Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00596

 

М.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувднарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01406дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,

М.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй,

Б.Оюунд холбогдох,

 

Зээл 50.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг нийт 83.000.000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Оюуны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч М.Ариунзаяа, О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюун нь  2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 60 хоногийн хугацаатай  зээлж, 2016 оны 07 дугаар сарын 10-нд хүү 8.000.000 төгрөг нийт 58.000.000 төгрөг төлөхөөр  тохиролцож гэрээ хийсэн. Зээлийн барьцаанд Зэст баг 1-3-118 тоот 2 өрөө байр, мөн 1-17-52 тоот 3 өрөө байрыг барьцаалж Орхон аймгийн үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн.Гэтэл Б.Оюун нь өнөөдрийг хүртэл хүү болон үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй явж байна. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд тавьсан барьцааны байрнуудыг зарж борлуулан мөнгөө авч болно гэж хариуцагч Б.Оюун нь надад 1 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн болно. Үүний дагуу байрыг нь худалдаж авах хүн олсон ч бид үнээ тохиролцож чадаагүй. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар алданги тооцохоор тохирсон. Иймд хариуцагч Б.Оюунаас үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг нийт 83.000.000 төгрөгийг барьцаанд тавьсан 1-3-118 тоот 2 өрөө, 1-17-52 тоот 3 өрөө байруудаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 10-нд өөрийн өмчлөлийн 1-17-52 тоот 3 өрөө байр, 1-3-118 тоот 2 өрөө байрыг М.Ариунзаяад барьцаалж итгэмжлэл бичиж өгөн 50.000.000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлсэн. Би ихэвчлэн банкнаас зээл авдаг бөгөөд зээл гарч шийдэгдтэл ломбарднаас богино хугацаатай зээлийг авдаг байсан. Би 2004 оноос Эрдэнэт хотдоо тасралтгүй хувиараа хөдөлмөр эрхэлж явуулсан. Миний банкин дахь зээл 8 сарын өмнө дууссан. Дууссанаас хойш зээл хөөцөлдөж байгаа боловч санхүүжилт орж ирээгүй, татгалзсан, хойшлуулсан гэх хариу өгч байгаа билээ. Мөн 2016 оны 07 дугаар сараас хойш эргэлтийн хөрөнгө тоног төхөөрөмж зэргийг борлуулж дүүгийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан учир 4 сарын турш үйл ажиллагаа явуулахгүй орлогогүй болсон. Одоогийн нөхцөл байдлаас болоод  М.Ариунзаяагийн үндсэн мөнгө хүүг өгч чадахгүй байгаа бөгөөд өөрийн амьдарч байгаа 1-17-52 тоот 3 өрөө байрыг зарж борлуулж өр төлбөрөө барагдуулахаар болсон. 1-3-118 тоот 2 өрөө байранд миний дүү гэр бүлийн хамт амьдардаг миний нэр дээрх байр юм. М.Ариунзаяагийн  нэхэмжилж байгаа алданги болох төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01406дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Оюунаас үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүү 8.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг, нийт 83.000.000 төгрөгийг гаргуулан М.Ариунзаяад олгож, Хариуцагчнь нэхэмжлэгчид төлөх 83.000.000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 3 дугаар байрны 118 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101000494 дугаарт бүртгэгдсэн 26.9 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дугаар хороолол 17 дугаар байрны 52 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2101010319 дугаарт бүртгэгдсэн 38 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 573.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 573.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ариунзаяад олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээр магадлалаар:Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюуны давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Оюуны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Оюунхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2007 оноос хойш “Ихэрбогторгоно” ХХК-ийн захирлаар Орхон аймагтаа хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Өдий хүртэл банкнаас зээл хөөцөлдсөн боловч санхүүжилт орж ирээгүй, хойшилсоор байгаагийн улмаас мөн давхар ар гэрт удаа дараа гачигдал гарсантай холбогдон уг зээлээ төлж чадаагүй хүрсэн. Тиймээс өөрийн амьдарч буй 3 өрөө орон сууцыг борлуулан төлбөрийг барагдуулах гэсэн боловч одоо зах зээлийн ханш 90.000.000 төгрөг, нэхэмжилж буй мөнгө 85.000.000 төгрөг байгаа тул надад маш хүнд хүнд байна.Миний зээлсэн зээлийн хүү, алданги нийт төлбөр дэндүү өндөр байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Би М.Ариунзаяагаас зээл авсан нь үнэн, үнэхээр хүнд нөхцөлд орсон. Миний энэ байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, алданги болон нийт төлбөрөөс багасахаар хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтад тулгуурланзохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагууявуулсан байна.

Нэхэмжлэгч М.Ариунзаяа нь хариуцагч Б.Оюунд холбогдуулан зээл 50.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөг, алданги 25.000.000 төгрөг нийт 83.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1 дүгээр хороолол 3 дугаар байрны 118 тоотын 2 өрөө орон сууц, мөн багийн 17 дугаар байрны 52 тоотын 3 өрөө орон сууцнуудыг барьцаалан 2016 оны 5 дугаар сарын 10-ний өдөр М.Ариунзаяагаас 50.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар зээлсэн ба зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохирчээ.

Талууд хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн үлхөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Шүүх, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, хүү,алданги тооцох үндэслэл, хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээ зэргийг хэргийн баримтад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-т заасаншаардлагад нийцжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давжзаалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг өөрчлөхболомжгүй гэжшүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2016/01406дугаар шийдвэр, Орхон аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дүгээрмагадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюуны гомдлыг хангахгүйорхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 321.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ