| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0287/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/285 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1838006670363 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Л-,
Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв Баянхошуу багт хохирогч Д.Э-тай маргалдсны улмаас зодож, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв Баянхошуу багт согтуурсан үедээ хохирогч Д.Э-тай маргалдан түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Л- шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Л-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хувийн ажлаар сумын төв рүү орж ирсэн. Орой 21 цагийн үед Д.Э-ын дэлгүүрээр ороод нэг шил архи аваад гарах гэхэд Д.Э- нь манай эхнэр Мөрөн рүү семинарт явсан. Манайд орооч гэсэн. Ороход захиргааны манаач Баярмагнай гэдэг хүнтэй Д.Э- нь архи уугаад сууж байсан. …Миний гаргасан архийг цааш нь хураагаад шинэ архи задлаагүй байхад Д.Э- нь би төрд 20 гаран жил ажилласан хүн гээд байхаар нь чи битгий архин дээр дэмий юм ярь гэж хэлээд хоёулаа маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д.Э- миний хамар луу гараа атгаад цохисон. Би цусаа гоожуулаад тонгойгоод суутал Д.Э- шилтэй архиа бариад авахаар нь булааж авах гэж ноцолдож байгаад шалан дээр нь унагааж хагалсан. Хагарсан шилэн дээгүүр хоёулаа ноцолдож байгаад гадагшаа гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 28,56 дугаар хуудас/,
Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд тамгын газрын манаач Баярмагнай гэдэг хүнтэй манай гэрт нэг шил архи уугаад сууж байтал ЛхагваЭрдэнэ нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи авсан. Б.Л-ийг гэртээ оруулаад ууж байсан архиа хувааж уусан...Тэр архийг уугаад сууж байсан. Нэг мэдэхэд бид хоёр гэрээс гарчихсан маргалдаж байсан.Б.Л- намайг нэг цохихоор нь зөрүүлээд би нэг цохичхоод гэр лүүгээ орох гээд зугтаж байтал Б.Л- миний толгой руу архины шилээр цохичихсон. Цохингуут нуруу руу бүлээн оргиод цус урсаж байгаа нь мэдэгдсэн. Газарт унасан байхад дээр гарч байгаад нүүр лүү гараараа цохисон. Би Тусламж гуйж орилж байгаад ухаан балартсан байсан. Нэг мэдэхэд гэртээ хэвтэж байсан. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай аав ажлын газрынхаа нэг ахтай архи уучихаад сууж байтал гаднаас Б.Л- ах гаднаас орж ирсэн. Тэр гурав 1 шил архи ууж байсан... Хүмүүс орилолдоод байхаар нь сэрэхэд аавын нүүр, бие, хувцас нь бүхэлдээ цус болчихсон дээшээ хараад хэвтэж байсан. Намайг унтахад бүтэн байсан төмөр сандал эвдэрчихсэн дээр нь Б.Л- ах суучихаад чи миний хүүхдийн оюутны паспортыг нь албаар мартсан гээд аав руу дайраад байсан. Би айхдаа ээж рүү залгаж түргэн дуудаач гэсэн. Б.Л- ах аавын нүүр лүү гараа атгаад цохиод байхаар нь та яагаад аавыг зодоод байгаа юм гэхэд дуугаа бай, чамд хамаагүй муу гөлөг минь гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Ч.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн төвд ажлаар явж байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад манай хүү Энх-Амур ...над руу залгаад “Аав үхчихлээ. Ээж ээ түргэн дуудаад өгөөч” гэсэн. Гэрч Э.Лх-, З.Н-, Л.Э-, Л.Э- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-27,31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 431 дугаартай “хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 493 дугаартай: 1. Д.Э-ын биед нурууны баруун хэсгийн шарх нь тухайн үедээ арьсны бүх давхаргыг хамарсан бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан гэмтэл тул гэмтлийн 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байна. 2. Д.Э-ын биед нурууны баруун доод дотор талын идээт шарх нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний явцаас хамаарна. 3. Тухайн хугацаанд үүссэн өмнөх дүгнэлтэд тусгагдсан хамар яс, баруун үүдэн 1-р шүд хугарал, тархи доргилт, баруун зулайн урд хэсэг, зүүн зулайн дээд хэсэг, духны гол дээд хэсэг, дээд уруулын баруун хэсэг, дээд уруулын дотор салст, нурууны баруун доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, баруун сарвууны дунд хурууны 3 дугаар үе, дээд үүдэн баруун1 дүгээр шүдний буланд шарх эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны салст, духны гол дунд хэсэг, нурууны баруун хажуу хэсэгт цус хуралт, хамрын хуруу, баруун хацар, зүүн доод зовхи, нурууны баруун хажуу хэсэг, зүүн тохойн дотор хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэг, гадна доод хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 4.Д.Э-ын биед үүссэн нурууны баруун доод хэсгийн идээд шарх бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Д.Э-ын биед үүссэн нурууны баруун доод хэргийн идээт шарх нь эдгэрэлт удаан явагдаж, буглаж цааш хүндэрсэн тул гэмтлийн зэрэг хүндэвтэр болж өөрчлөгдөж байна гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838006670363 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв Баянхошуу багт согтуурсан үедээ хохирогч Д.Э-тай маргалдан түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Э-,насанд хүрээгүй гэрч Э.Э-, Ч.Э-, Э.Л-, Л.Э-, З.Н- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Л-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Л-ий гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Э-т 1.642.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. /хх-ийн 70 дугаар хуудас/,
Эрүүгийн 1838006670363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006670363 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР