Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00030

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00030 Даланзадгад сум

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь

аймгийн *******д

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2022/00241 дугаар шийдвэртэй,

*******ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн *******д хариуцагдах,

Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, *******ийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах иргэний хэргийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарын давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгох, *******ийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

а. ******* миний бие хүний их эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн салбарт 26 дахь жил, *******д сувилагч, их эмч, эрүүл мэндийн төвийн даргаар 24 жил үр бүтээлтэй ажилласан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авхуулж байсангүй. Харин 2020 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дараа ******* сумын Засаг дарга болсноос хойш би ажлаа хийхэд маш хүндрэлтэй болсон. Тодруулбал: ******* дарга манай эрүүл мэндийн төвийн дотоод ажилд хэтэрхий оролцож, энэ эмчийг дуудлагад битгий явуул, энэ эх баригчийг амбулатори үзүүл, цэргийн ангийн цэргүүдэд эрүүл мэндийн багц олго гэх мэтээр оролцож ажлын байрны дарамт үзүүлэх болсон.

б. Түүний энэ байдлыг тэвчилгүй би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Харин үүнээс 77 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. ******* би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл 77 хоногийн хугацаанд ******* даргатай 4 удаа уулзсан. Уулзахдаа би ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Ядаж намайг дарга биш юм аа гэхэд эмчээр ажиллуулаач. Би тангараг өргөсөн эмч болохоос дарга болъё гэж тангараг өргөөгүй гэж хүртэл хэлсэн. Гэтэл ******* дарга энэ асуудлыг судалж үзээгүй, миний хүсэлтийг хүлээж авалгүй намайг өвчтэй байх хугацаанд *******ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

в. Эрх зүйн үндэслэлийн тухайд: Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж эрүүл мэндийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Иймд ******* миний бие Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, *******ийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.    Хариуцагчийн төлөөлөгч *******гийн татгалзал, түүний агуулга:

Нэхэмжлэгч ******* бидний хооронд нэхэмжлэлд дурдсаны адил ямар нэгэн тааламжгүй харилцаа үүсч, миний зүгээс түүнд дарамт шахалт үзүүлж байсан зүйл байхгүй. ******* нь 2021 онд ажлаас чөлөөлөгдөхөө удаа дараа амаар илэрхийлж, тэр болгонд нь миний бие ажлаас чөлөөлөх боломжгүй, боловсон хүчин дутмаг байхад аль болох ажиллаж бай гэсэн хариуг өгч байсан ч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гарган ирүүлж, ажлын байраа эзэнгүйдүүлсэн.

******* нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд миний бие 4 удаа түүнтэй уулзсан. Нэг удаа уулзахдаа илүү цагийн баримтад гарын үсэг зуруулсан. Хоёр дахь удаагаа уулзахдаа урамшуулал авна гэж орж ирээд урамшууллаа авсан. Гурав, дөрөв дэх удаагийн уулзалтаар ажлаас чөлөөлөгдсөн захирамжаа хурдан гаргаж өгөхийг шаардаж байсан тул арга буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамж гарган ажлаас чөлөөлсөн.

Маргаан бүхий захирамж нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Энэхүү хугацаанд *******ийн эрүүл мэндийн байдал хэвийн, эмнэлгийн магадалгаа аваагүй байсан бөгөөд тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд эмчлэгдсэн талаар баримтыг тус сумын Эрүүл мэндийн төвд гаргаж өгсөн байдаг тул эмнэлгийн магадалгаатай хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн нь үндэслэлгүй.

Иймд *******ийн ******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгох, тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах гомдолдоо:

4.а. Шүүх хэтэрхий нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Оюунцэцэг өөрөө ажлаас чөлөөлөх өргөдөл гаргасан бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжаа авъя гэж уулзаж байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй тул хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэх дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгч нь би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн ажлаас халагдах өргөдөл өгсөн шалтгаан нь надад ирсэн ажил олгогчийн дарамт шахалтаас үүдсэн юм гэж маргадаг. Харин шүүх энэ асуудалд огт дүгнэлт хийгээгүй.

4.б. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь 2022 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл амбулаториор хүн үзэж, албан үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан. 2022 оны 01 сарын 17-ны өдөр өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдсөн байхад буюу 2022 оны 01 сарын 19-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг зөрчсөн гэж нэхэмжлэгчээс маргасан асуудалд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

2021 оны 10 сарын 27-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хүнийг зүгээр ажиллуулаад, ажил үүргийг нь гүйцэтгүүлж байгаад өвдөөд түр хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болонгуут нь яарч ажлаас чөлөөлж байгаа нь ажил олгогчийн хандлага, ажлын байрны дарамт үзүүлж байгаагийн нэг илрэл болох нь тодорхой харагдаж байна.

1999 оны буюу хуучин Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33-р тогтоолд ажилтны ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл авсан ажил олгогч тухайн өргөдлийг ажилтан өөрөө сайн дураараа гаргасан эсэх, өргөдлөө өгөхөд зайлшгүй нөлөөлсөн нөлөөлөл байсан эсэхийг тодруулах үүрэгтэй. Энэ бол хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй хүн ёсны асуудал... гэтэл ажил олгогчийн тушаал үйл баримтыг тогтоосон эсэх, холбогдох хууль дүрмийг баримталсан эсэхийг анхаарч үзээгүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн гаргаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой.

Ээлжийн амралттай байх хугацаанд дуудаж байсан нь өргөдлөө өгөх нэг үндэслэл болсон. Энэ хугацаанд удаа дараа манай эмчлэгч хийх эрхгүй эмчийг хүн үз, конторт суу, харин эмчлэх эрхтэй лицензтэй эмчийг чи хүн битгий үз, ойрын дуудлагад битгий яв гэдэг ч юм уу ийм хууль бус шаардлага тавьж байсан. Ингээд байгууллага дотооддоо зөрчил үүсгээд намайг хэвийн ажиллах ямар ч боломжгүй болгосон. Энэ талаар гэрчээр дуудагдсан эмч нар нотолдог.

Ээлжийн амралтаа бүрэн дуусгаж чадаагүй он дуусгасан. Цалингийн нэмэгдэл өгөөгүй учраас оны эцсийн байдлаар байгууллага дотоодын хэвийн үйл ажиллагааг хангаж ямар нэгэн байдлаар зөрчилгүй, улаан бүсэд хүнгүй, сумын эмнэлэгт нэг юм уу хоёр тохиолдол, зарим өдөр гарахгүй болсон үед ээлжийн амралтын үлдсэн 7 хоногоо авч дуусгаад ажилдаа орсон гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэл гэж байдаг.

Энэ шийдвэрээс харахад нэхэмжлэлд дурдаж маргаад байгаа зүйлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийг үнэлсэн, хориглосон шалтгаант нөхцөл байдалд шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд бид маргаад, хууль зөрчөөд байна. Хүнийг өвчтэй байхад нь халах эрх зүйн үндэслэл байхгүй.

Хуулиараа хориглогдсон гэдэг дээр ямар нэгэн эрх зүйн үндэслэл дүгнэлтийг хийгээгүй гэдэг талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагыг шийдвэр хууль ёсны буй үндэслэл бүхий болоогүй гэдэг зүйлийг ингэж ярина.

Та өөрөө хүсээд өргөдөл өгсөн, түүний чинь дагуу би таныг ажлаас чинь чөлөөлсөн гэдэг утга санааг илэрхийлж хэргийн хүрээнд маргаж мэтгэлцдэг. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд 60 дугаар зүйлд тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэг дээр ямар тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдах, ямар тохиолдолд ажлын байр хадгалахгүйгээр тухайн хүнийг ажлаас чөлөөлөхгүй ажилтны өөрийнх санаачилгаар ажлаас чөлөөлөх үү гэдэг тусгай заалтыг нарийн зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг хэвээрээ хадгална гэж заасан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт тухайн ажилтан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалахгүй, хэдийдээ ч ажил олгогч болон ажилтны санаачилгаар тушаалыг цуцлах эрх зүйн зохицуулалтыг зааж өгсөн.

Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл буюу эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Энэ хэргийн хүрээнд энэ нөхцөл байдалд байхгүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт ажилтан ажилд орохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсоноос бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай бол ажлын байрыг хэвээр хадгална гэж заасан. Энэ заалтыг ажил олгогч нэг талдаа зөрчсөн.

Мөн хэд хэдэн хуулийн холбогдох заалтууд байгаа. Монгол Улсад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ковид цар тахал гамшгийн хэмжээнд хүрсэн учраас Монгол Улсын Их Хурлын тогтоол гардаг. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 тоот Улсын Их Хурлын тогтоол байдаг. Энэ Улсын Их Хурлын тогтоолд төрийн буюу төрийн бус хэвшлийн байгууллагууд тухайн ажилтны ажлын байрыг хадгалах чиглэлээр хэд хэдэн үндсэн нөхцөл байдлыг Засгийн газраас энэ хуулиараа зохицуулсан. Энэ тогтоолын гурав дахь заалтад ажлын байрыг хадгалах талаар заасан. Энэ Улсын их хурлын тогтоолыг ажил олгогч буюу Засаг дарга Гамшгаас хамгаалах тухай хуульд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд мөн Корона халдварт вирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль тогтоомжуудыг зөрчөөд *******ийг ажлаас халсан нь нэг талдаа хууль эрх зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгч миний бие дүгнэж байна.

Хариуцагч талаас маргаж байгаа үйл баримтыг шүүх юу гэж дүгнэдэг вэ гэхээр 6 үндсэн нөхцөл байдлаар шүүх дүгнэдэг. Шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлт юу вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ингэж ингэж дурдсан. Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилогдсон. Гэрээ цуцлах тухай захирамж гарсан. Захирамжаар ийм ийм заалтыг тус тус баримтлан чөлөөлжээ. Шүүхийн шийдвэрээс харахад хэргийн хүрээнд зуу гаруй бичгийн нотлох баримт байдаг. Зуу гаруй бичгийн нотлох баримтаас ганц хариуцагч *******гийн тайлбарыг нь үнэлдэг. Өөрөөр хэлбэл шүүхийн хийж байгаа дүгнэлт нь хариуцагч *******д удаа дараалан захирамжаа авъя, чөлөөлөөд өгөөч ээ гэдэг зүйлийг хэлж маргадаг. Хариуцагчийн хэлж байгаа тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн, няцаасан баримтыг өгөөгүй гэж дүгнэдэг. Нөгөө талдаа өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэдэг эрх зүйн дүгнэлтийг хийдэг. Гэтэл энэ хүн өөрөө үнэхээр хүсээд өргөдлөө өгөөд байна уу, хэн нэгний шахалт дарамтаар ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн үү гэдэг талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийхгүй.

Ажил олгогч тухайн өргөдөл өгсөн цагаас хойш удаа дараа өргөдлийн хариуг өгсөн гэж тайлбарладаг. Хүн хүч болон мэргэжилтний дутагдлууд байгаа учраас таныг ажлаас чөлөөлөхгүй гэж удаа дараа хэлсэн гэдэг. Хэрвээ шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлж байгаа бол энэ хүний нэг тайлбар ийм байгаа гэдгийг шүүгч та бүхэн анхаарч үзээрэй. Засаг даргад гаргаж өгсөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийг амаараа шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Амаараа өргөдлийн хариуг өгсөн байж яагаад ажлаас чөлөөлөх тушаал гаргаад байгаа юм. Өргөдлийг амаар шийдвэрлэсэн учраас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай тушаал эрх зүйн үндэслэлгүй, хүчингүй гэж хэлмээр байна. Энэ тушаалыг шүүх хууль эрх зүйн үндэслэлтэй юм уу, баримталсан зүйл хэсэг үндэслэлтэй байна уу, хэргийн хүрээнд энэ хүнийг хоёр удаа ажилд томилоод, ажил хавсарган гүйцэтгүүлээд хэдэн төгрөгийн цалингаараа цалинжуулаад байгаа талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэсэн тушаал байдаг. *******ийн даргын ажил болон эрхлэгчийн ажлыг хийдэг *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. ******* даргатай тушаал гарсан цагаас хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хэдэн сарын хэдний өдрийн ямар хөдөлмөрийн гэрээг тухайн тушаалаар цуцлах гээд байгаа нь ойлгомжгүй. Хэргийн хүрээнд ч хөдөлмөрийн гэрээ авагдаагүй. Үр дүнгийн гэрээгээр тооцож, ажлын чанар мөн үр дүнгийн гэрээгээрээ ямар ажил үүргийг гүйцэтгэх вэ гэдэг байгууллагын зарим захирал, эрхлэгч нар Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээг байгуулдаггүй байж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гээд тушаалдаа толгой болгоод байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Энэ тушаалыг үндэслэлгүй болгох үндсэн нөхцөл ийм байна. Энэ талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Энэ тушаалын нэгдүгээр хэсэгт хэд хэдэн хуулийн зүйл заалтыг баримтлаад эрүүл мэндийн төвийн дарга Замбуу овогтой Оюунцэцэгийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Анхан шатны шүүх тухайн тушаалд баримталсан хуулийн зүйл заалт, чөлөөлж байгаа заалт гээд хуулийн шаардлага хангаж уу, оновчтой байдлаар хүнийг ажлаас чөлөөлж үү гэдэг зүйл хамгийн чухал. Шүүх энэ талаар дүгнэлт хийх ёстой байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад тушаалынхаа нэг дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

Хавтаст хэргийн 41 дүгээр талд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 тоот Гурвантэс сумын Засаг даргын захирамж байдаг. Энэ захирамжаар эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн даргын албан тушаал, эмчлэгч эмчийн албан тушаал гээд ажил хавсран гүйцэтгэх тухай тушаал гаргасан. Өмнөх тушаалыг нь өөрчлөөд цалин мөнгөний хэмжээг нь тогтоогоод, ажил хавсран гүйцэтгүүлснийхээ дөчин хувийг тогтоож өгсөн Б/06 тоот тушаал гаргасан. Энэ тушаал нь өнөөдөр хуулийн хүчин чадалтай юу, *******ийг анх ажилд авсан тушаал эрх зүйн үндэслэлтэй юу гэдэг нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд ялган зааглах. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/06 тоот тушаал нь хууль эрх зүйн үндэслэлтэй.

Хоёр ажлыг зэрэг хавсран гүйцэтгүүлэх тушаалаас нь үзэхэд энэ хүнийг бүрэн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна. Мөн эмчлэгч эмчийн албан тушаалаас нь давхар чөлөөлсөн гэж үзэж эрх зүйн үр дагавартай байдлаар нь тайлбарлаж байна. Энэ хэргийн хүрээнд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай юм уу, ач холбогдолтой юм уу үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлгээ гэж хуульд хуульчилсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг дээр зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заадаг. Зохигчийн тайлбар хэргийн хүрээнд өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад эргэлзээтэй тайлбарыг үндэслээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

Засаг дарга корона вирусийн халдвартай үед тухайн ажилтан өргөдлөө өгсөн байсан ч гэсэн өвчтэй байх цаг хугацаанд ажлаас халахгүй байх эрх зүйн зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан. Энэ талаар ялган, зааглаж анхаарч үзнэ үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Энэ хэргийн хүрээнд нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 6, 7, 8, 10, 69, 85, 88, 92, 102, 103, 112, 113, 115, 116 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг хэргийн хүрээнд өгсөн. Хариуцагч талаас гаргаж өгсөн цар тахлын холбогдолтой албан тоот, мөн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн албан тоотууд байдаг. Эдгээр баримтыг анхан шатны шүүх хуралдаанд бүрэн судалсан. Гэхдээ эрх зүйн дүгнэлтээ хийхдээ нэхэмжлэлд ямар эрх зүйн хамааралтай юм бэ гэдгийг дүгнэж үзээгүй.

Энэ баримт нь *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Хариуцагч талаас няцаалтаа хийгээгүй. Харин *******т ажлын байрны дарамт үзүүлээд байгаа учраас өөрийнхөө өргөдлийг бичиж өгдөг. Хавтаст хэргийн хүрээнд хоёр гэрчийг асуулгасан. Хоёр гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлдэггүй. н.Бямбадэлгэр нь эх баригч эмч. Гэтэл эмчлэгч эмчээр эмчилгээ хий гэж дарамтлаад ажлын цагийн хуваарь болон тухайн ажилтнуудын хуваарийг нь өөрчилж гаргадаг. Энэ нөхцөл байдал нь *******ийн хийж байгаа ажил, албан тушаалд нөлөөлж байгаагийн нэг хэлбэр, нөгөө талдаа дарамт учруулж байгаагийн нэг хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүгч та бүхэн хэргийн хүрээнд авагдсан гэрч н.Шинэгэрэл, н.Бямбацэрэн нарын мэдүүлгийг өргөдөл өгсөнтэй холбон тайлбарлаж, тухайн өргөдлийнхөө утга агуулга, нөхцөл байдлыг тайлбарлаж байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

7. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******ийг өргөдөл өгснөөс хойш ажилдаа эргэж ор гэж хэлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд намайг эргэж гуйгаагүй, ажилдаа орооч ээ гэж хэлээгүй гэж хэлдэг.

Ковид маш их гарч байсан. Энэ цаг үед намайг эмнэлгийнхэн өөрсдөө дуудсан учраас би өөрөө сумын онцгой комиссын даргын хувьд очихгүй байж болохгүй учраас би очиж санал солилцсон. Би эмч мэргэжилтэй биш учраас эмнэлгийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй болохоор тэгвэл, ингэвэл яадаг юм бол гэж санал хэлж байсан.

Би тухайн хуваарийг нь гаргаад баталдаг хүн биш. Энэ талаар гэрчүүд сайн хэлдэг. Цэргийн ангитай холбоотой асуудлыг ярьж байна. Эмч нь үзээд, цааш нь шивдэг процесс байдаг талаар нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ би шив гэдэг тушаал өгөөгүй.

Манай сумын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн анги, уул уурхай болон гадна дотны өчнөөн олон хүмүүс байдаг. Тэдэнд манай сумын эмнэлэг үйлчлэх үүргээ биелүүлэхгүй вакциныг нь өгөхгүй байж болохгүй. Гэхдээ би сумын эмч эмчлээд, багцыг тийш нь өг гэж яриагүй. Цэргийн анги нь эмчтэй бол эмчид нь сумын эрүүл мэндийн салбарын эрхлэгч нь өөрөө үүрэг, чиглэл өгөх ёстой гэж би тухайн үед хэлж байсан. Сумын эмнэлэг үзээд шив гэдэг үг хэлээгүй.

Хэлээгүй, яриагүй зүйлийг хэлсэн, ярьсан болгож хэлж байгаад харамсаж байна. Мөн сонгуультай холбож яриад байна. Би *******тэй өмнө нь дөрвөн жил хамтарч ажилласан. Анхан шатны шүүх хуралдаанд сонгуулийн үр дүнгээр ******* Засаг дарга болсноос хойш ийм дарамттай байсан гэж хэлэхэд нь би цочирдсон.

Хэзээ ч би энэ хүнийг шахаж хавчиж байгаагүй. Нотлох баримтуудаа ийм байдлаар бүрдүүлж өгсөн. Хэцүү үед өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгснөөс хойш олон сарын дараа шийдвэр гаргаснаараа буруудах өнгө аястай зүйлийг хэлээд байна. Энэ үйлдлээ буруу биш гэж бодож байна. Надтай уулзах болгондоо ажлаасаа гарах захирамжаа авна гэж орж ирэхээсээ илүүтэйгээр эрхлэгчийнхээ ажлыг хийе гэж хэлэх болов уу гэж дотроо бодож байсан. Тухайн өргөдөлдөө ч гэсэн би энэ ажлаасаа няцаад, хэцүү, хариуцлагатай байна гээд хэлж байсан. Сүүлд орж ирээд эмчлэгч эмчээрээ ажилламаар байна гэж хэлж байсан. Гэвч эмчлэгч эмчийг би томилдоггүй. Би эрхлэгчийг томилдог, чөлөөлдөг субъект. Шинээр томилогдсон эрхлэгч нь чамайг эмчээр аваад ажиллах байх гэдэг зүйлийг хэлсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар хоёр давхар ажил хийж байхад нь эрхлэгч болон эмчлэгч эмчийн ажлаас нь давхар чөлөөлсөн байгаа нь хуульд нийцэхгүй гэж хэлж байна. Би эрхлэгчийг чөлөөлдөг. Эрхлэгч нь өөрөө давхар ажил хийж байсныг би мэдэхгүй. Тиймээс хуульд нийцэж байгаа.

******* нь шинээр эрхлэгчээр томилогдсон хүнд эмчлэгч эмчээр ажиллах хүсэлтээ өгөөгүй. Өргөдлөө өгсөн бол авах байсан. Энэ хүн өөрөө ажлаасаа шантраад албан ёсоор хүсэлт, өргөдлөө өгөөд гарсан байж өнөөдөр миний дарамт, шахалт буюу ажлын байрны дарамт үүсгэж, ажлаас чөлөөлсөн гэж хэлж байгаа нь хуульд нийцэхгүй гэв.

 

8. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нарангарав өмгөөлөгч дөрвөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Эхний үндэслэлийн тухайд: Шүүх хуралдаан дээр дөрвөн удаа уулзсан гэдгээ аль аль нь хэлдэг. Гэхдээ ******* юу гэж хэлдэг вэ гэхээр нэг удаа уулзахдаа эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлаа биш эмчийн ажлаа хийе гэж хэлсэн гэдэг. Бусад гурван удаа уулзахдаа юу гэж тайлбарлаж байсан, ******* дарга юу гэж хэлж байсан талаар шүүх хуралдаанд тайлбартаа дурддаггүй. Хариуцагч ******* энэ талаар тодорхой ярьдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нь давж заалдах гомдолдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* нь өвчний улмаас эмчийн магадалгаатай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар ажлын байр нь хэвээр хадгалагдах үед ажлаас чөлөөлсөн гэж дурддаг. Өөрөө чөлөөтэй байсан талаараа мэдэгдэх ёстой үүргээ биелүүлээгүй хэрнээ намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар ажлын байр хэвээр хадгалагдаж байх үед ажлаас чөлөөлсөн гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгөөд байгаа эмнэлгийн магадалгааны хуудсан дээр хөдөлмөрийн чадвар алдалт эхэлсэн огноо нь 01 дүгээр сарын 20 гэж байгаа. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт буюу эмнэлгийн магадалгаа нь дээр 01 дүгээр сарын 17 гэж байгаа. Энэ дээр эргэлзээтэй зүйлүүд гарч ирнэ.

Гэрч н.Шинэгэрэл нь *******ийн эмчлэгч эмч нь байсан гэж мэдүүлдэг болохоос дарамт үзүүлж байсан талаар тайлбар мэдүүлэг өгдөггүй. Н.Бямбадэлгэрийн мэдүүлгийг уншиж үзэхэд логик зөрчилтэй харагддаг.

Нэхэмжлэгч нь таван үндэслэлээр гомдлоо гаргадаг.

Байгууллагын дарга, эрхлэгч нарын групп байдаг. Тэр групп дээр 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 39 минутад ******* нь маргаан бүхий захирамж гарахаас өмнө би ажлаа хүлээлгэж өгч байна, ажлаа хүлээлгэж өгч байгаатайгаа холбогдуулаад үгээ хэлье гээд бичсэн хэсэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн.

10 дугаар сарын 27-нд өргөдөл өгснөөсөө хойш хамгийн сүүлд 01 дүгээр сарын 13-нд ээлжийн амралтаасаа бууж уулзахдаа *******д би ажлаа хүлээлгэж өгье, захирамжаа авъя гэдэг. 01 дүгээр сарын 13-нд уулзахаас өмнө 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Нэхэмжлэгчийг ажлаас нь халаагүй, өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь маш тодорхой. Гол шалгаан нь ковидын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас хүн нас бараад эхэлсэн. Өвчлөл ихэссэн. Ингээд ажлаасаа шантарсан юм уу, өөрөө ажлаасаа чөлөөлөгдье гэсэн өргөдөл өгсөн.

Учир нь ковидын нөхцөл байдал хүнд байхад эрүүл мэндийн төвийн даргаа чөлөөлөх гэхээр орны хүн байхгүй. Хүний нөөц хомс байгаа учраас чөлөөлөх хүсэлтийг нь шийдвэрлэхгүй яваад байсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь тууштай хүсэл зоригоо илэрхийлсээр л байсан учраас захирамж гарган ажлаас нь чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзээд гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргааныг хэргийн үйл баримтад үндэслэн тогтоож чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг 116 дугаар зүйлийн 116.2 дахь заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн *******д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулж, Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ажлын байрны дарамт ирсэн учраас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөх өргөдөл гаргасан байсан боловч шийдвэрлээгүй учир ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан, оны эхээр өвчтэй байхад буюу 77 хоногийн дараа өмнөх өргөдлийг үндэслэн өөрийнх нь хүсэлтээр гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

4. Хариуцагч эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ өргөдлөө сайн дураараа өгсөн, дарамт үзүүлээгүй, уулзах бүрдээ өргөдлийн хариугаа авна гэдэг байсан, захирамж гаргах үед өвчтэй байсныг мэдэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарлаж маргажээ.

5. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаас *******ийг Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилж, чөлөөлсөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны Б/12 дугаартай захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/05 дугаартай захирамж, нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрхэн үнэлснээ бичээгүй байна. /Хэргийн 10, 07, 35/

6. Хариуцагч нь нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлөх хүсэлтийн дагуу гэж үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3 дахь хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

7. Маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан санаачилсан эсэх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

7.1. Сумын Засаг даргын харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бүрэн эрхийн нэгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 59 дүгээр зүйлийн 59.1.23-т хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэж заажээ. Энэ бүрэн эрх гэдэгт Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрх хамаарч байх тул хариуцагч Өмнөговь аймгийн ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан хариуцагч гэх этгээд мөн байна

7.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчид хандан тус сумын Эрүүл мэндийн төвд даргын үүрэгт ажлыг 10 дахь жилдээ гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор биеийн эрүүл мэндийн байдал хүнд хариуцлагатай албан үүргийг гүйцэтгэж чадахгүй боломжгүй болсон тул өөрийн хүсэлтийг харгалзан үзэж ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг бичсэн талаар маргаагүй боловч хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй тухайгаа тайлбарласан. /энэ тухай магадлалын хянавал хэсгийн 3 дахь заалтад тодорхой бичив/

Талууд нь өргөдөлд дурдсан одоогоор биеийн эрүүл мэндийн байдал гэсэн нөхцөл байдлын талаар маргаан үүсгээгүй боловч энэ шалтгаан нь ажилтны хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох үндэслэл болоогүй нь тэдний мэтгэлцээнээс тогтоогдож байна.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж тус тус зохицуулсан.

7.4. Шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын хүсэлтийн дагуу Э.Бямбадэлгэрийг гэрчээр дуудаж асуусан тэмдэглэлд гэрчийн та эмчлэх эрхийн лизензтэй юу, гэх асуултанд би эмчлэх эрхийн лиценз байхгүй гэж, Гангамаа даргаас амбулторид сууж өвчтөн үз, Хүн эмчил гэж шаардах нөлөөлөх зэргээр үүрэг даалгавар өгч байсан уу гэх асуултанд өгч байсан, 2022 оны 12 дугаар сарын сүүлээр дотоод хурал дээр эмч сувилагч хүрэлцэхгүй байгаа юм чинь эмчлэх эрхгүй хүнийг ойрын дуудлаганд явуулаад байна гэсэн асуудал гараад байна энэ хүмүүсээ хасаад хуваариа гарга гэсэн. Би бас адилхан эмчлэх эрхгүй гэсэн чинь намайг хуваарь дээрээ гаргаад томилсон байсан..., Амбулторид сууж хүн үзээгүй байж байгаад Гангамаа дарга хуваарь баталсны дараа амбулторид сууж хүн үзсэн, ...Ганц биш, надтай адилхан мэргэжилтэй эх баригч Насанжаргалыг амбулторийн хэсэгт томилсон гэж тус тус мэдүүлсэн мэдээлэл тусгагджээ. /хэргийн 88-89 хуудас/

Шүүх нь уг ажиллагаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Н.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү нарыг оролцуулж тэдэнд хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх боломжийг бүрдүүлжээ.

Уг мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан мэдээлэл нь нэхэмжлэгчийн Гангамаа дарга, энэ эмчийг дуудлагад явуул, эх баригчийг амбултори үзүүл гэх зэргээр манай Эрүүл мэндийн төвийн дотоод ажилд хэтэрхий оролцож ажлын байрны дарамт үзүүлдэг гэсэн тайлбарыг нотолж байна гэж үзэв.

7.5. Нэхэмжлэгч нь өргөдөл өгөх өөр нэг шалтгааныг ээлжийн амралттай байхад ажиллуулсан агуулгаар тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 2021 оны ээлжийн амралтыг 6 дугаар сард эдлэх хуваарьтай байсан боловч бүрэн эдлээгүй үлдэгдэл хугацааг оны сүүлчээр эдэлсэн талаар тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж тайлбарлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг уг тайлбарыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ...-ын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг-ээ биелүүлсэн гэж үзнэ.

7.6. Хөдөлмөрийн тухай хуулийн тухай /1999 оны/ 3 дугаар зүйлд бичигдсэн нэр томьёоны тайлбарт албадан хөдөлмөр" гэдгийг ... ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг; ойлгоно гэж тайлбарлажээ.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэл эрмэлзэл өргөдөл өгөх үед ч, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гарах үед ч байгаагүй нь түүний ажлын байраа хуульд заасан хугацаа өнгөрмөгц орхиогүй байдал, түүнчлэн ажлаа үргэлжлүүлж байгаа шалтгаанаа хариуцагчийг албадан хөдөлмөрлүүлсэн тухай тайлбарлаж мэтгэлцээгүй зэргээр тогтоогдож байна гэж үзэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. 41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зохицуулсантай нийцнэ гэж үзэв.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн харилцааны нэг төрөл тул уг гэрээний талууд нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч өргөдөл гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй, гагцхүү ажилтны өөрийнх нь сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой.

7.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотлох баримт мөн боловч хариуцагч талын тайлбарт авагдсан нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гарган ирүүлж, ажлын байраа эзэнгүйдүүлсэн. /Ихэнх хугацаанд ажлын байрандаа байгаагүй/ гэх мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч талыг шүүхэд нотлох баримт гаргах цуглуулах үүргээ биелүүлж. гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзнэ.

7.8. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай захирамжийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах ажилтны үндсэн эрх, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтай нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.9. Анхан шатны шүүх хариуцагчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзэхдээ нэхэмжлэгчийн өргөдөл өгөх шалтгаан, ажлын байраа орхиогүй ажлаа хэвийн үргэлжлүүлсэн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад харьцуулж дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын ажлаас гарах өргөдлийг өөрийн сайн дураар өгсөн эсэх, өргөдлөө өгөхөд зайлшгүй нөлөөлсөн нөлөөлөл байсан эсэхийг тодруулж нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх, нэхэмжлэгч *******ийн ажлын байрны дарамтаас шалтгаалж хүсэлтээ бичсэн үндэслэлд дүгнэлт хийгээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэлтэй гэж үзсэн.

 

8. Нэхэмжлэгч нь өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж, З.Шинэгэрэл, Э.Алдарбаяр, Э.Бямбадэлгэр нарыг гэрчээр асуулгаж, 2022 он 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл гэсэн огноотой ерөнхий эмч болон эмчлэгч эмчийн гарын үсэг зурагдсан, байгууллагын тамга дарагдсан тухайн эмнэлгийн магадалгааг шүүхэд ирүүлсэн.

Эдгээр нотлох баримт нь ажил олгогчийн шийдвэр гарах үед тэрээр өвчтэй байсан гэх тайлбарыг нотлох боловч маргааны зүйл буюу ажлаас чөлөөлсөн үндэслэл нь өөрийнх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн бичсэн өргөдөл тул энэ үндэслэл хэрэгт ач холбогдолтой нотлох баримт биш гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн, энэ зөрчил арилаагүй байгаа, шүүхээр хамгаалуулах эрхээ өөрөө илэрхийлэх эрхтэй, энэ эрхийн дагуу гаргасан талуудын санаачилга буюу нэхэмжлэл, хүсэлтийн хүрээнд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 66 дугаар зүйлд тухайлан зохицуулсан.

Иймд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллээс өөр үндэслэлд дүгнэлт хийх нь диспозитив зарчим зөрчигдөх үндэслэл болох тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн Хүнийг өвчтэй байхад нь халах эрх зүйн үндэслэл байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 , 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.15, 80.1.6 заалтыг ажил олгогч нэг талдаа зөрчсөн, Корона вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль тогтоомжуудыг зөрчөөд *******ийг ажлаас халсан нь нэг талдаа хууль эрх зүйн үндэслэлгүй, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэсэн тушаал байдаг боловч ******* даргатай тушаал гарсан цагаас хойш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад тушаалынхаа нэг дэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй... гэх агуулгаар гаргасан тайлбаруудад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

 

10. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжих тулгуур зарчмыг баталгаажуулсан.

Хүчин төгөлдөр хууль гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж зааснаар ойлгох бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байна.

Иймд ажил олгогч нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан захирамжаа Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баримталж гаргасныг хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж хуульчилсан боловч төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил эрх, үүрэгтэйгээр оролцож байгаа хэргийн оролцогчийг хамааруулах нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн зөрчил болох тул энэ зохицуулалтад хэргийн оролцогчдод хамааралгүй гэж ойлгоно.

Гэтэл шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж ирүүлсэн Өмнөговь аймаг, Гурвантэс сум Засаг даргын тамгын газар. Хуулбар үнэн гэх дардас дарагдсан 38 хуудас нотлох баримтыг хүлээн авсан байна.

Өмгөөлөгч хэдийгээр иргэний хэргийн бие даасан оролцогч бус боловч өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээдийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эдэлж оролцох тул түүнд Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 д Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлага мөн адил тавигдах тул өмгөөлөгчийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх хэргийн оролцогчдод хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримт хүлээн авахгүйг тайлбарлаж, шаардлага хангасан нотлох баримтыг хүлээн авч байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна: 67.1.1.зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх; гэж заасан шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа болохыг дурдаж байна.

Учир нь шүүх хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр хүлээн авсан баримтыг үнэлэхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн зөрчил болохоос гадна зохигчдын цаг хугацааг үрж, үргүй зардал гаргаж чирэгдэл учруулах сөрөг нөхцөл байдал үүсгэж болзошгүйг цаашид анхаарах нь зүйтэй.

 

12. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулж, мөн хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан үйлчилгээнээс хураасан хураамжийг буцаан олгохдоо хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарын давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 143/ШШ2022/00241 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгож, *******ийг Өмнөговь аймгийн *******ийн даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч талд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны харилцах данснаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн *******ас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШЗ2022/01139 дүгээр захирамжаар нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ