Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2022/00090

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2022/00090

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.*******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох,

Гэм хорын хохиролд 5.697.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Миний бие 2021 оны 08 дугаар сарын 09-ны орой тавдугаар микрийн Модерн намадсын урд төв зам дээр өөрийн *******УАК улсын дугаартай RХ-450 маркийн авто машинтай ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байтал өөдөөс ирж байсан ******* ОРХ рпиз 20 маркийн авто машин зам дээр бүтэн эргэх хөдөлгөөн хийж зүүн гар талаас мөргөсөн. Үүний улмаас миний авто машины зүүн талын урд кирлан, урд их гэрэл, урд хаалга, хойд хаалга, хойд купер, хойд дугуй хаван гүйсэн, дотор салонд дуу орж, урд тэнхлэг тохиргоо алдагдсан зэрэг гэмтэл учирсан. Тухайн үед цагдаа дуудаж үзүүлсэн боловч ******* нь бид тохиролцоно даатгалаар хохирлоо барагдуулна гээд хэмжилт хийлгээгүй. Цагдаа нар ч тохиолцоно гэж байгаа бол хэмжилт хийхгүй гэсэн. Би ч тухайн үед бүх хохирлыг маань барагдуулах юм уу гэхэд бүгдийг нь барагдуулна л гээд байсан. Ингээд Даатгалын байгууллага дуудахад даатгалаас хүн ирээд үнэлгээ тогтоолгочхоод ир гэсэн. Маргааш нь Ван хас үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд манай машины эвдрэлийн хохирлыг 2.117.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл энэ үнэлгээ нь манай засварт хаана ч хүрэхээргүй байсан. Тэгэхээр нь энэ талаар нөгөө талдаа хэлээд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй юм байна та нар мөнгө нэмж өгөх үү гэхэд өгөхгүй чадахгүй гэсэн. Даатгалын байгууллагын хүн ч энэ мөнгө чинь хүрэх юм уу зөвшөөрцгөөж байгаа бол гарын үсгээ зур гэхэд ******* гарын үсэг ч зурахгүй гээд зураагүй. Тохиролцоно гэж байснаа дахиад мөргөснөө хүлээн зөвшөөрөхгүй гээд ослын газар дахин үзлэг хэмжилт нөхөн хийлгэхэд *******гийн буруу гэж гарсан. Гэтэл ******* хохирол төлбөрөө төлөхгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Цагдаагийн байгууллага *******д зөрчлийн хэрэг нээж түүнийг 100.000 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж шийдвэрлэсэн гэсэн. Би *******тэй утсаар ярьж хохирол барагдуулахыг шаардсан боловч чадахгүй гэсэн. Авто машинд учраад байгаа хохирлоо бодитоор тооцон үзэхэд нийт 3.850.000 төгрөг болоод байгаа бөгөөд бид одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тул хэд хэдэн удаа нөхрийн хамт хоёулаа дуудагдан ирсний зардал 600.000 төгрөг нийт 4.450.000 төгрөг болж байна. Ийм учраас ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний унаж явсан авто машиныг мөргөсний улмаас авто машинд учирсан хохирол болон бусад хохирол нийт 4.450.000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2022-05-05-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн автомашины эвдэрсэн эд ангийг солих засахад 4.580.000 төгрөгийн зардал гарахаар шинжээчийн дүгнэлт гарсан байх тул дараах байдлаар нэхэмжлэлийг нэмэгдүүлж байна. Автомашины автомашины эвдэрсэн эд ангийг солих засахад 4.580.000 төгрөг, Орхон аймгийн Цагдаагийн газар ирэх, буцах, мөн шүүхэд ирж буцахад нийт одоогийн байдлаар 840.000 төгрөгийн замын зардал буюу шатахууны зардал гарсныг, Үнэлгээний хөлсөнд 277.000 төгрөг төлснийг нийт 5.697.000 төгрөгийг хариуцагч Д.*******гээс нэхэмжилж байна. Урьд нь гаргасан нэхэмжлэлээр 4.450.000 төгрөг нэхэмжилж байсан дээр нэмж 1.247.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ

Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас дугуйны 90.000 төгрөг, ус, шавар тогтоогч 100.000 төгрөг, нийт 190.000 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...Зам тээврийн осолд хамааралгүй гэж үзэн хохирлын үнэлгээнээс дугуй 1 ширхэг /хойд дугуйтай осол хамааралгүй 90.000 төгрөг/, Буферийн тогтоогч зам /зүүн хойд 150.000 төгрөг/, гэрэл /зүүн урд 2 машин дугуйны ард талын хаалган дээр шүргэлцсэн 900.000 төгрөг/, ус, шаврын хаалтын тогтоогч /100.000 төгрөг/, мөн шатахууны зардал 840.000 төгрөг, үнэлгээний хөлс 277.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс 2.861.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.835.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 60.736 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч миний бие нь хариуцагч Д.*******гээс гэм хорын хохиролд 5.697.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 2.861.000 төгрөг хангаж, 2.835.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгтээ ... автомашиныг жолоодож явсан Н.******* нь МУ-н ЗХД-н 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байх тул гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэж уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч Д.*******гээс хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Хэрэгт судлагдсан Зөрчлийн хэргийн материалд байгаа 2021-10-21-ний өдрийн зохицуулагчийн тэмдэглэл, 2021-11-03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 20251-12-15-ны өдрийн зөрчлийн шийтгэлийн хуудас зэрэг баримтаар хариуцаг Д.******* нь МУ-н ЗХД-ийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай, осол болох шалтгаан нөхцөл нь хариуцагч Д.*******гийн буруугаас болсон байна, харин тухайн үед машин жолоодон явсан Н.******* нь МУ-н ЗХД-н заалт зөрчөөгүй байна гэсэн эрх бүхий албан тушаалтны магадалгаа гарсан байхад шүүх бүрэлдэхүүн Н.*******ыг ЗХД зөрчсөн хэмээн үзэж нэхэмжлэлийг багасган хэсэгчлэн хангаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-06-24-ны өдрийн 142/ШШ/2022/00898 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Ч.******* миний гаргасан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1. Ч.*******ын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хянан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гэм хорын хохирол 4.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж хохирол 5.697.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь ...зам тээврийн осолд хамааралгүй гэж үзэн хохирлын үнэлгээнээс дугуй 1 ширхэг хойд дугуйтай осол хамааралгүй 90.000 төгрөг, буферийн тогтоогч зам зүүн хойд 150.000 төгрөг, гэрэл зүүн урд 2 машин дугуйны ард талын хаалган дээр шүргэлцсэн 900.000 төгрөг, ус, шаврын хаалтны тогтоогч 100.000 төгрөг, мөн шатахууны зардал 840.000 төгрөг, үнэлгээний хөлс 277.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Хариуцагч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* ОРХ улсын дугаартай, приус-20 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо RX-450 маркийн ******* УАК улсын дугаартай автомашиныг мөргөж авто осол гаргасан, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан нь баримтаар тогтоогджээ.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлээр хамгаалагдсан эрхийг зөрчил нь хариуцагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-тэй шалтгаант холбоотойгоор нөхцөлдсөн эсэхийг тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* УАК улсын дугаартай автомашинд учирсан эд ангийн эвдрэл, хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлт гаргаж тогтоолгосон ба уг дүгнэлтээр автомашин дугуй 1 ширхэг, буферийн тогтоогч зам зүүн хойд, гэрэл зүүн урд, крыло зүүн урд, хаалга зүүн урд, ус шаврын хаалтны тогтоогч, хаалга зүүн хойд, буфер хойд зэрэг эд анги гэмтэж, шууд зардал 4.430.000 төгрөг, шууд бус зардал 150.000 төгрөг гэж үнэлсэн байна.

6. Осол гарах үед RX-450 маркийн ******* УАК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 02, 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон магадалгаа зэрэг баримтаар тогтоогдсон байна.

7. Гэтэл шүүх уг осол гарахад ...автомашиныг жолоодож явсан Н.Баянголын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн, уг нөхцөл байдлыг харгалзан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж улмаар хохирлын хэмжээг 3.577.000 төгрөгөөр тооцсон атлаа дахин 20 хувиар бууруулж багасгасан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасантай нийцээгүй байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэж буй ...зам тээврийн осолд хамааралгүй гэж үзэн хохирлын үнэлгээнээс дугуй 1 ширхэг хойд дугуйтай осол хамааралгүй 90.000 төгрөг, буферийн тогтоогч зам зүүн хойд 150.000 төгрөг, гэрэл зүүн урд 2 машин дугуйны ард талын хаалган дээр шүргэлцсэн 900.000 төгрөг, ус, шаврын хаалтны тогтоогч 100.000 төгрөгийг төлөхгүй... гэх тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйг шүүх анхаарч үзээгүй байна.

9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10. Хэрэгт авагдсан Ашид Билгүүн ХХК-ний гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ-гээр тогтоосон шууд зардал 4.430.000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ын гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэм хорын хохирлын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Харин нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал 840.000 төгрөг, үнэлгээний хөлс 277.000 төгрөг, шууд бус зардал 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч гэм буруутай болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00898 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч Д.*******гээс 4.430.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.267.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч Д.*******гээс ...60.736 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...85.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ