Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00088

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00088

 

 

*******ийн  нэхэмжлэлтэй,  

хариуцагч *******ад холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00802 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ад холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 44.447.400 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Н.Жавзандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би *******ын хүсэлтийн дагуу Зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 02 дугаар сарын11-нд 1.200.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 25.000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, 2019 оны 03 дугаар сарын 15-нд 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, өдөрт 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор нийт 18.200.000 төгрөгийг дээрх нөхцөлөөр зээлж өөрийн Хаан банкин дахь 5120189833 тоот харилцах данснаас *******ын Хаан банкин дахь 5094410885 тоот дансруу 2018 оны 12 дугаар сарын 06-аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжүүлсэн байдаг. Гэвч ******* гэрээний хугацаанд зохих ёсоор зээлээ төлөөгүй элдэв шалтаг тоочдог байсан ба өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн төлөлтөнд 2.652.600 төгрөг л төлсөн. Дээрх дөрвөн зээлийн гэрээний нийлбэр дүнгээр буюу нийт зээлийн хэмжээ 18.200.000 төгрөг, нийт төлөх ёстой зээлийн хүү 19.800.000 төгрөг, нийт алданги 9.100.000 төгрөгийг тус тус төлөх үүрэг үүссэнээс хүүнд төлсөн 2.652.600 төгрөгийг хасахад нийт үлдэгдэл зээлийн хэмжээ 18.200.000 төгрөг, нийт үлдэгдэл зээлийн хүү 17.147.400 төгрөг, нийт үлдэгдэл алданги 9.100.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсангүй. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээнүүдийнхээ эргэн төлөлтөөс гүйцэтгээгүй үлдсэн нийт 44.447.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь ******* миний хүсэлтээр зээлийн гэрээг бичгээр байгуулж 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулан 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 3.000.000 төгрөг 6 сарын хугацаатайгаар өдрийн 0,5% хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 10.000.000 төгрөг 6 сарын хугацаатай өдрийн 0,5% хүүтэй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 02 дугаар сарын 11-нд 1.200.000 төгрөг 6 сарын хугацаатай өдөрт 25.000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор 2019 оны 03 дугаар сарын 15-нд 4.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай өдөрт 0,5% хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5% алданги тооцохоор нийт 18.200.000 төгрөгийг дээрх нөхцөлөөр өөрийн Хаан банк дахь 5120189833 тоот данснаас ******* миний Хаан банк дахь 5094410885 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжүүлэн авсан. Мөн зээлийн хүү 17.147.400 төгрөг нэхэмжилжээ. Би уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл *******ийн нэхэмжилсэн 44.447.400 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Мөн *******ийг би сайн таньж мэдэхгүй болно. Миний эхнэр З.Эрдэнэжаргал тухайн үед мах бөөндөж авч хураагаад буцааж зардаг байсан. Тухайн үед эхнэр Эрдэнэжаргал нь /2018-2019 онуудад/ миний дансаар мөнгө оруулж гаргадаг, миний картын дансыг ашигладаг байсан юм. Иймд би үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх *******ийн 2019 оны 01 дүгээр сарын 7-нд 3.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 7-нд 10.000.000 төгрөг гэх гэрээгээр шилжүүлсэн гэх ******* миний дансаар шилжиж ороогүй байна. ******* нь миний эхнэр З.Эрдэнэжаргалтай холбогдож, махны бизнес эрхэлж харьцаж байсан байх тул ******* З.Эрдэнэжаргал нарын хоорондоо үүссэн асуудал тул өөрсдөөс нь тодруулах нь зүйтэй юм. Иймд ******* би уг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй буюу татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00802 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 14.397.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 30.050.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380.187 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 229.937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны 142/ШШ2022/00802 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ******* нь *******ад холбогдуулан бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр баталгаажуулж нийт 18.200.000 төгрөгийг тус бүр 6 сарын хугацаатай байгуулсан. Ингэхдээ Зээлийн гэрээг 4.000.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн үнийн дүнтэй тус бүр 6 сарын хугацаа, хүү, алдангийг тохирсон байдаг. Энэ тухай бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар гаргаж өгч хэрэгт хавсрагдсан байдаг. Хариуцагчийн эхнэр З.Эрдэнэжаргалын данс битүүмжтэй тул хариуцагчийн дансаар мөнгө шилжүүлэн авдаг байсан. Хариуцагчийн төлөөлөгч "...манай нөхрийг айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан.., Нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь бүрэн дүрэн нотлогдоогүй.., гэсэн үндэслэлээр Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 19.800.000 төгрөг, алданги 9.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Ингэхдээ нотлох баримтыг дутуу буруу үнэлсэн буюу хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа зөвшөөрсөн, шилжүүлсэн зээлийн дансны хуулгыг хуульд заасан арга хэлбэрээр хэрэгт хавсаргасаар байтал хариуцагчийн тайлбар эхнэртээ өөрийн дансаа ашиглуулсан, айлган сүрдүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэх мэт аар, саар шалтаг төдий эх сурвалжаа нотолж чадаагүй тайлбарыг үнэлж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг шүүх зохих ёсоор үнэлээгүй гэх үндэслэл болж байна.Нөгөөтээгүүр мөнгийг шилжүүлэхдээ үнийн дүн нь 3.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг гэсэн үнийн дүнгээр бөөндөө шилжээгүй, мөнгийг хэсэгчлэн шилжүүлж сүүлд гэрээг бичгээр баталгаажуулсан учир үнэлэхгүй гэх агуулгыг илэрхийлсэн байна. Гэвч хуульд хүү, алданги тооцох бол гэрээг бичгээр байгуулна.., гэж заасан болохоос заавал гэрээ байгуулсан өдрөө үнийн дүн нь бүхлээрээ мөргөж байх ёстой.., гэж заагаагүй байна. Иймд Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 30.050.000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.Жич: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор би Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд Давж заалдах шүүх хуралдаанд биечлэн оролцох учир шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд саадгүй хүрэлцэн очих боломжит хугацааны өмнө мэдэгдэхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шалны шүүх *******аас 14.397.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох шийдвэр гаргасан ба ******* нь *******ийг сайн мэдэж танихгүй З.Эрдэнэжаргал надтай махны бизнес эрхэлдэг байсан юм. *******ын дансаар нийт 17.050.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд шилжсэн бана гэж дүгнээд нийт дансаар шилжсэн дүнгээс нэхэмжлэгчийн өгсөн гэх 2.652.600 төгрөгийг хасаад *******аас 14.397.400 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргажээ. Шүүх бодит байдал дээр махны бизнес эрхэлж мөнгөө дансаар шилжүүлж аваад, махаа тушаадаг, яг махаа тушаахад бидний хооронд баримт үлдээгүй гэх шүүхийн хэлэлцүүлгийн үед болсон зүйлийг дүгнээгүй мөн ******* нь өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул хангалттай дүгнээгүй гэж үзэж байна. Яг энэ бизнесийг хийж эрхэлж харьцаж тооцоо хийж махаа хүлээлцэж, өгөлцөж, авалцаж байсан хүмүүс нь миний бие З.Эрдэнэжаргал өөрөө ******* нар юм. ******* нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй байгаа учраас төлөөлөгч нь хангалттай  төлөөлж тайлбарыг зөв гаргаж өгөөгүйгээс бодитой шийдвэр гарсангүй гэж үзэж байна. 2018.12.06-нд 1.500.000 төгрөг, 2018.12.07-нд 1.600.000 хоорондоо нэг хоногийн зөрүүтэй эдгээр *******ын дансаар мөнгийг шилжүүлж аваад үхрийн мах аваад хөдөө сумдаас буцаж ирэн махаа зах зээлийн ханшаар тооцож тушаадаг байв. Хэдийгээр мөнгөө дансаар шилжүүлж авч байгаа боловч махаа авчирч өгөхдөө бид хоорондоо хүлээлцэж зэрэг баримт үйлддэггүй байв. Нэгэнт мөнгөө шилжүүлж аваад махаа авчраад тушаагаад өгдөг байсан учраас баримт үйлдэх зэрэг тухайлан бидэнд авсан өгсөн шүүхэд гаргаж өгөх нотлох баримтын шаардлага хангах баримт бичиг хоорондоо хийгээгүй юм. Тухайн үед үхрийн мах кг нь 9000 төгрөг байсан юм. Жишээ нь 1.500.000 аваад 1 бүтэн үхэр авдаг байсан юм. Нэг үхрийн махны нийт жинг 155 -165 кг-ын хооронд сонгож авдаг. Үхрийн мах 1.500.000-1.600.000 төгрөгийн хооронд болдог байв. Энэ мэтчилэн мөнгөө аваад, махаа тушааж явсаар бидний өмнөх тооцоо ол дууссан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 06-аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд авсан дансаар шилжсэн нийт 17.050.000 төгрөгөөс хамгийн сүүлийн шилжүүлсэн 2019.02.11-ний өдөр шилжүүлсэн 1.200.000 төгрөг, 2019.03.15-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг нийт 5.200.000 төгрөг үлдэж үүнээс би 2.652.600 төгрөгийг төлсөн. Одоо бол миний хувьд төлөх төлбөр бол төлсөн 2.652.600 төгрөгийг хасаад үлдэгдэл 2.547.400 төгрөгийг төлөх болно. Энэ мөнгийг бол би *******т сор бүр 500.000 төгрөгөөр төлж нийт 5 сарын дотор төлж барагдуулна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед дэлгэрэнгүй ярина. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00802 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

            Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 44.447.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 4 удаагийн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

            Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, *******ийг танихгүй манай эхнэр З.Эрдэнэжаргал тухайн үед мах бөөндөж аваад буцаан зардаг байсан, миний дансыг ашиглаж мөнгөө оруулж гаргадаг байсан, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3 сая, 10 сая төгрөг миний дансанд ороогүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал нь *******тай хамтарч махны бизнес хийдэг байсан. Тухайн үед *******ийн мөнгөөр мах аваад өгдөг байснаас мөнгө зээлэн авч байгаагүй гэсэн тайлбар гаргасан бол нэхэмжлэгч ******* нь бид махны бизнес хийнэ гэж тохироогүй мөнгө зээлж авч байсан, 4 удаагийн зээлийн гэрээг сүүлд нөхөж хийсэн гэсэн тайлбар гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3 сая төгрөг, 10 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй тухайн өдөр гэрээ байгуулаагүй, 2018 оны 12 дугаар сарын 06-наас 2019 оны 03 дугаар сарын хооронд нийт 17.050.000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь бүрэн дүүрэн нотлогдоогүй, *******ын эхнэр З.Эрдэнэжаргал нь мах бөөндөж авч зардаг, тухайн үед данс нь битүүмжлэгдсэн байсан учир нөхөр *******ын дансаар мөнгөө шилжүүлэн авдаг байсан. ******* энэ ажиллагаанд хамааралгүй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад 4 удаагийн гэрээгээр зээлсэн гэх нийт 18.200.000 төгрөгийг бүгдийг 6 сарын хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоногт алданги тооцохоор тохиролцон шилжүүлсэн гэх боловч мөнгийг өөр өөр дүнтэйгээр харилцан адилгүй янз бүрийн хугацаанд шилжүүлсэн байх тул нийт дүнг нэгтгэн ижил нөхцөлөөр тооцох боломжгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний гол нөхцөлтэй нийцэхгүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч *******ын буцаан төлсөн 2.652.600 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 сая төгрөг, 10 сая төгрөг хариуцагч *******ын данс руу шилжээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 282.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү тооцохгүй бөгөөд нэхэмжлэгч *******ийн данснаас хариуцагч *******ын дансанд шилжсэн мөнгийг хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон хэмжээгээр үндсэн мөнгийг хүү тооцохгүйгээр гаргуулж олгосон нь Иргэний хуулийн 282, 283 дугаар зүйлд нийцжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал нь нэхэмжлэгч *******т зарим мөнгийг махаар тооцож төлсөн гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Зохигчдын давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.187 төгрөг төлөх байтал 380.187 төгрөг төлж 72.000 төгрөг илүү төлсөн байх тул шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2022/00802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргал нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгорын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380.187 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эрдэнэжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгорын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 72.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.УРАНЧИМЭГ