Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00525

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Амарын талбай Нутгийн удирдлагын ордонд байрлах О.А даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, /утас:99364837/

Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13 дугаар хороолол 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 49 дүгээр барилга Соманг плаза 4-р давхарт байрлах Д.З Монгол Олон улсын байгууллага /регистрийн дугаар 1031147/-д холбогдох, /утас: 98111106/

"Хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах, О.А даргын тамгын газар Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.З Монгол Олон улсын байгууллага нь улс орны нийгмийн хөгжпийг дэмжих ядууралтай тэмцэх, байгалийн гэнэтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, сургалт.боловсрол, эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилготой гэж хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байна. 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр О.А даргын Тамгын газар, Д.З Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн Хөгжлийн хөтөлбөр /цаашид ЭНХХ гэх/ хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд О.А даргын тамгын газар нь Эрдэнэт хотын 5 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх 11,13 дугаар орон сууцны баруун талд орших 210 м.кв газрыг үнэ төлбөргүй олгож, ЭНХХ-ийг барилга барих нөхцөлөөр хангаж барилгын тодорхой хэсгийг эзэмшиж О.А даргын Тамгын газартай хамтран иргэдийн хөгжлийн талаар үйл ажиллагаа явуулахаар 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр ЭНХХ нь О.А даргын Тамгын газартай харилцан тохиролцож иргэдэд үйлчилгээг ойртуулах зорилгоор барилгын нэг өрөөг /38 м2/ О.А даргын Тамгын газарт багийн конторын зориулалтаар эзэмшүүлэхээр тохиролцож 2008 оноос өнөөдрийг хүртэл Бүрэн бүст багийн Засаг дарга үйл ажиллагаагаа явуулж ирсэн. О.А дарга дээрх хамтран ажиллах гэрээний үндсэн дээр 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар захирамжаар Д.З Монгол Олон улсын байгууллагын тусламжтайгаар баригдах Хүний хөгжлийн төвийн барилгын зориулалттай 5 дугаар хорооллын 13 дугаар байрны ард байршилтай 210 м2 газрыг Орон нутгийн өмчийн албанд 20 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Газрын алба Д.З Монгол Олон улсын байгууллага хоёрын хооронд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглах гэрээг 15 жилийн хугацаатай байгуулж газар эзэмших гэрчилгээ олгожээ. Хүний хөгжлийн барилгыг барихад Д.З Монгол Олон улсын байгууллага ЭНХХ-ийн санхүүжилтээр 252 сая төгрөг, Орхон аймгийн орон нутгийн санхүүжилтээр 20 сая төгрөгийн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцсоны дагуу 2007 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Хүний хөгжлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаар О.А дарга, Д.З Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Снари, гүйцэтгэгчээр Монре констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын гарын үсэг зурж ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болж уг барилга баригдсан. Захиалагч тал болох О.А даргын Тамгын газар барилгын хөрөнгө оруулалтын 20 сая төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монре констракшн ХХК-ийн 3053000012 тоот дансанд шилжүүлсэн болох нь санхүүгийн баримтаар тогтоогддог. Хүний хөгжлийн төвийн барилга 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комиссын акт гарч уг барилгыг ашиглалтад оруулсан. О.А даргын Тамгын газар нь Хүний Хөгжлийн төвд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхтэй байхад Д.З Монгол Олон улсын байгууллага нь шууд 100 хувь өөрийн хөрөнгө мэт үзэж 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д.З Олон улсын байгууллага ХХК гэж /Р-1031147/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэн бүст 5 дугаар хороолол 13 дугаар байр урд 11 а байрны ард Хүний хөгжлийн төв тоот 226.м кв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр /Ү-2101019706/ тогтоолгож, 000417147 дугаартай гэрчилгээг Д.З Олон улсын байгууллага ХХК-ийн нэр дээр гаргуулж гэрээг зөрчсөн. Д.З Монгол Олон улсын байгууллага нь уг барилгыг худалдан борлуулах талаар бидэнд мэдэгдээгүйгээр барахгүй Бүрэн бүст багийн эзэмшиж байсан өрөөг суллахыг 2020 оны 7 дугаар сараас удаа дараа шаардах боллоо. О.А дарга болон түүний Тамгын газар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2376 тоот албан бичгээр Д.З Монгол Олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзулд хамтран ажиллах гэрээний 6.3-д зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд О.А даргын Тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэхийг шаардсан боловч тэрээр манай 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилга баригдсан, орон нутаг хөрөнгө оруулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар ирүүлсэн. Д.З Монгол Олон улсын байгууллага, О.А даргатай 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд О.А даргын Тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтыг санаатай зөрчсөн төдийгүй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй гэсэн тайлбарыг ирүүлж байгаа нь өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж болохоор байна. Д.З Монгол Олон улсын байгууллага нь хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар Хүний хөгжлийн төвийн барилгыг эхний ээлжинд О.А даргын Тамгын газарт хөрөнгийг шилжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан боловч энэ талаар бидэнд огт мэдэгдэлгүй уг барилгыг худалдан борлуулах талаараа албан бичиг ирүүлсэн. Иймд Д.З Монгол Олон улсын байгууллага болон О.А даргын Тамгын газрын 2007 оны хамтран ажиллах гэрээний 6.3-т заасны дагуу хамтын хөрөнгө оруулалтаар баригдсан Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой" нэхэмжлэлийн тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд хандана гэсэн шүүхийн онцгой харьяаллын дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч О.А даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: О.А даргын Тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон улсад төвтэй Д.З байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай. О.А даргын Тамгын газар нь Д.З Монгол Олон Улсын байгууллагад холбогдуулан Хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Талууд хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг хэдий ч хариуцагч нь хамтран ажиллах гэрээг байгуулаагүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд О.А даргын Тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоож өгнө үү.

Мөн хамтран ажиллах гэрээгээр Хүний хөгжпийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхээр тохиролцсон байдаг тул Олон улсад төвтэй Д.З байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З Монгол Олон улсын байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.А даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Д.З Монгол ОУБ-д холбогдох иргэний хэргийн хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Д.З Монгол ОУБ нь Орхон аймаг, Эрдэнэт хотын эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж, тухайн орон нутгийн хөгжилд чамгүй хувь нэмрээ оруулж, амжилттай ажилласаар байна. Ингэхдээ Эрдэнэт Хүний хөгжпийн төвийн барилгыг еөрсдийн (донор, спонсоруудын) хөрөнгөөр барьж, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 100 хувь Д.З Монгол ОУБ-ын өмч бөгөөд хөрөнгийн эрхтэй холбоотой хэн нэгэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага шаардлага гаргах эрхгүй. Бид өөрийн өмчийг хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэлд дурдсанаар Д.З Монгол ОУБ нь хамтран ажиллах гэрээг О.А даргын Тамгын газартай байгуулж байгаагүй, ямар нэгэн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгээр манай байгууллага үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.З Монгол Олон улсын байгууллага нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: О.А даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Д.З Монгол ОУБ-д холбогдох иргэний хэргийн О.А даргын Тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 эны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, Олон улсад төвтэй Д.З байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. 1. О.А даргын Тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр нар 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ" байгуулсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Орон аймгийн Засаг даргын Тамгын газартай 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээг огт байгуулаагүй болохыг энэхүү тайлбартаа дахин дурдаж байна. Энэхүү гэрээ гэгч (цаашид гэрээ гэх)-ийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсний хүрээнд л танилцаж, анх удаа харсан болно.

Тус гэрээнд Төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан болох Суурин төлөөлөгч (National director) гарын үсэг зураагүй, төлөөлөгчийн газрын тэмдгээр баталгаажаагүй байна.

Гэрээний 6.3-д ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд О.А даргын тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны хүрээнд нэхэмжлэгч ЗДТГ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бололтой. Төлөөлөгчийн газрын өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрх зөвхөн Суурин төлөөлөгч Алекс Снарид олгогдсон бөгөөд Бүсийн захирал, ЭНХХ-ийн удирдагч Б.Батжаргалсайхан гэх хүмүүс үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.

Гэрээний 2.1-д Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажиж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан боловч нотариатаар гэрчлэгдээгүй. Иргэний хуульд тодорхой төрлийн гэрээнүүдэд хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд 42 дугаар зүйлийн 42.4-д Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд..., 276 дугаар зүйлийн 276.3-д Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ, 276.4-д Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж тус тус зааснаар үл хөдпөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ (бэлэглэлийн гэрээ, ХХАГэрээ г.м)-г заавал нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөд байгаа гэрээ гэгч нь энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

2. Олон улсад төвтэй Д.З байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Есүсийн чуулган ШБ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдпөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна, 62 дугаар зүйлийн 62.1-д Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна, 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт гэж тус тус заасан. Нэхэмжлэгч О.А даргын тамгын газрын ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн зургадугаар бүлэгт хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг тоочин тодорхойлсон. Нэхэмжлэгч ...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргахдаа хуулийн заалт, үндэслэлээр маргаж байгаагаа дурдаагүй байна.

Хуульд заасан үндэслэлүүдийн алинаар нь нэхэмжлэлээ гаргасан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ойлгохгүй байгаа (нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш байгаа) тул тухайлсан хариу тайлбар өгөх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэтгэлцэх зарчмыг хуульчилсан бөгөөд 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.3-д Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан байдаг. Зохигчийн итгэмждэгдсэн төлөөлөгчийн хувьд юуг нотлох, эсхүл үгүйсгэх ёстойгоо мэдэхгүй байгаагаас мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэл бүхий хариу тайлбар өгөх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А даргын тамгын газар нь Д.З монгол Олон улсын байгууллагад холбогдуулан "Хамтран ажиллах гэрээний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгуулах, О.А даргын тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...О.А даргын Тамгын газар нь 2007 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Д.З Монгол Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу Хүний хөгжлийн барилгыг барихад Д.З Монгол Олон улсын байгууллага ЭНХХ-ийн санхүүжилтээр 252,0 сая төгрөг, Орхон аймгийн орон нутгийн санхүүжилтээр 20,0 сая төгрөг оруулж уг барилга баригдсан. Д.З Монгол Олон улсын байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Д.З Олон улсын байгууллага ХХК-ийг Хүний хөгжлийн төвийн 226.86 мкв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, 000417147 дугаартай гэрчилгээг Д.З Олон улсын байгууллага ХХК-ийн нэр дээр гаргуулж гэрээг зөрчсөн. Д.З Монгол Олон улсын байгууллага нь хамтран ажиллах гэрээний 6.3-т зааснаар Хүний хөгжлийн төвийн барилгыг эхний ээлжинд О.А даргын Тамгын газарт хөрөнгийг шилжүүлэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байсан. Иймд хамтын хөрөнгө оруулалтаар баригдсан Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч тал 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Уг гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар гэрээ бөгөөд, нэхэмжлэгч уг гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагч талаас гэрээг гаргуулахаар хүсэлт гаргасан ч хариуцагч талд гэрээ байхгүй гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэжээ.

2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн О.А даргын тамгын газар, Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Харин дээрх гэрээг байгуулсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг байгуулсанд тооцох талаар, харин Иргэний хуулийн 476-482 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний талаар зохицуулжээ.

Хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болохоор хуульд заасан байх ба нэхэмжлэгч тал нь 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн О.А даргын тамгын газар, Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан гэж хариуцагч талаас эх хувийг гаргуулах хүсэлт гаргасан ч хариуцагчид гэрээ байхгүй гэсэн, уг гэрээ хэрэгт ирээгүй тул гэрээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч нь Гэрээний 6.3-д ЭНХХ-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд О.А даргын тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр орон нутагт хөрөнгийг шилжүүлэх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэхээр байх ба, нэгэнт бичгээр байгуулагдсан гэх гэрээ нь хэрэгт ирээгүй тул гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгуулах, О.А даргын тамгын газар, Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хооронд 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Д.З Монгол ОУБ, Есүсийн Чуулган Шашны байгууллагын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 дугаар хороолол 13 дугаар байр урд 11 а байрны урд Хүний хөгжлийн төв тоот 226,86 м.кв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.З Олон улсын байгууллага ХХК /Ү-2101019706/ бүртгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 000417147 дугаар гэрчилгээ авчээ.

Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Д.З Монгол ОУБ, Есүсийн Чуулган Шашны байгууллагын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр Орхон аймгийн есүсийн чуулган Шашны байгуулагын өмчлөлд шилжсэн байна.

Нэгэнт Д.З Олон улсын байгууллага ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 5 дугаар хороолол 13 дугаар байр урд 11 а байрны урд Хүний хөгжлийн төв тоот 226,86 м.кв талбайтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон байх ба, тухайн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдахдаа хуулийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн талаар зохицуулсан бөгөөд хуулийн аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих талаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргасан ч шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сольж байгаа талаар эрх бүхий албан тушаалтны итгэмжлэлийг ирүүлээгүй, итгэмжлэлийг солих эсэх асуудал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хийгддэг асуудал биш, хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчийг солих бол шүүх хуралдаанаас өмнө эрх бүхий албан тушаалтан итгэмжлэлийг ирүүлсэн байх учиртай юм. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч солих асуудал нь шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хийгдэх ажиллагаа биш, шүүхийн эрх хэмжээгээр зохицуулагдах асуудал биш гэж шүүх үзсэн болно.

Хэргийн 4-5 дугаар хуудас, 7-26 дугаар хуудаст авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурьдав.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг тус тус баримтлан Д.З монгол Олон улсын байгууллага ХХК-д холбогдох "Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Хүний хөгжлийн төвийн барилгыг орон нутагт шилжүүлэхийг даалгуулах, О.А даргын тамгын газар нь Д.З ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөртэй 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай О.А даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА