Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 200

 

 

Э.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1873 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125 дугаар магадлалтай, Э.Өт холбогдох 1806015721578 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эмэгтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг цагдан хоригдсон 42 хоногт дүйцүүлэн тооцож эдлэх ялыг 64 цагаар тогтоосон, Боржигон овогт Э Ө.

Э.Ө нь 2018 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 2 дугаар гудамжны 6-46 тоот нийтийн байранд иргэн С.Батзаяагийн “Самсунг Галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 486.000 төргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Өийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Э.Өт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 64 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож, нийт 8 хоног хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 8 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хорьсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Өээс 486.000 төгрөг гаргуулж хохирогч С.Батзаяад олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Өийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Ө гаргасан гомдолдоо “Миний бие бага насны 2 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй ээжийн хамт амьдардаг. Том хүү 10, бага охин 9 настай. Уг хэрэгт шалгагдаж байхад ой 5 сартай хүү минь өвчний улмаас нас барсан. Одоо миний 2 хүүхэд, өвчтэй ээж минь асран хамгаалах, харж хандах хүнгүй байна. Би өөрийн өвчтэй хүүгээ асран хамгаалж байгаад эм тариа авахаар хотод ирж найзынхаа гэрт байж байгаад орой нэг найзтайгаа уулзахаар цаг товлосон боловч ирээгүй. Баарнаас гарах гэж байтал нэг охинтой танилцаад сууж байсан чинь хоёр залуу ирж танилцаад дөрвүүлээ хамт суусан. Удалгүй нэг залуу нь тэдний түрээслэж байгаа байранд очих санал тавьж, тэр хоёр залуутай хамт дөрвүүлээ байранд нь очсон. Хохирогч гэх Батзаяа нь орныхоо араас 1 шил архи гаргаж ирээд аягалж, би амсаад тавьсан. Намайг шахаад, өөрсдөө уухгүй байсан. Хамт явсан охин 00 ороод ирье гээд гараад ирэхгүй удаад байхаар нь би айгаад Батзаяагаас утсаа өгч байгаач, ярьчихаад өгье гэж хэлтэл за гэж хэлээд надад өмднийхөө халааснаас гаргаж өгсөн. Тухайн үед гэрч гэх Угтахбаяр нөгөө талын орон дээр хэвтэж байсан. Би утсыг нь аваад 00 руу очтол нөгөө танилцсан найз охин минь байхгүй болохоор нь айсандаа тэр чигтээ гараад явсан. Ийм байдлаас болж хэрэгт орсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би бусдын гар утсыг санаатай аваагүй нь үнэн. Тухайн үед уг хоёр залуугийн хүчирхийлэлд өртөхөөс айгаад утсыг нь аваад явсан нь үнэн. Миний холбогдсон хэргийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шударга бус шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний зүйл ангийг зөв тодорхойлж зүйлчлээгүй. Би хохирогч гэх хүнээс хэлж байгаад утсыг нь авсан болохоос хулгайлж аваагүй. Би хохирогчийг надад архи өгч байгаад хүчирхийлэх гэж байна гэж бодсон учраас утсаар нь ярингаа найз охиноо дуудахаар гарахад явчихсан байсан. Буцаад орохоос айсандаа шууд явсан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор хоёр нь хохирогч түрүүлж өргөдөл өгснөөр намайг гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байна. Миний энэ хэрэг өмнөх торгуулийн ял авсан хэргээс өмнө өргөдөл өгсөн байсныг анхнаасаа нэгтгэн шалгаагүй орхигдуулж, ял авсны дараа гаргаж ирж миний эрх зүйн байдлыг минь дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний холбогдсон хэргийг бүх талаас үнэн зөв, бодитоор шалгаж надад оногдуулсан 1 жил 8 хоногийг багасгаж, хоригдсон хоногтой минь дүйцүүлэн хөнгөрүүлж өгнө үү. Ээж минь элэгний хавдартай байнгын эмчийн хяналтад байдаг, элэгний хорт хавдар нь хүнд шатанд орж найдваргүй болсон байгаа. Би хайртай ээждээ санаа зовон хүнд өдрийг өнгөрүүлж байна. Намайг хориотой байх хугацаанд ямар нэгэн муу юм болж хорвоогийн мөнх бусыг үзэхээс маш их айж байна. Нэг хоногийн өмнө ч гэсэн хайртай ээждээ очиж асран хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн үр хүүхдүүдийнхээ өмнө эх байх үүрэг хариуцлагаа хүлээж, элэг бүтэн амьдрахыг хүсэж байна. Надад итгэл үзүүлэн ял шийтгэлийг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Э.Өт холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч хохирогч С.Батзаяа, гэрч М.Угтахбаяр нар нь тухайн өдөр Э.Өтэй бааранд танилцаж, М.Угтахбаярын нийтийн байранд очсон бөгөөд шүүгдэгчийн найз хамт яваагүй талаар мэдүүлсэн. Гэрч, хохирогч нарыг “унтаж байхад гар утсыг нь хэлэхгүй авч явсан” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн гаргасан гомдол үгүйсгэгдэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ө нь согтуурсан үедээ 2018 оны 1 дүгээр сарын орчим хамт архи уусан С.Батзаяагийн “Самсунг Галакси Жи 7” маркийн 486.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан талаарх хоёр шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргасан нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоосон үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хасч хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн мэдүүлснээр “түр зүүрмэглээд сэрэхэд” гар утас нь алга болсон гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд согтуурлын улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж бусдын эд хөрөнгийг нууцаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Хохирогчийн зөвшөөрсний дагуу гар утсыг нь түр хэрэглэхээр авсан, хохирогчийн гар утсаа хэрэглүүлэхээр өгсөн гэх үйл баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн 9-10 насны хоёр хүүхдийн асрамж, хамгааллын талаарх асуудлыг анхан шатны шүүх тодруулаагүй, шийдвэртээ тусгаагүй байгааг дурдаж, анхааруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орж соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтуудад нийцсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1873 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Өийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    

             ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

             ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР