Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00597

 

П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 441 дүгээр магадлалтай,

П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй,

“Номин тав трейд” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Туяажаргалнарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчП.Одонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Туяажаргал,нарийн бичгийн даргаШ.Мөнхжаргал нар оролцов.

НэхэмжлэгчП.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Номин сүлжээ дэлгүүрийн Улсын их дэлгүүр дэх салбарт кассчинаар 2010 оны 03 сард анх ажилд орсон. Улмаар 2 жилийн хугацаанд амжилттай сайн ажиллаж албан тушаал дэвшин зохион байгуулагч болсонба  ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагч нарын сэлгэн ажиллах хуваарь ирэхэд миний нэр байгаагүй. Хүний нөөцтэй очиж уулзахад Өнөр салбарын эрхлэгчээс ажлын шаардлага хангахгүй байна гэсэн тодорхойлолт ирсэн тул удирдлагуудын зүгээс чамайг барааны мэргэжилтэн болгох шийдвэр гарсан гэж хэлсэн.  Би юуг үндэслээд ийм шийдвэр гаргаж байгаа вэ гэхэд танай салбарын борлуулалт муу,  үнэ тавиагүй бараа их байна, өрөлт хураалт хангалтгүй, ажилчдын үйлчилгээний стандарт болон хувцаслалт хангалтгүй гэх асуудлууд гэж тайлбарласан. Албан тушаал бууруулж байгаа бол би шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ, тушаалаа бичгээр өгнө үү гэхэд өгөөгүй.Ингээд 20 гаруй хоногийн дараа чамайг зохион байгуулагчаар чинь ажиллуулахаар боллоо гэж хэлсэн.2016 оны 04 р сарын 15-ны өдрөөс Хан-уул бөөний салбарт очиж ажилласан. Ажиллаж байх хугацаанд салбарын эрхлэгч байнга загнаж сэтгэл санааны дарамт учруулдаг байсан.  2016  оны  07 сарын 08-ны өдрөөс эхлэн “Рэвэр гарден” салбарын зохион байгуулагч Нарангарав жирэмсний амралт авч байгаа оронд нь хүн автал түр ажиллаарай гээд хүний нөөцийн менежер хэлсэн. Очиж үзээгүй,  нилээд хол болохоор 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагч н.Нарангаравын хамт ажилчдын автобусаар очиж ажил байдалтай нь танилцан эрхлэгч н.Одонтуяа болон зохион байгуулагч н.Алтанзул нартай уулзсан. Гэтэл ажлаас халагдах тушаал дээр 7-р сарын 07-ны өдөр ажил тасалсан гэж худлаа бичсэн байсан. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны Рэвэр гарден салбарт очиж ажиллах байсан боловч хэвлий тус газар болон гар өвдөөд  энэ байдлаа ахлах менежертээ өөрийн нөхрөөр дамжуулан мэдэгдсэн. Ингээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр холбогдох бичиг баримт болох эмнэлгийн листээ өгөөд эмчилгээ дуусаагүй байгаагаа мэдэгдсэн. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгийн актаа бариад ажилдаа орох гэсэн боловч хүний нөөц чамайг зохион байгуулагчаар ажиллуулах боломжгүй эрхлэгчийн зүгээс баяр наадмын ачаалал ихтэй үеэр ажиллаагүй тул цаашид ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасан гэж хэлсэн. Ингээд ажлаас халах тушаал 10 хоногийн дараа өгсөн. Уг тушаалтай танилцахад сахилгын зөрчил давтан гаргасан гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүхэдгаргасан тайлбартаа: П.Одонцэцэг нь 2010 оны 03 дугаар сард анх “Номин" сүлжээ дэлгүүрийн Улсын их дэлгүүр дэх салбарт кассчинаар ажилд орж, 2012 оноос 2014 оны 08 сар хүртэл хорооллын Номин их дэлгүүрт зохион байгуулагчаар, 2014 оны 08 дугаар сараас Улсын их дэлгүүр салбарт зохион байгуулагчаар, 2015 оны 04 дүгээр сараас Өнөр Хайпермаркет салбарт зохион байгуулагчаар, 2016 оны 04 сарын 15-наас 2016 оны 08 сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул салбарт тус тус зохион байгуулагчаар ажиллаж байсан.Тэрээр "Өнөр Хайпермаркет” салбарт зохион байгуулагчаар ажиллаж байх үедээ 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлын цагаар ажлын байрыг 2-3 цаг орхиж явсан, 2015 онд эдлэх ээлжийн амралтыг 3 хоногоор хэтрүүлсэн тул 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3-08/104 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.Мөн тэрээр “Номин Агуулах худалдаа" Хан-Уул салбарт зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа өмнө сахилгын шийтгэл ногдуулаад 1 жил ч болоогүй байтал дахин 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийгхүртэл түүний ажлын байрны тодорхойлолтын 4.1.7, 4.1.16-д заасныг зөрчсөн тул түүнд эдгээр ажлыг сайжруулахаар 1 сарын хугацаа өгсөн байтал энэ хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3-20/63 дугаартай тушаалаар дахин сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр П.Одонцэцэг нь Ривэр гарден салбарт зохион байгуулагчаар ажиллах ёстой байсан боловч Хан-Уул дүүргийн “Номин агуулах” салбар болон Ривэр гарден салбарын алинд ч ажиллаагүй байдаг. Иймд түүнийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 өдөр ажил тасалсан зөрчил гаргасан тул түүнд дахин итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 , 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3-20/84 тоот тушаалаар П.Одонцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь хууль нийцсэн. Иймд П.Одонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234дүгээр шийдвэрээр:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Номин тав трейд” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн П.Одонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 441 дүгээр магадлалаар:Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Одонцэцэгийг Номин тав трейд ХХК-ийн Номинагуулах худалдаа, Хан-Уул салбарын зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4.420.736 төгрөгийг хариуцагч Номин тав трейд ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч П.Одонцэцэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч Номин тав трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85.682 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Туяажаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01234 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 441 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

П.Одонцэцэгийн эмчийн магадалгааны хугацаа 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байсан, мөн энэ талаар нэхэмжлэгч П.Одонцэцэг нь өөрөө ч нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгийн актаа бариад ажилдаа орохоор ирсэн гэж дурдсан байдаг бөгөөд хариуцагч “Номин Тав Трейд’ ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 3-20/84 дугаартай тушаал нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарсан ба тушаалын үндэслэл нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эмчийн магадалгаанд заасан хугацааны өмнөх өдөр ажил тасалсан гэсэн байхад энэ бүх үйл баримтыг шүүх харгалзаж үзэлгүйгээр цаг хугацааны хувьд болж өнгөрсөн үйл явдлуудын талаарх дүр зургийг ялган салгаж ойлгоогүй, хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй байдал харагдаж байгаа бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.         

Хэргийн бодит байдлаас харахад Хан-Уул агуулах салбарын нэг онцлог нь гэвэл 3 зохион байгуулагчийн орон тоотой ажилладаг, харин бусад салбаруудад 2 зохион байгуулагчийн орон тоотойгоор ажилладаг. Иймд бусад салбартай харьцуулахад 1 зохион байгуулагч илүү ажилладаг салбар юм. Тухайн үед буюу 2016 оны 07 сарын 07-ны өдөр Ривер гарден салбарын 2 зохион байгуулагчийн 1 болох Нарангарав нь жирэмсний амралтаа авах гэж байгаа тул ажил хүлээлгэж өгөхтэй холбогдуулан, ажлыг нь түр буюу 2-оос 3-хан хоногийн хугацаанд орлож ажиллуулах зорилгоор илүү зохион байгуулагчийн орон тоотой ажилладаг Хан-Уул агуулах салбараас 1 зохион байгуулагчийг Ривер гардан салбарт түр ажиллуулахаар болж П.Одонцэцэгт 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс түр ажиллах болсныг мэдэгдэж, П.Одонцэцэг нь хүлээн зөвшөөрч ажиллахаар болсон юм. Энэ тохиолдолд буюу 2-оос 3-хан хоног зохион байгуулагчийн орон тоон дээр ижил хөдөлмөрийн нөхцөлд жирэмсний амралт авах гэж байгаа ажилтны оронд түр ажиллах явдал нь Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд өөрчлөлт ороогүй гэдэг нь харагдаж байгаа юм.Иймд хэргийн бодит нөхцөл байдал, П.Одонцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг хуулийн зүйл заалттай холбож дүгнэхэд хөдөлмөрийн гэрээний ямар ч нөхцөл өөрчлөгдөөгүй байх тул шаардлагатай үед тухайн нөхцөл байдалд нь тохируулан байгууллагын дотоод зохицуулалт хийсэн асуудал байхад тэр бүр дээр тушаал шийдвэр гаргах, мөн Хөдөлмөрийн гэрээг дахин байгуулах шаардлагагүй бөгөөд магадлалд дурдсанчлан “ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг” манай компаний зүгээс шаардаагүй юм.

Маргаан бүхий “Номин Тав Трейд” ХХК-н Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 3-20/84 дугаартай 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тушаалд “ ... 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 өдөр ажил тасалсан...” гэж дурдсан байх бөгөөд дээрх Магадлалд дурдаад байгаачлан заавал Ривер гарден салбарт ажилласан байх шаардлага тавиагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Хэргийн нөхцөл байдлаас харахад тухайн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр П.Одонцэцэг нь Ривер гарден салбар болон Хан-Уул агуулах салбарын алинд нь ч ажиллаагүй бөгөөд зөвхөн Хан-Уул агуулах салбарт 15:00 цагт гаднаас орж ирээд цаг бүртгэлийн программд хурууны хээгээ уншуулаад буцаад гарсан гэдэг нь гэрч С.Мөнхцэцэг, н.Дамжинсүрэнгийн нарын өгсөн мэдүүлгүүд болон дараах нотлох баримтуудаар

-2016.07.01-2016.07.07-ныг хүртэлх Хан-Уул Агуулах салбарын ажилчдын цагийн хуваарь,

-2016.07 сарын П.Одонцэцэгийн өдөр тутмын ирцийн жагсаалт,

-2016.07 сарын зохион байгуулагч С.Мөнхцэцэгийн ирцийн жагсаалт,

-2016.07 сарын зохион байгуулагч Ж.Энхтуяагийн ирцийн жагсаалт,

-2016.08.11-ны өдөр Ривер Гарден сапбарын эрхлэгч С.Одонтуяагийн бичсэн тодорхойлолт,

-2016.08.11-ны өдөр Хан-Уул Агуулах салбарын эрхлэгч Ш.Энхээгийн бичсэн тодорхойлолт,

-Хэрэгт авагдсан “Цагийн бүртгэл тооцох журам" зэргээр нэхэмжлэгчийн ажил тасалсан гэдэг нь нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд П.Одонцэцэг “Өнөр Хайпермаркет” салбарт зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа “... ажлын цагаар ажлын байрыг 2-3 цаг орхин явсан, ээлжийн амралтын хугацааг 3 хоног хэтрүүлж" гэх үндэслэлээр 2015.09.15-ны өдрийн 3-08/104 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн “Номин агуулах худалдаа" Хан-Уул салбарт зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа “1 сарын хугацаатай өгөгдсөн ажил сайжруулах төлөвлөгөөний биелэлт хангалтгүй" гэх үндэслэлээр 2016.06.20-ны өдрийн 3-20/63 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан бөгөөд энэхүү сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой тушаал болон холбогдох баримтууд бүгд хавтаст хэрэгт авагдсан байгаа бөгөөд мөн хамгийн сүүлд гаргасан зөрчил болох 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил тасалсантай холбоотой хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байхад давж заалдах шатны шүүх тэдгээр нотлох баримтууд болон гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг бүрэн гүйцэд судалж үзэлгүйгээр сахилгын зөрчил давтан гаргаагүй гэж буруу дүгнэсэн. “Номин Тав Трейд” ХХК-н 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3-20/84 тоот тушаалаар П.Одонцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.           

            Нэхэмжлэгч П.Одонцэцэг ажилд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхнэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Номин тав трейд” ХХК нэхэмжлэлээс татгалзахдаа “...ажил тасалж,  сахилгын давтан зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргажээ.          

            “Номин тав трейд” ХХК-ийн Номин агуулах худалдаа Хан-уул салбарын эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3-20/84 дүгээр тушаалаар П.Одонцэцэгийг зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Номин Хайпермаркет Өнөр салбарын эрхлэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3-08/104 дүгээр тушаал, Номин агуулах Хан-уул салбарын эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3-20/63 дугаар тушаалаар П.Одонцэцэгт сахилгын сануулах шийтгэл ногдуулсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажил тасалсан эсэх, энэ нь сахилгын давтан зөрчилд хамаарах эсэх нь маргааны зүйл болжээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийнхолбогдох зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй  байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шуудзогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантайбайгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч  гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх учиртай.

            Нэхэмжлэгч нь “Номин тав трейд” ХХК-д анх 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр кассчинаар ажилд орсон ба түүнийг  2015 онд Өнөр, 2016 оны 4 дүгээр сард Хан-уул салбарт зохион байгуулагчаар тус тус шилжүүлэн томилж байсан талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигджээ /хэргийн 12-13 дугаар тал/. Үүнээс үзвэл ажил олгогч нь ажилтныг өөр ажилд томилохдоо тухай бүр тушаал гаргаж байсан байна.          

            Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоогхөдөлмөрийн гэрээ гэх бөгөөдажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.   

             Ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд заасан ажлынбайрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх тул ажил олгогч энэ тухай тушаал гаргаж, ажилтанд  танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас гадна ажил хүлээлцсэн байх  шаардлагатай. Хариуцагч нь П.Одонцэцэгийг Ривэр гарден салбарт зохион байгуулагчаар томилсон гэж тайлбарлаж буй боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул ажилтныг ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.  

             Давж заалдах шатны шүүхмаргааны үйл баримтын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурласан ба хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 441 дүгээрмагадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Туяажаргалнарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 85.682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ