Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01148

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01149

 

 

В.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэртэй, В.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ж-д холбогдох, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А ХХК--ийн хувьцаа эзэмших эрхийг Н.Э болон В.Д- гэх хүмүүс эзэмшж байсан. Иргэн Д.Ж- гэж хүн холбогдоод хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшинэ гэсэн байдлаар уулзсан. В.Д- нь өөрийн хувьцааны 10 хувийг Н.Эд бэлэглэж. Ингэснээр энэ хоёр хүн 50/50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа В.Д- өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Ж-д худалдан борлуулах, хувьцаанд ноогдох эрхийг худалдах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн агуулга нь В.Д- нь өөрийн хувьцааг Д.Ж-д шилжүүлэн Д.Ж- нь 50 хувийн хувьцаатай төлбөр болох 800 000 000 төгрөгийг иргэн В.Д-д төлж барагдуулна гэсэн агуулгатай гэрээ байдаг. Тухайн гэрээнд төлбөрийн нөхцөлийг өөрөөр тохиролцсон. Компанид хөрөнгө оруулах замаар төлбөр төлнө гэсэн агуулгаар тусгасан. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад Д.Ж- тухайн үед энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны хувьцаа эзэмшигч болоогүй байсан ч компанийн үйл ажиллагаанд оролцоод явсан. Ингээд явж байгаад улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөхгүй. Удаа дараа шаардахад Д.Ж- таны төлбөрийг төлнө гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд албан ёсоор хувьцаа эзэмшигч болмоор байна. гэхдээ 800 000 000 төгрөгөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд татварын асуудал илүү өндөр яригдах учраас гэрээний үнийн дүнг багасгаад 264 541 750 төгрөг болгох асуудлыг удаа дараа хэлсэн байдаг. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 13/01 гэсэн дахин өөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд В.Д- хувьцаа эзэмшигчээс хасагдаад иргэн Д.Ж- тухайн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.Ж- гэж хүн гарч ирснээр В.Д-, Н.Э нарыг үйл ажиллагаанаас нь тусгаарласан. Компанийн эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл авчихдаг. Одоо компанийн үйл ажиллагаа зогссон. Ерөнхийдөө үйл ажиллагаа бүрэн зогсоод Д.Ж- гэдэг хүний харуул хамгаалалтын дор түгжээтэй 4 жил болж байна. Н.Э нь одоо хувьцаагаа буцаан авах нэхэмжлэл гаргаад шийдэгдсэн байгаа. 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээ бол хуульд заасан тодорхой шаардлага зөрчсөн буюу Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл юм. Үндсэн талуудын зорилго нь 2010 оны гэрээ байсан нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог. Энэ асуудлаар 2015 онд В.Д-ын гомдолоор Д.Ж-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хэрэгт иргэн Д.Ж-, Н.Э нарын мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээний талаар талууд огт дурдаагүй. Талуудын хүсэл зориг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээ байсан юм. Мөн хариуцагч 2010 оны гэрээний үүргийг биелүүлсэн гэдэг тайлбарыг удаа дараа хэлдэг. Эрүүгийн хэрэгт шалгаж байх явцад шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлт нотлох баримтын журмаар шүүхэд авагдсан. Энэ дүгнэлтээр Макс групп иргэн Д.Ж-ы өмнөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, үүрэг хүлээгээгүй болохыг нотолсон. Энэ асуудалд иргэн Д.Ж- гэж орж ирээд В.Д-ыг шүүхэд өгсөн байгаа. Түүний дансанд орсон тэтгэврийн мөнгийг нь хураагаад авдаг асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шүүхийн журмаар шийдүүлж, В.Д-ын зөрчигдсөн эрхийг сэргээж 2010 оны болон 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Ж- нь 2010 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан үнэн бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн нийт дүн нь 727 008 671 төгрөг болсон болно. Харин ч В ХХК-нийн хувьцааг хамтран ажиллах хөрөнгө оруулалт авах нэрийдлээр хариуцагч Д.Ж-тай байгуулсан гэрээний 5 дугаарт тусгагдсан гэрээний үүргээ одоо хэр нь биелүүлээгүй байгаа. Тиймдээ ч хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх оролдлогыг удаа дараа гаргасны нэг жишээ үйлдэл бол хариуцагч Д.Ж-г 2010 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдан-худалдан авах, шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан боловч гэрээгээр залилан хууран мэхэлсэн гэх үндэслэлгүйгээр гүтгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гарган 201525031643 тоот эрүүгийн хэргийг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд энэхүү хэрэгт Д.Ж-гийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь цагдаагийн байгууллага шинжээч томилон ажиллуулж шалган уг дүгнэлтээр Д.Ж- үүргээ гүйцэтгэж, харин ч нэхэмжлэгч В.Д- үүргээ гүйцэтгээгүй болохыг тогтоон баримтжуулсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 173 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байдаг. Ийнхүү энэхүү эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг үйлдэн нэхэмжлэгчид танилцуулсан боловч дахин гомдол гаргаж шалгуулж байснаар 2017 оны 09 сарын 14-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 654 дүгээр Прокурорын тогтоолын дагуу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн болно. Энэ мэтчилэн хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан хувьцааг хариуцагчаас худалдан авах элдэв аргыг хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 6 бүлгийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг дараах байдлаар тайлбарласан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг, агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг л гэж ойлговол зохино. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн нь энэхүү хэлцлийг дүр үзүүлээгүй, гадаад илэрхийллийг бодитой хэрэгжүүлснээр утга алдагдаагүй ой хэлцэл болсныг нотлон харуулж байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ Иргэн Д.Ж- тус компанийн 50 хувийн хувьцааг дээрх халхавчилсан гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдийн ч эхний буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч В.Д-ын В ХХК-нийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар В.Д-, Д.Ж- нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар В ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг Д.Ж-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 1 480 659 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх В.Д-ын нэхэмжлэлтэй, иргэн Д.Жд холбогдох иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан шийдвэрлээд гаргасан 183/ШШ2019/00882 дугаар шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийн хангалгүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримттай танилцах боломж олгоогүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. 6.2, 6.6, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-д заасныг зөрчиж, хэргийг хянан хянан шийдвэрлэсэн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н миний ээж П.И нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зүрхний шигдээс гэдэг өвчний улмаас яаралтай түргэн тусламжаар Улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэгт хүргэгдсэн байгаа тул 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд миний зүгээс хэргийн оролцогчийн үүргээ биелүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүх дээр биечлэн ирж хурлын тов мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зурж, хэргийн материалтай танилцсан. Улмаар 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цагт ээж И-гийн биеийн байдал муудаж, яаралтай түргэн тусламжаар дахин эмнэлэгт хүргэгдэж. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ангиографийн шинжилгээнд орох болсон бөгөөд эмнэлгийн зүгээс тухайн шинжилгээний үед илрэн гарах хүндрэл буй тохиолдолд цаашид яаралтай хагалгаанд орох зэрэг эмчилгээний асуудал шийдэгдэх тул ар гэрийнхэн нь заавал байх шаардлагыг тавьсан. Миний бие ээж П.Игийн ганц хүүхэд бөгөөд зүрхний хүнд шинжилгээ хийх явцад надаас өөр ар гэрийн хүн байхгүй тул уг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, "Яаралтай түргэн тусламжийн хуудас"-ын /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ХХ-118 дахь/хамт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оийн хүсэлтийг хангаж дээрх нотлох баримтаар хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж дүгнэн, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32019/04592 дугаар захирамжаар миний хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны өмнө нэмэлт тайлбар, нотлох баримт 8 хуудас ХХ-113дах тал/ гаргаж өгснийг шүүх хүлээн авсан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад энэхүү нэмэлт тайлбар нотлох баримттай танилцах боломж олголгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 1.1, 25.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйгээс гадна илэрхий нэг талыг баримталсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д" Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ", 6.2-т 'Мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ", 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн байна. Анхан шатны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32019/03148 дугаар захирамжаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32019/04592 дугаар захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэн, гэрчийг оролцуулалгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчсөн тухайд, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний Д.Нын зүгээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд болох В" ХХК-ийн нягтлан бодогч П.Цаас гэрчийн мэдүүлэг авч. хавтаст хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32019/03148 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс гэрч асуулгах хүсэлтээс татгалзаагүй байхад шүүх өмнө нь гаргасан 03148 дугаар захирамжийн биелэлтийг хангахгүйгээр 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32019/04592 дугаар захирамждаа "... гэрчийн талаарх мэдээллийг хариуцагч шүүхэд ирүүлээгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй" гэж заан, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т зааснаар гэрч" нь шүүх хуралдааны оролцогч тул мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 2-т "... шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх'' гэж заасан үүргийг шүүх хүлээх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 43 дугаар зүйлийн 432-т зааснаар гэрчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхэд дуудан ирүүлэх үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй атлаа зөвхөн хэргийн оролцогчийг буруутгаж, өмнө гаргасан захирамжийн биелэлтээ хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 1-д "В.Д-. Д.Ж нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот "Компанийн 50%-ийн эрх, хувьцааг худалдах, худалдах авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд гэж үзсүгэй" гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тухайд Нэхэмжлэгч В.Д- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот "Компанийн 50%-ийн эрх, хувьцааг худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх. Компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул тус гэрээг хүчингүйд тооцож, компанийн 50%-ийн хувьцааг иргэн В.Д-д буцаан шилжүүлэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад буюу 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан "Компанийн 50%-ийн эрх хувьцааг худалдах, худалдах авах. эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ"-ний талаар маргаагүй байхад хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасантай нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх дээрх 2 гэрээг байгуулахдаа талууд зөвхөн хувьцааны үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, бусад хүсэл зоригийг илэрхийлэл хэвээр байгааг огт анхааралгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоо хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй байх бөгөөд хэлцэл хийгч тал халхавч хэлцлийн хүрээнд ямарваа нэгэн үр дагаврыг бий болгох зорилгогүй байдаг. Харин талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот 'Компанийн 50%-ийн эрх. хувьцааг худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн гэрээ" нь "В" ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах хүсэл зоригийг илэрхийлэл бодитоор хэрэгжсэн гэрээ байгааг анхан шат шүүх огт анхаарсангүйд гомдолтой байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 183/ШШ2019/00882 дугаар шүүхийн шийдвэрийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардан авч. гардуулсан баримтад гарын үсэг зурсан. Гэтэл шүүгчийн туслах Н.Тнь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр утсаар холбогдож "танд алдаатай буруу шүүхийн шийдвэр гардуулсан байна, та гардаж авсан шийдвэрээ буцаан өгч, алдаагүй шийдвэрээ гардаж авна уу гэсэн" мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн туслах Г.У утсаар холбогдож "та алдаатай шийдвэрээ буцааж өгөөд, шийдвэрээ дахин гардаж авна уу" гэсэн хүсэлтийг хэлсэн. Ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан шүүхийн шийдвэрийг 2019 оны С5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд буцаан өгч алдаагүй гэх шийдвэрийн гардаж авсан бөгөөд 05 дугаар сарын 20-ны өдрөөс давж заалдах гомдол гаргах хугацаа тоолж 05 дугаар сарын 29-ны өдөр давж заалдах гомдлыг зохих журмын дагуу гаргах гэсэн боловч шүүгчийн туслах "хариуцагч шийдвэрээ 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан баримт хэрэгт байна. Тиймээс таны гомдол гаргах эрх 05 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна. Иймд давж заалдах гомдол хугацаандаа гэсэн тэмдэглэгээ хийж өгөх боломжгүй байна гэсэн. Улмаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд, аж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул гомдол гаргаж байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 28-29 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр В" ХХК-ийн нягтлан бодогч П.Цыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг, шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 183/ШЗ2019/03148 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан атлаа гэрчийг асуулгүйгээр хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ./хэргийн 30, 37-38 дугаар тал/

 

Түүнчлэн, шүүх 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн оролцогчийг биечлэн оролцох эрхээр хангах, нотлох баримтыг танилцуулаагүй байгаа талаар зааж уг асуудлаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулалгүй, шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах талаар зохицуулсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн буюу талуудын тэгш байдлыг шүүх хангаагүй гэж үзнэ./хэргийн 107,124-126 дугаар тал/

Мөн шүүх 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн атлаа хэлцлээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ. Энэ 2 заалт нь эсрэг тэсрэг агуулгатай буюу нэг нь нөгөөгөө үгүйсгэх хуулийн заалтуудыг хэрэглэсэн нь буруу.

 

Хуулийг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхийн тулд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлийг тодруулах шаардлагатай. Анх гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг халхавчлагдсан хэлцэл гэх агуулгаар гаргасан атлаа дараа нь халхавчлагдсан тэр хэлцлээс татгалзаж, түүний үр дагаврыг арилгуулах гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг өөрчилж гаргаж байгаа эсэхийг шүүх тодруулж, хариуцагч талд албан ёсоор танилцуулах, гардуулах ёстой байжээ. Энэ үндсэн дээр талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

 

Ийм учраас давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 480 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

С.ЭНХТӨР