Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 481

 

Г.Алтантуулын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Алтантуулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Баянцэцэгт холбогдох          

Орон сууц хөлслөх гэрээ цуцалснаас учирсан хохирол 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Алтантуул  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Алтантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний бие үл хөдлөх эд хөрөнгийн “Ремакс Бест” компаниар зуучлуулан хариуцагч Д.Баянцэцэгийн өмчлөлийн Ү-2206027945 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 6д байр, 65 тоот хаягт  байршилтай 110.12 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоног буюу 1 сарын хугацаатай, сарын 1 900 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 17-ны орой түрээслэх байрандаа очин Д.Баянцэцэгтэй уулзаж 1 900 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч байрандаа нүүж орсон. 2016 оны 7 дугаар сарын 01-ний өглөө буюу түрээсэлсэн хугацаанаас хойш 14 дэх хоног дээр Д.Баянцэцэг нөхрийн хамт ирээд,  “байраа авна, түлхүүрээ хүлээлгэж өг” гэсэн. Би түүнд “чи гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж намайг байрнаас хөөж гаргаж байгаа юм чинь түрээсийн тал төлбөрийг өг” гэхэд өгөхгүй гэж татгалзсан. Д.Баянцэцэг нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ ноцтой зөрчиж, орон сууцнаас гэрээний хугацаанаас 16 хоногийн өмнө гаргасан учир түрээсийн тал төлбөр миний биед учирсан хохиролд тооцогдоно. Иймд түрээсийн төлбөрт 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баянцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Ремакс Бест” үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын төлөөлөгч 2 солонгос ирж байгаа, манай байрыг 15 хоногоор 1 900 000 төгрөгөөр түрээслэх санал тавьсан тул 2016 оны 6 дугаар сарын 16-ны 22.00 цагт байраа хүлээлгэж өгөөд маргааш өдөр гэрээ хийхээр тохирсон. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт Г.Алтантуул гэдэг хүнтэй уулзаж гэрээ хийсэн. Гэрээнд Г.Алтантуул “орон сууцыг 7 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгнө” гэж бичсэн. Гэрээ ёсоор 7 дугаар сарын 01-нд “Ремакс Бест” үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын захирал н.Батмөнхтэй хамт очтол хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд цагдаа дуудаж тэмдэглүүлээд буцаад явж байтал Г.Алтантуул байраа хүлээж ав гэж ярьсан. Г.Алтантуул 1 сараар гэрээ хийсэн гэж худлаа ярьж байгаагийн нотолгоо бол “Ремакс Бест” үл хөдлөх хөрөнгө зуучлалын захирал бидэнтэй хамт 15 хоногийн дараа байрыг цугтаа хүлээж авснаар нотлогдож байна. Г.Алтантуулын нэхэмжилж байгаа 950 000 төгрөг үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баянцэцэгээс 950 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Алтантуулд олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 

Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчид 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр "Орон сууц хөлслөх гэрээ" байгуулсан талаар маргаддаггүй бөгөөд гагцхүү тухайн гэрээг 1 сар эсвэл 15 хоногийн хугацаатай байгуулсан гэдэг дээр маргадаг. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар орон сууц хөлслөх гэрээ 15 хоногийн хугацаатай байгуулсан болох нь тогтоогддог. Энэ нь Орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр бүлгийн 1 дэх заалт, 2 дугаар бүлгийн 1 дэх заалтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн "Биг энд Бэст" ХХК буюу үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ремакс Бест” төвийн ерөнхий захирлын тодорхойлолт, тус компанид зуучлалын хөлс төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх "...хариуцагч нь зуучлалын үйлчилгээний шимтгэлд 380 000 төгрөг төлсөн бөгөөд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэх 16/23-д "нэг сарын түрээсийн төлбөр 1 900 000 төгрөг, зуучлалын шимтгэл түрээслэх хугацаа 15 хоног 30 хувь, нийт төлбөр 380 000 төгрөг" гэсэн байх тул зохигч талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээг 15 хоногийн хугацаатай байгуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн миний нотлох баримтаар гаргаж өгсөн "Биг энд Бэст" ХХК-ийн ерөнхий захирлын тодорхойлолтыг хуульд зааснаар бүрдүүлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-нд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж оролцсон хөндлөнгийн хуулийн этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон баримтыг хуульд зааснаар гаргаж өгсөн нь мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Алтантуул нь хариуцагч Д.Баянцэцэгт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээ цуцалснаас учирсан хохиролд 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлсөх гэрээ”-гээр Д.Баянцэцэг нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6e байрны 65 тоот, 3 өрөө орон сууцыг Г.Алтантуулд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд, 1 900 000 төгрөгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцсон /хх-5/ үйл баримт тогтоогдсон байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүлийн 302.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн болон гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч тал гэрээг дангаар цуцалсан байдлын талаар талууд маргаагүй. Харин гэрээний хугацааны талаар маргасан ба нэхэмжлэгч нь 1 сараар, хариуцагч нь 15 хоногийн хугацаагаар тус тус тодорхойлжээ. 

Гэрээний 1 дэх заалтад “2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаагаар”, 5 дахь заалтад “төлбөрийг сар бүр 1900 000 төгрөгөөр”,  2.1 дэх заалтад “орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгнө” гэж хугацааг зөрүүтэй тодорхойлсныг талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудтай  харьцуулан  дүгнэн  үзэхэд  орон сууц хөлслөх гэрээг 1 сарын хугацаатай, 1 900 000 төгрөгөөр тохиролцон байгуулсан талаархи шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний агуулга, гэрээний бусад нөхцлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн тайлбарлаж, талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацааг дүгнэсэн нь зөв болжээ.

Хэрэгт авагдсан “Биг энд Бэст” үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын гаргасан тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан тодорхойлолтыг /хх-47/ анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлээгүй гэж дүгнэсэн талаар гомдолд дурдсан байх боловч дээрхи тодорхойлолтод дурдагдсан мэдээлэл болон тэдгээрийн тохиролцсоны дагуу зуучлалын үйлчилгээний шимтгэл төлсөн баримт /хх-46/ нь талуудын хооронд үүссэн гэрээний нөхцлийг шууд тогтоохгүй. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг хариуцагч нь хугацаанаас өмнө цуцалсан тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар  уг орон сууцыг ашиглаагүй хугацааны хөлсний хэмжээгээр хохирол тооцон шаардсан нь зөв бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчиваас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                    ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                                                Д.БАЙГАЛМАА