Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 379

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Б.Мөнхтуяа

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0197 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0197 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ээс Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0197 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д…” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д…” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Т.Б хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй байгаа дараах үндэслэлүүд байна. Үүнд: 1/Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчим үйлчлэхгүй байна. 2/Хэрэгт авагдсан хууль бус нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн нотлох баримтад үндэслэлтэй бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдөж байна.

4. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчим үйлчлэхгүй байгаа дараах үндэслэлүүд байна. Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу тус хуульд нийцүүлэн хуулиар зохицуулаагүй, илүү нарийвчилсан зохицуулалтыг зохицуулахаар Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалаар “Авлигатай тэмцэх газрын ёс зүйн дүрэм”, “Сахилгын дүрэм”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Албаны шалгалт хийх журам”-ыг тус тус батлан гаргасан. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр маргаан бүхий тушаалаар намайг холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Авлигатай тэмцэх газрын дарга нь Авлигын эсрэг хуульд нийцүүлэн гаргасан дээрх хууль тогтоомжийн актууд болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах  журмын холбогдох заалтуудыг мөрдөхгүй байгаа нь эрх зүйн зөрчилтэй буюу хууль дээдлэх зарчим үйлчлэхгүй байсан тул би анх хэрэгт авагдсан үйл баримтуудын талаар биш, энэ процессын алдаануудын талаар л захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалд “анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтын талаар зөв дүгнэсэн, хэдийгээр Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Т.Б-ийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг процессын хувьд тус газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм, албаны шалгалт хийх журамд заасны дагуу даргын зөвлөлийн хурлаар болон ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлээгүй, мөн албаны шалгалтын материалыг бүрэн танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь түүний гаргасан ёс зүйгүй байдлыг зөвтгөх, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа үйл баримтыг үгүйсгэх, цаашлаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй” гэж дүгнэлт өгсөн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Учир нь, дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа үндэслэх болон шийдвэр гаргах ажиллагаандаа алдаа гаргаж Авлигын эсрэг хуульд нийцүүлэн гаргасан тус газрын “Албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм”, “Албаны шалгалт хийх журам”, “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу даргын зөвлөлийн хурлаар болон ёс зүйн хороогоор Т.Б-ийн асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлээгүй, мөн албаны шалгалтын материалыг бүрэн танилцуулж гарын үсэг зуруулаагүй байхад болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.1.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийн харьяалсан нэгжийн удирдлагын санал ... албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан ... энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэснийг зөрчиж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим нь үйл ажиллагаандаа “... хууль дээдлэх, ил тод байх зарчим”-ыг баримтална, мөн Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “тус газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна.

7. Иймд дээрх маргаан бүхий хууль бус тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Хэрэв хууль, дүрэм журмуудыг мөрдөх шаардлага байхгүй бол батлан гаргах хэрэг юу байна вэ. Би тус процессын алдаануудын талаар хаана гомдол гаргах байсан юм бэ. Хууль, дүрэм журмыг зарим нь мөрдөөд, зарим нь мөрдөхгүй байж болох юм уу. Би захиргааны хэргийн шүүх захиргааны актын хууль ёсны дагуу гарсан эсэх тал дээр л дүгнэлт өгдөг гэж ойлгож байгаа тул дээрх процессын алдаануудын талаар гомдол гаргаж байгаа юм.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалын 22 дугаар хуудсанд “... 2.Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын “алдаа”-г зассан хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар бичилтийн илэрхий алдааг тушаалын агуулга, утгыг өөрчлөхгүйгээр засах бүрэн эрхтэй гэсэн байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичигт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад 2 илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна. Ингэхдээ захиргааны байгууллага захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр хийх үүрэгтэй байна.

9. Гэтэл Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын “алдаа”-г зассан хариуцагчийн Б/180 дугаар тушаал нь гарснаар Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны “Сахилгын шийтгэл ногдуулах” Б/114 дүгээр тушаалд утга, агуулгын дараах өөрчлөлт ороод байна. Авлигатай тэмцэх газрын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалд... Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 дахь заалтуудыг бичсэн байхад Авлигатай тэмцэх газрын даргын “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” 2019 оны 11 дүгээ сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаал гарснаар Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10 гэсний дараа “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн ..., 4.1.16 дахь заалт гэж нэмж бичин захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгын өөрчлөлт оруулсан байна.

10. Учир нь, Авлигатай тэмцэх газрын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалд Т.Б намайг ажлаас халахдаа Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс дүрмийн заалтыг баримталсан, харин нэхэмжлэлийн дагуу шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын даргын “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” 2019.11.18-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрмийг, мөн 4.1.16 заалтыг зөрчсөн гэж дараа нь нэмсэн байна. Энэ тохиолдолд зөрчил нь өөрчлөгдөөгүй, уг тушаалд өөр дүрэм болон өөр заалт нэмсэн нь илэрхий алдааг зассан биш утга, агуулгын өөрчлөлт оруулан нэмсэн байна. Тухайлбал ямар ч энгийн хүн дээрх маргаан бүхий тушаал болон “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” тушаалуудыг уншихад Т.Б нь анх Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс дүрмийн заалтуудыг зөрчсөн байна гэж утга агуулгын хувьд ойлгогдож байна. Гэвч “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” тушаалаар Т.Б нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс дүрмийн заалтууд дээр нэмж “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийг зөрчсөн, мөн өөр заалт нэмэгдэж зөрчсөнөөр утга агуулгын хувьд өөрчлөгдсөн байгаа харагдаж байна. Иймд тус илт хууль бус тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

11. Хоёр. Хэрэгт авагдсан хууль бус нотлох баримтыг үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн нотлох баримтад үндэслэлтэй бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зөрчигдөж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалын 19 дүгээр хуудсанд: Гэрч Ж.У , Э.Б  нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг арилгалгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдолтой холбогдуулан хянахад 1 дүгээр хавтаст хэргийн 65-69 дэх талд авагдсан Т.Б, Э.Б нарын гар утасны ярианы бичлэг, бусад нотлох баримтаар гэрчийн мэдүүлгүүд зөрүү... төдийгүй нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд хангалттай тогтоогдож байна гээд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Т.Б, Э.Б нарын гар утасны ярианы 2 удаагийн бичлэг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Т.Б, Э.Б нарын гар утасны ярианы 1 удаагийн хууль бус арга хэрэгслээр авсан бичлэгийг тэмдэглэл хэлбэрт оруулсныг нотлох баримтаар үнэлсэн байгаа нь хууль бус байна. Иргэн Э.Б нь Т.Б-ийн Э.Б-тэй утсаар ярьсныг Т.Б-ээс асуулгүй буюу мэдэгдэлгүй, нууцаар хууль бус далд аргаар утасны яриаг удаа дараа бичиж авсан байна. Энэ нь өөртөө ашигтай байдал үүсгэх байдлаар буюу өөрөө бичлэг хийж байгаагаа мэдэж байгаа тул өөрийнхөө мэдэж байгаа үнэн зөв, шударга мэдээллийн талаар ярихгүй, харин иргэн Т.Б-ийн яриаг Т.Б надаас асуулгүй хууль бус далд аргаар бичлэг хийж авсан байна. Иргэн Т.Б би тухайн үед иргэн Э.Б нь бидний хоорондын утасны яриаг бичиж байгааг үнэхээр мэдээгүй болно.

12. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар магадлалын 22 дугаар хуудсанд: “Ж.У : ...Над руу 2, 3 удаа залгасан. Эхний удаа ажлаа авсан уу, ажил чинь хэр байна. Би холбогдох хүнтэй ярьчихсан байгаа гэхэд нь би аан тийм үү гэсэн. Хоёр дахь удаагаа залгахдаа над руу ерөөсөө ярихгүй юм аа гэсэн. ...яагаад баярлалаа гэхгүй, ярихгүй байгаа юм бэ гэхээр би юу гэж ойлгох вэ. Энэ хүнд би нэг ч төгрөг өгье, авъя гэж огт яриагүй байхад надаас тийм зүйл асуухаар би тэгж ойлгосон. Надад мөнгө, авна, өгнө гэсэн зүйл хэлээгүй. Би ч гэсэн мөнгө өгнө гэж хэлээгүй. Миний нөхрийн найзад тийм зүйл хэлсэн байсан...” гэсэн мэдүүлгүүд тус тус гаргасан нь өмнөхтэйгээ агуулгын хувьд зөрүүтэй гэж ойлгогдохгүйгээс гадна Ж.У-ын нөхөр Н.Т, “Т  ү” ХХК-ийн захирал М.Э нарын Авлигатай тэмцэх газарт болон шүүхэд өгсөн мэдүүлгүүд агуулгын ямар нэгэн зөрүүгүй байна гэсэнд дараах тайлбарыг өгч байна. Учир нь, Ж.У, Э.Б нарын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрж байна. 1 дүгээр хавтас хэргийн 240 дүгээр хуудаст Ж.У-ын шүүхэд гаргасан мэдүүлэгт: ...Ажил гүйцэтгэж дууссаны дараа манай нөхрийн найзад танай найз чинь 20 сая төгрөгийн ажил авчихаад надад баярлалаа гэж хэлээгүй. Баярлалаа гэж хэл гэж байна гэж хэлээрэй гэсэн байсан. Тэрийг Э.Б надад хэлэхээр нь би комиссарт нь хэлсэн. 2 дугаар хавтас хэргийн 7 дугаар хуудаст гэрч болох Э.Б-ний шүүхэд гаргасан мэдүүлэгт: Ер нь бол энэ үнэлгээний ажил 20 сая гэдгийг Ж.У-аас сонссон. Би 20 сая төгрөгийн үнэлгээний ажил хийж байгаа. Уг үнэлгээний ажилд манай компани ашигтай ажиллаж чадаагүй гэж ярьж байсан. Т.Б над руу ярихдаа үнэлгээний ажил авсан, тэдэн төгрөг танай найз урамшуулалд өгөх ёстой байсан гэж хэлсэн, ярьсан зүйл байхгүй. Ер нь бол би ойлгохдоо Т.Б ажлыг нь яриад, хэлээд өгчихсөн юм байна гэж ойлгосон. Түүнийхээ дагуу асуугаад байгаа юм болов уу гэж хувьдаа ойлгосон гэж хэлсэн болон гэрч болох Э.Б-ээс даргалагч шүүгч асуусан Мөнгөн дүн яриагүй юу? гэхэд гэрч болох Э.Б нь мөнгөн дүн яриагүй. Ерөнхийдөө танай найз утсаа авахгүй байна. Би бас өөр ажлын юм ярих гэсэн юм утсаа авахгүй байна гэж мэдүүлснээс харахад Ж.У болон Э.Б  нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүд нь агуулгын зөрүүтэй байна.

13. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудаст гэрч болох Ж.У-ын нөхөр Н.Т-ын шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгт “... Би Т.Б-тэй Э.Б-ээр дамжуулан танилцуулаагүй. Манай эхнэр надаас 2018 онд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шалгалт болохтой холбогдуулан шалгалтын тухай асуухаар таньдаг хүн байна уу гэхэд найз Э.Б-ээс асуухад надад нэг таньдаг хүн байгаа гэсэн. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад Э.Б рүү залгачих гэсэн. Тэгээд л хоорондоо танилцсан юм шиг байна лээ гэж мэдүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст гэрч Э.Б-ний шүүхэд гаргасан мэдүүлэгт: Би анх Т.Б, Н.Т хоёрыг танилцуулж байсан. Н.Т-ын эхнэр Ж.У нь өөрийгөө танилцуулахдаа үнэлгээний чиглэлээр ажилладаг гэж ярьж байсан. Цаашдаа үнэлгээний чиглэлээр мэргэшсэн үнэлгээчин болмоор байна. Таньж мэддэг хүн байвал туслаач гэж гуйсан тул би Т.Б-тэй танилцуулж байсан гэж мэдүүлсэн байна. Дээрх гэрчийн зүгээс тухайн маргаан бүхий асуудлаас өөр асуудлаар танилцаж ямар сэдвээр юу ярьсныг гэрчилж байна. Мөн Э.Б болон Н.Т нарын гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй байна. Эдгээр гэрчүүд бүгд гэр бүлийн найзууд гэдгийгээ мэдүүлэгтээ бас мэдүүлсэн байдаг. Харин Т.Б-тэй ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй гэдгээ гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Төр буюу захиргааны байгууллага бусдын эрх, эрх чөлөөнд зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдана. Бусад тохиолдолд халдахыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д зааснаар шууд хориглосон байхад дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахад шаардлагатай нотлох баримтыг цуглуулахдаа дараах байдлаар хуулийг зөрчсөн байдаг. Үүнд:

14. Анхан шатны шүүхээс гэрч Э.Б нь Т.Б-ийн Э.Б-тэй утсаар ярьсан утасны яриаг Т.Б-ээс асуулгүй буюу мэдэгдэлгүй, нууцаар хууль бус далд аргаар Авлигатай тэмцэх газар Т.Б-т албаны шалгалт хийх явцад санаатайгаар удаа дараа нотлох баримтаар бичиж авсан бичлэг болон тус бичлэгийг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын ахлах ажилтан Х.Г нь тэмдэглэл хэлбэрт оруулсныг нотлох баримтаас хасуулахаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлээгүй. Энэ талаар шүүгчийн захирамжид гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс “Т.Б нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан Монгол улсын Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль зэрэгт заасан захидал, харилцааны харилцааны нууц гэдэгт утасны яриа орохоор байна. Өөрөөр хэлбэл, энэхүү утасны ярианы бичлэг гэх баримт нь Т.Б болон Э.Б нарын хэн алины хувьд хувийн нууц гэдэгт хамаарна. Гэхдээ өөрт байгаа энэхүү баримтаа Э.Б өөрөө нууц биш гэж үзээд хариуцагчид гаргаж өгсөн нь тухайн баримтыг хууль бус арга хэрэгслээр олж авсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Монгол улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаатай эдэлнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцын ...халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасныг тус тус зөрчиж байна.

15. Энэ тохиолдолд Э.Б-ний нууцаар бичиж авсан утасны ярианы бичлэг нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Т.Б-ийн захидал харилцааны нууц буюу хувь хүний нууцад хамаарч байна. Мөн тус нууцаар бичиж авсан ярианы бичлэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтыг гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна. Мөн Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана гэж бичсэн байна. Гэтэл Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын ахлах ажилтан Х.Г нь иргэн Э.Б-ээс Э.Б болон Т.Б хоёрын хоорондоо утсаар ярьсан утасны яриа буюу хувь хүний захидал, харилцааны нууцын талаарх мэдээлэл болох утасны ярианы бичлэгийг Т.Б-ээс асуугаагүй буюу мэдэгдэлгүй дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж танилцаж, тэмдэглэл хэлбэрт оруулсныг хууль бусаар нотлох баримтыг олж авсан гэж үзэж байна. Учир нь, Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтын нууцын ахлах ажилтан, ажилтан нь хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалтын нууцын ахлах ажилтан, ажилтан нь зөвхөн хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцана гэж Хувь хүний нууцын тухай хуульд заасан байхад хувь хүний нууцтай танилцсан нь хууль бус байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох баримтаа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байхад дээрх маргаан бүхий захиргааны актад нотлох баримт болгож байгаа нь хууль бус байна. Иймд хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй утасны ярианы тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

16. Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын даргын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ”, 124.4-т “Хяналтын журмаар гаргасан гомдол нь энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргана” гэж заасан; давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Х.Б нар хяналтын журмаар гомдол гаргасан боловч өмгөөлөгч хяналтын гомдолдоо улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

18. Хоёр. Нэхэмжлэгч Т.Б-ээс Авлигатай тэмцэх газарт холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн; маргаан бүхий Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар холбогдох хууль, журмын заалтыг үндэслэн Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтан, комиссар Т.Б- нь албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьж Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны 19/11 дугаартай албаны шалгалтын материалд авагдсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албаны шалгалт хийсэн тухай дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан; Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар өмнө дурдсан тушаалын 1 дэх заалтын “3 дугаар зүйлийн 3.3.10” гэсний дараа “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн гэж нэмэлт оруулан, “4.1.17” гэснийг “4.1.16” гэж зассан өөрчлөлт оруулжээ.

19. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан: Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/70 дугаар тушаалаар баталсан “Албаны шалгалт хийх журам”-ыг удирдлага болгон 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний хооронд явуулсан 19/11 дугаартай албаны шалгалтын материал, гэрч Ж.У, Э.Б нарын мэдүүлэг, Э.Б болон Т.Б нарын хоорондын утасны ярианы бичлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч Т.Б нь “Т ү” ХХК-ийн менежер Ж.У-д хохирлын үнэлгээний ажил авахад нь тусалсан гэж түүнийхээ хариу болох баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийг шаардсан үйлдлийг гаргасан; энэ нь маргаан бүхий тушаалд дурдсан Төрийн албаны тухай хууль болон Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм болон сахилгын дүрмийн холбогдох заалтад нийцэхгүй учир ажлаас чөлөөлсөн тушаал хууль ёсны гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь; давж заалдах шатны шүүх: “хариуцагч хэдийгээр процессийн хувьд тус газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм, албаны шалгалт хийх журамд заасны дагуу даргын зөвлөлийн хурлаар болон ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлээгүй, мөн албаны шалгалтын материалыг бүрэн танилцуулж гарын үсэг зуруулаагүй алдаа гаргасан боловч түүний гаргасан ёс зүйгүй байдлыг зөвтгөх, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа үйл баримтыг үгүйсгэх, цаашлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн; гэрч Ж.У, Э.Б нарын мэдүүлэг, утасны ярианы бичлэгийг харьцуулах замаар “мэдүүлгүүд зөрүүтэй” гэх гомдол болон “илт хууль бус” захиргааны актын талаар гаргасан гомдолд няцаалт хийх замаар шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14, 120 дугаар зүйлийн 120.3-д заасанд нийцсэн байна.

20. Шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн дүгнэгдсэн үйл баримтын асуудлыг хяналтын шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасанд хамаарах хэсэгт дүгнэлт хийлээ.

21. Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д илт хууль бус захиргааны актын шинжийг тодорхойлсон бөгөөд үүнд, утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг шинжийг хадгалж байвал илт хууль бус захиргааны акт гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, “маргаан бүхий” буюу “хууль бус” захиргааны актаас ялгаатай нь хуульч биш, ердийн дундаж хүн хараад илэрхий алдаатай гэж дүгнэлт хийж чадах захиргааны актыг үүнд хамруулдаг ба энэ нь захиргааны эрх зүйн онол[1] болон хуулийн практикт хэвшсэн ойлголт юм.

22. Нэхэмжлэгчээс “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ “хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа маргаан бүхий тушаалд өөрчлөлт оруулсан нь илт хууль бус” гэсэн үндэслэл гаргасан болохоос Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны алинд нь хамаарах талаар уг шаардлагадаа дурдаагүй[2]; харин анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар[3] болон нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаас дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус акт гэх үндэслэлээр маргасан гэж үзэхээр байна.

23. А. Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалаар өмнөх  Б/114 тушаалын 1 дэх заалтын “3 дугаар зүйлийн 3.3.10” гэсний дараа “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн гэж нэмэлт оруулан, “4.1.17” гэснийг “4.1.16” гэж зассан буюу захиргааны актад өөрчлөлт оруулсан шинжтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг хангахгүй, энэ утгаараа дангаараа бие даасан захиргааны акт биш юм. Давж заалдах шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

24. Б. Маргаан бүхий Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд нэхэмжлэгчийг албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьсан гэж гэж буруутгахдаа “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 дахь заалт” гэж бичсэн; Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д “4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17” гэх заалтууд байхгүй; харин дурдсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.1-д “Байгууллагын албан хаагчийн нэр хүндийг хамгаалж, хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах”, 4.1.4-т “Албан тушаалын давуу тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аливаа этгээдийн өмнө хууль бус үүрэг хүлээх, энэ байдалд өөрийгөө оруулж болзошгүй бэлэг, дурсгалын зүйл, шан харамж авахгүй байх”, 4.1.16-д “…албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх” гэсэн шаардлагуудыг заасан байх бөгөөд мөн 4.1.17 гэх заалт байхгүй; хариуцагчийн удаах тушаалаар Б/114 дүгээр тушаалын 1 дэх заалтын “3 дугаар зүйлийн 3.3.10” гэсний дараа “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн гэж нэмэлт оруулан, “4.1.17” гэснийг “4.1.16” гэж өөрчилсөн нь огт өөр агуулга бүхий шинэ захиргааны акт гэж үзэхээргүй юм.

25. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй ...” гэж заасан, хариуцагч нь удаах тушаалаар нэхэмжлэгчийг буруутгасан “өөр зөрчил” тогтоож, шинэ үндэслэл нэмсэн буюу захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчилсөн бус, харин сахилгын дүрмийн нэрийг орхигдуулсан, зарим заалтыг буруу бичсэн техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргаснаа зөвтгөн засварласан байх тул хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэж байна.

26. Давж заалдах шатны шүүх мөн энэ талаар “... анх Б/114 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэхдээ зөвхөн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзээгүй, сахилгын дүрмийн холбогдох заалтыг ч зөрчсөн гэж шийдвэрлэсэн, иймд тушаалд бичиглэлийн алдаа гаргаснаа зассаныг “сахилгын дүрэм зөрчсөн гэж шинээр нэмж, бие даасан захиргааны акт гаргасан” гэж үзэхгүй ...” гэж мөн үндэслэл бүхий дүгнэжээ.

27. Дөрөв. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нотлох баримтын талаар “... Т.Б-ийн Э.Б-тэй утсаар ярьсныг Т.Б-ээс асуулгүй буюу мэдэгдэлгүй, нууцаар хууль бус далд аргаар утасны яриаг удаа дараа бичиж авсан байна. Энэ нь өөртөө ашигтай байдал үүсгэх байдлаар буюу өөрөө бичлэг хийж байгаагаа мэдэж байгаа тул өөрийнхөө мэдэж байгаа үнэн зөв, шударга мэдээллийн талаар ярихгүй харин иргэн Т.Б-ийн яриаг Б надаас асуулгүй хууль бус далд аргаар бичлэг хийж авсан байна. Иргэн Т.Б би тухайн үед иргэн Э.Б нь бидний хоорондын утасны яриаг бичиж байгааг үнэхээр мэдээгүй болно ...” гэж маргаж байна.

28. Энэхүү хэргийн хувьд, Авилгатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалтын нууцын албанаас нэхэмжлэгчийн үйлдэлд холбогдуулж явуулсан 19/11 дугаартай албаны шалгалтын явцад иргэн Э.Б-ээс нэхэмжлэгч Т.Б-тэй утсаар ярьсан талаар 3 файлыг өөрийн хүсэлтээр ирүүлснийг хэвлэн буулгаж, шалгалтын материалын 24-28 дахь талд[4] баримтаар авсан буюу хариуцагчаас Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй, харин албаны шалгалтын явцад тайлбар өгсөн иргэн өөрийн ярьсан зүйлийг нотлох зорилгоор сайн дураар баримт гаргаж өгсөн учир хариуцагч байгууллагаас хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэхгүй; тухайн нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зохих түвшинд үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

29. Нөгөө талаас, маргаан бүхий захиргааны акт гагцхүү дээрх утасны ярианы бичлэгт үндэслэж гараагүй, албаны шалгалтын хүрээнд авагдсан олон материалд тулгуурлаж нэхэмжлэгчийн зөрчлийг тогтоож, хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй; хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгчийн зөрчил үгүйсгэгдэхгүй байх тул хяналтын журмаар гаргасан гомдлын энэ үндэслэлээр анхан болон давж шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй.

30. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

    

 

 


[1] Монгол улсын захиргааны ерөнхий хуулийн тайлбар. УБ., 2017 он, 216 дахь тал

[2] I хавтаст хэргийн 208 дахь тал

[3] II хавтаст хэргийн 46-47 дахь тал

[4] I хавтаст хэргийн 64-70 дахь тал