Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00082

 

 

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын

нэхэмжлэлтэй,  хариуцагч Дэлхийн зөн Монгол

Олон улсын байгууллагад холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00749 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагад холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг Хүний хөгжлийн төвийн байранд байрлах, Орхон аймгийн *******,

Дэлхийн зөн олон улсын байгууллага ХХК-д олгосон ******* тоот гэрчилгээтэй 226.86 кв.м талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох, ******* Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, Орхон аймгийн Есүсийн чуулган шашны байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд цахимаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч: Б.Баттогтох цахимаар, нарийн бичгийн дарга  Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: 

Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь улс орны нийгмийн хөгжлийг дэмжих, ядууралтай тэмцэх, байгалийн гэнэтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, сургалт, боловсрол, эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилготой гэж хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн Хөгжлийн хөтөлбөр /цаашид ЭНХХ гэх/ хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд ******* нь Эрдэнэт хотын 5 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх 11, 13 дугаар орон сууцны баруун талд орших 210 м.кв газрыг үнэ төлбөргүй олгож, ЭНХХ-ийг барилга барих нөхцөлөөр хангаж барилгын тодорхой хэсгийг эзэмшиж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн хөгжлийн талаар үйл ажиллагаа явуулахаар 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр ЭНХХ нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай харилцан тохиролцож иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор барилгын нэг өрөөг /38 м.кв/ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт багийн конторын зориулалтаар эзэмшүүлэхээр тохиролцож 2008 оноос өнөөдрийг хүртэл Бүрэнбүст багийн Засаг дарга үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Орхон аймгийн Засаг дарга дээрх хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар захирамжаар Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын тусламжтайгаар баригдах Хүний хөгжлийн төвийн барилгын зориулалттай 5 дугаар хорооллын 13 дугаар байрны ард байршилтай 210 м.кв газрыг Орон нутгийн өмчийн албанд 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Газрын алба Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хоёрын хооронд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж газар эзэмших гэрчилгээ олгожээ. Хүний хөгжлийн барилгыг барихад Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага ЭНХХ-ийн санхүүжилтээр 252 сая төгрөг, Орхон аймгийн орон нутгийн санхүүжилтээр 20 сая төгрөгийн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцсоны дагуу 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний хөгжлийн барилга-ын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаар Орхон аймгийн Засаг дарга, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Снари, гүйцэтгэгчээр Монре констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурж ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болж уг барилга баригдсан. Захиалагч тал болох Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар барилгын хөрөнгө оруулалтын 20 сая төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монре констракшн ХХК-ийн 3053000012 тоот дансанд шилжүүлсэн болох нь санхүүгийн баримтаар тогтоогддог. 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комиссын акт гарч Хүний хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулсан. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь Хүний Хөгжлийн төвд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхтэй байхад Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь шууд 100 хувь өөрийн хөрөнгө мэт үзэж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* ХХК гэж /Р-1031147/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 дугаар хороолол 13 дугаар байр урд 11 а байрны ард Хүний хөгжлийн төв 226 м.кв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр /*******/ тогтоолгож, 000417147 дугаартай гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр гаргуулж гэрээг зөрчсөн. Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь уг барилгыг худалдан борлуулах талаар бидэнд мэдэгдээгүйгээр барахгүй Бүрэнбүст багийн эзэмшиж байсан өрөөг суллахыг 2020 оны 7 дугаар сараас удаа дараа шаардах боллоо. Орхон аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2376 тоот албан бичгээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзулд хамтран ажиллах гэрээний 6.3-д зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэхийг шаардсан боловч тэрээр манай 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилга баригдсан, орон нутаг хөрөнгө оруулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Орхон аймгийн Засаг даргатай 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтыг санаатай зөрчсөн төдийгүй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй гэсэн тайлбарыг ирүүлж байгаа нь өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж болохоор байна. Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар Хүний хөгжлийн төвийн барилгыг эхний ээлжинд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгийг шилжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан боловч энэ талаар бидэнд огт мэдэгдэлгүй уг барилгыг худалдан борлуулах талаараа албан бичиг ирүүлсэн. Иймд Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага болон Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т заасны дагуу хамтын хөрөнгө оруулалтаар баригдсан Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоож өгнө үү. Мөн хамтран ажиллах гэрээгээр Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхээр тохиролцсон тул Олон Улсад төвтэй Дэлхийн зөн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

*******, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Орхон аймгийн Есүсийн чуулган шашны байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагад олгосон ******* тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын тайлбар, татгалзал, түүний агуулга:

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Дэлхийн зөн Монгол ОУБ-д холбогдох иргэний хэргийн хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Дэлхийн зөн Монгол ОУБ нь Орхон аймаг, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, тухайн орон нутгийн хөгжилд чамгүй хувь нэмрээ оруулж, амжилттай ажилласаар байна. Ингэхдээ Эрдэнэт Хүний хөгжлийн төвийн барилгыг өөрсдийн (донор, спонсоруудын) хөрөнгөөр барьж, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 100 хувь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын өмч бөгөөд хөрөнгийн эрхтэй холбоотой хэн нэгэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага шаардлага гаргах эрхгүй. Бид өөрийн өмчийг хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэлд дурдсанаар Дэлхийн зөн Монгол ОУБ нь хамтран ажиллах гэрээг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулж байгаагүй, ямар нэгэн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр манай байгууллага үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Дэлхийн зөн Монгол ОУБ-д холбогдох иргэний хэргийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон улсад төвтэй Дэлхийн зөн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Орон аймгийн Засаг даргын Тамгын газартай 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээг огт байгуулаагүй болохыг энэхүү тайлбартаа дахин дурдаж байна. Энэхүү гэрээ гэгч (цаашид гэрээ гэх)-ийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсний хүрээнд л танилцаж, анх удаа харсан болно. Тус гэрээнд Төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан болох Суурин төлөөлөгч (National director) гарын үсэг зураагүй, төлөөлөгчийн газрын тэмдгээр баталгаажаагүй байна. Гэрээний 6.3-д ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд *******тай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны хүрээнд нэхэмжлэгч ЗДТГ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бололтой. Төлөөлөгчийн газрын өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх зөвхөн Суурин төлөөлөгч Алекс Снарид олгогдсон бөгөөд Бүсийн захирал, ЭНХХ-ийн удирдагч Б.Батжаргалсайхан гэх хүмүүс үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй. Гэрээний 2.1-д гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажиж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч нотариатаар гэрчлэгдээгүй. Иргэний хуульд тодорхой төрлийн гэрээнүүдэд хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд 42 дугаар зүйлийн 42.4-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд..., 276 дугаар зүйлийн 276.3-д хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, 276.4-д тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ (бэлэглэлийн гэрээ, ХХАГэрээ г.м)-г заавал нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөд байгаа гэрээ гэгч нь энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Олон улсад төвтэй Дэлхийн зөн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна, 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна, 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй. Иргэний хуулийн зургаадугаар бүлэгт хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг тоочин тодорхойлсон. Нэхэмжлэгч ...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргахдаа хуулийн заалт, үндэслэлээр маргаж байгаагаа дурдаагүй байна. Хуульд заасан үндэслэлүүдийн алинаар нь нэхэмжлэлээ гаргасан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ойлгохгүй байгаа (нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш байгаа) тул тухайлсан хариу тайлбар өгөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмыг хуульчилсан бөгөөд 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан байдаг. Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд юуг нотлох, эсхүл үгүйсгэх ёстойгоо мэдэхгүй байгаагаас мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий хариу тайлбар өгөх боломжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа тодруулах тухай" бичигтэй танилцаад энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Энэхүү "хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоож өгнө үү хэмээн өөрчилсөн шаардлага гэх бичиг нь хэнд холбогдох нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна" гэж заасан нь заавал биелүүлэх хуулийн императив зохицуулалт юм. Тус бичигт өөрчилсөн гэх нэхэмжлэлээ хэнд холбогдуулан гаргаж байгаа талаараа огт дурдаагүй, хариуцагч нь хэн болохыг тодорхойлоогүй байна. Мөн маргаан бүхий ******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь "Есүсийн чуулган" шашны байгууллага байгаагаас энэхүү нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага манай байгууллагад холбогдож гарсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэл нь 2007 оны үйл баримтуудтай хамааралтай байх бөгөөд газар ашиглах эрх олгосон, хөрөнгө оруулсан, барилгыг үндэслэл ашиглалтад хүлээн авахад захиалагчаар оролцсон нь барилгыг хамтран өмчлөх болсон бол хэдийн 15 жилийн өнгөрчээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг дурдахыг хүсэж байна. Хэдийгээр дээрх үйл баримтууд нь хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл биш боловч нэхэмжлэгч өөрийн шаардах эрх үүссэн хугацааг 2007 онд хамаатуулж байна гэж үзэхээр байна. Иймд манай байгууллага энэхүү шаардлагад холбогдох хариуцагч эсэх нь ойлгомжгүй, 15 жилийн өмнөх асуудлаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Олон улсад төвтэй Дэлхийн Зөн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон "Есүсийн Чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээдэд хамааралтай дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Манай "Есүсийн Чуулган ШБ нь Дэлхийн Зөн ОУБ Орхон аймагт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 18 жилийн турш хамтран ажиллаж, нийгэмд тустай, залуучууд, гэр бүлүүдийг дэмжсэн олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсээр ирсэн билээ. Ингээд Дэлхийн Зөн ОУБ өөрийн байрыг түрээсэлнэ гэсэн зарыг 2018 оны 09 дүгээр сард нээлттэй зарласан байсан бөгөөд уг зарын дагуу бид уулзаж 2018 оны 10 дугаар сараас эхлэн Орхон аймаг, Баян-Өндөр сумын 8-р баг, Бүрэнбүст 5 хороолол, 13 байр урд, 11а байрны урд Хүний хөгжлийн төвийн байранд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг байранд бидний хувьд хамгийн багадаа 5 жил үйл ажиллагаа явуулна гэж тооцоолж, нийт 72 339 589 төгрөгийн засвар хийж, засан сайжруулалт хийсэн. Бид энэ байранд урт хугацаагаар үйл ажиллагаагаа явуулна гэж тооцоолж байсан учраас энэ хэмжээний засан сайжруулалтыг хийсэн юм. Гэтэл 2019 оны 09 сард уг объектыг зарах болсон тухай бидэнд мэдэгдсэн. Нэгэнт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан тул төлбөрөө хувааж төлөх, мөн засан сайжруулалтад зарцуулагдсан зардал зэргийг шингээж тооцох нөхцөлтэйгөөр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Бид Орхон аймаг, Баян-Өндөр сумын 8-р баг, Бүрэнбүст 5 хороолол, 13 байр урд, 113 байрны урд Хүний хөгжлийн төв байршилтай хаягт байрлах объект нь Дэлхийн зөн ОУБ-ын өмчлөлийн объект бөгөөд энэ нь Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байсан тул эрхийн доголдолгүй хөрөнгө гэж үзэж худалдаж авсан. Иймд Дэлхийн зөн ОУБ болон "Есүсийн чуулган" ШБ-ын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан, хуульд нийцсэн гэрээ гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 108 дугаар зүйлийн 108.1, 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар *******, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан Дэлхийн зөн Олон Улсын байгууллагад олгосон ******* тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Орхон аймгийн Есүсийн чуулган шашны байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,  Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШЗ2021/00960 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ *******, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хооронд 2007 оны 05 сарын 03-нд “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсаныг гэрээнд тусгагдсан үүргүүд хэрэгжиж “ Хүний хөгжлийн төв” гэх барилга баригдаж гэрээнд заасан зориулалтаар ашиглагдаж ирсэн үйл байдлыг үүнд хамаарах нотлох баримт, үйл байдлыг үндэслэн тогтоосон. Дээрх хамтран ажиллах гэрээ нэхэмжлэгчийн архив, бичиг хэргээс эх хувиар олдоогүй, хариуцагч уг гэрээг байхгүй гэж тайлбарласан боловч хариуцагч тал “Хүний хөгжлийн төв”-ийн барилгад өмчлөгчийн гэрчилгээ авахдаа гэрээг эх баримтаар өгсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирүүлсэн хэргийн 1- хавтасны 109-110 дахь талд байгаа тус газрын “Хуулбар үнэн” дарсан баримтаар батлагдаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтад нийцэж байх тул энэ талаар шүүхийн хийсэн гэрээг “Нотлох баримтын шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээр дурдсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь суурин төлөөгч/эрх бүхий этгээд/, Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү нар захиалагчаар гарын үсэг зурж “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г гүйцэтгэгчтэй байгуулан уг барилгыг 2008 оны 10 дугаар сарын 29-.Д Улсын комисс ашиглалтад хүлээн авсан байна. Энэ барилгыг барихад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 5.1, “Ажил гүйцэтгэх гэрээний 12.1 дэх заалтаар 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулж, газрыг шууд олгож, барилгын захиалагчаар оролцсон үйл байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүх “2007 оны 05 сарын 03-ны “Хамтран ажиллах гэрээ”-г иргэний хуулийн дагуу зөв тайлбарлаж, хэрэглээгүйгээс “ зөвшилцөх” гэдэг үгийг үндэс болгон “ ******* хэлцлийн үндсэн дээр...хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа бол талууд хэрхэн зөвшилцсөн, хэн аль нь ямар байр суурь илэрхийлсэн, хөрөнгө гэдэгт ул хөдлөх эд хөрөнгийн талаар уу аль эсхүл сургалтын төвийн зориулалтаар ашиглаж байсан эд зүйлс хамааралтай эсэх нөхцөл байдал тодорхойгүй тул...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийг “хүний хөгжлийн төв” гэх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Талууд “Хамтран ажиллах гэрээ”-ний Хөрөнгө гэдэг ойлголт дээр маргаагүй бөгөөд гэрээний “зургаа. Барилга байгууламжийн эзэмшигч өөрчлөгдөх” гэсэн зохицуулалт агуулсан зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг бүхэлд нь авч үзэхэд барилгын эзэмшил, улмаар өмчлөл шилжих тухай асуудал гэдэг нь тодорхой ойлгогдоно. Хөгжлийн газар нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.1 дүгээр зүйлээр барилгыг ашиглах зориулалтыг тодорхойлоод мөн гэрээний 2.2 дугаар зүйлээр гэрээний хүчинтэй хугацааг тодорхойлсон байна. Гэтэл Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нь “Дэлхийн зөн Монгол” ОУБ гэр нэрээр “Хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Дэлхийн зөн олон улсын байгууллага” ХХК гэх нэрээр дангаар өмчлөгчийн гэрчилгээ авч, улмаар 2021 оны 02 сарын 05-нд “Есүсийн чуулган” шашны байгууллагад барилгыг 37 эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоож өгнө үү” ГЗСЭ" нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч хууль ёсны энэ эрхээ сэргээлгэсний үндсэн дээр хариуцагч талтай зөвшилцөх, хэлэлцэх хууль зүйн үндэслэл бүрдэх бөгөөд талууд маргаантай нөхцөлд зөвшилцөх бодит боломж бага юм. Маргааны нэг тал болж байгаа Дэлхийн зөн олон улсын байгууллага гэх этгээдийн эрх зүйн байдал, уйл ажиллагааны үндсэн чиглэл тодорхойгүй буюу илтэд эргэлзээтэй байгаа байдалд шуух зайлшгүй дүгнэлт хийх ёстой. Хэрэгт авагдсан бүхий л бичиг баримтад Дэлхийн зөн олон улсын байгууллага, Дэлхийн зөн Монгол ОУБ гэх нэрээр гэж ойлгогдохоор тусгагдсан байх ба 2016 оны 01 сарын 20-нд маргаан бүхий барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхдээ “Дэлхийн зөн Эрдэнэт ОНХХ” гэсэн нэрээр мэдүүлэг гаргаж, “Дэлхийн зөн олон улсын байгууллага” ХХК гэсэн нэрээр өмчлөх эрх авсан байна. Энэ өмчөө “Есүсийн чуулган” шашны байгууллагад шилжүүлэх гэрээг “Дэлхийн зөн Монгол” ОУБ гэсэн нэрээр хийжээ. Өмчлөх эрх олж авах мэдүүлэг, эрхийн гэрчилгээ, түүнийг шилжүүлсэн гэрээнд гурван өөр нэр бичигдэж байгаа нь эдгээр мэдүүлэг, бүртгэл, гэрээ хуульд заасан наад захын шаардлага хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Анх 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж барилгын      ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Снари/Снейри/ төлөөлж байсан, хожим Винсбнт Эдвардс мөн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан байдал ойлгогдох ба хэдийгээр зохих байгууллагаас гэрээний эх хувь олдоогүй ч суурин төлөөлөгч нь Монгол улсын Засгийн газар буюу Сангийн яамтай 2007 оны 05 сарын 15-нд 15 жилийн хугацаатай “Түншлэлийн гэрээ” байгуулж байсан гэх нөхцөл байдал мөн ойлгогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Дэлхийн зөн Монгол”   олон улсын байгууллагын Монгол улсад  мөрдөх дүрэм, журам, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлсэн зүйл олдоогүй, хариуцагч тийм бичиг баримтыг гаргаж өгөхийг хүсээгүй боловч иргэний хэрэг үүсгэх үед хүчинтэй байсан дээр дурдсан. Түншлэлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасан 10 үндсэн чиглэлийг цогц байдлаар орон нутагт хэрэгжүүлэх үүргийг Монгол улсад хүлээсэн байх ба үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, Есүсийг дэмжих чиглэл байхгүй байна. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулсан эрх зүйн албан ёсны нэршил оноох боломжгүй энэ субъект нь зөвхөн Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын газраас “Олон улсын “Дэлхийн зөн” төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийг авч байснаас өөрөөр Монгол улсад Олон улсын байгууллагаар, түүний төлөөлөгчийн газраар, Хуулийн этгээдээр, Төрийн бус байгууллагаар хууль, журамд заасны дагуу бүртгүүлж байсан бүртгэл байхгүй, түүний үндсэн үйл ажиллагааны баримт Монгол улсын архивт байхгүй байгаа нөхцөлд түүнийг эрх зүйн харилцааны ямар оролцогч болохыг шүүх дүгнэх шаардлагатай. Монгол улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулсан уу, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан уу гэдэг асуулт ч гарч болно. Энэ хэсэгт дурдсан нотлох баримтууд хэргийн 1-р хавтасны 17-19, 23, 33,62, 65, 68, 151-156 дугаар талд, 2-р хавтасны 160-164, 204, 208, 232 дугаар талд, 3-р хавтасны 19, 26 дугаар талд байгааг тэмдэглэж байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 00749 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангана уу гэжээ.

ХЯНАВАЛ :

   Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар  нь шүүхэд “Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр *******, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Орхон аймгийн Есүсийн чуулган шашны байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагад олгосон ******* тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж нэмэгдүүлснийг   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй маргаж, мэтгэлцсэн  байна.

Анхан шатны шүүх *******, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан Дэлхийн зөн Олон Улсын байгууллагад олгосон ******* тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоолгох, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Орхон аймгийн Есүсийн чуулган шашны байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШЗ2021/00960 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Дэлхийн зөн олон улсын байгууллага болон ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай холбогдуулж  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах” тухай хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар  хэлэлцээд уг хүсэлтийг хангаж, улмаар  “Есүсийн чуулган” шашны байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон  байна.

Мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл нь “...Хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэх тухай шаардлагаа өөрчилж,  2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан  аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон Улсад төвтэй Дэлхийн зөн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаа хэвээр үлдээж, Дэлхийн зөн  олон улсын байгууллага ХХК-д олгосон ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү” гэж   нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлсэн  ба шүүх уг шаардлагыг хүлээн авч  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд гардуулах, тайлбар гаргуулах  зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус сумын Бүрэн бүст багийн 5 хороолол,13 дугаар байр урд 11а байрны урд Хүний хөгжлийн төвийн 226.86 м/кв талбайтай Сургалтын төвийн зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******тай  Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах тухай гэрээ байгуулсан, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  уг Сургалтын төвийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн   өмчлөгч нь   Орхон аймгийн ******* болох нь тогтоогдсон үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Есүсийн чуулган” шашны байгууллагыг бие даасан гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.3.-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Есүсийн чуулган”  шашны байгууллагыг хариуцагчаар  тодорхойлоогүй ч шүүх уг этгээдийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  оролцуулсан нь зохигчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Зохигч хариуцагчаар эсхүл бие даасан шаардлага гаргасан гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохдоо  хуульд заасан зохигчийн эрх эдэлдгээрээ ялгагдах ба дээрх шаардлагуудын үндэслэл, агуулгаас  үзэхэд  шүүх “Есүсийн чуулган” шашны байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр оролцуулсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-д “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж  заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.  

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-д заасан үндэслэлд  хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/00749 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.116.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ