Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 241

 

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар магадлалтай, Д.Эт холбогдох 1910010030438 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Жамц овогт Д Э.

Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт тус төвийн ажилтан Ч.Урантуяатай маргалдан нүүрэн тус газар нь тортой зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Эт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, Д.Эийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд Б.Хандсүрэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож өөрийн мэдэж байгаа нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Урантуяа, Д.Э хоёр бие биеэ түлхэлцээд байсан. Д.Э нь Ч.Урантуяаг цохисныг хараагүй хэмээн мэдүүлсэн бөгөөд ийнхүү мэдүүлснийг улсын яллагчийн зүгээс үгүйсгээгүй, түүнчлэн гэрч мөрдөн байцаалтад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь зөв эсэхийг тодруулахад шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зөв болохыг өөрөө тайлбарладаг. Тиймээс анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийж, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг хянан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой хэмээн дүгнэсэн бөгөөд үнэхээр гэмт хэрэг учруулахыг хүссэн санаа зорилгыг буюу субъектив санаа, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоосон байх ёстой. Гэтэл дээрх хоёр хүний хооронд болсон үйл баримт болон хэрэгт авагдсан хохирогчийн өөрийнх нь мэдүүлэгт “миний уруул орчимд нэг удаа цохиж амнаас цус гарах үед би зөрүүлж Эрдэнэцэцэг гэх эмэгтэйг нэг удаа хацарт нь алгадсан” гэдэг бөгөөд харин миний үйлчлүүлэгч “ер нь Урантуяагийн уруул хагарсан цус гарсан байдалтай байсан” гэж мэдүүлсэн. Мөн уруул орчмоос цус гарснаас хойш цагаатгагдсан этгээдийн зүгээс ямар ч үйлдэл хийгээгүйг гэрч нотолсон болон бусдын биед халдах санаатай үйлдлийг хохирогчоор тогтоогдсон байсан этгээд хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хуульчилсан байхад хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаагүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогчийн мэдүүлэг нь гэрч Б.Хандсүрэнгийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хохирогч шүүгдэгчийг алгадсан талаар хэлсэн болохоос шүүгдэгч цохисон талаар мэдүүлдэггүй. Мөн тухайн үед миний үйлчлүүлэгч жирэмсэн байсан бөгөөд сэтгэл зүйн хүнд байдлын улмаас хүүхдээ алдсан. Түүнээс хойш дахин жирэмсэлж төрсөн байгаа” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Э нь бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Хандсүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэргийн бүх ажиллагааг хянавал давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.

Прокуророос шүүгдэгч Д.Эийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Мишээл экспо” худалдааны төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтан Ч.Урантуяатай “буруу үйлчилгээний дугаар олгосон” гэх асуудлаар маргалдахдаа барьж явсан тортой эд зүйлээрээ нүүр рүү нь цохиж “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ “шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хор уршиг зориуд хүсч учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж хэргийг хэрэгсэхгүй болгон Д.Эийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсэхийг хянадаг болно.

Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь энэхүү тогтоогдоогүй эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шинээр тогтоож, нотлогдсон гэж үзэх, эсхүл нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 85 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН