Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00083

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,  

хариуцагч *******, ******* ХХК-нд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00775 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* ХХК-нд холбогдох,

Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга: 

Миний бие 2017 оны 03 сард *******тай уулзаж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Оргил-Эко хотхон 15-8-1 дүгээр байр 7 тоот орон сууцыг 1 мкв-г нь 1.450.000 төгрөгөөр тооцож, 60.320.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, байрны урьдчилгаа төлбөрт 17.800.000 төгрөгийг 2017 оны 03 сарын 20-ноос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд цувуулж төлсөн. Соронзонбат нь надад худалдсан байраа Ш.Равдандорж гэдэг хүнд давхар худалдсан байсныг мэдэлгүй би уг байранд амьдарсаар ирсэн. Ш.Равдандорж нь миний амьдарч байгаа байрны өмчлөгчөөр бүртгүүлж, байрны өмчлөгч нь болсон ба байраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Улмаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/01114 дугаартай шийдвэрээр одоо миний амьдарч байгаа "Оргил-Эко" хотхоны 15-8-1 дүгээр байрны 7 тоотоос манайхыг албан нүүлгүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд *******ад байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17,800,000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын тайлбар, татгалзал, түүний агуулга:

Дансны хуулганы хувьд Буянжаргалын Билгээ гэх хүний данс руу шилжүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1 дансаар л харилцаж байсан. Гүйлгээний утган дээр тодорхой бичсэн зүйл байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Равдандорж гэх хүнээс их хэмжээний санхүүжилт аваад ******* эхлээд амаар тохирч гэрээ хийгээд 2017 онд байрандаа орсон, 2020 он хүртэл 5 жил буюу 57 сар тухайн орон сууцанд амьдарч байсан. Эхлээд аман гэрээ байгуулаад, уулзаад гэрээгээ байгуулъя гэсэн, 2019 оноос хойш мөнгө төлсөнгүй гээд гэрээ байгуулсан. Уншиж танилцаад авчирч өгнө гэсэн ч өгөөгүй. Шүүхэд гаргаж өгөхгүй байсан ч өнөөдрийн хуралдаан дээр гаргаж өгч байна. Амьдарч байх хугацаанд нь 25.650.000 төгрөгийн түрээсийн зардал гаргахаар хэмжээнд амьдарч байна. Гэрээний үүргээ гүйцэтгэдэггүй. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан, үндэслэх хэсэгт хх-8 дугаар тал 2017 оноос хойш амьдарч байгаа нь тогтоогдсон. Шүүх энэ Равдандоржтой, ******* нь ямар нэгэн харилцаа үүсгээгүй нь хэлцэл, гэрээ аман байдлаар хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Равдандоржид гэрчилгээ гаргуулж өгсөн. 2 жилд нь мөнгө төлөөд үлдсэн 2 жилийн төлбөрийг төлөөгүй. 17.000.000 төгрөгийн төлөлт хийгээд 42.000.000 төгрөгийг төлөөгүй учир хөрөнгө оруулагч Равдандоржид гэрчилгээг шилжүүлж өгсөн. 500,000, 400,000, 320,000 төгрөг гэх мэт бага багаар төлж ашиггүй байдалд оруулж байсан учир Равдандоржид шилжүүлсэн. Тухайн үед санхүүгийн программтай компьютерын процессор эвдэрсэн тул гэрээний драфт гаргах боломжгүй байсан. Амаар хэлцэл байгуулагдсан. Яг энэ гэрээний драфтын дагуу гэрээ байгуулсан. 100 хувь төлөх ёстой, тэгж байж гэрчилгээг олгоно гэсэн байсан. Гэрээний 3.3 дугаар заалтад 7 хоногт үлдэгдлээ төлөөгүй бол 0.5 хувь алданги тооцно гэсэн байна.Тиймээс нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгө бол тухайн орон сууцанд амьдарч байсан түрээсийн төлбөрт тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* болон ******* ХХК-наас 17.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* болон ******* ХХК-наас 246.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь аман байдлаар гэрээ хэлэлцэл хийж ******* ХХК-ийн захирал *******тай байгуулсан хэдий ч хэлцэл эхэлснээс хойш тогтоосон хугацаандаа орон сууцны төлбөрийг төлөөгүй бөгөөд 2 жил гаруй хугацаанд нийт төлбөрийн 20 гаруй хувийг увуулж, цувуулж төлснөөс гадна үлдсэн 2 жил гаруй хугацаанд хэлэлцсэн ёсоор ямар ч төлбөр төлөөгүй хариуцагчийг хохироож ирсэн. Энэ талаар анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Тус байрыг нэхэмжлэгчид зарахдаа хөрөнгө оруулагч Ш.Равдандоржтой улсын комиссын өгсөн үүрэг даалгаврын ажлын санхүүжилтэд зарцуулахаар харилцан тохиролцож худалдан борлуулсан энэ талаар мөн л анхан шатны шүүх харгалзан үзээгүй, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч Ш.Равдандорж гүйцэтгэгч ******* нар харилцан тохиролцож уг орон сууцыг худалдан борлуулах эрхийг *******ад шилжүүлж нэхэмжлэгч *******ад хэлцэл хийсний үндсэн дээр зарсан гэсэн үг юм. Харамсалтай нь нэхэмжлэгч үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй гэрээг уншиж танилцаад гарын үсэг зураад авчирч өгнө гэсэн боловч авчирч өгөлгүй намайг болон манай компанийг санхүүгийн алдагдалд оруулж хохироосон. Шүүх хуралд нэхэмжлэгчээс нотлох баримтаар байр захиалан борлуулах гэрээ гаргаж өгсөн нь өөрт нь өгсөн бүх айлуудтай хийсэн гэрээний загвар мөн байсан дээрх гэрээнд захиалагчийн хүлээх үүрэг хариуцлагын талаар тодорхой дурдсан байдаг. Иймд өнгөрсөн хугацаанд манай эзэмшлийн орон сууцанд урт хугацаанд үнэ төлбөргүй ямар ч түрээс төлөлгүй амьдарч ирсэн ба дээрээс нь нэмж ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

******* миний бие ******* ХХК-ийн захирал *******тай 2017 оны 03 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Оргил-Эко хотхон 15-8-1 дүгээр байрны 7 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.450.000 төгрөгөөр тооцож, 60.320.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 10.000.000 /арван сая/ төгрөг өгөхөөр тохиролцсон. ******* тохирсон хугацаанаасаа хойш 2 хонгийн дараа танайд зарах байрыг бэлэн мөнгөтэй хүнд худалдахаар боллоо гэсэн. Эхнэр бид хоёр байр авах боломжгүй боллоо гэж ойлгоод байрны урьдчилгаанд өгөхөөр бүрдүүлсэн мөнгөнийхөө талыг нь өөр зүйлд зарцуулсан. Хэсэг хугацааны дараа ******* байр худалдан авах хүн авахаа больсон, танайх байраа ав гэсэн. Бид урьдчилгаанд өгөх мөнгөнийхөө талыг нь өөр зүйлд зарцуулсан гэхэд байгаа мөнгөө өгөөд байрандаа ор, боломжоороо мөнгөө төлж болно гэхээр нь зөвшөөрөөд байрыг авахаар болсон. Ингээд 5.000.000 /таван сая/ төгрөг өгөөд байрандаа ороод сар бүр урьдчилгаа төлбөрт мөнгө өгсөн. Д. Соронзонбатад гэрээ байгуулъя гэхэд манай хуулийн зөвлөх Булганд байдаг ирэхээр нь гэрээ байгуулна гэдэг байсан. Сүүлдээ би ажилтай, энд явна, тэнд явна, дараа болъё гээд байдаг байсан. Тэр миний данс битүүмжлэгдсэн байгаа гээд өөр хүний данс өгдөг байсан бөгөөд тэр дансаар нь мөнгө шилжүүлдэг. Хотод байна, хөдөө явж байна, бензиний мөнгө хэрэгтэй боллоо гэх зэргээр дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлэн авдаг байсан. Миний бие нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07 хүртлэх хугацаанд нийт тооцоогоор хорин сая төгрөг өгсөн боловч тэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул *******аас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөнөөс 17.800.000 төгрөгийг баримтыг үндэслэн нэхэмжилсэн болно. Д. Соронзонбат нь надад худалдсан байраа Ш.Равдандоржийн өмчлөлд шилжүүлсэн болохыг /Ш. Равдандорж Оргил-Эко хотхоны 15-8-1 байрны 07 тоотоос манай гэр бүлийг албадан гаргуулах нэхэмжлэл шүүхэд өгснөөр/ мэдсэн. Тэрээр Ш.Равдандоржид надаас урьдчилгаа мөнгө авсан, мөн надад байрыг худалдсан тухайгаа хэлээгүй байсан бөгөөд манайхыг энэ байранд түр сууж байгаа айл, гэж ойлгуулсан байсан. Бид байрандаа амьдарч байгаа учраас миний гэр орон гэж итгэж, өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн тохижуулсан байсан. Гэтэл байрнаас гарах болсон нь манай гэр бүлийнхэнд сэтгэл санааны, мөнгө санхүүгийн хувьд хүндээр туссан. ******* нь анхнаасаа энэ байр *******ын өмчлөлд шилжих боломжгүй гэдгийг мэдэж байсан атлаа намайг хуурч байрны урьдчилгаа авч байсан бөгөөд гэрээ хийхээс татгалзаж байсан болох нь тодорхой болсон. Төмөрт Оргил ХХК-ийн захирал *******аас байрны урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө гаргуулан авах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бодит байдалд үнэн зөв дүгнэлт өгч, шийдвэрлэсэн гэж үзэж байгаа болно. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн .анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00775 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

         1. Хариуцагч ******* ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхболдын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         2. Нэхэмжлэгч ******* “Байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 17.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд зөвшөөрөхгүй маргаж, мэтгэлцсэн байна.

         3.Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ний захирал *******тай тус сумын Оргил-Эко хотхоны 41.6 м/кв  2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож улмаар 2017 оны 03 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 17.800.000  төгрөгийг  хариуцагч талд бэлэн, бэлэн бусаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

         4. Хариуцагч дээрх орон сууцыг Ш.Равдандоржийн өмчлөлд  2021 оны 1 дүгээр сард шилжүүлсэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ыг уг орон сууцнаас албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасантай нийцсэн байна.

         5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч ******* нь орон сууцыг нэхэмжлэгч *******ад шилжүүлж түүний эзэмшилд байх хугацаанд орон сууцны худалдан авсан үнийн төлбөр болон ашигласны төлбөрийг хэрхэн төлөх, талууд ямар эрх,  үүрэг хүлээсэн  талаар тохиролцсон болох нь тодорхойгүй өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд нь “...нэхэмжлэгч *******ын нэхэмжилж байгаа мөнгө бол тухайн орон сууцанд амьдарч байсан түрээсийн төлбөрт тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

        6. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан  “...манай эзэмшлийн орон сууцанд урт хугацаанд үнэ төлбөргүй ямар ч түрээс төлөлгүй амьдарч ирсэн ба дээрээс нь нэмж ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж байгаад гомдолтой байна...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчөөгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2022/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ