Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2018/0555/З |
Дугаар | 376 |
Огноо | 2020-10-14 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 376
“Э С С С к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам,
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т тус тус холбогдох
ахиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: ““Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийж буй нь хууль бус болохыг тогтоолгох, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах тухай”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0069 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ц.С, өмгөөлөгч Б.Б, Д.А нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0069 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын тухай хууль /2016 оны шинэчилсэн найруулга/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 39.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э С С С к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 313 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0069 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж нар хяналтын гомдолдоо: “... а/Хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс тусгайлсан гомдол гаргаагүй байхад шийдвэрийг бүхэлд нь хянах журмаар явуулсан гэх боловч гомдолд бичигдсэн 6 асуудлын талаар давах шатны шүүх авч үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, харин маргаж буй асуудалд огт хамаагүй, утга агуулгын хувьд тэс өөр Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг маргааны үндэслэл болгоход чиглүүлж дүгнэн шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдэл болон Засгийн газрын 51 дүгээр тогтоолын хоорондын хамаарал, уялдааны үндэслэлийг 2018 оны Засгийн газрын 22 дугаар тогтоолоор баталсан “Төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах, түүнийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх аргачлал”-ын дагуу хянаж тогтоох боломжтой байсан боловч энэ хүчин төгөлдөр актыг хэрэгсээгүй, анхан шатны шүүхээс гаргасан үндэслэлийг авч үзээгүй болно. Түүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн “Захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлсэн” асуудлаар нэхэмжлэлд огт дурдаагүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальж энэ тогтоолын талаар дүгнэлт хийж магадлалын үндэслэл болгож гаргасан нь үндэслэлгүй болсон.
4. “Төрийн чиг үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг таслан зогсоох асуудалд огт хамаарахгүй, магадлалыг зохион байгуулах чиг үүрэгтэй холбоотой акт болохыг ялган салгаж үзээгүй. Хариуцагчийн гомдол болон нэхэмжлэлд дурдаагүй “Засгийн газрын 51 дүгээр тогтоол”-ын асуудлыг шүүх өөрөө санаачлан хянаж, улмаар буруу дүгнэлт хийж, гомдлыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтад огт нийцэхгүй байна. Энэ нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасан “Шүүхийн шийдвэр нь үнэн зөв, баримт нотолгоонд үндэслэсэн байх” гэсэн заалтыг магадлал гаргахдаа баримтлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, бичгүүдийг шинжлээгүй мөртлөө хийсвэр дүгнэлт хийсэн байна. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалтаар “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байна.
5. б/Давж заалдах шатны шүүх маргааны гол асуудал болсон хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөх үүднээс (ББ-ийн зураг төсөлд магадлал “хийх ажлыг” магадлалын ажлыг зохион байгуулах төрийн чиг үүрэг гэж ойлгон адилтган үзсэн) хэрэгт огт хамааралгүй “Төрийн чиг үүрэг шилжүүлэх” тухай Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолтой холбон хамаатуулж нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, буруу шийдсэн байдаг. Бид Барилгын хөгжлийн төвийн магадлал хийж байгаа хууль бус үйлдлийг л таслан зогсоох нэхэмжлэл гаргасан. Харин магадлалыг зохион байгуулах чиг үүргийг шилжүүлэх асуудлаар маргаагүй, энэ тусдаа асуудал юм.
6. в/Засгийн газрын 51 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаарх маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг, Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого” болон Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Төрийн байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах, түүнийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх аргачлал”-ын хүрээнд шийдэгдэх огт өөр асуудал бөгөөд Засгийн газар нь энэ талаар Монгол төрөөс баримтлах бодлогодоо харш шийдвэр гаргасан ба УИХ-ын үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрхэд халдсан гэж байгууллага, иргэдээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс шийдвэрлээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж, нэхэмжлэлд огт хамаагүй өөр асуудлыг магадлалынхаа үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтад огт нийцэхгүй байна.
7. Барилгын хөгжлийн төвд барилгын зураг төслийн магадлалыг “зохион байгуулах” болон “магадлал хийх эрх” олгосон ямар ч шийдвэр, акт аль аль нь одоо байхгүй байгааг давж заалдах шатны шүүх нягтлан шалгаж үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Барилгын хөгжлийн төвийг төрийн чиг үүргийг дур мэдэн гүйцэтгэж хууль зөрчин орлого хурааж байгаа нь хууль бус гэж анхан шатны шүүх зөв дүгнэж үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Г нар хяналтын гомдолдоо: “...Шүүхийн магадлалын Хянавал хэсэгт Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг байгуулсантай холбогдуулан Барилгын тухай хуульд заасан төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг, тухайлбал барилгын зураг төсөлд хийх магадлалын ажлыг зохион байгуулах ажлыг тус төвд шилжүүлсэн Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгохдоо “...Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, мөн 6.2.9-д зааснаар магадлал хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна... Хуульд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяалан шийдвэрлэх талаар тодорхой заасан асуудлыг төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн Барилга, хот байгуулалтын сайдын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргасан бол илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх гэсэнд хамаарч байна...” гэж дүгнэсэн, гэтэл Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор мөн л барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг Барилгын хөгжлийн төвд олгосон гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлийг бүрдүүлж байна.
9. Тодруулбал: а/Улсын Дээд шүүх 264 дүгээр тогтоолоороо Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг үндэслэн захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан төрийн захиргааны байгууллагад хуулиар олгогдсон чиг үүргийг хуулиар эрх олгогдоогүй байхад шилжүүлсэн нь буруу байна гэж дүгнэж хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх Дээд шүүхийн дээрх дүгнэлтийг Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол хамаатуулан уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. б/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно” гэж, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.” гэж заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн Засгийн газрын 51 дүгээр тогтоолоос бусад хэсэгт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
10. Иймд, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг үндэслэн хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр, шүүхийн магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Нэг. Нэхэмжлэгч “Э С С С к” ХХК нь “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан ““Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж буй нь хууль бус болохыг тогтоолгох, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... /Засгийн газрын/ 2018 оны 51 дүгээр тогтоол нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй холбоотой зохицуулалт. Магадлал хийх талаар Барилгын хөгжлийн төвийн дүрэмд тусгаагүй ... Зохион байгуулах нэрийдлээр магадлал хийж байгаа үйлдэл нь хууль бус ...” гэж тайлбарласан; өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг шилжүүлэн авсантай маргаагүй, харин зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага нь өөрөө магадлал хийж байгаа нь хууль бус гэсэн үндэслэлээр маргажээ.
12. Гэтэл давж заалдах шатны шүүх: “... Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах хуулиар олгосон чиг үүргийг хариуцагчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, тэрхүү шилжүүлсэн гэх чиг үүрэг нь одоогийн маргааны үндэслэлд хэрхэн хамааралтай болох, өөрөөр хэлбэл, “магадлал хийх ажлыг зохион байгуулах” “магадлал хийх” гэдгийн уялдаа холбооны талаар ... дүгнэлт өгсөний дараа тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй чиг үүрэг нь Засгийн газрын тогтоолд нийцэж байгаа эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй ...” гэсэн нь үндэслэлгүй, тодруулбал, нэхэмжлэгчийн шаардлагад дурдаагүй, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийлгэх зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.
13. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан “... Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн “Захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлсэн” асуудлаар нэхэмжлэлд огт дурдаагүй ... “Төрийн чиг үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь Барилгын хөгжлийн төвийн хууль бус үйлдлийг таслан зогсоох асуудалд огт хамаарахгүй ... хариуцагчийн гомдол болон нэхэмжлэлд дурдаагүй “Засгийн газрын 51 дүгээр тогтоол”-ын асуудлыг шүүх өөрөө санаачлан хянаж, улмаар буруу дүгнэлт хийж, гомдлыг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтад огт нийцэхгүй байна ...” гэсэн үндэслэлийг хяналтын шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.
14. Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд захиргааны хэргийн шүүхэд хандан гаргаж болох нэхэмжлэлийн шаардлагын төрлүүдийг; мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд шүүх 52 дугаар зүйлийн 52.5-д заасан хүрээнд тодорхойлж гаргасан нэхэмжлэлийн хүрээнд ямар шийдвэр гаргаж болохыг хууль тогтоогч тусгайлан заасан; нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс өөр нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх хуульд зааснаас өөр шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй учир мөн хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах учиртай.
15. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас “Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдуулж гаргасан “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргах эрхгүй болохыг тогтоолгох” гэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж хамгаалуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрхтэй болохоос аливаа захиргааны байгууллага бүрэн эрхтэй эсэхийг тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зөв байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.
17. Гурав. Анхан шатны шүүх үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
18. Нэхэмжлэгч өмнө нь Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дотор “Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т олгосон тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага шүүхэд гаргаж байсан; Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 264 дүгээр тогтоолоор Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон; уг тогтоолд “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр, ийм төрийн захиргааны байгууллага байхгүй тохиолдолд энэ чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох байтал төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн нь үндэслэлгүй” буюу Засгийн газрын тогтоолгүйгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй болох талаар дүгнэжээ.
19. 2016 онд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг”, 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг” гэж тодорхойлсны зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлд магадлал хийх үйл ажиллагааг, магадлал хийх зураг төслийг, харин 39 дүгээр зүйлд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн тухай нарийвчлан заасан; хуулийн энэхүү зохицуулалтын дагуу барилга байгууламжийн зураг төслийн магадлал нь барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагаа бол тухайн магадлал хийх этгээд нь мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах чадвартай иргэн, эсхүл хуулийн этгээд байж болохоор байна.
20. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах;” эрхийг Засгийн газарт олгосон бол 34 дүгээр зүйлд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргүүдийг заасны дотор 34.1.4-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах;”, 34.1.4-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертизийн эрх олгох” эрхтэй гэж; мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дурдсан чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болохоор эрх олгожээ.
21. Засгийн газарт эрх шилжүүлсний дагуу Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн 5.3-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Барилгын тухай хуулийн 34.1.4-т заасны дагуу барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна”, 5.6-д барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь захиалагчаас эх загвар зургийн иж бүрдлийг хүлээн авч, магадлал хийх эрх авсан иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг захиалагчид өгч, магадлал хийх гэрээ байгуулж, захиалагчийн хүсэлтийг харгалзан экспертийг цахим программаар сонгохоор, эксперт барилгын зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахаар заасан; мөн Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг шинэчлэн баталсан, энэ дүрмийн зураг төсөлд магадлал хийх 6.1-д “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна” гээд 6.8-д Барилгын тухай хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгогдсон зураг төсөлд магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, захиалагчтай магадлалын ажлын зардлыг тусгасан гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, магадлал хийх экспертийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим програмаар сонгож, томилох, магадлалын дүгнэлтийг нэгтгэж дугаар олгож, захиалагчид хүргүүлэх талаар тусгайлан журамлажээ.
22. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрх шилжүүлсний дагуу Барилга, хот байгуулалтын сайд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж эрх олгох журам”-ыг баталсан бол Барилга, хот байгуулалтын сайд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 213 дугаар тушаалаар мөн журмыг шинэчлэн баталсан; эдгээр журмаар магадлал хийх эксперт иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тус бүрт нь тодорхойлж, хуулийн этгээдийн хувьд барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх, зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр 2-оос доошгүй орон тоны эксперттэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх, магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай орон тооны 2-оос доошгүй мэргэжлийн ажилтантай байх ... зэрэг мэргэжлийн болон техникийн зохион байгуулалтын шалгуурыг тавьсан; сонгон шалгаруулалтыг Барилгын тухай хуулийн 34.2, 36.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага буюу барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл түүний чиг үүргийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан төрийн бус, мэргэжлийн байгууллага зохион байгуулахаар, шалгаруулалтад тэнцсэн иргэнд холбогдох чиглэлээр, хуулийн этгээдэд иж бүрэн зураг төсөлд магадлал хийх эрх 3 жилээр олгож, эрх авсан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, жил бүр дүгнэхээр, гэрээний дагуу ажлаа хагас жил тутам тайлагнахаар зохицуулсны зэрэгцээ мөн эксперт иргэн, хуулийн этгээдийн магадлал хийх эрхийг цуцлах үндэслэлүүдийг тусгайлан заажээ.
23. Мөн Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг сайдад зөвшөөрчээ.
24. Дээрх хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын дагуу барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, магадлалын ажлыг зохион байгуулах чиг үүргийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл түүний шилжүүлснээр төрийн бус, мэргэжлийн байгууллага уг чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.
25. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн: “Барилга хот байгуулалтын сайд болон “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиралтай байгуулсан 2018, 2019 оны үр дүнгийн гэрээнд Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор шилжүүлэн авсан чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ хэрэгжүүлэн ажиллахаар тохиролцсон; Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 267 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын хэлтсийг хэлтсийн дарга, зураг төслийн магадлал хариуцсан ахлах болон мэргэжилтэн 12 гэсэн орон тоотой ажиллахаар тогтоосон; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 179 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу 2017 онд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн иргэдэд тус газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/307 дугаар тушаалаар экспертийн эрх олгож, тэдгээр экспертүүдтэй Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/861 тоотоор өгсөн чиглэлийн дагуу “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/295 дугаар тушаалаар зураг төсөлд магадлал хийх гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан боловч үүнээс хойш барилгын зураг төсөлд магадлал хийх экспертэд эрх олгох сонгон шалгаруулалт зарлаагүй, ялангуяа хуулийн этгээдийн сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, хуулийн этгээдэд эрх олгоогүй; Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаар тушаалаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухайн магадлалын ажлын 70 хувиар тооцохоор тогтоосны дагуу захиалагчдаас магадлалын ажлын хөлсийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хурааж, үүнээс 70 хувийг экспертэд хуваарилж, 30 хувийг өөрийн орлогод авдаг; магадлалын дүгнэлтэд магадлалыг зохион байгуулсан Барилгын хөгжлийн төвийн захирал, тус төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга, тус хэлтсийн мэргэжилтэн гарын үсэг зурж баталгаажуулдаг; “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь аймгуудын Засаг дарга нарт болон зарим барилгын салбарын хуулийн этгээдүүдэд “... барилга байгууламжийн зураг төсөл нь зөвхөн манай төвөөс гаргасан ерөнхий дүгнэлт, тамга тэмдгээр баталгаажих болно. Иймд барилгын зураг төслийг магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулна уу ...” гэсэн агуулга бүхий албан бичгүүд хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.
26. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Засгийн газраас эрх олгосны дагуу Барилга хот байгуулалтын сайд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн[1] боловч бодит байдалд зөвхөн иргэдийг сонгон шалгаруулж, экспертийн эрх олгосны зэрэгцээ захиалагчдаас ирүүлсэн магадлалын ажлын хөлсний 70 хувийг экспертэд хуваарилж, 30 хувийг өөрийн орлогод авдаг; магадлалын дүгнэлтэд Барилгын хөгжлийн төвийн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурдаг; бусад хуулийн этгээдийг магадлал хийх эрхгүй талаар тайлбарладаг зэргээс үзэхэд хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах бус, харин өөрөө магадлалын ажлыг гардан хэрэгжүүлж байна гэж дүгнэхээр байна.
27. Иймд, “... Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус, мэргэжлийн байгууллагад төрийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарахгүй ... “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ энэ чиг үүргийг хэрэгжүүлж, ингэхдээ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж буй нэрийдлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулан гаргаж, магадлалын хөлснөөс 30 хувийг өөрийн орлогод авч, үүнийгээ аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын орлого гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд энэ үндэслэлээр ““Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв юм.
28. Дөрөв. Мөн анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн: “... Нэхэмжлэгч компани болон түүний үүсгэн байгуулагч, төлөөлөгч нь Барилга, хот байгуулалтын сайдад болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 05, 2017 оны 12 дугаар сарын 27, 2018 оны 01 дүгээр сарын 29, 2018 оны 04 дүгээр сарын 24-нд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, дүгнэлт гаргаж буй асуудлаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан хэдий ч тус яамны зүгээс шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилгын зураг төсөлд магадлал хийж буй үйлдлийг таслан зогсоогоогүй бөгөөд ийнхүү өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хариу өгөөгүй ...” гэсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг үгүйсгэж маргаагүй; энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:” гээд 3/-д “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх” гэж заасныг зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага шийдвэрлэхгүй орхигдуулсан захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байх тул ““Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдэл хуульд нийцжээ.
29. Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүхийн магадлалын зэрэгцээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор шаардсан боловч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаагүй, өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэлтийн сайдад холбогдох хэсгийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаагаа дурдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.
30. Иймд, дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэг шаардлагын тухайд хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, түүнчлэн тогтоох хэсэгт шаардлагагүй зарим хуулийн заалт баримталсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
[1] Эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй боловч Үр дүнгийн гэрээгээр тохирсон гэж үзэхээр