Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 258

 

 

Ц.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Б.Батцэрэн даргалж, танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам, хохирогч О.Энхтуул, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1350 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар магадлалтай, Ц.Ад холбогдох 1908039501193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,

1. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

3. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хөх овогт Ц А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ааас 6.219.620 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхтуулд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Энхтуулын цалингийн зээлтэй холбоотой 6.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэлгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.А гаргасан гомдолдоо “би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруутай эсэхдээ маргахгүй болно. Уг гэмт хэргийг үйлдэн эрдэнэт хүний амь насанд хүрсэндээ маш их харуусан гэмшиж байна. Хэрэгт холбогдсон өдрөөс хойш цагдан хоригдож, байцаагдаж буй хугацаанд хохирол төлбөр барагдуулах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд хохирлыг хоригдож буй хугацаандаа бүрэн төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Хэрэгт холбогдсон өдрөөс хойш цагдан хоригдож, байцаагдаж буй хугацаанд хохирол төлбөр барагдуулах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд хохирлыг хоригдож буй хугацаандаа бүрэн төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Миний бие эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань бага насны хүүхэдтэй учраас ажил эрхлэх боломжгүй. Иймд би ажил эрхэлж ар гэрээ тэжээдэг болно. Ийнхүү ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзээд мөн хохирол гомдлыг түргэн хугацаанд барагдуулна гэдгээ илэхийлж буйг минь хүлээн авч ялаас минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам хэлсэн саналдаа “Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял шийтгүүлсэн. Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байх тул түүнд оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч О.Энхтуул хэлсэн саналдаа “Ц.А нь гомдолдоо гэм буруугаа ойлгосон, хохирлыг барагдуулна гэсэн боловч биднээс уучлал гуйгаагүй. 6.000.000 төгрөгийн үнэтэй хүний амь гэж байхгүй. Иймд оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий гарсан байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” үйлчилгээний төвийн дэргэдэх автобусны буудал дээр хохирогч Н.Оюунбаатарыг сандлаас заамдан босгож толгойн ар, дагзаар нь 2 удаа замын хашлага руу савж мөргүүлсний улмаас хохирогчийн биед “баруун зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, дагз хэсэг, бага тархины аалзан хальсан доорх тархмал, цус харвалт” бүхий учрах үедээ амь насанд аюултай гавал тархины битүү гэмтэл учруулж алсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн тогтоосон үйл баримтын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанарт нийцсэн хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А нь “... хоригдож буй хугацаандаа хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж буйг хүлээн авч ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах журмыг хуульчлан тогтоохдоо тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх урьдчилсан нөхцөл, болзлыг тусгасан байна.

Гэтэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу 8-15 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.А нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан ж ялыг хөнгөрүүлэх тухай гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Аы хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1350 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН