Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 283

 

 

Б.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амаржаргал, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 223 дугаар цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, Б.Мод холбогдох 201617000210 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Б М.

Б.М нь “Булган-Өгөөж” ХХК-ийн гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “Цагаан-Усны хоолой” гэх газарт тавигдаж байсан “Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 142.36 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын төслийн удирдагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь заалтууд, хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3, 5.5.1 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй Монгол улсын Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596 стандартын 4.1.3-д заасан “... замын тэмдгийн үзэгдэлтийн зай 100 метрээс багагүй байвал зохино”, 4.2.22-д заасан “...1.21 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавих тэмдгийг ажил хийж буй хэсгийн шууд өмнө байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 7.2.а нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх зайг заана”,

мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.2-д заасан “... 1.1, 1.2, 1.5, 1.28 тэмдгийг тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэл суурин газрын доторх замд 50 метрээс 100 м, суурин газрын гаднах замд 150 метрээс 300 метрийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 7.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг заана” гэсэн заалтуудын дагуу тэмдгийг стандартын дагуу байрлуулаагүйн улмаас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.Анхбаяр нь “Насны зам” ХХК-ийн “Форд эверист” загварын 29-65 УНХ дугаартай тээврийн хэрэгслээр хаалт хийх зорилгоор овоолсон шороог мөргөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ням-Очирын амь хохирч, Ч.Анхбаяр, Ч.Болормаа нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч, “Насны зам” ХХК-ийн “Форд-эверист” загварын 29-65 УНХ дугаартай тээврийн хэрэгсэлд 7.983.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Б.Мод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, Б.Мыг цагаатгаж, хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Мод холбогдох эрүүгийн 201617000210 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэрэг шүүхэд очтол Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг зөрчсөн болохыг заагаагүй, анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэл, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон гаргасан шийдвэрийг журам зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нь эрс зөрүүтэй харилцан бие биенийгээ үгүйсгэсэн дүгнэлтүүд гарч хэрэгт авагдсан байгаа. Жишээ нь хамгийн сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019/01 тоот дүгнэлтээр “Хавтаст хэрэгт авагдсан материалуудад авто замын барилга угсралтын ажил хийгдэж байсан хэсгүүдэд тэмдэг тавьж тэмдэгжүүлсэн эсвэл тэмдэгжүүлээгүй нь бүрэн тогтоогдохгүй байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл шинжээч нар мөрдөн байцаалтаар хэрэг учрал болсон газарт тэмдэг, тэмдэглэгээ тавьсан эсэхийг тогтоогоогүй байгаа учир дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн. Ийм эргэлзээтэй нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтүүдийг анхан шатны шүүхээс үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд одоо тэр үеийн нөхцөл байдлыг сэргээн шалгах ямар ч боломжгүй байдал хүрээд байгаа юм. Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Бупган өгөөж” ХХК-ийн зам барилгын ажил хийж байсан газарт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хууль журмын дагуу тавьсан эсэхийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг байнга эрх бүхий байгууллагад нь тавьж байсан бөгөөд тухайн үед хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэйгээр зам, тээврийн яамтай гэрээ байгуулан ажиллаж байсан “MCPCgr” ХХК-аас тодруулж асууж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч энэ талаар ямар ч ажиллагаа хийлгүйгүйгээр цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, шалгах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байгаа билээ.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтээс харахад “Насны зам” ХХК-ийн жолооч Ч.Анхбаяр тээврийн хэрэгслийг зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй болох нь тодорхой харагддаг бөгөөд энэ байдалд болон, уг тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгохоор нарийн мэргэжлийн шинжээч нарыг томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг хэрэгсэхгүй байгаа нь хэтэрхий нэг тальг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсныг хэлэх байна.

“Булган өгөөж” ХХК-ийн замын ажил дуусаагүй, уг замаар тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон гэдгийг Өндөрхаан-Чойбалсан чиглэпийн 142.36 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Насны зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болормаа, жолооч Ч.Анхбаяр нар мэдэж байсан, мэдэх бүрэн боломжтой бөгөөд зориуд хаалтыг дайран ажлын талбайруу нэвтрэн орж осол гаргаж, бусдын амь насыг хохироосон гэж үзэж байгаа билээ.

Иймд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шуүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амаржаргал хэлсэн саналдаа “Сүхбаатар аймгаас хэрэг ирсэн эсэхийг лавласны эцэст тайлбар өгсөн. Өнөөдрийн хурлын зарыг өнгөрсөн пүрэв гарагт ажил тарах үед мэдсэн учир тайлбараа өгч чадаагүй. Замын тэмдэг байсан эсвэл байгаагүйгээс үл шалтгаалж гарсан хэрэг юм. “Булган өгөөж” ХХК нь хариуцсан замынхаа хаанаас ч автомашин орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл дээрх нөхцөлийг бүрдүүлээгүй, стандартын дагуу ажлаа гүйцэтгээгүйн улмаас миний дүү нас барсан. Бид Сүхбаатар аймаг руу шүүх, прокуророос дуудах болгонд буюу 14 удаа явсан. Гэтэл ямар нэгэн буруутан байхгүй 4 жил өнгөрч, 1 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Бид маш гомдолтой байна. Миний дүү машин жолоодож яваагүй байтал үндэслэлгүйгээр буруутгасан. Б.М нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг санаатайгаар анхаарч үзэхгүй, өөрийгөө буруу гэдэг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Мод холбогдох хэрэг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдэж прокуророос хоёр удаа яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг дутуу шалгасан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Б.Мыг үндэслэлгүйгээр цагаатгасан. Иймд хэргийг прокурор буцаах нь зүйтэй. Б.М нь “Булган өгөөж” ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугааргүй тушаалаар тус компанийн туслан гүйцэтгэгч буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажлын төслийн удирдагчаар томилогдсон. Б.Мыг буруутгаж буй 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт бий. Гэтэл “Бадрах ойл” ХХК, “Булган өгөөж” ХХК-ийн хооронд хийгдсэн авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан үүргийг туслан гүйцэтгэгч буюу “Булган өгөөж” ХХК хүлээсэн бөгөөд Б.Мод үүрэг болгоогүй. Б.М нь бүрэн бус дунд боловсролтой. Замыг хааж байгаа тохиолдолд MNS:4597 стандартын дагуу авто замын тэмдэг байрлуулах ёстой бөгөөд тус стандартад шороон хаалт босгох талаар тусгагдаагүй байдаг. Хэдийгээр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн боловч хэргийн газарт тоормосны мөр байхгүй учир Ч.Анхбаяр Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх магадлалтай. Иймд магадлалын “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэснийг “прокурорт буцаах” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоодоогүй, нотолж чадаагүй гэсэн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг нэг мөр тогтоох шаардлагатай гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.М нь Хөдөлгөөний аюулгүй ажиллагааг сахин хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, аж ахуй нэгж байгууллагад гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар 7.983.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2016 оны 06 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, “Цагаан-Усны хоолой” гэх газар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын ажил гүйцэтгэж байсан талбай руу нэвтэрч, улмаар тухайн замын төгсгөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан хориглож, зорчихоос сэргийлж овоолсон шороог мөргөн, зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Ням-Очир нас барж, нэр бүхий 2 хүний биед хүндэвтэр хохирол, “Насны зам” ХХК-ийн эзэмшлийн 29-65 УНХ дугаартай “Форд эверист” маркийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон байх тул жолооч Ч.Анхбаярын үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

 Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 16-ны орой болсон үйл явдлын шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөнөөс үүдэлтэй юу, эсхүл хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн харилцааны аль нь болохыг мөрдөн байцаалтаар нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай, энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээгүй нотлох баримтыг үнэлж хэргийн үйл баримтыг шинээр тогтоох, няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг нотлогдсон гэж үзэх, нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх талаар урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийг Хөдөлмөр хамгааллын журам зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээлгэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалын “хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай” гэснийг “хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Мянганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Б.ЦОГТ

                                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР