Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 366

 

“О” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,

хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Э, Н.Х нарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: “...татварын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0300271 дугаартай шийтгэлийн хуудасны тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 1-д заасан 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татвар, 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алданги, нийт 3,449,740,543.80 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0345 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 473 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0345 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн /2019.03.22-ны өдөр өөрчлөлт орсон/ 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Н.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210300271 дүгээр шийтгэлийн хуудасны тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 1-д заасан 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татвар, 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алданги, нийт 3,449,740,543.80 /гурван тэрбум дөрвөн зуун дөчин есөн сая долоон зуун дөчин мянга таван зуун дөчин гурван төгрөг наян мөнгө/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 473 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0345 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дугаар зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Н.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210300271 дүгээр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 1 дэх зөрчилд оногдуулсан 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алдангийг тус тус хүчингүй болгож, үлдэх 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. 

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гомдолдоо: “...Нотлох баримтад тулгуурласан байдал: Бид зөвлөхүүдийн болон зарим татварын албадын шаардлагын дагуу (шүүхэд гаргасан анхны гомдолд тайлбарласан үндсэн шалтгаан) зөвлөхтэй хийсэн гэрээ нь ямар төрлийн харилцааг үүсгэж буй болон уг гэрээгээр олгосон орлого нь татварын хуулиар ямар төрлийн орлого болох, улмаар суутгах эсэх тухай асуудлаар татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий агентлагийн албан тушаалтнуудаас тайлбар, зөвлөгөөг авсан. Энд нэг л утга бүхий хариуг ирүүлсэн. Суутгахгүй гэсэн... Хариуцагч нар биднийг бодит нөхцөл байдлаа өөрөөр, буруу ташаа тайлбарлан бичиг авсан тухай буруутгадаг. Бид тэдэнд хандсан бүх бичгүүдээ хариу тайлбарын хамтаар шүүхэд гаргасан байдаг. Хариуцагч нарын зүгээс шүүхийг төөрөгдүүлэх, өөрийн актыг хууль бусаар зөвтгөх зорилгоор нэг орлогод компанийн болон зөвлөхийн түвшинд аль аль нь татвар төлөх ёстой мэтээр тайлбарыг удаа дараа хийдэг.

4. Энэ нь ажилтны цалингаас татвар суутган төлсөн бол тухайн ажилтан нь татварыг давхардуулан төлдөггүйтэй адил бөгөөд тухайн ажил олгогч зөвхөн ажилтны нэрийн өмнөөс төлж буй үйлдэл болохоос бус, өөрийн орлогоос төлж буй зүйл огтоос биш, энэ утгаараа аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын татвар гэдгээр Татварын ерөнхий хуульд төрлөөр ангилан суутгагч, суутгуулагчийн татвар гэдэг ойлголт хуулиар байхгүй болно.

5. Тиймээс татварыг давхардуулахгүй байх тухай онолын болоод хуулийн зарчим, Засгийн газар хоорондын олон улсын гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн байдаг. Тиймээс зөвлөхөд олгож буй зуучлалын орлогоос эцсийн дүндээ тухайн зөвлөх л татвараа төлөх ёстой, харин тэр татварыг нь дамжуулан төлөх үү, эсвэл өөрөө шууд төсөвт төлөх үү гэдэг нь маргааны гол болох ёстой, аль ч тохиолдолд компани орлого олсон зүйл байхгүй. Суутгах үүргийг орлого олсон мэтээр бүдүүлгээр тайлбарлах ёсгүй.

6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан. Иймээс татварын алба захиргааны акт гаргаснаараа давхардуулсан татвар ногдуулж байна уу гэдгийг шалгах ёстой. Өмнөх шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шалгасан эсэхийг шүүхээс асуухад шалгасан, нэг нь ч тайлангаа өгөөгүй байдаг гэдэг илт худлаа хариултыг өгдөг. Энэ үйлдлээ нотолж баримт гаргаж чаддаггүй. Харин бидний зүгээс өөрийн зөвлөхүүдээс хүсч 10-аад хүний тайлангийн хуулбарыг авч, хавтаст хэрэгт оруулсан. Эдгээр тайлангаар 4 тэрбум гаруй төгрөгийн орлого тайлагнан, 200 гаруй сая төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн байдаг. Энэ бол актын 3-н жилийн хугацаанд зөвлөхөд олгосон орлогын 20 орчим хувь юм. Топ болох эхний 50 хүн нийт орлогын 98 хувийг хүлээн авдаг, энэ төрлийн бизнесийг дангаараа эрхэлдэг хүмүүс байдаг.

7. Бид 2000 гаруй зөвлөхүүдээс татварын талаарх мэдээллийг нь шаардах эрхгүй учраас зөвхөн зөвшөөрсөн эдгээр тайлангуудыг цуглуулсан байдаг. Харин энэ ажил нь татварын албаны чиг үүрэгт шууд хамааралтай, зөвлөхүүдээс шаардах эрхтэй бөгөөд хуулиар ногдуулсан үүргээ биелүүлэх ёстой, гэвч биелүүлээгүй. Мөн түүнчлэн татварын албанаас эдгээр зөвлөхүүдийг НӨАТ төлөгчөөр бүртгэж, татварыг нь төлүүлж байгаа нь НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй” гэж заасантай шууд зөрчилддөг. Тэгэхээр татварын алба НӨАТ бүртгэж, татвар төлүүлж байгаа нь зөвлөхүүдийг бизнес эрхлэгч гэдгийг нь энэ үйлдлээрээ бас зөвшөөрч байгаа юм.

8. Зөвлөхүүдийн НӨАТ-ын гэрчилгээний хуулбаруудыг хавтаст хэрэгт оруулсан. Мөн тэдгээр зөвлөхүүдийн тайлагнасан орлого нь “О” компаниас олгосон орлого биш гэсэн тайлбарыг хариуцагч гомдол, тайлбараараа хийдэг. Компаниас олгосон орлогын дэлгэрэнгүй мэдээллийг хүн тус бүрээр, он оноор нь татварын албанд өгсөн байдаг бөгөөд энэ нь яг дүнгээрээ иргэдийн тайлагнасан орлоготой таардаг, мөн өөр төрлийн орлого байхгүй тул зөвхөн зуучлалын орлогоо тайлагнасан гэдгээ шүүхэд гэрчээр асуугдах үедээ мэдүүлсэн байдаг. Үнэндээ, өөр төрлийн орлого байсан уу, орлогоо бүрэн тайлагнасан уу, үгүй юу, хэдэн төгрөгийн татвар төлөгдсөн байна гэдгийг тодорхойлох нь татварын албаны үндсэн үүрэг байх ёстой.

9. Хариуцагч актын үндэслэлээ нотлох бус, харин бид үгүйсгэх баримтыг хангалттай цуглуулж байна гэдэг нь эндээс харагдах байх. Татварыг суутгахгүй байснаараа “О” компани орлого олсон зүйл байхгүй, эсрэгээрээ хэрэв шүүхээс суутгах үүрэгтэй гэж шийдвэл бид актын төлбөрийг энэ олон зөвлөхүүдээс суутгах боломжгүй учраас компани хохирохгүйн тулд татварын албанаас иргэний журмаар нэхэмжлэх болно. Татварын алба биднийг өнөөдрийн маргаан болон энэ байдал руу түлхсэн учраас хохирлыг нөхөн төлөх нь зайлшгүй. Ер нь бол 2015-2017 оны орлогод жинхэнээсээ татварын давхардал бий болж зөвлөх иргэдэд эдийн засгийн бодит асуудал хөндөгдөх бөгөөд үүнээс сэргийлэх зорилгоор нийт зөвлөхүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах үүднээс маргааныг хийдэг.

10. Суутгаснаараа цаашлаад, эдийн засгийн хүндрэлтэй одоогийн нөхцөлд иргэдийн гарт очих бодит орлого буурч, худалдан авах чадвар буурах зэргээр улс орны микро эдийн засгийн асуудал хөндөгдөнө. Мөн гадаад улсын хөрөнгө оруулалт ч тэр чинээгээр хумигдан, тэдний бидэнд итгэх итгэл алдрах зэрэг бодит асуудал шууд бий болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс манай компанийн зөвлөхүүдтэй хийсэн гэрээ нь “...үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээдтэй хийсэн гэрээ гэж үзсэн...” /магадлалын хуудас 9/ гэж дүгнэж байгаа хариуцагчийн нөхцөл байдлыг тодруулаагүй үйлдлийг зөвтгөж байгаа мэтээр харагдаж байна.

11. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж заасан байна. Тэгэхээр зөвлөх нь өөр нэг хуулийн этгээд, компани иргэнтэй үндсэн ажилтнаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг эсэхийг 2000 гаруй зөвлөхөөс тодруулах шаардлага гарна. Хэрэв тодруулаагүй бол шууд дүгнэлт өгөх нь өөрөө буруу. Ялангуяа шүүх. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн дүгнэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэнд дүгнэлт өгөх ёстой” гэж бичдэг. Гэхдээ өөрөө дүгнэлт өгөхдөө нотлох баримтад тулгуурлаагүй, түүнд тайлбар хийдэггүй.

12. Үндсэн ажлын газартай гэдэг баримт хавтаст хэрэгт огт байхгүй учраас тайлбар, дүгнэлт хийх ч боломжгүй. Харин, эсрэгээрээ бид 6 хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулж өөр иргэн, хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээтэй, үндсэн ажлын газартай эсэхийг тодруулан, байхгүй гэдгийг баримтаар нотолдог. Ийнхүү үндсэн гэрээ байхгүй гэдэг нь нотлогдоод байхад эсрэг дүгнэлт хийх нь хийсвэр. Иймээс шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4, 123.2.2 болон 123.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг бүрэн үнэлэн дүгнэж шийдвэрээ гаргаагүй гэж гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ”, 124.4-т “Хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана” гэж заасан; давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д болон өмгөөлөгч Г.О, Г.Ж нар хяналтын журмаар гомдол гаргасан боловч өмгөөлөгчид хяналтын гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

14. Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан: “... татварын алба захиргааны акт гаргаснаараа давхардуулсан татвар ногдуулж байна уу гэдгийг шалгах ёстой. Өмнөх шатнуудын шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шалгасан эсэхийг шүүхээс асуухад шалгасан, нэг нь ч тайлангаа өгөөгүй байдаг гэдэг илт худлаа хариултыг өгдөг. Энэ үйлдлээ нотолж баримт гаргаж чаддаггүй. Харин бидний зүгээс өөрийн зөвлөхүүдээс хүсч 10-аад хүний тайлангийн хуулбарыг авч, хавтаст хэрэгт оруулсан. Эдгээр тайлангаар 4 тэрбум гаруй төгрөгийн орлого тайлагнан, 200 гаруй сая төгрөгийн татварыг улсын төсөвт төлсөн байдаг. Энэ бол актын 3-н жилийн хугацаанд зөвлөхөд олгосон орлогын 20 орчим хувь юм. ТОП болох эхний 50 хүн нийт орлогын 98 хувийг хүлээн авдаг, энэ төрлийн бизнесийг дангаараа эрхэлдэг хүмүүс байдаг. Бид 2000 гаруй зөвлөхүүдээс татварын талаарх мэдээллийг нь шаардах эрхгүй учраас зөвхөн зөвшөөрсөн эдгээр тайлангуудыг цуглуулсан байдаг, харин энэ ажил нь татварын албаны чиг үүрэгт шууд хамааралтай, зөвлөхүүдээс шаардах эрхтэй бөгөөд хуулиар ногдуулсан үүргээ биелүүлэх ёстой ...” гэсэн үндэслэлийг хяналтын шатны шүүх хүлээн авч, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

15. Хувь хүний орлогын албан татварын тухай (2006 оны) хууль (цаашид “ХХОАТТХ” гэх)-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:” гээд 8.1.1-д “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;” 8.1.2-т “үйл ажиллагааны орлого;” гээд 11 дүгээр зүйлд “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлого”-д ямар орлого хамаарах талаар, харин 12 дугаар зүйлд “үйл ажиллагааны орлого”-д ямар төрлийн орлого хамаарах талаар заажээ.

16. Хуулийн энэхүү зохицуулалтыг авч үзвэл, тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон буюу, нэгдүгээрт, “ажил олгогч”[1] хэмээх нэг этгээдтэй хөдөлмөрийн гэрээ болон бусад адилтгах эрх зүйн актын хүрээнд эдийн засгийн харьцангуй байнгын шинжтэй харилцаанд орж, “тогтмол” гэж хэлж болохоор “хөдөлмөр эрхлэлт”-ийн орлого олсон, эсхүл, хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа хувиараа[2] эрхлэх замаар өөрийгөө санхүүжүүлж, орлого олсон бол зайлшгүй татвар төлөх бөгөөд 11 дүгээр зүйлд заасан орлогын хувьд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар тогтмол орлого олгодог этгээд (суутгагч) ногдох татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй; харин 12 дугаар зүйлд заасан орлого олсон бол мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар албан татвар төлөгч албан татвар ногдох орлогоо (суутгагч байхгүй учир) өөрөө үнэн зөв тодорхойлж дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлөх үүрэгтэй байхаар хууль тогтоогч журамлажээ.

17. Гэхдээ хөдөлмөр эрхлэлт, эсхүл үйл ажиллагаанаас олсон эсэхээс үл хамаараад аль ч орлогын хувьд тухайн татвар ногдох орлого нь “нэг л орлого бол тухайн төрлийн татварыг нэг л удаа ногдуулах” нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс”, “тэгш байдал”-ын зарчимд нийцэх юм.

18. Энэхүү маргааны тухайд: Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын хяналт шалгалтын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, улсын байцаагч Н.Хнар нь тус хэлтсийн даргын 2018 оны 21180300121 тоот томилолтын хүрээнд гомдол гаргагч “О” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт явуулж, 2015 онд 8,456,746,246.0, 2016 онд 7,124,208,820.10, 2017 онд 6,599,417,674 төгрөгийг худалдааны зөвлөхүүдэд шагнал урамшуулалаар, мөн 2014 онд 409,501,528.30, 2015 онд 293,530,368.60, 2016 онд 99,139,281.30, 2017 онд 152,226,881.90 төгрөгийн бараа материалыг урамшуулалаар олгохдоо хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд маргаан бүхий 0300271 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг үндэслэн 2,315,744,559.90 төгрөгийн нөхөн татвар, 682,438,322.20 төгрөгийн торгууль, 454,958,881.40 төгрөгийн алданги, нийт 3,453,141,763.50 төгрөгийн төлбөр ногдуулсан; ингэхдээ ХХОАТТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-11.1.6-д заасан орлого учир мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “суутгагч”-ийн үүргээ биелүүлээгүй гэж; гомдол гаргагчаас “... зөвлөхүүдтэй байгуулсан гэрээ нь “зуучлалын гэрээ” ..., ... дээрх орлого нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан үйл ажиллагааны орлого тул татварыг өөрөө хариуцан төлөх ёстой ...” гэсэн үндэслэлээр маргажээ.

19. Анхан шатны шүүхээс татварын ерөнхий газарт хандаж, гомдол гаргагчтай гэрээ байгуулж ажилласан нэр бүхий иргэдийн тухайн хугацаанд хамаарах татварын тайланг хүссэн байх бөгөөд Татварын ерөнхий газраас ирүүлсэн бичиг[3] болон хариуцагч нарын тайлбараас[4] үзэхэд дурдсан 12 иргэнээс 10 иргэн нь өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж, ХХОАТ төлсөн талаар баримт авагдсан, өөрөөр хэлбэл, хариуцагч нарын суутган авч төсөвт төлөөгүй гэх татварыг орлого олсон зарим иргэд нь өөрөө тодорхойлж төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

20. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гээд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, харин дурдсанаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээх учиртай.

21. Энэ хэргийн хувьд, хариуцагч нар хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр (20 хоногийн хугацаатай удирдамж олгогдсон) эхлүүлэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусгаж, мөн өдрөө холбогдогчоос мэдүүлэг авсан; холбогдогчийн төлөөлөгч Л.Сэлэнгэ нь зөрчлийн талаар “... ХХОАТТХ-ийн 12.1.2-т заасан үйл ажиллагааны орлого юм ...”, “хүлээн зөвшөөрөхгүй”[5] гэж мэдүүлсээр байхад мөн л өдөр зөрчил илрүүлсэн талаар тэмдэглэл болон шийтгэлийн хуудас үйлдэж, гардуулсан[6]; гэтэл “шүүх нотлох зарчим”-ын хүрээнд цуглуулсан баримтаар зөрчил гэж үзсэн факт үгүйсгэгдсэн буюу тогтоогдохгүй (татвар төлөгдсөн) нөхцөл байдал илэрчээ.

22. Тодруулбал, улсын байцаагч нар зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах байтал энэхүү үүргээ биелүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасанд нийцэхгүй юм.

23. Гэхдээ тухайн хугацаанд (2013-2017 онд) нийт хэдэн зуучлалын гэрээ байгуулсан[7], тэдгээр гэрээ байгуулж ажилласан этгээдүүдийн хэд нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд орлогоо өөрөө тодорхойлж ХХОАТ төлсөн болон хэд нь үндсэн ажлын байрнаас гадуур гэрээ байгуулах замаар орлого олж, татвараа суутгуулах байсан гэдэг нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөрчлийг бүрэн дүүрэн дүгнэх боломжгүй байна.

24. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, гомдол гаргагчийн зөрчлийг улсын байцаагч нар бүрэн тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх хэргийг мөн эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн хууль хэрэглээний түвшинд маргааныг үнэлж, эрх зүйн зохицуулалтад дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

25. Шүүх захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй, тогтоох үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

26. Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 


[1] Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.4 хүртэлх заалтын агуулгаас харахад

[2] Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.2 дахь заалтын агуулгаас харахад

[3] I хавтаст хэргийн 160-238 дахь тал

[4] II хавтаст хэргийн 10-138, 165 дахь тал

[5] I хавтаст хэргийн 28-31 дэх тал

[6] I хавтаст хэргийн 62-81 дэх тал

[7] Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2000 орчим гэж тайлбарласан.