Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 259

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Д.Ганзориг даргалж, танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 970 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаар магадлалтай, Б.Бд холбогдох 1908039501193 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б Б.

Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Оргил дуут хад” гэх хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Б.Буянцогтын толгойд цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 82 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 4.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярхүүд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг гаргасан эсэргүүцэлдээ “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаартай магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 970 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Б нь хохирогч Б.Буянцогтын толгой тус газарт гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэж дүгнэсэн бөгөөд үүнээс үзэхэд гэрчүүд болон шинжээчийн дүгнэлт хоорондоо эрс зөрүүтэй, хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь нэг удаагийн цохилтоос юм уу, эсвэл хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн үү, эсвэл цохилтоос болж газар савж унаснаас үүссэн эсэхийг бүрэн тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлгээр Б.Б нь амь хохирогчийн дух, магнай хэсэгт цохисон гэсэн байх бөгөөд уг цохилтоос зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал гэмтэл учрах боломжтой байдлыг нотлоогүй, түүнчлэн шинжээч “хоёр нүдний ухархайн хугарал, зүүн хацар ясны хугарал нь тус бүрдээ цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. Хохирогчийн савж унасан үйлдэл нь хэдэн хэдэн удаагийн хүч үйлчилсэн гэдэгт хамаарагдах эсэх, дагзаараа савж унаснаас эсхүл нүүр лүүгээ нэг удаа цохиулснаас зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, хоёр нүдний ухархайн хугарал, хацар ёсны хугарал тус тус үүсэх боломжтой эсэхийг шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэжээ. Хэрэгт авагдсан гэрч Х.Энхбаатарын “... яг хаана цохисныг би хараагүй, гэхдээ гараараа цохиод унагаасан, нэг хараагаа өөр тийш нь хандуулахад пид гээд арагшаа дагзаараа Буяа ах саваад унасан. Оогий цохисноос болоод арагшаа саваад унасан... Буяа ах хэвтсэн чигээрээ үлдсэн. Оогийг цохингуут Буяа ах ямар нэг хөдөлгөөн хийгээгүй хэвтээд өгсөн. Тухайн үед 16-18 цагийн хооронд үйл явдал болсон ба нар бууж байсан”, гэрч Ж.Саранчимэгийн “... Буяа ахын духны орчим руу нь гарынхаа алгаар цохисон. Тэгсэн чинь Буяа ах пидхийгээд л саваад унасан. Би тэр үедээ тархи нь хагарсан байх гэж айсан, хагарсан үгүйг нь анзаараагүй. Оогий Бадмаагын цэгээс гарч ирээд та нар болиоч гээд л Буяа ахыг Оогий гараараа цохиод унагаасан. Буяа ах арагшаа савж унаад юу ч яриагүй, шууд тэндээсээ Шижирээ, Батсайхан бид гурав архи аваад салаад явсан. Оогий тухайн үедээ тэнд үлдсэн, гэгээ тасрах гэж байхад би Буяа ах дээр яваад очсон. 22 цагийн үед байх Буяа ах дээр яваад очтол хог түүдэг гахайгаа дээгүүрээ нөмөрсөн байсан. Тэгээд би дэргэд нь очоод Буяа ахаа та босч чадах уу гэтэл Буяа ах “ах нь чадахгүй байна, толгойгоо даахгүй байна” гэсэн. Миний дүү цагаан гахайгаа авчраад өг гэхээр нь би дээр нь нөмөргөөд яваад өгсөн” гэрч Б.Шижирбаатарын “... Оогий буюу Бат-Отгон гэдэг залуу буугаад ирсэн. Тэгснээ Буяад дөхөж очоод чи эмэгтэй хүнээс гарсан байж юу яриад байгаа юм гээд Буяагийн магнай хэсэг рүү гарынхаа алгаараа Бат-Отгон цааш нь огцом түлхтэл Буяа арагшаа дагзаараа саваад унасан. Тухайн үед борооны ус туссан байсны яг хажууд Буяа унасан, гэхдээ юм мөргөөгүй саваад л унасан. Буяа эргэж босч ирээгүй, Оогий бас тэндээ үлдсэн” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2019 оны 09 сарын 12-ны өдрийн “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэсэн 1845 дугаартай дүгнэлт, шинжээч М.Золжаргалын “зүүн зулайн чамархай ясанд хүч үйлчилсний улмаас дээрх гавал тархины гэмтэл үүсэх боломжтой зүүн хацар болон зүүн нүдний ухархайд хүч үйлчилсний улмаас зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай яснаас доош суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал гэмтэл үүсэх боломжтой...дээрх гэмтэл нь хоёр ба түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний улмаас үүсэх боломжтой. зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай ясны суурын хөндий рүү үргэлжилсэн хугарлыг харахад хязгаарлагдмал гадаргуу дээр буюу гадаргуугаар цохих, цохигдох болон унах үед дээрх гавал тархины гэмтэл үүсэх боломжтой” гэх зэрэг баримтаар шүүгдэгч Б.Бат- Отгон нь амь хохирогч Б.Буянцогтын нүүрэн тус газарт гараараа цохиж, газар савж унагаснаас шалтгаалан гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нотлогдсон. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогчийг цохиж унагаахад бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой, ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа цохиж унагаах санаатай үйлдлээрээ шууд бий болгосон нь уг аюулыг хүсэж үйлдсэн гэдгийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг мөн нотолж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцэж, үндэслэл бүхий гарсан байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлсдэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзаж ял оногдуулсан байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаагүй, бусад нотлох баримттай харьцуулж, эх сурвалжид дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжны 383 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Оргил дуут хад” гэх хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б.Буянцогтын толгой руу гараараа цохиж унагаан биед нь “зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай ясны доод суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал” бүхий гавал, тархины битүү гэмтэл учруулсны улмаас хохирогч амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгч Б.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхээс шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц гэж үзэх, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын явцад тусгай мэдлэг бүхий этгээдээр хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал, үхлийн шалтгааныг дүгнэлт гаргах замаар бүрэн дүүрэн эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүх шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүх амь хохирогчид учирсан гэмтлийн шалтгааныг дахин шалгуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуульд заасан хэмжээ хязгаарын дотор буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж тогтоосон хэргийн үйл баримт нэмэлт мөрдөн байцаалтаар өөрчлөгдөн тогтоогдохгүйгээс гадна хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлж хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 970 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаар магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН