Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 269

 

 

Б.Г, М.Шнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Батнасан, шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар магадлалтай, Б.Г, М.Шнарт холбогдох 1905037901046  дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжиний бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Гомьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгзэр сарын 25-ны өдрийн 35 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 cap 11 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Б Г.

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бооржууд овогт М Ш.

Б.Г, М.Шнар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” зочид буудлын ойролцоо “Киа” загварын 78-43 дугаартай тээврийн хэрэгсэл дотор Н.Болдбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, “Самсунг жи-5 прайм” загварын гар утас, түрийвч, айпод хөгжим, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэн авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Н.Болдбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, М.Шнарыг “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Гантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд 3 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Шинэбаярт 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 

Б.Гд оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг хорих ялд дүйцүүлэн 66 хоног хорих ялаар тогтоож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 17 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г, М.Шнарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн Б.Гантулгыг М.Шинэбаяртай бүлэглэн машин механизм ашиглан таксийгаар үйлчлүүлж байсан иргэн Н.Болдбаярыг “Киа” маркийн 78-43 улсын дугаартай автомашин дотор эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтлон зодож, гар утас, түрийвч, айпод хөгжим, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэн авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн Н.Болдбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм бурууг шийдвэрлүүлэхээр прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлтийг хийж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт цугларсан хохирогч Н.Болдбаярын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Шинэбаярын мэдүүлгээр давхар нотолно. Түүнчлэн хохирогч Н.Болдбаярын мэдүүлгийн дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №11656 дугаартай дүгнэлт, яллагдагч М.Шинэбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Н.Болдбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Г нь ганцаараа учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна. Дээрх тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Н.Болдбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хууль ёсны үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Гантулгын хийсэн Н.Болдбаярын нүүр лүү цохиж ноцолдох үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, Б.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна. Шүүгдэгч М.Шнь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь дээрх иш татсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан хамтран оролцооны хэлбэрийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тогтоогдоогүй болно. Давж заалдах шатны шүүх нь уг хэрэгт дүгнэлт хийхдээ хэргийн үйл баримт, түүнийг нотолж буй нотлох баримтад үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг заавал бүлэглэн гүйцэтгэсэн байх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ДШМ/273 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

          Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Батнасан хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хохирогч Н.Болдбаяр “дээрэмдүүлсэн” гэж гомдол гаргасан боловч 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06 цаг 14 минутад түүнийг шууд гэрчээр байцаасан. Мөн хохирогч Н.Болдбаяр, түүний найз Д.Эрдэнэ-Уул нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасны дагуу таньж олуулах ажиллагаа явуулаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар мөрдөн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад хавтаст хэргийн материалтай танилцуулж, яллагдагч нарын гэрэл зургийг харуулж, таньж олуулах ажиллагаа хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг. Шүүгдэгч нарын мэдүүлгийг нэг ажиллагаагаар шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал болсон. Шүүгдэгч Б.Гас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Шинэбаярын өмгөөлөгч Б.Бадраа хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч М.Шинэбаярыг буруутгаж буй үйл баримт нь хэргийн бодит байдал нийцээгүй. М.Шнь хохирогч Н.Болдбаярын эд зүйлийг дээрэмдсэн үйлдэлд биечлэн оролцоогүй бөгөөд шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжтой учир давж заалдах гомдол гаргаж хэлэлцүүлсэн. Миний үйлчлүүлэгч М.Шнь Б.Гантулгын үйлдлийг таслан зогсоохын тулд хохирогчийг автомашинаас татаж буулгасан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон. М.Шурьд нь ял шийтгүүлж байгаагүй бөгөөд холбогдсон хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Дээрэмдэх гэмт хэрэгт оролцсон шууд санаатай үйлдэл байгаагүй болохыг хохирогч мэдүүлгээрээ нотолсон. Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол бусдын эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан байх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэдэгт санал нийлж байгаа боловч гэмт хэрэгт шууд биечлэн оролцсон идэвхтэй оролцоо байхгүй учир хяналтын шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү. М.Шнь санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тодорхой заасан. Шүүгдэгч Б.Г, М.Шнарын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Гд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Давж заалдах шатны шүүх уг гэмт хэргийн үйл баримт, түүнийг нотолж буй нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хохирогч хоёр хүн түүнийг дээрэмдсэн талаар мэдүүлдэг буюу Б.Г түүний уруул руу нэг удаа цохисон үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, үндэслэл бүхий болсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г, М.Шнар нь согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадвар нь сарнисан хохирогч Н.Болдбаярын эд зүйлийг дээрэмдэж авахаар санаатай нэгдэж, Б.Г нь жолоогоо М.Шинэбаярт шилжүүлэн өгч, тээврийн хэрэгслийн хойд суудалд сууж явсан хохирогчийн халааснаас гар утас, түрүүвч зэрэг эд зүйлийг нь авахдаа эсэргүүцэл үзүүлсэн хохирогчийг зодож биед нь “уруулд язрал, үүдэн баруун 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Шнь эд зүйлээ дээрэмдүүлж Б.Гд зодуулсан хохирогчийг тээврийн хэрэгслээс чирч буулган гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд бүрэн нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээ хязгаарын дотор хянан хэлэлцэж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдэл тус бүрт нь ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмын дагуу хохирогчид хүч хэрэглэн довтлохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан этгээдийн үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээс тусад нь зүйлчилсэн нь зөв бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэхгүй байх зарчимд бүрэн нийцэхийн сацуу гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй этгээдэд ял оногдуулахгүй байх зарчмыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь  ял оногдуулж, магадлалдаа тэдгээрийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх “дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж дүгнэсэн атлаа “хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт тодорхой бус, бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай, энэ талаар яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тусгаагүй, хамтран оролцсон хэлбэрийг зөв тогтоох” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь учир дутагдалтай, үндэслэл муутай болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоосон болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН