Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0981/З |
Дугаар | 380 |
Огноо | 2020-10-19 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 380
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, тус яамны
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар
санал, дүгнэлт гаргах эрх бүхий Мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын “Пэрсиммон” ХХК-д холбогдох хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0276 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, А.Б , Д.Ж нарыг оролцуулан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0276 дугаар шийдвэрээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.7 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Пэрсиммон” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, А.Б нар хяналтын гомдолдоо: “... а/Захиргааны шийдвэр гаргасан ажиллагааны тухайд: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. УИХ-аас 2013 онд батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Мэргэжлийн зөвлөл” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг УУХҮС-ын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан нэхэмжлэгч “П” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалын 157 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4-д заасан “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байна.
4. Тэсэлгээний тусгай зөвшөөрлийг авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тус хуулийн 6.1.2-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгож, тус зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас /тус зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байгууллага/ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 107/5044 дүгээр “тус албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй” аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 5120438 регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх” тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Ийнхүү Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэж “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн” тухай 19/д-16 тоот дүгнэлт гарч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь хэсэгт “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.
5. Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд “Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Өнөрнасан дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар” дурдсан байдаг/. Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг “Номхон байдралт” ХХК, “П” ХХК, “Фоор бласт” ХХК, “Девелопмент брэйн” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож буйгаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.3.1, 27.4.1 дэх заалтыг үндэслэн сонсох ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын 4 давхрын 400А тоотод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагаас эхлэн зохион байгуулагдах талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Өнөрнасан тухайн аж ахуйн нэгжүүдэд тус тус мэдэгдсэн. Ийнхүү тухайн үед сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн /хурлын товч тэмдэглэл үйлдсэнийг хавсаргав/. Энэ үед нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал хүрэлцэн ирэх боломжгүй тухай тайлбар зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн байдаг.
6. Энэ үед “Фоор бласт” ХХК-ийн захирал Н.Амарсанаа, “Девелопмент брэйн” ХХК-ийн захирал н.Нямдорж нар хүрэлцэн ирж, сонсох ажиллагаанд оролцсон болно. Нэхэмжлэгч “П” ХХК-иас ирүүлсэн тайлбарт “Гансүх овогтой Энхжаргал миний бие “П” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч мөн болно. Манай компани хөрөнгө, санхүүжилтийн хүндрэлтэй байдлын улмаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. 2019 оны 07 сараас хөрөнгө, санхүүжилтийн асуудал шийдэгдэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсэлгээний агуулах барих газрын зөвшөөрөл хөөцөлдөн, авч ТМА-ын агуулах барих ажлыг эхлүүлээд байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдол зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ руу яаралтай ажлаар зорчих болсон тул сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болж, энэ талаар тайлбарыг гаргалаа” гэсэн хариу тайлбарыг нислэгийн тийзний хуулбарын хамт ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч уг ирүүлсэн тайлбартаа “хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” гэж тодорхой тайлбарласан байдаг.
7. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй” аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 5120438 регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх тухай” хүсэлтийг зөвлөлөөр хэлэлцүүлж, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот хуулийн дагуу гарсан дүгнэлтийг үндэслэн УУХҮС-ын тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захиргааны шийдвэр юм.
8. б/Хөөн хэлэлцэх хугацааны тухай шүүх процесс алдаа гаргасан тухайд дахин тайлбарлах нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхой дурдсан байдаг. Мөн зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 14 дүгээр зүйлийн 14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол, 14.2.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана, 14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана, 14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж хуулиар зохицуулсан байдаг.
9. Гэвч “П” ХХК-ийн зүгээс маргаан бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Өнөрнасан дуудаж, тус дүгнэлтийн талаар мэдэгдсэн байдаг. Гэтэл “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Ийнхүү шүүхээс Мэргэжлийн зөвлөлийг хамтран хариуцагчаар татсан байдаг. Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байхад уг нөхцөл байдлыг бүх талаас нь сайтар нягтлаагүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн. /Бид энэ талаар тодруулах шаардлагатай гэж шүүх хуралдааны явцад удаа дараа мэдэгдэж байсан./
10. в/Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Шүүх нотлох зарчмыг баримтлах тухайд 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг 3 тодруулах хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрт “...Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14. 15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн ерөнхий саналыг үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь ...4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимтай нийцээгүй гэж шийдсэн байдаг. Шүүхийн шийдвэрт “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн ерөнхий саналыг үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь...” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэсэн хууль ёсны саналыг үндэслэсэн байхад “Ерөнхий санал”-ыг үндэслэсэн гэж шийдвэрлэсэн.
11. Мөн нэхэмжлэгч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэвч нэхэмжлэгч бодит байдалд уг шаардлагыг огт хангаагүй байдалтай /Тухайлбал: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс огт байхгүй буюу агуулах, үйлдвэрийн бүсэд аюулгүй бүс тогтоогоогүй, галт зэвсэг бүхий харуул хамгаалалт байхгүй зэрэг/ байсан тул уг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Мэргэжлийн зөвлөлөөс хүргүүлж, УУХҮС-ын холбогдох тушаалаар хүчингүй болгосон байдаг. Мөн шүүхийн шийдвэрт “Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Мэргэжлийн зөвлөлөөс нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан нь Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, тайлбар хүсэлт гаргах эрхээр нь хангасан гэж үзэхээргүй байна” гэжээ.
12. Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд “Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Өнөрнасан дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар” дурдсан байдаг./ Нэхэмжлэгчээс ирүүлсэн хариу тайлбарт “Бид тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчснөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг тул Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй санал нийлж байгаа талаарх бичгээр ирүүлсэн тайлбарт үндэслээд бид цааш УУХҮС-д уламжилж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Ийнхүү анхан шатны шүүх уг хэрэгт хэт нэг талаас нь хандаж, хуулийг буруу хэрэглэн, ач холбогдол бүхий нотолбол зохих асуудлыг шийдвэрлэлгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй байна.
13. г/Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс оролцохоор очиход хэт нэг талыг буюу нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хойшлуулсаар ирсэн. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ээлжийн амралтаас 7 хоногийн хугацаагаар гэр бүлийн шалтгааны улмаас эдэлж байх хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тус хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байхад хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг зохион байгуулж буюу хуульд заасан мэтгэлцэх зарчмыг эдлүүлэлгүй шийдвэрлэсэн. Мөн хянасан хэсэгт хуульд заасан нөхцөл шаардлагыг огт хангахгүй байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны шийдвэрийг харгалзан үзэхгүй байгаа нь шүүх хэт нэг талаас хандаж, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлахгүй байгаа буюу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн /ЗХШХШТХ-ийн 123.2.2/ үйлдлийг харгалзан үзэхийг хүсье. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэг: Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх гомдлын тухайд:
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх уг нөхцөл байдлыг бүх талаас нь сайтар нягтлаагүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн...” гэж хяналтын гомдлын нэг үндэслэл гарган маргаж байна.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан; нэхэмжлэгчээс маргаан бүхий сайдын тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсэлгээний зөвлөлийн ахлах мэргэжилтэн н.Дашбал дуудаж, хуулбарлан өгснөөр мэдсэн гэж нэхэмжлэлдээ тайлбарласан, хариуцагчийн зүгээс үүнийг үгүйсгэж маргаагүй; энэ хугацаанаас хойш 25 хоногийн дараа сайдын тушаалын эсрэг гомдол гаргаж, шийдвэрлүүлэх дээд шатны байгууллага байхгүй гэж тодорхойлон, шууд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаандаа байгаа; үндсэн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нь дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/795 тоот албан бичгээр “...шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг хүлээн авсан даруйд сайдын тушаалын үндэслэл болсон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн; нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлсон Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь сайдын тушаалд огт хамааралгүй захиргааны акт бус, харин түүний үндэслэл болж байхын зэрэгцээ захиргааны цуврал үйл ажиллагаа нь нэг л эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэж байгаа бол хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
18. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... дээрх дүгнэлтийн талаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Өнөрнасан дуудаж, дүгнэлтийн талаар мэдэгдсэн ...” гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын бүртгэлийн 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000148673 тоот гэрчилгээний “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл”-ээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр захирлаар Yuan YE Fang-ийг томилсныг бүртгэсэн байх тул хуулийн этгээдийн эрх бүхий этгээдэд мэдэгдэх ажиллагааг албан ёсоор явуулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдол няцаагдаж байна.
Хоёр. Хууль буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд:
19. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Нэхэмжлэгч “П” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар “үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч, эзэмшиж байсан; Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах, тэсэлгээний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтаар ...“П” ХХК-ийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэхээр санал гаргасан; Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтээр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлийг зөрчин үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгчийг буруутган, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжлахаар шийдвэрлэсэн; Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь заалтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлээр тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн; нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “МН прожект” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсрэх бодис, тэсрэх хэрэгслийн үйлдвэр, агуулахын барилгын ажил гүйцэтгүүлж байсан, тухайн үйлдвэр, агуулахын барилга нь ашиглалтад орж амжаагүй байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.
20. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:” гээд 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”; Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс”, 10 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр болон хадгалах байр, агуулахын аюулгүй ажиллагаа”, 11 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавигдах шаардлага”, 12 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага”, 13 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага”, 14 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага”, 15 дугаар зүйлд “Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд дараах байгууллага хяналт тавина” гээд 23.1.1-д “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж тус тус заажээ.
21. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.
22. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн аливаа шийдвэр гаргахдаа холбогдох нотлох баримтыг хангалттай бүрдүүлж, тухайн бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоосны үндсэн дээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах эрх хэмжээтэй; ялангуяа аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нэгэнт авсан этгээд тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулахдаа нөхцөл, шаардлага зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр цуцлах шийдвэр гаргах үүрэгтэй юм.
23. Гэтэл хариуцагчаас тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотойгоор нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хэрхэн зөрчсөн, үйл ажиллагааны ямар зөрчил дутагдал урьд нь илэрч байсан, одоо дахин гаргаж байгаа зэрэг бодит нөхцөл байдал, үйл баримтуудыг тогтоохгүйгээр тусгай зөвшөөрлийг цагдаагийн байгууллагын нэг л саналыг үндэслэн хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
24. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн хяналт шалгалтаар зөрчил тогтоогдсон” гэж тайлбарлаж байгаа ч хуулийн дээрх зохицуулалтын дагуу тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих зохицуулалттай; Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяраас “... “П” ХХК 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй байх тул геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтад хамрагдаагүй ...” гэсэн бичиг[1] ирсэн, өөрөөр хэлбэл, тухайн чиглэлээр хяналт тавих эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийгээгүй, аливаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн байдлыг тогтоогоогүй байх тул гомдлын энэ үндэслэл няцаагдаж байна.
25. Мөн хяналтын журмаар гаргасан гомдолд “...нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Г.Энхжаргал зөрчлийг хүлээн зөвшөөрсөн талаар бичиг ирүүлсэнийг үндэслэсэн ...” гэж тайлбарлаж байгаа ч дээр дурдсанаар, “П” ХХК-ийн улсын бүртгэлийн 000148673 тоот гэрчилгээний “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл”-ээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр захирлаар Yuan YE Fang-ийг томилсныг бүртгэсэн байх тул Г.Энхжаргалын тайлбарыг эрх бүхий этгээдийн тайлбар гэж үзэх үндэслэлгүй.
26. Давж заалдах шатны шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлосныг хэргийн оролцогч нарт, үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэж, хариуцагч нар “ойлголоо” гэсэн баримт авагдсан[2]; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, товлогдсон өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ийм хүсэлт ирүүлсэн талаар тусгагдаагүй[3] байхын зэрэгцээ давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж байсан зэргээс үзэхэд хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломж олгоогүй” гэх гомдол үгүйсгэгдэж байна.
27. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
[1] I хавтаст хэргийн 135 дахь тал
[2] II хавтаст хэргийн 39 дэх тал
[3] II хавтаст хэргийн 41 дэх тал