Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0276

 

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “П” ХХК. 

          Хариуцагч: УУХҮС.

          Хариуцагч: УУХҮЯ-ны ТДБТХЭАСДГҮБМЗ.

     Нэхэмжлэлийн шаардлага: “УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч УУХҮЯ-ны ТДБТХЭАСДГҮБМЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, А.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “П” ХХК нь УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалаар 157 дугаартай “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан билээ.

      Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалт хийх санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байсны улмаас үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулаагүй. Хөрөнгө, санхүүгийн асуудлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй талаараа зохих журмын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 3 дугаар сард тус тус албан бичиг хүргүүлж байсан.

           Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор нэг жил орчим  яриа хэлэлцээр хийсний үр дүнд “М” ХХК болон “Т” ХХК-аас хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллахаар болсон. Улмаар “М” ХХК-ний Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн хоолтод байрлах 15 жилийн хугацаатай эзэмших эрх бүхий 2 га газарт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулах барьсан. Агуулахын барилгын ажлыг “М” ХХК-тай гэрээ байгуулан хийлгэсэн бөгөөд нийт өртөг нь 254 694 000 төтөг үүнээс 160 000 000 төгрөг буюу 420 000 юанийг “П” ХХК-аас “Мн П” ХХК-д шилжүүлсэн. Барилгын ажил дуусаад байна.

     Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө дуудаж Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн IV хуралдаанаар хэлэлцээд танай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн, маргааш тайлбараа өг гэсэн. Ингэхдээ ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй болно. Манай компанийн зүгээс 1 хоногийн дотор ямар нэгэн баримт, нотолгоо гаргаж өгөх боломжгүй байсан тул хугацаа өгөхийг хүссэн бөгөөд тусгай зөвшөөрлөө цуцлуулахгүй, хөрөнгө оруулагч олж, Төв аймагт газар авч, үйлдвэрийн болон  агуулахын байр барьж байгаа тухай бичгээр тайлбар өгсөн. Гэвч тайлбарын хариуд ямар нэгэн хариу өгөөгүй.

     Улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсэлгээний зөвлөлийн ахлах ажилтан н.Д дуудаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын хуулбар өгсөн. Уг тушаалын үндэслэл болон 2 дахь заалтад зааснаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг  удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлээр “П” ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан.

       Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 23.1-д “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана” гэж заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас “П” ХХК-ний үйл ажиллагаанд шалгалт хийсэн, зөрчил, дутагдал гаргасан талаар мэдэгдэж анхааруулсан зүйл байхгүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлөөс ч урьд нь хяналт шалгалт явуулж байсан удаагүй.

      Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг  олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байсан тохиолдол байгаагүй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн шаардлагыг удаа дараа зөрчсөн гэх ямар ч үндэслэл байхгүй байсан.

      Түүнчлэн, “П” ХХК-ний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ямар нэгэн ажил үйлчилгээ эрхлээгүй тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчиж нийтийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хөндөөгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох нөхцөл байдлыг бий болгоогүй. Ийм байхад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “П” ХХК тайлбар, санал гаргах боломжийг зохих ёсоор олголгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа болон ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй, ийм  зөрчил гаргасан гэх асуудлыг хэрхэн, хэн шалган тогтоосон нь тодорхойгүй байхад  УУХҮС дээрх маргаан бүхий захиргааны актыг гарган манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т зааснаар ийнхүү шүүхэд хандаж байна.

      УУХҮС-ын дээрх маргаан бүхий захиргааны актаас үүдэн тус компанийн хөрөнгө оруулалт үр ашиггүй болж, хамтран ажиллаж байгаа компаниудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох төдийгүй өр төлбөрт унах, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрээд байна.

       УУХҮС-ын "Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаал нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 23.1-д “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан
тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:” 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж зааснаар хуулийн дагуу явагдсан хяналт шалгалтын ажилд үндэслээгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгүй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т заасан “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр П ХХК-ний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

        Иймд “Монгол Улсын УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын “П” ХХК-нд холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгох, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19/Д-16 тоот дүгнэлтийн 3.1 дэх заалтын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”.

        2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын “П” ХХК-нд холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах үндэслэлээр ихэсгэж байна.

       “П” ХХК-ийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын үндэслэлд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийг үндэслэсэн байдаг.

       Мөн хариуцагч УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тушаал гаргах болсон үндэслэлийг дээрх дүгнэлт гарсантай холбоотой, энэхүү дүгнэлт гарах үндэслэл нь Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10д/5044 тоот албан бичиг хэмээн тайлбарлажээ.

       Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 23.1-д Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана, 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ, гэж тус тус заасан.

        Ийнхүү хуулийн дагуу зохих ёсоор явагдан ямар нэгэн шалгалтын дүн гараагүй байхад Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлөөс “П” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн.

      “П” ХХК-иас УУХҮС Д.С-д Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны 19/д-16 тоот дүгнэлтийг хүчингүй болгох хүсэлтийг 2020  оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас маргаан бүхий асуудлаар шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариуг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/795 тоот албан бичгээр ирүүлсэн.

          Иймд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 23.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 5.6 дахь хэсгийг зөрчсөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19д/-16 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмж гаргаж байна” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө гэх хүн дуудсаны дагуу тухайн өдөр нь уулзсан. Маргааш сонсох ажиллагаанд ирж амжих уу гэж асуухад нь одоо онгоцонд суугаад гадаадруу томилолтоор явах гэж байгаа тул боломжгүй гэж хэлсэн. Юу болсон талаар тодруулахад, компанийн тухайн үеийн байдал нь нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа гэж ойлгосон бөгөөд хөрөнгө оруулалт олоод, агуулах барьж байгаа талаараа хэлэхэд энэ тухайгаа бичгээр бичээд өгчих гэсэн болно. Би онгоцонд суух гэж байсан тул аавтайгаа утсаар ярьж, очиж уулзаад, бичиг бичээд өгчих гэж хэлээд явсан байгаа. Тухайн албан бичгийг манай аав өөрийнхөө ойлгосноор бичээд өгчихсөн байна лээ. Тухайн бичиг нь манай компанийн албан ёсны байр суурь биш мөн аав маань миний өмнөөс гарын үсэг зурж өгсөн бөгөөд уг компанийг төлөөлөх эрхий бүхий этгээд биш болно” гэв.

        Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус заасан байдаг. Энэ шаардлагыг мэргэжлийн зөвлөл зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5 дугаар бүлэг болох “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хяналт, хариуцлагын тогтолцоо” гэсэн хэсэг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд дараах байгууллага хяналт тавина”, 23.1.1-д “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж заасан байдаг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийг үзэхээр уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг үзэхээр “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасан байна. Тэгэхээр хяналт тавих эрх бүхий этгээд нь уг хуульд зааснаар мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын асуудлаар хяналт шалгалт хийх эрх хуулиар олгогдоогүй. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасан мөн уг хуулийг Улсын дээд шүүхээс 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор тайлбарласан байдаг. Уг тогтоолын 4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих” эрхийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар олгосон тул уг хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт, шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам, арга хэлбэрийг удирдлага болгоно” гэсэн байна. Гэтэл Мэргэжлийн зөвлөлөөс Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн ажиллагаа явуулсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана: шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлт, шалгуулагч этгээдийн  санал, хүсэлт”, 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байдаг. Мэргэжлийн зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авагдсан баримтуудаас үзэхэд ямар нэгэн байдлаар шалгалтын зорилго, удирдамж, үр дүнг танилцуулсан талаар баримт байдаггүй. Зөвхөн албан бичиг байдаг. Албан бичиг бол хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулсныг нотолж байгаа хэрэг биш. Тиймээс Мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг биелүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хангаагүй дүгнэлт байгаа юм. Дараагийн дугаарт мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гэсэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан байгаа. Мэргэжлийн зөвлөл нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах” гэж заасныг зөрчиж санал биш дүгнэлт гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байгаа. Дараагийн дугаарт УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын “П” ХХК-д холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгуулах үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Уг тушаалд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”-ийг үндэслэл болгосон байдаг. Гэтэл “П” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрөлд заасан чиглэлээр ямар нэгэн ажил үйлчилгээ явуулаагүй болох нь эрх бүхий байгууллагуудын тодорхойлолтоор батлагддаг, нотлогддог. Урд нь ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн эсэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж шалгаад, дүгнэсэн, анхааруулга өгсөн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл удаа дараа зөрчсөн гэдэг нөхцөл тогтоогддоггүй. Харин “Ноцтой зөрчсөн” гэсэн тухайд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхээс 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолд “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино гэж тайлбарласан байна. Мөн мэргэжлийн зөвлөлийн хууль бус гарсан дүгнэлтийг үндэслэл болгосон. Иймд УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын 2 дахь хэсэг нь  Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д нийцэхгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23.1.1, 7.1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгож өгөх үндэслэл бүхий хүсэлт тавьж байна. Дараагийн дугаарт энэ маргаан бүхий захиргааны актуудаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдөөд байгаа талаар танилцуулъя. “П” ХХК нь УУХҮС-ын А/157 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Авснаас хойш санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байсан холбогдох байгууллага хуулийн этгээдүүдтэй гэрээ хийсний үр дүнд “М” ХХК болон “Т” ХХК-аас хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллахаар болсон. Улмаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулах барьж эхэлсэн. Агуулахын барилгыг бариулахаар 254, 694,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг “Мн ” ХХК-тай байгуулан ажиллаж байсан. Үүнээс 160,000,000 орчим сая төгрөг зарцуулаад, үйл ажиллагаагаа явуулж эхэлж байтал гэнэт мэргэжлийн зөвлөлөөс дуудаад танай асуудал яригдаж байгаа талаар мэдэгддэг. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-нд УУХҮС-ын тушаал гарч, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдаг. Иймд мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн “П” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож мөн “Монгол Улсын УУХҮСайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 тоот тушаалын “П” ХХК-нд холбогдох 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.

             Хариуцагч УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч УУХҮС-ын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль мөн УУХҮС-ын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг.          

       Мөн Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д мэргэжлийн зөвлөл гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг УУХҮС-ын 2019 оны А/03 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгч "П” ХХК нь УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалын 157 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4-д заасан “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байна. Гэвч тухайн үед нэхэмжлэгч аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авахдаа Мэргэжлийн зөвлөлөөр орж хэлэлцүүлээгүй шууд сайдын тушаалын үндсэн дээр уг “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх зөвшөөрлийг авсан байдаг.

          Тэсэлгээний тусгай зөвшөөрлийг авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тус хуулийн 6.1.2-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгож, тус зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.

       Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 107/5044 дугаар албан бичигт “Монгол улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 51******* регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байгаа тул уг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал ирүүлсэн байдаг.

          Ийнхүү Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэж Үйлдвэрийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн тухай  19/Д/16 тоот дүгнэлт гарч, УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.

          Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар дурдсан байдаг/.

      Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг Номхон байдралт” ХХК, “П” ХХК, “Ф б-т” ХХК, “Д” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, мөн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.3.1, 27.4.1 дэх заалтыг үндэслэн сонсох ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын 4 давхрын 400А тоотод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас эхлэн зохион байгуулагдах талаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ө тухайн аж ахуйн нэгжүүдэд тус тус мэдэгдсэн.

         Ийнхүү тухайн үед сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Энэ үед нэхэмжлэгч П ХХК-ийн захирал хүрэлцэн ирэх боломжгүй тухай тайлбар зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн байдаг. Энэ үед “Ф” ХХК-ийн захирал Н.А, “Д” ХХК-ийн захирал н.Нямдорж нар хүрэлцэн ирж, сонсох ажиллагаанд оролцсон болно.

       Нэхэмжлэгч “П” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч мөн болно. Манай компани хөрөнгө, санхүүжилтийн  хүндрэлтэй байдлын улмаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. 2019 оны 07 дугаар сарын хөрөнгө, санхүүжилтийн асуудал шийдэгдэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсэлгээний агуулах барих газрын зөвшөөрөл хөөцөлдөн, авч ТМА-ын агуулах зарим ажлыг эхлүүлээд  байна.

       Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна.

          Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-руу яаралтай ажлаар зорчих болсон тул сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болж, энэ талаар  тайлбарыг гаргалаа” гэсэн хариу тайлбарыг нислэгийн тийзний хуулбарын хамт ирүүлсэн юм.

       Нэхэмжлэгч уг ирүүлсэн тайлбартаа хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. гэж тодорхой тайлбарласан байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа Тэсрэх бодис-2019 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Үйлдвэрийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 51******* регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх тухай хүсэлтийг хэлэлцүүлж, Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн УУХҮС-ын тушаалаар  нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захиргааны шийдвэр юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч УУХҮС-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласныг сонслоо. Бид уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис. тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль мөн УУХҮС-ын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Мөн Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д мэргэжлийн зөвлөл гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг УУХҮС-ын 2019 оны А/03 дугаар тушаалаар баталсан. Нэхэмжлэгч "П” ХХК нь УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалын 157 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4-д заасан “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байна. Гэвч тухайн үед нэхэмжлэгч аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авахдаа Мэргэжлийн зөвлөлөөр орж хэлэлцүүлээгүй шууд сайдын тушаалын үндсэн дээр уг “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох,  үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх зөвшөөрлийг авсан байдаг. Тэсэлгээний тусгай зөвшөөрлийг авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тус хуулийн 6.1.2-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгож, тус зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 107/5044 дугаар албан бичигт “Монгол улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил Үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 51******* регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байгаа тул уг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах санал ирүүлсэн байдаг. Ийнхүү санал ирсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай санал мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэж, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдад хүргэгдсэн, энэ талаар тэмдэглэлд тодорхой дурдагдсан байдаг. Сайдын тушаал гаргахдаа Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг явуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Өгийн зүгээс “П” ХХК-ийн захирал Г.Эд мэдэгдсэн байдаг. Г.Э нь албан бичиг ирүүлэн “Гансүх овогтой Э миний бие “П” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч мөн болно. Манай компани нь санхүүжилтийн хүндрэлтэй байдлын улмаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ тухайгаа албан бичгээр тухай бүр мэдэгдэж байсан. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдол зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн байна. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-руу яаралтай ажлаар зорчих болсон тул Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болж, энэ талаар  тайлбарыг гаргалаа” гэсэн байдаг. Нэг үгээр хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийнхүү мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлтийг сайдад хүргүүлж улмаар сайдын тушаал гарч, тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэ үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдсан. Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/Д-16 тоот дүгнэлтийг хүчингүй болгох байсныг өнөөдөр гаргасан тайлбартаа “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж өөрчилж байна гэж ойлголоо. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, гэтэл “П” ХХК-ийн зүгээс мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөхийг 2020 оны 03 дугаар сарын 04 дугаартай албан бичгээр хүссэн байдаг. Үүнээс үзэхэд 30 хоногийн дотор зөвлөлд хандаад хэрэв хариу өгөөгүй бол шүүхэд хандах байсан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байна. Иймд “нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч УУХҮЯ-ны ТДБТХЭАСДГҮБМЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, А.Б******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэргэжлийн зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, УУХҮС-ын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг.

        УИХ-аас 2013 онд батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Мэргэжлийн зөвлөл” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг УУХҮС-ын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан.

          Нэхэмжлэгч “П” ХХК нь УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалын 157 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4-д заасан “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байна. Гэвч тухайн үед нэхэмжлэгч аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авахдаа Мэргэжлийн зөвлөлөөр орж хэлэлцүүлээгүй шууд сайдын тушаалын үндсэн дээр уг “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” зөвшөөрлийг авсан байна.

        Тэсэлгээний тусгай зөвшөөрлийг авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай  зөвшөөрлийн тухай 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тус хуулийн 6.1.2-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгож, тул зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.          

      Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 107/5044 дугаар тус албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 51******* регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг "Тэсэрч дэлбэрэх бодис. тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх” тухай албан бичгийг ирүүлсэн байдаг     .

       Ийнхүү Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэж "Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн" тухай 19/Д-16 тоот дүгнэлт гарч, УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.

        Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар дурдсан байдаг/.

         Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг “Н” ХХК, “П” ХХК, “Ф” ХХК, “Д” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, мөн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.3.1, 27.4.1 дэх заалтыг үндэслэн сонсох ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын 4 давхрын 400А тоотод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас эхлэн зохион байгуулагдах талаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ө тухайн аж ахуйн нэгжүүдэд тус тус мэдэгдсэн.

        Ийнхүү тухайн үед сонсох ажиллагаанд нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал хүрэлцэн ирэх боломжгүй тухай тайлбар зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн байдаг. Энэ үед “Ф” ХХК-ийн захирал Н.А, "Д” ХХК-ийн захирал н.Н нар хүрэлцэн ирж, сонсох ажиллагаанд оролцсон болно.

      Нэхэмжлэгч “П” ХХК-иас ирүүлсэн тайлбарт “Г овогтой Э миний бие “П” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч мөн болно. Манай компани хөрөнгө санхүүжилтийн хүндрэлтэй байдлын улмаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. 2019 оны 07 сараас хөрөнгө санхүүжилтийн асуудал шийдэгдэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсэлгээний агуулах барих газрын зөвшөөрөл хөөцөлдөн, авч ТМА-ын агуулах барих ажлыг эхлүүлээд байна.

        Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдол зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-руу ажлаар зорчих болсон тул Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болж, энэ талаар тайлбарыг гаргалаа" гэсэн хариу тайлбарыг нислэгийн тийзний хуулбарын хамт ирүүлсэн юм.

          Нэхэмжлэгч уг ирүүлсэн тайлбартаа "хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөө зөвшөөрч байна" гэж тодорхой тайлбарласан байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий  газрын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх газрын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис,  бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ тэсэлгээний үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 51******* регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх тухай хүсэлтийг зөвлөлөөр хэлэлцүүлж, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/Д-16 тоот хуулийн дагуу гарсан дүгнэлтийг үндэслэн УУХҮС-ын тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захиргааны шийдвэр юм.

          Гол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол; 14.1.2-т холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” Гэж заасан байдаг. Гэтэл одоо Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/Д-16 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байгаа нь хууль бус юм. Тус зөвлөлийн дээд шатны байгууллага нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам юм. Хуулийн хугацаанд дээд шатны байгууллагад энэ талаар гомдлоо гаргаад, тэдгээрээс ирүүлсэн хариу, гомдлын татгалзалд гомдол гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай 6 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийг тодорхой заасан байдаг. Мөн зүйлийн 6.1.3-д “Мэргэжлийн зөвлөлийг 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулах.” талаар дурдсан байдаг.

           Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч УУХҮЯ-ны ТДБТХЭАСДГҮБМЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.3-д Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг батлах гэж заасны дагуу Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолоор Зөвлөлийн дүрмийг баталсан байдаг. Уг дүрмийн 1.4-д Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасны дагуу батлагдсан тушаал болно” гэв.

         Хариуцагч УУХҮЯ-ны ТДБТХЭАСДГҮБМЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн зөвлөлийн төлөөлөлд байдаг учир уг зөвлөлийн хурлаар асуудал оруулахаар хүргүүлсэн байгаа. Бүх төрлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн зүгээс тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хадгалах үйлдвэрлэх эрхтэй, тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага хангаагүй байсан тул яаралтай шийдвэрлүүлэхээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зохих арга хэмжээг авч ажилласан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э УУХҮС-ын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Тэрээр үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн саналыг хэлэлцэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн энэхүү дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж, харин хариуцагч тусгай зөвшөөрөл  эзэмшигч уг тусгай зөвшөөрлийг анх авахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулалгүй авсан нь хууль бус гэж тус тус маргажээ.

          Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “П” ХХК-д   УУХҮС-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгожээ.

          Хариуцагч УУХҮС 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь заалтаараа нэхэмжлэгч “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 19/Д-16 тоот дүгнэлтийг[1] тус тус үндэслэсэн байна.

          Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар Монгол улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийг батлан мөрдүүлсэн байх бөгөөд энэхүү дүрмийн 1.4 дэх хэсэгт “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж зохицуулсны дагуу УУХҮСайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар тус  Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг батлан мөрдүүлжээ.

       УУХҮС-ын 2019 оны А/03 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны төлөөлөл багтдаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээ явуулах төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн зориулалтаас бусад тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах, тэсэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.

        Энэхүү хяналт шалгалтаар нэхэмжлэгч “П” ХХК-ийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9.10.11.12.13.14.15 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэж мөн хуулийн 7.1.2-т зааснаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх санал гаргажээ.

          Эрүүгийн цагдаагийн албаны дээрх саналын дагуу Мэргэжлийн зөвлөл уг асуудлыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн “П” ХХК  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9.10.11.12.13.14.15 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт гарган УУХҮСайдад уламжилж шийдвэрлэсний дагуу тус яамны сайдын 2019 оны А/204 дүгээр тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв.

         Учир нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс”, 10 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр болон хадгалах байр, агуулахын аюулгүй ажиллагаа”, 11 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавигдах шаардлага”, 12 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага”, 13 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага”, 14 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага”, 15 дугаар зүйлд “Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага”-уудыг тус тус зохицуулж өгсөн байх бөгөөд ийнхүү хуульчилсан хуулийн дээрх заалтуудыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, зөрчил тогтоогдоогүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор дүгнэлт гаргасан мэргэжлийн зөвлөлийн 19/д-16 тоот дүгнэлтийн болон маргаан бүхий А/204 дүгээр тушаалын холбогдох заалтууд хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

        Өөрөөр хэлбэл Эрүүгийн цагдаагийн албаны төлөөлөл Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж хяналт шалгалт хийх эрх хэмжээтэй байж болох ч хуульд харьяалуулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай асуудлаар аюулгүй ажиллагааны болон тээвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд харин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлага хангасан эсэх асуудлаар санал гаргах эрхгүй гэж үзнэ.

        Тодруулбал уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч компанид 2017 онд хуулийн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрлийг олгосон атлаа холбогдох хууль тогтоомжийг удаа дараа ноцтой  зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэсэн үндэслэлээр дүгнэлт гарган хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

       Өөрөөр хэлбэл Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9-15 дугаар зүйлд заасныг зөрчсөн ямар үйл баримтууд тогтоогдсон талаар хариуцагч хангалттай нотлоогүй байна.

       Хариуцагч УУХҮС тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчлийг тогтоосны үндсэн дээр, хуулийн хүрээнд уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9.10.11.12.13.14.15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн ерөнхий саналыг үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн болон маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэсэн зарчимтай нийцээгүй байна.

          Энэ утгаараа захиргааны байгууллага үндэслэлгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл  эзэмших эрхийг хөндсөнөөр тэрээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй болно.

       Харин хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, болон Мэргэжлийн зөвлөлөөс нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сонсгох ажиллагаа  явуулсан нь Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, тайлбар хүсэлт гаргах эрхээр хангасан гэж үзэхээргүй байна.

         Нөгөө талаар хариуцагч Мэргэжлийн зөвлөл УУХҮС-ын 2019 оны А/03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг үндэслэн дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байгаа[2] нь энэхүү журмыг хууль зүйн чадамжтай гэж үзэхээргүй байна.

       Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хариуцагч УУХҮС болон Мэргэжлийн зөвлөлийн гаргасан нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон холбогдох заалтууд хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох үндэслэлтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1,  106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

      1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.7 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж УУХҮС-ын  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч УУХҮС-аас 70200 төгрөг, төсвийн орлогын данснаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 166 дугаар хуудас