүү хуримтлуулан тооцох бөгөөд тухайн сард хуримтлуулсан хүүг дараа сарын 2-ны өдөр харилцах дансны үлдэгдлээс суутгана, хэрэв харилцах данс нь үлдэгдэлгүй бол хуримтлуулсан хүүг зээлийн үлдэгдэл дүн дээр нэмнэ гэж тохиролцсон нь хуульд нийцсэн гэж зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн зээлдүүлэгч нь тооцооллын хувьд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу зээл олгосон өдрөө 310,23 ам.долларын зээлийн хүүгийн хуримтлал үүсгэсэн нь хууль болон гэрээнд нийцэхгүй гэж дүгнэн гэрээт хугацааны үлдэгдэл 18,215,46 ам.доллароос 310,23 ам.долларыг хасаж тооцсон нь зөв байна.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу жилийн 18 хувийн хүүг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацаагаар буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 5,210 ам.доллар байхаар боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 2,340 ам.доллар гэж тодорхойлсон тул тус шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцжээ.

 

Овердрафтын гэрээ нь банкнаас карт эзэмшигчид богино хугацаанд хүүтэй мөнгө олгохыг хэлэх бөгөөд зээлдэгч дансанд байгаа мөнгөө зарцуулахаас гадна нэмж зээл авч, дансны үлдэгдлээсээ илүү хэмжээгээр зарлага гаргах эрхтэй юм.Тухайн тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан Овердрафтын гэрээ нь хүү төлөх нөхцөлтэй гэрээ байх бөгөөд зээлдэгч буюу хариуцагч нь зээл, хүүг буцаан төлөх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэх юм.

 

Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг зөв хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/01261 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД