Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00607

 

Г.Алтантуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувднарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-нийөдрийн 183/ШШ2016/01223дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 481 дүгээр магадлалтай,

Г.Алтантуулын нэхэмжлэлтэй,

Д.Баянцэцэгтхолбогдох,

Түрээсийн төлбөрт төлсөн 950.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Алтантуул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргалнар оролцов.

Нэхэмжлэгч Г.Алтантуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 6 дугаар 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн “Рэмакс” компаниар зуучлуулан хариуцагч Д.Баянцэцэгийн өмчлөлийн Хан-Уул, 15-р хороо, Стадион орил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6д байр, 65 тоотын  3 өрөө байрыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд буюу нэг сарын хугацаатай, сарын 1.900.000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Ингээд 1.900.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч улмаар тухайн байрандаа нүүж орсон. Гэтэл мөнгө авсныхаа дараа  Д.Баянцэцэг нь “...гэрээгээ өөрчилье...шинэ гэрээнд гарын үсэг зурчих...ер нь цуцалъя... 7 дугаар сарын эхээр манай нөхрийн найзууд Италиас ирнэ...тэд нарыг суулгамаар байна...” гэсэн. Би нэгэнт гэрээ байгуулсан, мөнгө төгрөгөө төлсөн, нүүгээд орчихсон учраас боломжгүй гэдгээ хэлсэн.

Түүнээс хойш Д.Баянцэцэг нь байраа хүлээлгэж өг гэж утсаар ярьж, мэссэж бичин дарамталдаг болсон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өглөө буюу түрээсэлснээс хойш 14 дэх хоног дээрээ Д.Баянцэцэг нөхрийн хамт ирж, байраа авна түлхүүрээ хүлээлгэж өггэсэн. Би "... гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж намайг байрнаас хөөж гаргаж байгаа юм чинь...түрээсийн тал төлбөрийг өг...” гэж нэхсэнд өгөхгүй гэж татгалзсан. Тэгээд байрыг суллан өгсөн.Д Баянцэцэг нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, байрыг миний эзэмшил ашиглалт байлгах гэрээний хугацаанаас 16 хоногийн өмнө хөөж гаргасан учир урьдчилан төлсөн түрээсийн тал төлбөр нь хохиролд тооцогдоно.

Иймд хариуцагч Д.Баянцэцэгээс  түрээсийн тал төлбөр болох 950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баянцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 сарын 16-ны өдөр Remax зуучлалын төлөөлөгч надтай утсаар ярьж энэ шөнө 2 солонгос ирж байгаа, танай байрыг 15 хоногоор 1.900.000  төгрөгөөр түрээслээч гэсэн санал тавьсан. Харин барьцаа мөнгө байршуул гэхгүйгээр тохирьё, богино хугацааг харгалзаж үзээд би зөвшөөрсөн. 2016 оны 6 дугаар сарын 16-ны 22.00 цагт байраа хүлээлгэж өгөөд маргааш өдөр гэрээ хийхээр тохирсон.

2016 оны 6 дугаар сарын 17-ны 11 цагт Г.Алтантуул гэдэг хүнтэй уулзаж гэрээ хийсэн. Гэрээ хийх явцад Г.Алтантуул эгч нь Солонгосчуудад хардуулж магадгүй 15 хоногоор гэрээ хийгээд 1 сарын төлбөр аваад үлдсэн мөнгийг завшлаа гэж хардуулах байх тохирсон ёсоороо 15 хоног буюу 7 дугаар сарын 01-нд байрыг хүлээлгэж өгнө найдвартай, нөхөр маань хууль цагдаагийн газар ажилладаг гэж итгэж төрүүлж гэрээг будлиулсан. Гэсэн хэдий ч гэрээнд 15 хоног буюу 7 сарын 01-нд хүлээлгэж өгнө гэж бичсэн байгаа. Гэрээ ёсоор 7 сарын 01-нд Г.Алтантуул руу залгахад утсаа аваагүй, мөн Remax-аас ярихад хариу өгөөгүй таг болсон.

Миний бие Remax-ын зуучлалын захирал н.Батмөнхөд уг үйлдлийг хэлэхэд байрыг тань хүлээлгэж өгч авах нь бидний үүрэг гээд хамт явж байранд очтол хаалга тайлж өгөөгүй н.Батмөнх захирал цагдаа дуудаж тэмдэглүүлээд явсан. Буцаад явж байтал Г.Алтантуул яриад байраа хүлээж ав гэж ярьсан. Би нөхрийн хамт мөн Remax-ын захирал  н.Батмөнхтэй очиж байр хүлээж авсан. Г.Алтантуулын хэлснээр хөөж дарамталсан зүйл байхгүй. Үүнийг Remax-ын захирал н.Батмөнх нотолно. Г.Алтантуул нь 1 сараар гэрээ хийсэн гэж худлаа ярьж байгаагийн нотолгоо бол Remax-ын захирал бидэнтэй хамт 15 хоногийн дараа байрыг цугтаа хүлээж авснаар нотлогдож байна.

Иймд Г.Алтантуулын нэхэмжилж байгаа 950.000 төгрөг үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01223 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Баянцэцэгээс 950.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Алтантуулд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 481 дүгээр магадлалаар:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчиваас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анханшатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Орон хөлслөх гэрээ” байгуулсан талаар маргадаггүй бөгөөд гагцхүү тухайн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан уу эсвэл 15 хоногийн хугацаатай байгуулсан уу гэдэг дээр маргадаг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 15 хоногийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь тогтоогддог.

Энэ нь орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр бүлгийн 1 дэх заалт, 2 дугаар бүлгийн 1 дэх заалтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн “Биг энд Бэст” ХХК буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс төвийн ерөнхий захирлын “...иргэн Д.Баянцэцэг нь зуучлалын гэрээ байгуулсан, зуучлалын гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Алтантуул орон сууцыг 15 хоногийн хугацаатай, 1.900.000 төгрөгөөр түрээслэхээр хүлээн зөвшөөрч иргэн Д.Баянцэцэгтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, уг компанийн ерөнхий захирал Б.Батмөнх миний бие 2016 оны 07 дугаар сарын 01- ний өдөр орон сууцыг өмчлөгч болох Д.Баянцэцэг болон түүний нөхөртэй хамт байлцаж, иргэн Г.Алтантуулыг БНСУ-ын хоёр иргэний хамт түрээсийн байрнаас гаргаж орон сууцыг хүлээж авсан болно...” гэх тодорхойлолт тус компанид зуучлалын хөлс төлсөн баримт тогтоогдож байгаа билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан “Биг энд Бэст” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын гаргасан тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан тодорхойлолтыг /хх- 47/ анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлээгүй гэж дүгнэсэн талаар гомдолд дурдсан байх боловч дээрх тодорхойлолтод дурдагдсан мэдээлэл болон тэдгээрийн тохиролцсоны дагуу зуучлалын үйлчилгээний шимтгэл төлсөн баримт /хх-46/ нь талуудын хооронд үүссэн гэрээний нөхцлийг шууд тогтоохгүй...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж оролцсон “Биг энд Бэст” ХХК-ийн ерөнхий захирлын “...иргэн Д.Баянцэцэг нь зуучлалын гэрээ байгуулсан, зуучлалын гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Алтантуул орон сууцыг 15 хоногийн хугацаатай, 1.900.000 төгрөгөөр түрээслэхээр хүлээн зөвшөөрч иргэн Д.Баянцэцэгтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, уг компанийн ерөнхий захирал Б.Батмөнх миний бие 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг өмчлөгч болох Д.Баянцэцэг болон түүний нөхөртэй хамт байлцаж, иргэн Г.Алтантуулыг БНСУ-ын хоёр иргэний хамт түрээсийн байрнаас гаргаж орон сууцыг хүлээж авсан болно...”гэх тодорхойлолтыг гэрээний нөхцлийг шууд тогтоохгүй хэмээн дүгнэж маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар  хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Г.Алтантуул нь хариуцагч Д.Баянцэцэгээс 950.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийг үндэслэлийггэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...гэрээг 15 хоногийн хугацаагаар байгуулсан” гэж маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Д.Баянцэцэг нь Хан-Уул, 15-р хороо, 6д байр, 65 тоотын 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Алтантуулын эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч 1.900.000 төгрөгийн  хөлс төлөхөөр тохирч, улмаар мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байх бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин зохигчид гэрээний хугацааны талаар маргажээ.

Гэрээний нэгийн 1-т “2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаагаар”, 5-т “төлбөрсар бүр 1.900.000 төгрөг”, хоёрын 1-т “орон сууцыг 2016 оны 7дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгнө” гэж тус тус заажээ.

Шүүх гэрээний дээрх заалтыг гэрээний агуулга болон бусад нөхцөл, зохигчдын тайлбартай харьцуулан үзэж талууд гэрээг 1 сарын хугацаагаар байгуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т нийцжээ.Түүнчлэн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, үүрэгзөрчигдсөн байдал, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий асуудлаар үндэслэл дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасан зохицуулалтад хамаарч байгааг анхаараагүй нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Хариуцагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар нэхэмжлэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглаагүй, энэ тохиолдолд хөлсөнд авсан 950.000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй болно.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 481 дүгээр магадлалын нэг, Хан-Уул дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 29-нийөдрийн 183/ШШ2016/01223дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...198 дугаар зүйлийн 198.1, 227 дугаар зүйлийн 227.1...” гэснийг “...302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаархариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 27.500 төгрөгийг шүүгчийнзахирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ