| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2018/0335/З |
| Дугаар | 221/МА2018/0589 |
| Огноо | 2018-11-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0589
| 2018 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2018/0589 | Улаанбаатар хот |
“П м” ХХК, “К м” ХХК-иудын
итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л в” ХХН-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэртэй, “П м” ХХК, “К м” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л в” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “П м” ХХК, “К м” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “П м” ХХК, “К м” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З-т давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч компаниуд нь оршин байгаа газрынхаа харьяаллын дагуу Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангуудаа хүлээлгэн өгч тухайн хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч тайлангуудыг хянаж баталгаажуулдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-д ажил олгогч нь тайланг харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэхээр заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан 2015-2017 онуудын тайлангаа тухайн цаг хугацаанд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт, Засгийн газрын 80, 92 дугаар тогтоолуудад нийцүүлэн гаргаж өөрсдөө хүлээн зөвшөөрч, хянуулж, баталгаажуулчхаад одоо хууль тогтоомжоор тайлан хүлээн авч баталгаажуулах эрхгүй этгээдэд давхардуулан тайлан өгөх гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, хянаж, баталгаажуулдаг субъект биш байтал Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д зааснаар зөвхөн Засгийн газар л нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох эрхтэй юм. Засгийн газраас 1996 онд 80, 1998 онд 92, 2017 онд 251 дүгээр тогтоолуудыг гаргасан байдаг бөгөөд 80, 92 дугаар тогтоолууд нь 2017 оны 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан.
Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон. Нэхэмжлэгч тал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлантай холбоотой асуудлаараа эхэлж Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хандах ёстой байсан. Гэтэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст огт хандалгүйгээр захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагад анх хандсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/А-18 дугаартай албан бичигт дурдсан анхан шатны шүүхийн 796 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч нарт хамааралгүй, эдгээр компаниуд нь уг хэргийн оролцогч биш учраас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/535 дугаар албан бичгээр хариу өгсөн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаал нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргасан, Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хуульд нийцэхгүй алдаатай шийдвэр байсан. Уг эрх зүйн чадамжгүй тушаалд нийцүүлж тайлан авах нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0574 дүгээр магадлал хүчин төгөлдөр үйлчилж байгааг дурдаж байсан. Гэтэл анхан шатны шүүх нь уг магадлалыг хайхраагүй, зөвхөн анхан шатны шүүхийн 796 дугаар шийдвэрийг нотлох баримтаар үнэлж, хариуцагчийн 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байдаг.
Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0484 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“П м” ХХК, “К м” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Л в” ХХН нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “П м” ХХК, “К м” ХХК-иудын 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайланг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт олгогдсон эрх, үүргийг хууль бусаар хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх атал анхан шатны шүүх “...нэхэмжлэгчээс маргаж буй акт, үйл баримтыг тус шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрээр дүгнэсэн, нийтэд илэрхий үйл баримт байна” гэж үзэн нэхэмжлэгч нарын гаргасан дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/84 дүгээр тушаалын хавсралтаараа “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталсан бөгөөд уг зааврын 3.9-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасан.
Тухайн зааврын дагуу тайлан авч баталгаажуулахгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан “Бостонстар консалтинг ТМЗ” ХХК болон “Эрнст энд янг ТМЗ” ХХК, “Эрнст энд янг монголия аудит” ХХК-иуд тус тусдаа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0574 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж тус тус шийдвэрлэжээ.
Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын дагуу тайлан авч баталгаажуулахгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хянан шийдвэрлэсэн хоёр өөр шүүхийн шийдвэр, магадлал байхад нэгийг нь буюу тус шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрийг энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэх заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулжээ.
Дээрх хуульд заасны дагуу Засгийн газар нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолыг гаргахаас өмнө ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоогоогүй бөгөөд тухайн маргаж буй цаг хугацаанд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох” тухай Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Тодруулбал, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2-т ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар заажээ. Үүний дараа Засгийн газар нь 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, өмнө гаргасан 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосноос үзвэл Засгийн газрын 80 дугаар тогтоолын 2 дахь зохицуулалт хэвээр үйлчилж байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан ба хуулиар эрх олгосон захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар зохицуулагдаагүй харилцааг журам, заавар гаргах байдлаар зохицуулж болох бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоос зөрүүтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9-т зааснаар нэхэмжлэгч нарын тайланг хүлээн авч, баталгаажуулаагүй хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтаныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар “хариуцагчийг хууль бусаар нэхэмжлэгч нарын гаргасан тайланг баталгаажуулахгүй байна” гэж буруутгаж байгаа тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, баталгаажуулах эрх, үүрэг холбогдох хууль, тогтоомжоор олгосон байх шаардлагатай.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 3-д “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.”, 4-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу гаргаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шимтгэлийг төлж, тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд хянуулан тайлагнахаар байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, баталгаажуулах эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгч “П м” ХХК, “К м” ХХК-иуд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “нийгмийн даатгалын шимтгэлийг илүү хураасан тул нийгмийн даатгалын тайланд өөрчлөлт оруулж, залруулан баталгаажуулж өгөх хүсэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан гаргасан боловч хариуцагч хууль бусаар татгалзсан” гэж тайлбарлан маргаж байх тул хариуцагчийн давж заалдах гомдолдоо “...дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст огт хандалгүйгээр захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах журмыг зөрчсөн” гэж дурдсаныг хүлээн авах үндэсгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр “П м” ХХК, “К м” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Легал виндоу” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА