Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/01951

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/01953

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02477 дугаар шийдвэртэй, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 28 860 689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Н.Б-тай зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг сарын 4 хувь, жилийн 48 хувийн, 12 сарын хугацаатай байгуулсан. Хариуцагч Н.Б- зээлийн хугацаа дуусахад нийт 31 000 000 төгрөгийг төлсөн. Бид зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэхэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 000 000 төгрөгийг төлсөн. Н.Б- аав хүндээр өвчилсөн, миний бизнес эрсдэлд орсон гэх мэтээр шалтаг зааж төлбөрийг төлөөгүй болно. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хоцорч ирсэн тул нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан байдаг. Иймд хариуцагчаас үндсэн зээл 19 104 604 төгрөг, үндсэн зээлийн хүүд 8 778 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 977 138 төгрөг нийт 28 860 689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б- Д ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаа хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусдаг. Зээлийн гэрээний хугацаанд Н.Б- хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байна. Зээлийн гэрээ дууссанаас хойш 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 000 000 төгрөг төлсөн. Энэ төлсөн төлөлтийг хэрхэн бодсон нь тодорхойгүй. Яагаад гэвэл зээлийн гэрээ дууссанаас хойш талууд гэрээг сунгаагүй байдаг. Н.Б- нийт нэхэмжлэгч талд 41 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн гэрээг сунгаагүй атлаа 8 778 947 төгрөг нэхэмжлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 19 000 000 төгрөгийг төлөөгүй талаар надаа хэлээгүй. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баяжих овогт Н.Б /АА********/-аас 20 824 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 036 689 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 262 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх "Д ББСБ"-ийн нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 28,860, 689 төгрөг гаргуулах" шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд, "Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 20 824 000 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас гаргуулах тухай" 101/ШШ2019/02477 дугаарт шийдвэрийг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээс зээлийн үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 304 000 /гурван зуун дөрвөн мянга/ төгрөг нийт 1 824 000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах гомдлын шаардлага:

"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/02477 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү, нэмэгдүүлсэн хүү болох 304 000 төгрөг, нийт 1 824 000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасуулах тухай.

Давж заалдах гомдлын үндэслэл:

Нэг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хүү авах эрхгүй тухай.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү 1 520 000 төгрөг... Н.Биас гаргуулж нэхэмжлэгч "Д ББСБ"-д олгох..."-оор тусгасан. Ингэхдээ шүүхээс төлсөн үнийн дүнгээс үндсэн зээлийг хасч гэрээний хугацаанд 2 сарын хүү төлөөгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатад нэхэмжлэгч иргэн Н.Б- нь зээлийн гэрээний хугацаанд хүүгээ бүрэн төлж дууссан тухай тайлбар өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгасан болон шинэчлэн байгуулсан зүйл гэрээний талуудын хооронд явагдаагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана" гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү тооцох эрхгүй болно.

Хоёр. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н.Биас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 304 000 төгрөг гаргуулж "Д ББСБ" ХХК-д олгохоор тусгасан. Дээрх хэсэгт Иргэний хуулиййн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн дагуу хүү авах эрхгүй болохыг дурдсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх.." тухай заасан тул нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй тул хүүнээс нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй болно. Иймд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн үүрэг гүйцэтгээгүй хугацааны нийт хүү, нэмэгдүүлсэн хүү болох 304 000 төгрөг, нийт 1 824 000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 860 689 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариу тайлбартаа, нэхэмжлэгч байгууллагаас 60 000 000 төгрөг зээлж авсанаас, үлдэгдэл 19 780 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна./хэргийн 51-52 дугаар тал/ Харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-15/62 дугаартай зээлийн болон ЗБГ-15/62 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр 60 000 000 төгрөгийг сарын 4 хувь, жилийн 48 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Төв аймгийн З сумын * дугаар баг, А ** дугаар байрны ** тоотод байрлах ************** нэгж талбарын дугаартай 154 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн А-********** дугаарт бүртгэгдсэн 154 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 8-16 дугаар тал/

 

Дээрх гэрээнүүдийг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 1/338 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоодож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 12 сарын зээлийн төлбөрт хариуцагч зээл 60 000 000 төгрөг, хүүд 21 450 070 төгрөг, нийт 81 450 070 төгрөг төлөх үүрэгтэй байжээ. /хэргийн 10 дугаар тал/

 

Үүнээс хариуцагч Н.Б- нь зээлийн гэрээний хугацаанд 31 000 000 төгрөгийг, хугацаа дууссанаас хойш 10 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар нотлох баримтыг гаргаагүй. Нэмж төлбөр төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх зээлийн гэрээний 2.1.5, 3.1.3-т зээл, хүүг гэрээгээр тохиролцсон хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсгүүдийг зөрчөөгүй байна. Уг хуулийн заалтуудын дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээгээр тохиролцсон хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүсний хүү төлөхөөс татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээг бичгээр сунгаагүй гэж дүгнэн, хариуцагч гэрээний хугацаанд төлсөн 31 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлж төлсөн 10 000 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийг үндсэн зээл 60 000 000 төгрөгөөс хасч, зээлийн үлдэгдэл 19 000 000 төгрөг, 2 сарын хүү 1 520 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 304 000 төгрөг, нийт 20 824 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 036 689 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх боловч, шүүхийн энэхүү шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж маргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалтын дагуу дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

С.ЭНХТӨР